Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01791

 

    2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01791

                          Улаанбаатар хот

                          

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                          

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, 11 дүгээр хороолол, 17 дугаар байранд оршин байгаа “Одкон холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 8 дугаар байрны 05 тоотод оршин суух, Их хүчит овогт Мөнхтөмөрийн Төмөртогоо /РД-ЧЗ81120212/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,326,527 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагч М.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Одкон холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Төмөртогоо нь манай компанид 2003 оны 6 дугаар сараас 2016 оныг хүртэл ажилласан ба компаниас удаа дараа амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор хүүгүй мөнгө зээлэх өргөдөл гаргаж дараах зээлүүдийг авсан.

Анх 2011 оны 01 дүгээр сарын 31-нд 3,810,000 төгрөгийн зээл авч, 4 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацаанд 750,000 төгрөг цалингаасаа суутгуулж, үлдэгдэл 3,060,000 төгрөг болсны дараа 2011 оны 5 дугаар сарын 18-нд амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлт гаргаж дахин 34,000,000 төгрөг зээлж, нийт 37,060,000 төгрөгийн зээлтэй болсон. Үүнээс хойш 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зээлээс төлөлт хийснээр 22,550,000 төгрөгийн үлдэгдэлтэй болж, 4 дүгээр сарын 18-нд орон сууцны түр хугацаатай 50 сая төгрөгийн зээл нэмж аваад нийт 72,550,000 төгрөг болсон.

Уг зээлээс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цалингаас суутгуулж үлдэгдэл 69,326,527 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон.

Иймд хариуцагч М.Төмөртогоогоос зээлийн үлдэгдэл болох 69,323,527 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Төмөртогоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би “Одкон холдинг” ХХК-д 2003 оноос 2016 оны 5 дугаар сар хүртэл тасралтгүй 13 жил угсралтын инженер, ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, охин компани болох “Одкон угсралт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий инженерээр тус тус ажиллаж ирсэн ба удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ирсэн.

Энэ хугацаанд удирдлагын зүгээс компанидаа тасралтгүй 10 жил ажиллавал орон сууцаар хангана гэж хэлдэг байсан учир хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. 2011 онд амьдралаа дээшлүүлэхээр зээл авсан.

Би 2014 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон ба одоогийн байдлаар гэмтлийн улмаас зүүн чих сонсголын 80 хувь алдагдсан, баруун нүд 60 орчим хувь алдагдаж харааны бэрхшээлтэй болсон ба гэмтлийн улмаас 8 сар гаруй хугацаанд хэвтрийн байдалд эмчлүүлж байсан.

Ийнхүү эмчлүүлж байх хугацаанд компанийн удирдлагын зүгээс ирж уулзаад орон сууцны урьдчилгаанд 50 сая төгрөгийн буцалтгүй тусламж, урамшуулал хэлбэрээр өгнө, эмчилгээгээ сайн хийлгээд ажлаа хийж болно гэж хэлсний дагуу дээрх мөнгийг авсан.

Надаас уг мөнгийг нэхэмжлэх эрхгүй. Мөн 2011 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Одкон холдинг” ХХК нь М.Төмөртогоогоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,326,527 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

            Хариуцагч, дээрх шаардлагаас татгалзаж, үндэслэлээ “... шаардах эрхгүй, ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарладаг. /хх-52 дугаар хуудас/

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Хариуцагч М.Төмөртогоо “Одкон холдинг” ХХК-д ажиллаж байхдаа 2011 оны 5 дугаар сард автомашин авах зориулалтаар 34 сая төгрөгийн, 2014 оны 4 дүгээр сард орон сууц авах зорилгоор 50 сая төгрөгийн зээл авах хүсэлт тус тус гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн авч түүнд мөнгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсчээ. /хх-8, 16-18 дугаар тал/

Нэхэмжлэгч “Одкон холдинг” ХХК нь хариуцагчийн, зээлийг сар болгоны цалин, хөлснөөс 1,200,000 төгрөг, 1,500,000 төгрөгөөр төлж дуусгах саналыг хүлээн авч, суутгал хийж байсан байх ба М.Төмөртогоо зээлийн үлдэгдэл болон төлөлтийн дүнгийн талаар маргахгүй байна. /хх-12-15, 19-28, 53 дугаар тал/

Харин 2011 оны зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 50 сая төгрөгийг буцалтгүй тусламж, урамшууллын хэлбэрээр өгсөн гэж мэтгэлцдэг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас харахад хариуцагч М.Төмөртогоо нь өөрийн цалин, хөлснөөс суутгуулах замаар зээлийн төлөлтийг хийж байсан ба түүнийг “Одкон холдинг” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.10 дугаар тал/

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тул нэхэмжлэгчийн шаардах эрх нь М.Төмөртогоог ажлаас чөлөөлсөн өдрөөс эхлэн үүссэн гэж үзнэ.

Хариуцагч М.Төмөртогоо 50 сая төгрөгийг буцалтгүй тусламж, урамшуулал хэлбэрээр өгсөн гэх боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Төмөртогоогоос 69,326,527 /жаран есөн сая гурван зуун хорин зургаан мянга таван зуун хорин долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Одкон холдинг” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504,582.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Төмөртогоогоос 504,582.64 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Төмөртогоогоос 69,326,527 /жаран есөн сая гурван зуун хорин зургаан мянга таван зуун хорин долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Одкон холдинг” ХХК-д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504,582.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Төмөртогоогоос 504,582.64 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

               

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД