| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01523/И |
| Дугаар | 102/ШШ2017/01748 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/01748
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/01748 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч З.Доржнамжин, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 98-3 дугаар байрны 37 тоотод оршин суух, Тайж овогт Мөнх-Амгалангийн Гарьдмагнай /РД-ХЕ87070818/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67-111 тоотод оршин байгаа “Гермес гахиур” ХХК-д холбогдуулан гаргасан,
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 6,442,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Амгалан, түүний өмгөөлөгч Х.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрх-0440/, хариуцагч “Гермес гахиур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул, иргэдийн төлөөлөгч М.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Гарьдмагнайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Анхбаяр нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд компанийнхаа ажилчдыг сургалтад хамруулахаар Буянт-Ухаа хорооллоос Шинэ яармаг хороолол руу явж байхдаа 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжих үед Хова Норд бенз маркийн 5642 УНР улсын дугаартай автомашин ямар ч гэрлэн дохио өгөлгүйгээр 3 дугаар эгнээнээс огцом дарж ирээд зам тээврийн осол гаргасан. Тухайн үед М.Гарьдмагнай нь өөрийн ах М.Анхбаярт автмомашинаа худалдсан байсан боловч нэрийг шилжүүлээгүй байсны улмаас автомашины хохирлыг М.Анхбаяр нэхэмжлэх эрхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан.
М.Гарьдмагнайгийн автомашинд 5,570,000 төгрөгийн хохирол учирсан болохыг “Ашид билгүүн” ХХК үнэлгээ хийж тогтоосон ба “Гермес гахиур” ХХК нь шүүхэд хүсэлт гаргаж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлэхэд 5,985,000 төгрөгийн үнэлгээ гарсан учир уг үнэлгээгээр хохирлыг нэхэмжилж байгаа.
Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00644 тоот шийдвэрээр “Гермес гахиур” ХХК-ийн жолооч Б.Батмэнд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9, 7.10 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас М.Анхбаярын эрүүл мэнд, эд хөрөнгөд, мөн жолоодож явсан Тоёото Приус маркийн УНЕ4347 улсын дугаартай автомашинд хохирол учирсан болохыг тогтоосон.
Шүүхэд анх 6,442,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг шаардлагаас “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний хөлс 202,000 төгрөг, журмын хашааны ачилтын мөнгө 220,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 118,000 төгрөг зэргээс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Иймд хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас автомашины хохиролд 5,985,000 төгрөг, тээврийн прокурорын газраас баримт хуулбарлан авсан төлбөр 22,000 төгрөг, нийт 6,007,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Гермес гахиур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн машинтай холбоотой 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хэргийг ярьж байна. Үүнтэй холбоотой 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Бид өөрсдийн зүгээс шийдвэрийг биелүүлсэн. Зам тээврийн ослын улмаас М.Анхбаяртай холбогдож байснаас М.Гарьдмагнайтай холбогдох зүйл байхгүй. Тийм учраас манайх хариуцахгүй, хамааралгүй. М.Гарьдмагнай нь М.Анхбаяраасаа нэхэмжлэх хэрэгтэй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Гарьдмагнай нь “Гермес гахиур” ХХК-иас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 6,442,500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүх хуралдааны үеэр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 6,007,000 төгрөг буюу автомашины хохиролд 5,985,000 төгрөг, тээврийн прокурорын газраас баримт хуулбарласан 22,000 төгрөг болгон багасгаж байна.
Хариуцагч “Гермес гахиур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шаардлагаас татгалзаж, үндэслэлээ “... шүүхийн шийдвэрийг манай зүгээс биелүүлсэн, ...зам тээврийн ослын улмаас М.Анхбаяртай холбогдсоноос М.Гарьдмагнайтай холбогдох зүйлгүй, манайх хариуцахгүй ...” гэж тайлбарлаж байна.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
Учир нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Гермес гахиур” ХХК-ийн ажилтан, жолооч Б.Батмэнд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9, 7.10 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч М.Анхбаярын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, мөн түүний жолоодож явсан Тоёото Приус маркийн УНЕ4347 улсын дугаартай автомашинд гэм хорын хохирол учруулсан гэм буруугийн талаар болон уг автомашин нэхэмжлэгч М.Гарьдмагнайгийн эзэмшилд бүртгэлтэй байсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон учир дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ. /хх-46, 11-18, 24-27 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, манайд хамааралгүй гэж мэтгэлцэх боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр М.Анхбаярын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас гаргуулснаас маргааны зүйл болох автомашинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлээгүй тул хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, .... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас харахад хариуцагч Б.Батмэнд нь “Гермес гахиур” ХХК-ийн ажилтан бөгөөд хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсан тул түүний бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хариуцагч “Гермес гахиур” ХХК хүлээхээр байна.
Нэхэмжлэгч тал автомашинд учирсан хохирлыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тогтоосон үнэлгээний дагуу нэхэмжилсэн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй учир шүүх, М.Гарьдмагнайгийн эд хөрөнгөд өөрөөр хэлбэл автомашинд 5,985,000 төгрөг, тээврийн прокурорын газраас баримт хуулбарласны төлбөр 22,000 төгрөг, нийт 6,007,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас 6,007,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гарьдмагнайд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас 111,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гарьдмагнайд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас 6,007,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гарьдмагнайд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас 111,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гарьдмагнайд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Ч.МӨНХЦЭЦЭГ