Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01781

 

     2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01781

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/5 дугаар байрны 15 тоотод оршин суух, Олныхон овогт Раднаагийн Анхбаяр /РД-ЧИ71041617/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, 307 тоотод оршин байгаа “Монгол дайвин” ХХК-д холбогдох,

Дутуу олгосон цалин, хөлс болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108,867,679 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрх-1270/, хариуцагч компанийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, Ж.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Р.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх “Монгол дайвин” ХХК-д 2010 оны 4 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд санхүүгийн албаны дарга, ерөнхий санхүүчээр ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот тушаалаар орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн.

          Би тус компаниас 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлсөө компани санхүүгийн хүндрэлд орсны улмаас аваагүй байсан.

          Иймээс цалин хөлс болох 42,867,679 төгрөгийг “Монгол дайвин” ХХК-иас гаргуулж өгнө үү.

          Мөн тус компанид санхүүгийн ажлыг хариуцаж байсны хувьд хөрөнгө дутагдалтай байгаа талаар захиралд танилцуулахад ерөнхий захирал ол гэсэн учир захирлын тушаалаар батлагдсан “Бараа материал, бэлэн мөнгийг зээлээр олж бэлтгэх” журмын дагуу бэлэн мөнгө босгох шаардлагатай болсон.

          Манай компани нь ажлын хөлсөө авалгүйгээр эхлээд ажлаа хийж өгдөг байсан учир өр төлбөрт орсон ба компанийн нэрийн өмнөөс төлөхөөс өөр аргагүй байдалд орсны улмаас удирдлагуудтай ярилцаж итгэлцлийн үндсэн дээр компанийн өрийг дарахад нийтдээ 88,300,000 төгрөг “Монгол дайвин” ХХК-д зээлдүүлэн харилцагч нарын өр авлагыг өгсөн. Хариуцагч компанитай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн дахин 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 сая төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлсэн.

          Иймд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 20 сая төгрөг, 3 сарын хүү 3 сая төгрөг, гэрээний 6-д заасны дагуу алданги 10 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 20 сая төгрөг, 3 сарын хүү 3 сая төгрөг, гэрээний 5-д заасны дангуу алданги 10 сая төгрөг, нийт 66 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

          Хариуцагч “Монгол дайвин” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Анхбаяр нь 2010 оноос 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл манай компанид Санхүү албаны дарга, санхүү эрхэлсэн захирал, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн зэрэг албан тушаалд тус тус ажиллаж байсан.

          Р.Анхбаярын цалин хөлсийг дутуу олгосон учир 42,867,679 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргахгүй өгнө.

          2 дахь шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 18,300,000 төгрөгийг ББСБ-аас зээлж, Чингис хаан банкинд шилжүүлсэн гэх боловч хэрэгт баримт байхгүй учир зөвшөөрөхгүй.

          Төмрийн өрөнд өгсөн 2 сая төгрөгийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл “Монгол дайвин” ХХК-д дөнгөж шинэ орсон хүний дансанд 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ням гарагт мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд уг мөнгийг манай компани авсан гэдгийг нотлохгүй.

          Жигүүр хөлөгт компанид зургийн үнэд 3 сая төгрөгийг гэр бүлийн хуримтлалаас өгсөн гэдэг боловч гэр бүлийн хуримтлалтай гэдгээ нотлох баримт хэрэгт өгөөгүй.

          Мөн Монгол дайвин ХХК-д 3 сая төгрөг шилжүүлээгүй, н.Цогтбаяр гэдэг хүний дансанд шилжүүлсэн байдаг. Гэхдээ уг мөнгийг хүлээн зөвшөөрч байна.

          Эрдэнэт эко хорооллын ажлын хөлсөнд 3 сая төгрөг шилжүүлсэн гэдгээ мөн баримтаар нотлоогүй. н.Баасанцэцэгийн хувийн дансанд шилжүүлсэн байсан ба шүүхэд өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир компани авсан гэж үзэхгүй.

          Голомт банкны зээлийн хүүд 2 сая төгрөгийг мөн гэр бүлийн хуримтлалаас авсан гэдгээ нотлоогүй. Орлогын баримт нь нотлох баримтаар олдоогүй учир зөвшөөрөхгүй.

          Гурвансайхан сумын гэрэлтүүлгийн үнэд 10 сая төгрөгийг нэхэмжлэгч Р.Анхбаяр өөрийн хувийн данснаас н.Цээпилдоржийн данс руу хийсэн байдаг. Мөн л компанийн дансанд орсон гэдэг нь нотлогдоогүй.

          Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд баригдах Атмор 24 айлын орон сууцны захиалгын буцаалтад 10 сая төгрөг өгсөн гэх боловч компанийн орлого, зарлагын алинд нь ч ороогүй.

          2014 оны 9 дүгээр сард Гурвансайхан сумын гэрэлтүүлгийн материалын үнэ 20 сая төгрөгийг иргэн н.Шилхүүгээс зээлж зарцуулсан гэдэг боловч гэрээг н.Шилхүү, Монгол дайвин ХХК-ийн хооронд байгуулсан байсан. Р.Анхбаяр нь н.Шилхүүгийн шаардах эрхийг шилжүүлэн авсан баримт хэрэгт байхгүй. Хэргийн 33-35 дугаар хуудсанд авагдсан баримтаас харахад н.Шилхүүгээс аваад 17 сая төгрөгийг нь  өөр хүний дансруу шилжүүлсэн байна.

          2014 оны 11 дүгээр сард гэрэлтүүлгийн үнэд 20 сая төгрөгийг гэр бүлийн хуримтлалаас өгсөн гэдэг боловч уг мөнгийг ХААН банкны данс руу шилжүүлснээс манай компанийн дансанд орж ирсэн баримт байхгүй.

          Иймээс зээлд 40 сая төгрөг, хүү алдангийг төлөхгүй. Энэ мөнгийг цувуулж төлсөн байдаг бөгөөд ямар үндэслэлээр хүү, алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

          Талууд хоорондоо зээлийн гэрээ байгуулсан гэж байна. Уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан Ж.Бадамгарав нь  компанийг төлөөлөх эрхгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ. Тус компанийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд нь н.Саруулсайхан, н.Дэлгэрбаяр нар бөгөөд тэдгээрийг байхгүй тохиолдолд санхүүгийн албаны даргын гарын үсэг байхаар компанийн дотоод журмаар зохицуулагдсан.

          Зээлийн гэрээг н.Дэлгэрбаяр захиралд танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Иймээс зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэв.

          Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Р.Анхбаяр нь “Монгол дайвин” ХХК-иас дутуу олгосон цалин хөлсөнд 42,867,679 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,000,000 төгрөг, нийт 108,867,679 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

          Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох дутуу олгосон цалин хөлс гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн, дутуу олгосон цалин хөлсөнд 42,867,679 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          2 дахь шаардлагын тухайд:

          Нэхэмжлэгч Р.Анхбаяр нь хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 24, 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаас “Жигүүрт хөлөг” компанид зурагны үнэд төлсөн 3 сая төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж, үндэслэлээ “... мөнгийг бэлнээр шилжүүлээгүй, ... ерөнхий захиралд танилцуулаагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ..., гэрээнд зурсан гарын үсэг Ж.Бадамгаравын гарын үсэг гэхэд эргэлзээтэй” гэж тайлбарлаж байна.

          Шүүх, талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.

          Учир нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Монгол дайвин” ХХК-ийг төлөөлж Санхүү бүртгэлийн албаны дарга Ж.Бадамгарав, нэхэмжлэгч Р.Анхбаяраас 20,000,000 төгрөгийг Дундговь аймгийн Гурван сайхан сумын замын гэрэлтүүлгийн ажилд 10 сая төгрөг, Атмор 24 төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын захиалагчийн төлбөрийг буцаахад 10 сая төгрөгийг тус тус зарцуулах зориулалтаар 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20 сая төгрөгийг  Дундговь аймгийн Гурван сайхан сумын замын гэрэлтүүлгийн ажилд зарцуулах зорилгоор 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлэхээр тохирч зээлийн гэрээ байгуулжээ. /хх-19-20 дугаар тал/

          Улмаар Р.Анхбаяр нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20 сая төгрөгийг хариуцагч компанид мөн сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь хэргийн 118 дугаар хуудсанд авагдсан 619 дүгээр орлогын баримтын тасалбараар нотлогддог.

          Түүнчлэн 9 дүгээр сарын 24-ний өдөр компанийн өмнөөс 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу гэрлийн үнэд 10 сая төгрөгийг иргэн Б.Цээпилдоржийн данс руу, үлдэх 10 сая төгрөгийг Атмор 24 төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд баригдаж буй 24 айлын байрны урьдчилгааны буцаалтад зарцуулсан нь хэрэгт авагдсан баримт ХААН банкны депозит дансны хуулга болон хариуцагч компанийн Ц.Анхбаяраас зээлсэн мөнгөний тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна. /хх-18, 38, 116-117 дугаар тал/

          Хариуцагч тал нь нэхэмжлэгчээс 68,300,000 төгрөг зээлсэн өглөгийн тооцоо гаргасан байх бөгөөд үүнээс 28,300,000 төгрөгийг Р.Анхбаяр буцаан төлсөн гэж тайлбарлан 40 сая төгрөгийг гэрээний дагуу зээлийн хүү, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,  232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудад нийцэж байна.

          “Монгол дайвин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан Ж.Бадамгаравыг компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж мэтгэлцдэг.

          Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “ компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөх удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заажээ.

          Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдэд “Монгол дайвин” ХХК-ийг төлөөлж, санхүү бүртгэлийн албаны дарга Ж.Бадамгарав гарын үсэг зурсан байхаас гадна шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2893 тоот дүгнэлтээр “зээлийн гэрээний зүүн доод хэсэгт Ж.Бадамгарав гэсний доор зурсан гарын үсгийг Ж.Бадамгарав зурсан болох”-ыг тогтоосноос гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунжаргал нь шүүх хуралдаанд “...компанийн дотоод журамд эрх бүхий этгээдүүд байхгүй тохиолдолд санхүүгийн албаны дарга гарын үсэг зурах ёстой” гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж үзлээ. /хх-135-146, 158 дугаар хуудас/

          Түүнчлэн нэхэмжлэгч Р.Анхбаяр, “Монгол дайвин” ХХК-ийн бусдад өгөх өглөг, ажлын хөлсийг төлж байсан нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байхын зэрэгцээ хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тус компанийг Дундговь аймгийн Гурвансайхан суманд гэрэлтүүлгийн ажил хийгдсэн, Атмор 24 төсөлтэй холбоотой захиалгын буцаалт хийгдсэн, бусдад өглөгтэй байсан тухай үйл баримтыг үгүйсгээгүй тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх26, 28, 30, 33-34,0 36-38, 124-127 дугаар тал/

          Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 66,000,000 /жаран зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Анхбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 733,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дутуу төлсөн 86,938 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 860,238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Анхбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.  

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн, нэхэмжлэгч Р.Анхбаярын дутуу олгосон цалин, хөлсөнд 42,867,679 /дөчин хоёр сая найман зуун жаран долоон мянга зургаан зуун далан есөн/ төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 66,000,000 /жаран зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Анхбаярт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 733,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дутуу төлсөн 86,938 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 860,238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Анхбаярт буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД