Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч У овогт М-н Б-д холбогдох 2116001340146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, У овогт М-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б-н Говь Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Ө-г “...дэлгүүрт нь архины зөвшөөрөл гаргуулж өгнө, энэ ажилд нь 3.000.000 төгрөг шаардлагатай...” гэж хууран мэхэлж 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ************** дугаартай дансаар шилжүүлэн авсан, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “...цагдаагийн хэсэгтээ авч байгаа юм. Алтай сумын Засаг даргын тамгын газар мөнгийг нь гаргаж өгнө...” гэж хууран мэхлэн хохирогч Н.А-с 2.200.000 төгрөгийн үнэ бүхий “мустанг 150” маркийн шинэ мотоциклийг авсан үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн 2020 онд цагдаагийн хэсэгтээ мотоцикль авна гэж очоогүй. Тухайн үед Алтай сумын жолооч цагдаа С-н хамт очиж сард 100.000 төгрөгөөр тус тус хувааж төлье албанд ойр зуур мотоцикль хэрэгтэй гэж аваад сүүлд С эхнэр зөвшөөрөхгүй төлж чадахгүй юм байна гэхээр нь би тэтгэмж орох учир болох байх гэж бодоод авсан. Г.Ө-н асуудал дээр надад маргах зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Миний бие хийсэн хэрэгтээ ир гэмшиж байгаа. Тухайн үед өвчин зовлонтой байсан учраас бусдаас мөнгө авсан, эд зүйлийг нь авч зарсан асуудал байгаа...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 48 дугаар тал/

Хохирогч Г.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б нь надад “...О-нх дэлгүүрээ зарах гэж байна, архины зөвшөөрлийг нь чиний нэр дээр шилжүүлээд өгье...” гэж хэлсэн. Тухайн үедээ М.Б нь “хууль зүйн хэлтэс гэл үү, хууль зүйн яам гэл үү” өөрөө толгойг нь гаргаж өргөдөл бичээд миний иргэний үнэмлэх болон худалдагчийн үнэмлэхийг хуулбарлан авсан. М.Б надад хэлэхдээ “...тусгай зөвшөөрөл гаргахад 3.000.000 төгрөг хэрэг болдог юм. 3.000.000 төгрөгийг бэлнээр аваад ир...” гэж хэлсэн. Би тухайн үедээ банкин дээр очоод бэлнээр мөнгө авах гэсэн боловч найр хуримын сар гээд банкин дээр бэлэн мөнгө байхгүй байсан юм. Би буцаж ирээд банкин дээр мөнгө байхгүй байна гэж хэлчихээд дэлгүүр лүүгээ явсан юм. Тэгсэн тухайн өдрийн 16 цагийн орчимд М.Б манай дэлгүүр дээр ирээд “...би яг одоо аймаг явах гэж байна. Нөгөө мөнгөө мобайлаар шилжүүлчих...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ************* дугаарын М.Б-н өөрийнх нь данс руу 3.000.000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “*********” нэртэй өөрийн ажиллуулдаг дэлгүүрт байхдаа “Ө” гэсэн утгатай гүйлгээг хийж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/

Хохирогч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Б нь Мустанг-150 маркийн цагаан өнгийн мотоциклийг “...цагдаагийн хэсэгтээ авч байгаа юм. Засаг даргын тамгын газар мөнгийг нь шийдэх юм...” гээд хайрцагтай шинэ мотоцикль аваад явсан юм. Тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сард Мустанг-150 маркийн мотоцикль 2.200.000 төгрөгийн үнэтэй байсан юм. М.Б-н авсан мотоциклийг 2.200.000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн үедээ дэлгүүртээ мотоцикль зарж байсан учраас миний мотоцикль байгаа юм...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 13-14 дүгээр талууд/

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 08 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Над руу утсаар яриад дэлгүүрт тусгай зөвшөөрөл гаргуулах гэсэн юм. Тусгай зөвшөөрлийг яаж олгодог юм бэ? гэж асууж байсан. Би 2020 оны 08 дугаар сард тодорхой эрхэлсэн ажилгүй байсан, тэрнээс хойш надтай дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 20 дугаар тал/

Гэрч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.Б нь тухайн үедээ эхнэр хагалгаанд орох гэж байгаа юм мөнгөний хэрэг байна. Чи мотоцикль худалдаж авах хүн байна уу? гэж асуухаар нь би М.Б-н мотоциклийг үзээд гайгүй бол би авъя гэж хэлээд мотоциклийг нь үзээд хэдээр зарах бэ? гэж асуухад М.Б 1.500.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тухайн мотоциклийг М.Б нь би сумд ирээд худалдаж авсан юм. Миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дугаар тал/

Хөрөнгө үнэлгээний Ашид-Билгүүн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ гаргасан №ТХҮ-621/2077 дугаартай “...Мустанг 150 маркийн мотоциклийн үнийг 2.200.000 төгрөг...” гэж тогтоосон үнэлгээний дүгнэлт. /хавтаст хэргийн 31-33 дугаар талууд/, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн №1/41 дугаартай “Сумын цагдаагийн тасагт мотоцикль авах асуудал 2019, 2020 онд хэлэлцэгдэж байгаагүй болно. Тус сумаас сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид хувиасаа мотоцикль хандивлахаар шийдвэрлэсэн...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 50 дугаар тал/, Хохирогч Г.Ө-н Хаан банкны ************ дансны хуулга. /ХХ57-58 дугаар тал/, шүүгдэгч М.Б-н эзэмшлийн Хаан банкны *********** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /хавтаст хэргийн 122-136 дугаар тал/, шүүгдэгч М.Б-н албан тушаалын тодорхойлолт, /хавтаст хэргийн 69-71 дүгээр талууд/, шүүгдэгч М.Б-нг ажилд томилсон  Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын хуулбар /хавтаст хэргийн 73 дугаар тал/, М.Б-г ажил өөрчлөн томилох тухай тушаалын хуулбарууд /хавтаст хэргийн 74-81 дүгээр талууд/, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 31/3399 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 113 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Б-н Говь Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Ө-г “...дэлгүүрт нь архины зөвшөөрөл гаргуулж өгнө, энэ ажилд нь 3.000.000 төгрөг шаардлагатай...” гэж хууран мэхэлж 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ************* дугаартай дансаар шилжүүлэн авсан, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “...цагдаагийн хэсэгтээ авч байгаа юм. Алтай сумын Засаг даргын тамгын газар мөнгийг нь гаргаж өгнө...” гэж хууран мэхлэн хохирогч Н.А-с 2.200.000 төгрөгийн үнэ бүхий “мустанг 150” маркийн шинэ мотоциклийг авсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдаас мөнгө авсан, эд зүйлийг нь авч зарсан асуудал байгаа...” гэх мэдүүлгүүд, хохирогч Н.А-н “...Б нь Мустанг-150 маркийн цагаан өнгийн мотоциклийг “...цагдаагийн хэсэгтээ авч байгаа юм. Засаг даргын тамгын газар мөнгийг нь шийдэх юм...” гээд хайрцагтай шинэ мотоцикль аваад явсан юм. Тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сард Мустанг-150 маркийн мотоцикль 2.200.000 төгрөгийн үнэтэй байсан юм...” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Ө-н “...Б нь надад “...О-нх дэлгүүрээ зарах гэж байна, архины зөвшөөрлийг нь чиний нэр дээр шилжүүлээд өгье...” гэж хэлсэн. Тухайн үедээ М.Б нь “хууль зүйн хэлтэс гэл үү, хууль зүйн яам гэл үү” өөрөө толгойг нь гаргаж өргөдөл бичээд миний иргэний үнэмлэх болон худалдагчийн үнэмлэхийг хуулбарлан авсан. М.Б надад хэлэхдээ “...тусгай зөвшөөрөл гаргахад 3.000.000 төгрөг хэрэг болдог юм. 3.000.000 төгрөгийг бэлнээр аваад ир...” гэж хэлсэн... Тухайн өдрийн 16 цагийн орчимд М.Б манай дэлгүүр дээр ирээд “...би яг одоо аймаг явах гэж байна. Нөгөө мөнгөө мобайлаар шилжүүлчих...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ********** дугаарын М.Б-н өөрийнх нь данс руу 3.000.000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Их мянган” нэртэй өөрийн ажиллуулдаг дэлгүүрт байхдаа “Ө” гэсэн утгатай гүйлгээг хийж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,  Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн №1/41 дугаартай “Сумын цагдаагийн тасагт мотоцикль авах асуудал 2019, 2020 онд хэлэлцэгдэж байгаагүй болно. Тус сумаас сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид хувиасаа мотоцикль хандивлахаар шийдвэрлэсэн...” гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлүүд нь урьдын харилцаанд бий болсон итгэлийн ашиглан  “...архины зөвшөөрөл гаргаж өгнө, энэ ажилд нь 3.000.000 төгрөг хэрэг болно...” гэж бодит байдал дээр байхгүй, биелэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгон хохирогч хохирогч Г.Ө-г төөрөгдөлд оруулан залилан мэхэлж 3.000.000 төгрөг шилжүүлэн авснаараа, мөн “...цагдаагийн хэсэгтээ авч байна, мөнгийг нь сумын засаг даргын тамгын газар шийдэж өгнө...” гэж биелэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгон хохирогч Н.А-н төөрөгдөлд оруулан мустанг-150 маркийн мотоциклийг авч цааш нь өөр хүнд худалдан борлуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас, М.Б-с 3.500.000 төгрөгөө авсан гомдолгүй гэх агуулгатай хохирогч Н.А-н хүсэлт /хавтаст хэргийн 150 дугаар тал/, миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, гомдолгүй...” гэх хохирогч Г.Ө-н хүсэлт/ хавтаст хэргийн 150 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.Б-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА