| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0133/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/03 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт С-н А-д холбогдох 2116000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т овогтой С-н А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.А нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16-17 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Гурван-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр **** ГАО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монголд Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасан “...уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...”, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан “...хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас **** ГАО улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч Ж.М-н эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Г.А-н биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан үйлдлийг нь прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч С.А-н шүүх хуралдаанд өгсөн “...09 дүгээр сарын 27-ны өдөр би зах орж хүнс аваад Гурван-Эрдэнийн доод талын замаар Гурван-Эрдэнэ рүү эргэх чиглэлтэй явж байсан. Приус- 20 маркийн машин өнгөрөөгөөд зүүн гар тал руу орсон гэнэт мотоцикль хурдтай гараад ирсэн. Тэгээд би сандраад машинаа унтраагаад зогссон. Мотоцикль ирээд мөргөсөн. Буугаад зогсож байсан чинь нэлээн хэдэн хүмүүс энэ тэндээс ирсэн. Ц, хоёр гурван хүнтэй ирсэн. Приусын ард хүн унасан байгааг би эхлээд мэдээгүй. Тэгээд Ц ирээд хүүгээ авсан, бас М-н аав, ээж ирээд М-г авсан. Мотоциклийг босгоод замын хажууд босгоод тавьсан.... Суудлын машины В ангилалтай. 2007 оны үед төгссөн...Би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь үнэн... Би санаачилга өөрийн чадлаар өөрт байгаа боломжоо ашиглаад тухайн үед авъя гэж байсан мөнгийг нь өгч байсан... Би нийтдээ нэг сая дөрвөн зуун хэдэн мянган төгрөг өгсөн... Би хамгийн эхлээд 09 дүгээр сарын 27-ны 12 цагт очоод ойр зуурын эм авсан гээд 40,000 төгрөг шилжүүлсэн. Эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн мөнгө 400,000 төгрөг шилжүүлсэн. 36,000 төгрөгөөр томографик хийлгэсэн, боолтны мөнгө 15,000 төгрөг өгсөн. Гурил, будааны хэрэг байна гээд гурил, будаа сахар авсан... Тэр нь 337,000 төгрөг болсон...Надаас 3,000,000 төгрөг нэхээд шүүхэд хандана гэдэг хүртэл би эмчилгээний зардал тийм төгрөг гарлаа гээд ярьсныг нь өгч байсан... Би Ц-н данс руу 400,000 төгрөг хийсэн. Ц хоёулангийнх нь ор хоногийг төлсөн гэсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч С.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Өмнөөс маш хурдтай мотоцикль гарч ирсэн. Тэгээд гараад ирэхээр нь нөгөө мотоцикль миний баруун гар талаар өнгөрөх шинжтэй байхаар нь зүүн гар тал руугаа бага зэрэг дараад зогссон нөгөө мотоцикль гэнэт өмнөөс даялж ирээд миний машины урдаас ирж мөргөсөн...би нийт хохиролд 1.364.000 төгрөг төлсөн байгаа. Үүнд ор хоног, эм тариа, хоол хүнс, мотоциклийн үнэ гээд бүгд орсон байгаа. Тухайн үед мотоцикль авч өг гээд дарамт шахалт үзүүлээд байсан учраас мотоциклийн эзэнд фейсбүүк зараас мотоцикль зарна гэсэн зарын дагуу хэд хэдэн мотоцикль харж байгаад ягаан өнгийн мустанг авч өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дугаар талууд/,
Хохирогч Ж.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...16 цагийн үед А-г аваад урагшаа найзындаа мотоцикль хүргэж өгөхөөр Харзат баг руу явсан. Хоёрдугаар сургуулийн доогуур урд талын гурван замын уулзвар дээр цагаан өнгийн Приус маркийн машин урсгал сөрөөд урдуур орж ирээд мөргөлдсөн. Тэгээд би машины урд талын шилийг мөргөөд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд машиных нь копудан дээр байсан. Би бууж А-г харсан чинь Приус машины ар талд хэвтэж байсан... Тухайн үед би Мустанг-5 маркийн, улаан өнгийн мотоциклийг унаж явсан бөгөөд миний араар Г.А сууж явсан юм. Надад мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...Тухайн үед ямар нэгэн дохио өгөөгүй, утсаар ярьж явсан бөгөөд би тухайн машиныг хараад тормозоо гишгэсэн. Тэгээд шууд мөргөлдсөн юм... Миний дух, баруун шанаа хэсэгт халцарсан, баруун талын гуя хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Г.А-н эгэм болон төмсөг нь гэмтсэн гэж байсан. Би нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн...Миний эмчилгээнд эмнэлэгт хэвтэхэд 210.000 төгрөг, эмнэлгээс гарахдаа 40.000 төгрөгийн тариа хийлгэсэн...одоо миний биед ямар нэгэн гэмтэл зовуурь гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дугаар тал/,
Хохирогч Г.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15-16 цагийн хооронд М манай хашааны гадаа ирээд мотоцикль хүргээд өгөөдөхье гэж хэлэхээр нь би араар нь суугаад Харзат баг руу явсан. Хоёрдугаар сургуулийн доогуур урагшаа гараад явж байхад цагаан өнгийн Приус-20 маркийн машинтай мөргөлдсөн. Тэгээд нэг ухаан ороход эмнэлэг дээр сэрсэн... Миний хамар хугарсан, баруун талын эгэм цуурсан, баруун талын төмсөг гэмтсэн. Мөн миний хоёр чихний хэнгэрэг цоорсон. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт 2021 оны 09 дүгээр сарын 29-ээс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Мөн “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн... Ажилгүй байх үеийн цалин, эмчилгээ сувилгааны зардлыг нэхэмжилж байна...одоо миний биед чих шуугиад юм гоожоод байгаа юм. Мөн төмсөг өвдөөд зовуурьтай байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дүгээр тал/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №348 дугаартай “...1.Г.А-н биед нэг төмсөгний няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, хуйхнагийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Г.А-н биед учирсан нэг төмсөгний няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Бусад гэмтэл нь уг журмын 2 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дугаар талууд/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №349 дугаартай “...1. Ж.М биед тархи доргилт, духанд шарх, дух баруун хацар, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дугаар талууд/,
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны “... **** ГАО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч С овогтой А нь Монголд Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.9 “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 10.10 “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 12-13 дугаар талууд/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-8/, хохирогч Г.А-н 2477 дугаартай өвчний түүхийн хуулбар /ХХ133-139/ гэсэн хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16-17 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Гурван-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр **** ГАО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монголд Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас **** ГАО улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч Ж.М-н биед хөнгөн, зорчигч Г.А-н биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А-н үйлдэл нь жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөн эхлэх ба чиг өөрчлөхдөө баримтлах замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх байдлаар зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор шүүгдэгч С.А-н Хаан банкны эзэмшлийн ************** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 17-20 дугаар талууд/, хохирогч Г.А-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт /хавтаст хэргийн 92/, Алтайн хүдэр ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №НЯ-426/21 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 91 дүгээр тал/, шүүгдэгч С.А-н иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хавтаст хэргийн 127 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас/ хавтаст хэргийн 146 дүгээр тал/, Бамбайн үндэс эмийн сангийн 15.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Улаанбаатар хот руу ирж очсон 127.600 төгрөгийн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Хохирогч Г.А-н нэхэмжилсэн 2.792.600 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх дараах байдлаар шийдвэрлэв
1. Бамбайн үндэс эмийн сангийн 15.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Улаанбаатар хот руу ирж очсон 127.600 төгрөгийн баримтуудаар тогтоогдсон 142.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Г.А-д олгох нь зүйтэй байна.
2. Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт хохирогч хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах зардлыг гаргахаар зохицуулжээ. Хэрэгт хохирогч Г.А-н Алтайн хүдэр уурхайд ажиллаж байхдаа авч байсан гэх цалингийн тодорхойлолт, албан бичиг авагдсан боловч энэ баримтуудаар түүний дутуу авсан цалин хөлсийг тогтоох боломжгүй байна. Тодруулбал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно” гэж мөн хуулийн 18 дугаар зүйлд тэтгэмжийн хувь хэмжээг хэрхэн тогтоох талаар хуульчилжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч уг тэтгэмжийг хэдэн хувиар авсан, ажил олгогч хэдэн төгрөгийн тэтгэмж өгсөн үүнээс улбаалан яг хэдэн төгрөгийн цалин хөлс дутуу авсан болохыг тогтоох боломжгүй байх тул цалин хөлстэй холбоотой 2.150.000/хоёр сая нэг зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлын хамтаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч мэргэжилтэн, орчуулагч хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхаар хуульчилжээ. Энэ хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан төрөөс төлөх зардлыг төрөөс төлсөн тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулж төрд олгох эрх зүйн үндэслэлийг зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан “өмгөөлөгчид төлөх зардал” нь өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах төлбөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хохирогч иргэний өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулж төрд олгох хуулийн зохицуулалт юм. Иймээс хохирогч Г.А-г эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулсны төлөө өмгөөлөгчид төлсөн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байна. Нөгөө талаар хохирогч Г.А-г нь өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй гэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч С.А-д буцаан олгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.А-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч Г.А-н нэхэмжилсэн 2,792,600 (хоёр сая долоон зуун ерэн хоёр мянга зургаан зуу) төгрөгийн нэхэмжлэлээс 142,600 (нэг зуун дөчин хоёр мянга зургаан зуу) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор, цалин хөлстэй холбоотой 2,150,000 (хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөгийн нэхэмжлэл болон эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээж, өмгөөллийн хөлсний 500,000 (таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч С.А-д буцаан олгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
27
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА