| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0131/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/01 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Д-н Г-д холбогдох 2116000000175 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д овогтой Д-н Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г-н согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо **** тоот хашааны үүдэнд 2021 оны 11 дүгээр сарын 10 өдөр 18 цагийн орчим ***** улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийг а/ хэсэгт заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн…” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.14 дүгээр хэсэгт заасан “....Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч М.Б-г мөргөж биед нь 2 талын уушгины няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, баруун өвдгөнд зулгаралт буюу хүнд гэмтэл учруулсан үйлдлийг нь прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Г-н шүүх хуралдаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би портер машинтай гэрийн хашаа дотроос чирүүлж асаагаад ухрахдаа араар явж байсан хүүхдийг дайрсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, толиндоо хүүхэд ирж байгааг хараад энэ арай орчихгүй байлгүй гэж бодоод ухрахад орсон байсан. Хашаа руугаа ороод машинаа унтраасан урдаас Г гэдэг хүн дуудаад “...хүүхэд дайрсан байна...” гэхээр нь цагдаа, түргэн тусламж дуудаарай гээд хүүхдийг өргөж гэрт нь оруулсан. Эргээд гараад ирсэн цагдаа, түргэн тусламж ирсэн байсан... Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна, буруугаа хүлээж байна... 3,500,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г-р машинаа чирүүлж хашаанаас гаргаад дахин чирүүлэхэд ассан. Тэгээд тороосоо салгаад би машиндаа суугаад ухарч орохдоо машины баруун талын толинд харахад цэнхэр өнгийн сургуулийн хүүхдийн хувцастай эмэгтэй хүүхэд миний машины баруун хойд тал руу чиглэлтэй явж байсан. Би тухайн эмэгтэй хүүхэд зогсох байх гэж бодоод араандаа хийгээд машин ухраад машины зүүн тал, хашааны хаалгаа толиндоо хараад ухарч хашаандаа орсон. Тэгэхэд хүүхэд дайрчихлаа гээд Г гүйгээд ирж байхаар нь харахад нөгөө охиныг би дайрсан байсан....Тухайн хүүхдийг би мэдэлгүй дайраад хашаандаа ухарч ороод мэдсэн...Хүүхэд дайрсан гэх газар нь хашааны хаалганы урд газар байгаа юм. Түүний урд шороон зам байдаг... Миний тормоз хэвийн, моторт нь ээлж хийсэн асааж байсан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр талууд/,
Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орой хичээлээ тараад гэр лүүгээ ирж байхад манай хашааны баруун талд Г ахын машиныг Г ах машинаараа чирч байсан. Г ахын портер машины ардуур гарах гэтэл намайг харалгүй гэнэт ухраад машины баруун талын хойд талын дугуй миний дээгүүр гарсан. Тэгээд тэрнээс хойш болсон явдлыг санахгүй байна... Миний цээж хааяа өвддөг одоо босоод зүгээр алхаж гишгээд явж байгаа...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Гэрч Ч.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орой гэрээсээ гараад харахад манай охин М.Б гүүрээр гараад гэр лүүгээ ирж байхаар нь би гэртээ орсон... Манай нөхрийн дүү Г “...охиныг чинь Г ах машинаар дайрчихлаа...” гэж хэлэхээр нь хашааны гадаа гарахад манай баруун талын хашааны урд манай охин М.Б хэвтэж байсан. Тэгэхээр нь охин М.Б-г Г, Г нарын хамт өргөөд гэртээ оруулсан удалгүй түргэн тусламжийн эмч ирээд эмнэлэг рүү авч явсан...манай хашааны баруун талд байдаг Г ах машинаа асаагаад хашаандаа оруулж ухрахдаа мэдэлгүй дайрсан гэж байсан. Мөн манай охин М.Б Г намайг харалгүй машинаар ухрахдаа дайрсан юм гэж хэлсэн...Г эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн. Байнга эргэж тойрч асарч байгаа. Цаашид эмчилгээний зардал өгнө гэсэн учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... нийт 3,000,000 төгрөгийг миний өөрийн эзэмшлийн дансанд Г хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 32 дугаар талууд/,
Гэрч О.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутын үед байх гэхдээ цаг нарийн хараагүй. Би хашааны урд талд байдаг бие засах газрын хажууд очиход манай доод талын хашаа буюу ертөнцийн зүгээр зүүн талд **** тоот хашааны урд М-н хүүхэд газарт хэвтэж байсан. М-н дүү Г гэдэг залуу гүйж ирээд “...ахын дүү яасан бэ...” гэж асууж байсан. Би буцаж гэртээ ороод эхнэр Э-т хандан “...М-н хүүхэд Г ахын хашааны урд газарт хэвтэж байна чи очоод үзээдэхээч...” гэж хэлсэн.... Би удалгүй араас нь М-н хашаанд гэрт нь ороход М-н эхнэр Ө Д.Г-д “...хүүхэд мөргөчихлөө...” гэхэд Г юу ч дуугарахгүй зогсож байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...УАЗ-469 машинаа асаагаад Г ахын портер маркийн цагаан өнгөтэй машиныг чирээд асааж өгсөн. Г машинаараа ухарч хойшоо явж байсан. Би эргээд хартал миний ах М-н охин Б-г Г ах дайрсан бололтой газарт хэвтэж байсан М.Б дээр гүйгээд очтол хашаанаас Г ах гүйж ирсэн. М.Б-г ээж Ө, Г ахын хамт гэрт нь оруулж өгсөн. Г ах ухарч хашаандаа орохдоо дайрсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 394 дугаартай “...1.М.Б-н биед 2 талын уушгины няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
3. М.Б-н биед учирсан 2 талын уушгины няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт/хавтаст хэргийн 34-35 дугаар талууд/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 2-7 дугаар талууд/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 92 дугаартай “...1.Д.Г-н биеэс авсан цусанд 1,9% спирт илэрч байна...Цусанд илэрсэн 1,9% спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар талууд/,
2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн “...Д.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 44-45 дугаар талууд/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 10 өдөр 18 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо 7-30 тоот хашааны үүдэнд **** УНМ улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсэгт заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн…” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.14 дэх хэсэгт заасан “...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтуудыг зөрчин согтуурсан үедээ ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч хохирогч М.Б-г мөргөж биед нь 2 талын уушгины няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл буюу хүнд гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г-н үйлдэл нь жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох, хөдөлгөөн эхлэхийг хориглох болон ухрах үйлдэл хийхдээ баримтлах замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэх шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Д.Г-н иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хавтаст хэргийн 83 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас/хавтаст хэргийн 62 дугаар тал/, шүүгдэгч Б.Г-с гаргаж өгсөн эмчийн үзлэгийн баримтууд /хавтаст хэргийн 12-14 дүгээр талууд/, хохирогч М.Б-н хууль ёсны төлөөлөгч Ч.Ө, Э.М нараас гаргасан хүсэлт/хавтаст хэргийн 15 дугаар тал /, хохирол төлсөн тухай баримтын хуулбарууд /ХХ17-18/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон, прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д тэнссэн хугацаанд “...оршин суух газраа өөрчлөх, зорчих явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...” үүргийг хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохиролд 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д тэнссэн хугацаанд “...оршин суух газраа өөрчлөх, зорчих явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...” үүргийг хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч Д.Г-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохиролд 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА