| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01255/И |
| Дугаар | 102/ШШ2017/01747 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/01747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 60-11 тоотод оршин суух, Цогнууд овогт Найдандоржийн Охиноо /РД-ЧГ74021867/-гийн, Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, өөрийн байранд оршин байгаа Ерөнхий боловсролын 51 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Н.Охиноо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Охиноо нь 51 дүгээр дунд сургуульд 2001 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өөрийн хийж буй ажлаа үнэнч шударгаар хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус сургуулийн захирал нь үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг тушаалын 1-д “Багш Н.Охиноо нь сургуулийн удирдлагаас сануулсаар байтал дээрх хууль журмын заалтуудыг удаа дараа зөрчиж, төгсөх ангийн сурагчдыг хохироож, багшийн ажилдаа хариуцлагагүй хандсан тул үндсэн цалинг 2 сарын хугацаатай, 20 хувиар бууруулж арга хэмжээ авсугай” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Н.Охиноог хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн, ямар хариуцлага алдаж, төгсөх ангийн сурагчдыг яаж хохироосныг тогтоолгүйгээр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан бодит үндэслэл байхгүй байхад цалин хөлсийг бууруулах сахилгын зөрчил ногдуулсан байна. Хариуцагчийн тайлбартай танилцахад нэхэмжлэгчийг удаа дараа ажилд хоцорсон, сонгоны хичээлийг 2017 оны 02 дугаар сарын 02, 20-ны өдрүүдэд тасалсан зөрчлийг гаргасан гэм буруутай гэж үзэж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг. Энэ зөрчлийг Н.Охиноо нь гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Н.Охиноо нь 2016 оны 8 дугаар сарын 29-нд хүүгээ төрүүлээд 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орсон бөгөөд түүний ажлаас хоцорсон гэх тохиолдлыг бодитоор тогтоогоогүй. Хариуцагч ирцийн бүртгэлийн дэвтрээр нотлохоор гаргаж өгсөн боловч уг дэвтэрт хэн бүртгэсэн, хэн бүртгүүлсэн талаарх баримт байхгүй, тухайн сургуульд ирц бүртгэлтэй холбоотой тогтоосон дүрэм, журам байдаггүй. Өөрөөр хэлбэл зарим ажилтны цагийг ирсэн гэж бүртгэсэн атлаа явсан цагийг бүртгээгүй, ирсэн явсан цагийг бүртгэсэн ажилтны бичгийн хэв нь өөр өөр байдаг зэргээс харагдаж байна. Иймд уг дэвтрээр Н.Охиноогийн ажлын цагийн хоцролтын талаарх үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүйгээр нотлох бодит боломжгүй. Ахлах ангийн сонгоны хичээлийг тасалсан гэх боловч 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хичээлээ орсон байдаг. Үүнийг багшийн журналд заасан ирц бүртгэлийн дэвтрээс харж болно. Харин мөн сарын 20-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор математикийн шалгалтын явцыг нийт сурагчдаас авч, хичээлд оролцоогүйн улмаас энэхүү хичээлд тасалдсаныг агуулгаар нь нөхөн орж, хичээлийн зохицуулалтыг хийсэн. Нөгөөтэйгүүр хариуцагч нь “сургуулиас сургалт явуулах нөхцөл боломжоор хангаад байхад хариуцсан ажилдаа хайнга хандсан гэсэн тайлбар ирүүлсэн байх боловч тус сургууль нь Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан хавсралтын “заавал сонгох болон сонгон гүнзгийрүүлсэн анги дүүргэлт 20-30 хүүхэдтэй байна” гэснийг зөрчиж, Н.Охиноо багшийг 12в, г ангийг нийт 60 шахам сурагчтайгаар хичээллүүлж, сурагчдын суралцах болон багшийн ажиллах нөхцлийг алдагдуулсан. Мөн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг зөрчин хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчин ажлын байрны баталгааг алдагдуулж байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, сахилгын шийтгэлийн үр дагаврыг арилгах буюу үндсэн цалингаас суутгасан 231,130 төгрөгийг 51 дүгээр дунд сургуулиас гаргуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгаж өгнө үү гэв. Хариуцагч Ерөнхий боловсролын 51 дүгээр дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Цэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/25 дугаар тушаал нь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж гарсан болох нь дараах нөхцөл байдлаар тогтоогддог. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргасан. Багш нь журмын 11.1-д заасны дагуу хүүхэд залуучуудын оюуныг хөгжүүлэгч, авьяас билгийг нээн илрүүлэгч, тэднийг амьдарч, хөдөлмөрлөх арга ухаанд сургагч, үнэнч шударга, бүтээлч сэтгэхүйтэй өөрийн биеэр бусдад үлгэрлэн хүмүүжүүлэгч гэдгээ хүлээн зөвшөөрч багшлах эрхийн хэм хэмжээг сахин ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэхдээ зөрчил, дутагдал гаргахгүй ажиллах үүрэгтэй. Н.Охиноо нь хөдөлмөрийн дотоод журмын 6.1-д заасан “хичээлээс хоцорсон бол тухайн 40 минутыг ороогүйд тооцно, хичээлийн цагаар ангиас гарах, хүнтэй уулзах, утсаар ярихыг хатуу хориглоно” гэснийг, мөн журмын 9.1.1, 9.1.2, хөдөлмөрийн гэрээний 2.2, 4.1, 4.18 дахь заалтуудыг зөрчиж, хариуцсан ажилдаа хайнга хандсан үйлдлийг гаргасан. Энэ нь тус сургуулийн цагийн бүртгэлээр нотлогддог. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын хугацаанд 598 минут хоцорсон, энэ нь хичээлийн цагаар 15 цагийн ажил тасалсан гэж үзнэ. Төрийн албан хаагчийн үүрэг хүлээсэн Н.Охиноо нь хариуцсан ажилдаа хайнга хандаж, гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй сурагчдын сурч боловсрох эрхэд халдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж, сурах нөхцөл бүрдүүлээгүй ажилласан. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлэхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул түүнийг ажлаас халахгүйгээр зөрчлийн шинж байдлыг харгалзан үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.4-т сахилгын зөрчилд хамаарах заалтуудыг тодорхой дурдсан ба уг заалтад ажил таслах нь сахилгын зөрчилд хамаарч энэ хүрээнд хариуцсан ажилдаа хайнга хандаж, олон цагаар ажлаас хоцорч ажил таслах хэмжээнд хүрсэн үйлдэлд нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байна гэж хуульчилсан бөгөөд энэ хүрээнд Н.Охиноотой хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Н.Охиноо нь Ерөнхий боловсролын 51 дүгээр дунд сургуульд холбогдуулан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдол гаргаж, тус байгууллагын ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлийн үр дагаврыг арилгах буюу үндсэн цалингаас суутгасан 231,130 төгрөг гаргуулан, мөн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг харицагчид даалгахыг хүсчээ. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үндэслэлээ “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ..., ... хариуцсан ажилдаа хайнга хандсан, ... ажил тасалсан, ... сурагчдын сурч боловсрох эрхэд халдаж сурах нөхцөл бүрдүүлээгүй ...” гэж тайлбарласан байна. /хх-22-23 дугаар хуудас/ Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасан хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн асуудлаар маргаагүй. Харин Ерөнхий боловсролын 51 дүгээр дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Н.Охиноод ... сургуулийн удирдлагаас сануулсаар байтал дээрх хууль журмын заалтуудыг удаа дараа зөрчиж, төгсөх ангийн сурагчдыг хохироож, багшийн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдлуулсны улмаас талуудын хооронд маргаан үүсч, тэрээр шүүхэд гомдол гаргасан байна. /хх-25, 112 дугаар хуудас/ Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх төдийгүй зөрчил нь тогтоогдсон байхыг шаарддаг. Хариуцагч байгууллагын захирлын Б/25 дугаар тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 44.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, 70.1, 70.2, дотоод журмын 6.1.2, 9.1.1, 9.1.2, 11.1, хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.2, 4.1, 4.18 дахь заалтыг удирдлага болгон Н.Охиноод “ ... сургуулийн удирдлагаас сануулсаар байтал дээрх хууль журмын заалтуудыг удаа дараа зөрчиж, төгсөх ангийн сурагчдыг хохироож багшийн ажилдаа хайнга хандсан” гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан байх боловч тушаалд дурдсан үйл баримтаа өөрөөр хэлбэл дээрх хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг хэрхэн зөрчиж, ямар зөрчил гаргасныг баримтаар нотлоогүй байна. Тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмаар үйлчлэгч, өдрийн жижүүрийн ажиллах цагийг зааж өгнөөс багшийн ажлын цаг хэдийд эхэлж, хэдийд дуусахыг тусгаагүй, харин 9.1.1-д долоо хоногийн ажлын цаг 40, нэг өдрийн ажлын цаг 8, багш нарын 7 хоногийн заах хичээлийн цаг 19 цагаас багагүй, нэг өдрийн заах цагийн ачаалал дунджаар 3,8 цагаас багагүй байхаар”, 9.2-т багш нар 1 цаг хичээлтэй бол 15 минутын өмнө ирж ангиа хүлээн авна. Хичээл тарахад цэвэрлэгээ хийлгэж, өдөр ангиа хүлээн авч тарахад нь өөрийн биеэр тарааж өгнө” гэж тодорхойлжээ. /хх-30 дугаар тал/ Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн тус 51 дүгээр дунд сургуулийн ирцийн бүртгэлийн дэвтэр, хичээлийн хуваарь зэргээс харахад багш нарын ажилдаа ирсэн, явсан цаг харилцан адилгүй байх ба уг бүртгэлээс Н.Охиноогийн ажил тасалсан цагийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байхаас гадна хариуцагч 51 дүгээр дунд сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл нь албан ёсоор баталгаажаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул эдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг ажил тасалж сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. /хх-33-57 дугаар тал, хэрэгт хавсаргасан дэвтэр/ Мөн Н.Охиноог 2017 оны 02 дугаар сарын 02, 20-ны өдрүүдэд сонгоны ангийн хичээл тасалсан гэх боловч тус өдрүүдэд 12 в, г ангид хичээл орсон, сурагчдаас математикийн сорилын шалгалт авсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн багшийн журнал, сорилын баримт зэргээр тус тус нотлогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.18, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүйгээс ахлах ангийн сурагчдын сурч боловсрох эрх ашиг хэрхэн хөндөгдөж, хохирсон нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэлээ. Иймээс хариуцагч Ерөнхий боловсролын 51 дүгээр дунд сургууль нь ажилтанд сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан тус сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүний үндсэн цалингаас суутгасан 231,130 /хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин/ төгрөгийг харицагчаас гаргуулан нэхэмжлэгч Н.Охиноод олгохоор шийдвэрлэв. Харин нэхэмжлэгчийн, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирролцсоноор хугацаатай байгуулж болохоор тус тус заасан байна. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов. Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Охиноог улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас 77,784 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн боловч шүүх хуралдаанд орохгүй гэдгээ утсаар мэдэгдсэн байхаас гадна нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. /хх-108, 110, 112 дугаар хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын 51 дүгээр дунд сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалингаас суутгасан 231,130 /хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Н.Охиноод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Охиноог улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас 77,784 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| ||||
| |