Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

хохирогч Д.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Т-д холбогдох 1916003860133 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  халх, Б овогт М-н Т.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Цогт сумынБаян-Өндөр багийн нутаг дэвсгэр “********” гэх газарт байрлах хохирогч Д.П-н эзэмшлийн цоожтой 2 амбаарын цоожийг эвдлэн  хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн баавартай бор цоохор өнгийн гар хийцийн булгиаран гөлөмтэй эмээл 1 ширхэг, гөрмөл суран бугуйл 1 ширхэг, гэрийн хялгасан бүс 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч Д.П-д 4,290,500 (дөрвөн сая хоёр зуун ерэн мянга таван зуу) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.Т-н шүүх хуралдаанд өгсөн “...мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.... Бугуйл надаас гарч ирсэн тул хохирлыг төлнө...эд зүйлийг авснаа зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Д.П-н шүүх хуралдаанд өгсөн “ ... 2019 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хаваржааны амбаартаа борц тохох гэж очоод амбаарт хулгай орсон байна гэж мэдсэн. Манай эхнэр хүүтэйгээ ирж үзсэн. Хэд хоногийн дараа би ирж үзсэн. Тэгээд сумаас цагдаа нар ирж үзэж харж шалгасан. Энэ хавар О.Н гэдэг хүргэн болох залуу манай тэнд нүүж ирээд хоёр гурван хоногийн дараа би гэрт нь ороод бугуйлаа таньсан...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Цогт сумын Баян-Өндөр багийн нутаг “*****” гэх нэртэй газарт байх өөрийнхөө хаваржаан дээр очиход манай эд хогшлоо хадгалдаг 2 чулуун амбаар бүрэн бүтэн цоож цуурга нь хэвээрээ байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 07-ны өглөө миний өөрийн дүү болох О нь манайд ******* гэх нэртэй газар байх өвөлжөөн дээр маань очиж надад хэлэхдээ танай хаваржааны амбаарт чинь хулгай орсон байна гэж хэл хүргэж очсон юм аа. Ингээд эхнэрээ явуулж үзүүлэхэд гэрийн 3 ширхэг хошлон бүс, мөнгөн эмээл, хазаар, шар суран гөрмөл бугуйл, 12 алдын сур дээс зэрэг эд зүйлүүд алга болсон байна цагдаад тэмдэглүүлчихлээ гэсээр буцаж ирсэн. Тэгээд би хэд хоногийн дараа цагдаад очиж мэдүүлэг өгсөн үүнээс хойш дахиад хэд хоногийн дараа “********” гэх газарт байх хулгай орсон гэх амбаартаа юу, юу алга болсныг нягтлахаар очиж үзтэл мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, гөрмөл шар суран буйл 1 ширхэг, гэрийн 3 хос хялгасан бүс зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 90-91 дүгээр талууд/

Хохирогч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “ ... 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр манай хажууд манай хүргэн болох гэж байгаа О.Н ирж буусан. 2 хоногийн дараа гэрт нь яваад ортол миний бугуйл тэднийд байсан юм. Тэгээд “...миний ноднин жил алдсан бугуйл мөн байна гээд яагаад чамд байгаа юм бэ?...” гэж асуусан чинь Н надад “...би цэргээс ирчихээд ээж дээрээ очиж золгосон чинь ээжид төмөр горхитой гурамсан гөрмөл бугуйл, гэрийн 3 ширхэг хошлон бүс байсныг аваад ирсэн...” гэж хэлээд бараан дотроосоо гаргаад ирсэн... Мөнгөн баавартай монгол эмээл, мөнгөн хазаар нь байхгүй байсан... Н нь ээж Ц-с авсан гэж хэлсэн ... Т нь 1998 оноос хойш мэднэ. ***** гэх буудал дээр хоол унд авахаар ирж байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 92 дугаар тал/

Гэрч О.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-нд цэргийн албанд татагдаад 2019 оны 10 дугаар сарын 10-нд халагдаж, Дэлгэр сумд байх өөрийн хүргэн ах Т-н очсон юм. Халагдаж ирснийхээ дараахан 11 дүгээр сард Улаанбаатар хот руу гэрийн брезентэн бүрээс авах зорилготой явсан юм... Улаанбаатар хотод очоод 3 хоноод брезентэн бүрээсээ аваад эргээд нутаг руугаа явсан юм. Хотод манай ээж Т гэх хүнтэй амьдардаг юм. Манай ааваас салаад 4 жил тэр хүнтэй амьдарч байгаа юм. Хотод очоод брезентэн бүрээсээ аваад намайг Дэлгэр сумд гэртээ ирсний дараа манай ээж над руу /7 хонож байсан байх/ өөрийнхөө ********** гэх утсаараа миний *********** гэсэн дугаарын утас руу залгаад “...энд гэрийн 3 хос хошлон бүс бас нэг бугуйл байна, хямдхан юм байна 2 хониор өгнө гэж байна. Хоёр хонийг нь өгөөд авчих...” гэж над руу ярьсан юм. Тэгээд би 2 хонь өгч, түүнийг авахаар тохиролцсон. Би хот руу хавар яг хэдэн сард байсныгаа сайн санахгүй байна, Дэлгэр сум Босго гэх газраас өөрийнхөө хүргэн ах Т-р Дэлгэр сумын Лүн хайрхнаас урагш Элсэн тасархай гэх газарт байх гэр гуанз хүртэл хоёр хонины махтайгаа хүргүүлээд тэндээсээ орой нь хот руу явж байсан цагаан жийпэнд 2 малын махаа авч дайгдаад Улаанбаатар орсон юм. Жолооч нь ганцаараа явж байсан. 2 малын махаа Улаанбаатар хотод ээжид оруулж өгөөд ээжээс 4 алд 1 ширхэг бүтэн гөрмөл бугуйл, 4 ханатай гэрийн 3 хос хялгасан бүс аваад хотод 7 хоноод буцсан... Өөрийнхөө цуг амьдардаг “...Т-н эгч нь энэ хэдийг зарна гэж байна. 2 хониноос өгчихнө гэж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 102-103 дугаар талууд/

Гэрч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай хүү О.Н Улаанбаатар хотод ирээд 5-7 хоноод явсан. Энэ үед хүү Н-д гүрмэл суран бугуйл, 3 хос гэрийн хялгасан бүс зэргийг өгсөн санагдаж байна, үгүй бол Н дахиад нэг ирсэн тэр үед нь өгсөн байх, яг хэзээ өгснийг Н сайн мэднэ. Гөрмөл суран бугуйл, 3 хос гэрийн хялгасан бүсийг манай нөхөр М.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 10-аас 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд байхаа Дундговь аймаг руу алтанд явлаа гэж хэлээд явсан. Хэдэн хоног явсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Т гэртээ ирэхдээ гүрмэл суран бугуйл, 3 хос гэрийн хялгасан бүсийг авч ирсэн. Надад Т хэлэхдээ “...замд явж байхад нэг хүн дайгдсан юм тэр хүн буухдаа мартаад буучихсан байна лээ тэр хүн офицерт буусан юм...” гэж хэлсэн. Ингээд манайд дээрх эд зүйлс байгаад байхаар нь хүү О.Н-г ирэх үед нь өгч явуулсан...Би хүү Н-д үнэ ханш хэлж өгөөгүй. Харин ээждээ 2 хонины мах өгөөд явуулаарай гээд л гөрмөл суран бугуйл, 3 хос гэрийн хялгасан бүсийг өгсөн... Тухайн үед би хулгайн эд зүйлс гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 106-107 дугаар талууд/

Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын сүүл байсан шиг санагдаж байна. Авга ах А.Б-н гуйлтаар машины маркийг нь сайн мэдэхгүй байна. Хар өнгийн дунд гарын жийпэрхүү машинд А92 бензин 32 л хавьцаа хийж өгсөн. Төлбөрийг нь дараа манай авга ах А.Б надтай хийсэн...машин дотроо жолооч бас нэг хүн нийт 2 хүн байх шиг байсан нэр усаа хэлээгүй. Тэр машины жолооч надад би Б-н ярьсан хүн байна гэж л хэлсэн өөр юм хэлээгүй. Б ах болохоороо наана чинь манай ангийн ТМС-д цуг сурч байсан найз явж байгаа юм байна чи бензин өгөөдөх дараа нь тооцоог нь би хийе л гэж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 114 дүгээр тал/

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 20-оос 12 дугаар сарын хооронд байсан байх ****** дугаар луу М.Т нь залгаад “...би Бигэр сум дээр ирчихсэн байна. Бензиний мөнгөгүй болчихлоо хүн рүү яриад мөнгө олоод өг эсвэл бензин хийлгээд өгөөч...” гэж ярьсан. Тэгэхээр нь би М луу яриад”... наад хүндээ бензин хийгээд өгчих би дараа нь тооцоог нь хийе...” гэж хэлээд бензин хийлгүүлж өгсөн... Над руу ярихдаа “...уурхайгаас хүн авах гээд явж байгаад бензингүй болчихлоо...” гэж хэлж байсан, хэнтэй хамт яваагаа хэлээгүй, би хар өнгийн машинтай явж байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 120 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 3-11 дүгээр талууд/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 64-66 дугаар талууд/

Тээврийн хэрэгслийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 80-83 дугаар талууд/

Хулгайд алдагдсан эмээл, хазаар, суран бугуйл, гэрийн бүс болон эвдэрсэн цоожны зах зээлийн үнэлгээг нийт 4,290,500 (дөрвөн сая хоёр зуун ерэн мянга таван зуу) төгрөгөөр тогтоосон эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 128-129 дүгээр талууд/

Тээврийн хэрэгслийн лавлагаа/хавтаст хэргийн 164 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт байрлах хохирогч Д.П-н өмчлөлийн 2 амбаарын цоожийг эвдлэн орж 4 ширхэг мөнгөн баавартай бор цоохор өнгийн гар хийцийн булгиаран гөлөмтэй эмээл 1 ширхэг, гөрмөл суран бугуйл 1 ширхэг, гэрийн хялгасан бүс 3 ширхгийг авч 4,290,500 (дөрвөн сая хоёр зуун ерэн мянга таван зуу) төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд өгсөн “...бугуйл гарч ирсэн учир хохирлыг төлнө... эд зүйлийг нь авснаа зөвшөөрч байна...” гэсэн агуулгатай мэдүүлэг, хулгайд алдагдсан гөрмөл суран бугуйл, гэрийн бүсийг шүүгдэгчээс авч өөрийн төрсөн хүү О.Н-д өгсөн талаар мэдүүлсэн гэрч С.Ц-н мэдүүлэг, дээрх эд зүйлсийг гэрч С.Ц-с хэрхэн авсан талаараа мэдүүлсэн гэрч О.Н-н мэдүүлэг, хулгайд алдагдсан суран бугуйл, гэрийн бүс зэрэг эд зүйлсийг хохирогчоор таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч Говь Алтай аймагт байсан талаар мэдүүлсэн гэрч Г.М, А.Б нарын зөрүүгүй мэдүүлгүүд, алдагдсан эд зүйлийн үнэлгээний дүгнэлт, гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн, амбаарын хаалганы цоожны эвдэрсэн байдлыг тусгасан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд гэсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Энэ нь эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох хохирогч Д.П-н эзэмшлийн 2 ширхэг чулуун амбаарын хаалганы цоожийг эвдлэн орж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Говь-Алтай аймгийн шүүхийн  1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар/ 170-179 дүгээр талууд/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 165 дугаар тал/, хохирогч Д.П-н шүүх хуралдаанд өгсөн “...Миний эд зүйл биет байдлаар байгаа бол авна, намайг хохиролгүй болгочих юм бол өөр яриад байх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч нь Говь-Алтай аймгийн шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн “Б”-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр, түүнээс дээш үйлдсэн...” гэх  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзлээ. Тодруулбал урьд ял шийтгүүлсэн гэмт хэрэг болон энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр бүлэгт хамаарах, мөн тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2 дахь хэсэгт “...хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч түүний гэм бурууг шийдвэрлэсний дараа оногдуулсан эрүүгийн хариуцлагыг Өршөөлийн хуульд хамруулах нь түүний эрх зүйн байдалд эерэгээр нөлөөлөх тул шүүгдэгч М.Т-д оногдуулсан 3 (гурав) жил хугацаагаар хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ. Иймээс шүүгдэгч М.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар” хэрэгжүүлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай нийцэхээр байна.

Шүүгдэгч М.Т-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.П-д 4,290,500 (дөрвөн сая хоёр зуун ерэн мянга таван зуу) төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлсээс биет байдлаар гэрийн хялгасан 3 ширхэг бүс, гөрмөл суран бугуйл олдсон байх тул эдгээр эд зүйлсийн үнэ 880,000 (найман зуун наян мянга) төгрөгийг хасч, үлдсэн 3,410,500 (гурван сая дөрвөн зуун арван мянга таван зуу) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Д.П-д олгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж хуульчилжээ. Иймээс хохирогч Д.П-д учирсан 3,410,500 (гурван сая дөрвөн зуун арван мянга таван зуу) төгрөгийн хохирлыг арилгуулах зорилгоор шүүгдэгч М.Т-н эзэмшлийн **** УБА улсын дугаартай “Ниссан мурано” /nissan murano/ загварын тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн эд хөрөнгийг Цагдаагийн байгууллагаар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж гэрийн хялгасан 3 ширхэг бүс, гөрмөл суран бугуйл зэрэг эд зүйлсийг хохирогч Д.П-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д 3(гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан 3(гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-д оногдуулсан 3 (гурав)  жилийн хугацаагаар хорих ялыг 3 (гурав)  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-н эдлэх 3(гурав)  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялыг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.Т-д сануулсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч М.Т-с 3,410,000(гурван сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.П-д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг гэрийн бүслүүр, 1 ширхэг суран бугуйл зэргийг хохирогч Д.П-д буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хэрэгт битүүмжилсэн **** УБА улсын дугаартай “Ниссан мурано” /nissan murano/ загварын тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн прокурорын тогтоолыг хэвэр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн эд хөрөнгийг Цагдаагийн байгууллагаар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА