| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01055/И |
| Дугаар | 102/ШШ2017/01822 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-186, Эс Би төвийн 403 тоотод оршин байгаа “Эс Би Би Эй” ХХК-ийн, Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-186, Эс Би төвийн зүүн тал, өөрийн байранд оршин байгаа “Батбаян дэлгэрэх” ХХК-д холбогдуулан гаргасан, Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,092,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, хариуцагч компанийн захирал З.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “Эс Би Би Эй” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Батбаян дэлгэрэх” ХХК-д Эс Би төвийн 5 давхар, 506 тоот өрөөг ажлын байрны зориулалтаар 1 жилийн хугацаагаар, 1 сарын 380,000 төгрөгөөр түрээслүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр гэрээний хугацааг сунгасан. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө хугацаандаа төлж явсаар 2015 оны 9 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрөө огт төлөөгүй байгаа бөгөөд удаа дараа тооцоо нийлж, 2015 оны түрээсийн үлдэгдэл 1,488,000 төгрөг, алданги 297,600 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 4,032,000 төгрөг, алданги 775,000 төгрөг, нийт 6,092,600 төгрөгийн үлдэгдэлтэйг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталгаажуулсан. Төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг амаар болон албан тоотоор ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байх тул хариуцагчаас түрээсийн төлбөр 6,092,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгчтэй 2010 оноос хамтран ажилласан. Энэ хугацаанд түрээсийн мөнгөнөөс манайхаас авсан материалын үнийг хасаа тооцдог байсан. Сүүлийн жилд төлж чадаагүй нь үнэн. 2016 оны 4 дүгээр сард байгуулсан гэрээг “Эс Би Би Эй” ХХК-тай байгуулсан, өмнөх гэрээг нь Эс Би төвтэй байгуулж байсан учир тус төвийг “Эс Би Би Эй” ХХК төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Мөн түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй. Түрээсийн гэрээнд заагдсаны дагуу төлөгдөөгүй төлбөрүүдийг график гаргаад төлье гээд байгууллагын нягтлангууд хоорондоо тохиролцож гарын үсэг зурсан байгаа. Гэхдээ эхний баримтуудыг Эс Би төв дээр хаяглаж өгөөд хамгийн сүүлийн албан бичиг “Эс Би Би Эй” ХХК-иар гаргасан байсан гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “Эс Би Би Эй” ХХК нь хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,092,600 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. Хариуцагч тал дээрх шаардлагаас татгалзаж, үндэслэлээ “... түрээслэгч нь “Эс Би Би Эй” ХХК, Эм Би төвийг төлөөлөх эрхтэй гэдэг нь тодорхойгүй, ... гэрээг бүртгүүлээгүй” гэж тайлбарладаг. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. Хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/12 дугаартай “Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ”-ний 1-д нэг талаас “МВС” ХХК-ийг төлөөлж ажилтан Б.Алимаа, нөгөө талаас түрээслэгч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийг төлөөлж З.Отгонбаяр гэж бичсэн байгаа хэдий ч гэрээний талуудын гарын үсэг зурах хэсэгт түрээслүүлэгч талыг төлөөлж Эс Би Би Эй ХХК-ийн ажилтан Б.Алимаа, түрээслэгч талыг төлөөлж “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн захирал З.Отгонбаяр, гэрээний “Батлав” гэх хэсэгт нэхэмжлэгч компанийн захирал Б.Билгүүн нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдсэн буюу түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч тал түрээсийн гэрээг байгуулснаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нэхэмжлэгч “Эс Би Би Эй” ХХК-д хэд хэдэн удаа албан бичгээр түрээсийн төлбөрийг төлж чадахгүй байгаа талаар мэдэгдэж, төлбөр төлөх хуваарийг санал болгосон байхын зэрэгцээ зохигчид 3 удаа тооцоо нийлж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 6,092,600 төгрөгөөр батлан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх заалтад нийцэж байна. /хх-9-16 дугаар тал/ Мөн “Батбаян дэлгэрэх” ХХК нь “Эс Би Би Эй” ХХК-иас ирүүлсэн түрээсийн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан байх тул хариуцагчийн “аль нь эрх бүхий этгээд болох нь тодорхойгүй” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ. Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь оффиссын зориулалтаар түрээслэгч буюу хариуцагчийн эзэмшил, ашиглалтад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭӨЧ-186, Ажилчны гудамж-1, Эс Би төвийн 5 дугаар давхарт 22 м.кв талбай бүхий 506 тоот өрөөг сарын 380,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байдаг. Хариуцагч тал, түрээсийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж маргах боловч тухайн үл хөдлөх хөрөнгө буюу Эс Би төвийг бүхэлд нь биш, зөвхөн 5 давхрын 506 тоот нэг өрөөг оффисын зориулалтаар эзэмшиж байсан учир гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтыг зөрчөөгүй, талуудын хооронд бичгийн хэлбэрээр байгуулагдсан түрээсийн гэрээг хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. “Батбаян дэлгэрэх” ХХК нь тус обьектыг оффиссын зориулалтаар түрээслэж байсан үйл баримтын талаар маргаагүйн гадна сүүлийн хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр болон гэрээний 2.3-т тохиролцсоны дагуу алданги шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,092,600 /зургаан сая ерэн хоёр мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эс Би Би Эй” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 112,432 төгрөг гаргуулан “Эс Би Би Эй” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,092,600 /зургаан сая ерэн хоёр мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эс Би Би Эй” ХХК-д олгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 112,432 төгрөг гаргуулан “Эс Би Би Эй” ХХК-д буцаан олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| ||||
| |