Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/844

 

 

 

   2021        07         23                                   2021/ШЦТ/844

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

иргэдийн төлөөлөгч Н.Галмандах,

насанд хүрээгүй гэрч хохирогч  

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 3032 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг 5-517 тоотод 14 нас 3 сартай М.Сүнжидмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Б.З нь 14 нас 3 сарын настай насанд хүрээгүй М.Сүнжидмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хэсэг 5-517 тоотод аав дүүгийн хамтаар амьдардаг. Манай аав Мөнх-Ирээдүй, ээж Дугармаа нар нь 2 жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон ба энэ жил буюу 2020 онд шүүхээр орж албан ёсоор салсан. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би аавыгаа хүлээгээд гэртээ өнжсөн ба гэртээ ганцаараа байсан. Тухайн өдрийн орой манай аав ирнэ гэсэн тул би мөн адил гэртээ хүлээсэн. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ байж байгаад унтах гээд бие засаад орж ирээд байж айтал гаднаас манай хашаан дотор байдаг 2 айлын хойд талын манай найз Энэржаргалын ах нь орж ирсэн. Би гаднаас дөнгөж орж ирсэн тул хаалгаа түгжиж амжаагүй байсан. Тухайн ах нь манай найз Энэржаргалын хамаатны ах ба хамт амьдардаг юм. Би тэр ахыг сайн мэдэхгүй ба дүүтэй нь найзалдаг учраас царайгаар нь бол мэддэг. Тэр ах орж ирэхдээ гартаа нэг ширхэг лаазтай пиво болон хөзөр барьчихсан байсан ба архи үнэртэж байсан. Гэхдээ согтуу бол байгаагүй. Тэр ах орж ирээд намайг хөзөр тоглоё гэхээр нь би унтах гэж байна гээд зөвшөөрөөгүй ба надаас дахиж асуугаад байхаар нь би айгаад зөвшөөрсөн. Тухайн ах нь ер нь аймар ууртай муухай царайтай болохоор би тэр хүнээс айдаг байсан бас архи уусан байсан болохоор айгаад зөвшөөрсөн. Тэгээд тэр ах тоглож байхдаа авч орж ирсэн лаазтай пивоо задалж уусан ба тоглож дуусаад намайг пиво ууж үзсэн үү энэ пивыг уучих гэсэн. Тэгэхээр нь би үгүй уудаггүй гээд цааш нь тавьсан ба тэр ах надаас чи найз залуутай юу хүнтэй үерхэж байсан у гээд янз бүрийн юм асуугаад байсан. Тэгээд удалгүй гараад явсан ба би гарсных нь дараа унтах болоод хаалга түгжих гээд хаалга руу очиход тэр ах өөдөөс гэнэт ороод ирсэн. Орж ирээд шууд миний гараас барьж аваад намайг ор руу түлхсэн. Би та яаж байна аа гээд босох гэтэл миний хоёр гараас барьчхаад намайг босгохгүй миний хувцсыг тайлаад байсан. Тэгээд би болиоч гээд хашхирах гэтэл миний хоёр гарыг нэг гараараа барьчхаад нэг гараараа миний амыг таглаад байсан. Тухайн үед би хашхирах гэсэн боловч ам тагласан тул хашхирч чадаагүй ба хөлөөрөө хөл хэсэгт өшиглөх гэсэн боловч дээрээс дарчхаад би хөдөлж чадаагүй. Тэгээд тэр ах миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн ба  надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед миний бэлэг эрхтнээс шингэн юм гараад байсан ба тухайн ах надтай 10 орчим минут бэлгийн харьцаанд орсон байх. Тэгээд дуусаад шууд хувцсаа өмсөөд гараад явчихсан. Би гарсных нь дараа бэлэг эрхтнээ үзэхэд миний бэлэг эрхтнээс цус гарсан байсан. Би тухайн цусыг ариун цэврийн цаасаар арчаад хаясан. Тухайн үед миний сарын тэмдэг ирээгүй байсан ба хүчээр бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл би айгаад уйлсан байсан болохоор анзаараагүй. Тэгээд тэр ахыг гарснаас хойш 1 цаг орчмын дараа манай аав гаднаас орж ирсэн. Би энэ талаар аавдаа хэлж чадаагүй ба тэр ахаас болон ааваас айгаад байсан тул хэлээгүй. Тэрнээс хойш миний бэлэг эрхтнээр хатгаж өвдөөд бэлэг эрхтэн дээр юм гарч загатнаад байсан тул ээждээ хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Гэрч Б.Мөнх-Ирээдүйн мөрдөн байцаалтад өгсөн:

 “...би энэ талаар Сүнжидмаагийн ээжээс мэдсэн ба Сүнжидмаа нь энэ талаар ээждээ хэлсэн байна лээ. Дараа нь би охиноосоо асуухад намайг Улаанбаатар хотод ирдэг өдөр гэртээ ирчихсэн галлах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би эмээлт дээр хоносон ба маргааш өдрийнх нь орой 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед ийм асуудал болсон гэж надад хэлсэн. Би 2020 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод ирсэн ба 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн оройн 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед тийм асуудал болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13320 дугаартай:

М.Сүнжидмаа нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна. М.Сүнжидмаагийн охин хальс хуучин урагдалтай байна. 2020 оны 11 сарын 12-нд болсон гэх хэрэгт одоо биологийн шинжилгээ хийх шаардлагагүй. М.Сүнжидмаад тэмбүү, заг хүйтэн, ДОХ, трихомониазын халдварууд илрээгүй байна. М.Сүнжидмаа нь гуравдугаар бүлгийн цустай байна шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 521 дугаартай:

Б.Зын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.З нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна. Б.З нь хурьцал үйлдэх чадвартай байна. Б.З нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цагдаагийн байгууллагад гаргасан “...миний охин 14 настай. Баянзүрх дүүргийн 2-р хороо, 5-р хэсэг, 5-517 тоотод айлын хөлсний хашаанд аав, дүү хоёртойгоо амьдардаг. Аав дүү хоёрын эзгүйд 2020 оны 11 сарын 12-нд 19 цагийн үед хажуу айлын залуу Б.З согтуу, гэрт нь хүчиндсэн тул энэ хэргийг яаралтай шалгаж өгч тусална уу” гэх өргөдөл /хх-ийн 6/,

-М.Сүнжидмаагийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7/,

-М.Сүнжидмаагийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 34/,

 

Шүүгдэгч Б.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Бид хоёр хамт гэрийн баруун талд байх орон дээр хэвтсэн ба хэвтэж байгаад үнсэлцсэн. Тэр үед Сүнжидмаагийн гар утас нь дуугараад аав нь залгаж байсан Сүнжидмаа утсаа аваад ярьсан ба аав нь ирж байна гэсэн. Тэгэхээр нь би аав чинь ирж байгаа юм уу гэхэд тийм ээ ирж байгаа гэхдээ арай болоогүй гэж хэлээд үнсээд байсан. Тэгэхээр нь би зүгээр үү ахын дүү аав чинь ирэх гэж байна ш дээ гэхэд Сүнжидмаа зүгээр гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би хамгаалалт аваад ирэх үү гэхэд тэг тэг гээд би гэр рүүгээ ороод гэрт цүнх дотор байсан хамгаалалтаа аваад эргэж орж ирээд Сүнжидмаатай бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр бэлгийн харьцаанд ороод 1-2 минут үргэлжилсэн ба гар утас нь дуугарахаар нь би аав нь ирж байгаа юм байлгүй гэж бодоод больсон. Би тухайн үед дур тавиагүй ба эргээд гараад явсан. Тухайн үед би архи согтууруулах удаа зүйл хэрэглээгүй байсан ба тэр үед ковид-19 гээд архи согтууруулах ундааны зүйл зардаггүй өдөр байсан. Би тэр үед Сүнжидмааг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй ба надад жилийн өмнө 16 настай гэж хэлж байсан. Би тухайн үедээ 17-18 настай юм болов уу гэж боддог байсан. Сүнжидмаа нь худлаа мэдүүлсэн байна. Би бэлгийн харьцаанд орсон гэхдээ хүч хэрэглэсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 46-49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/ болон хувийн байдлыг тогтоосон шагнал урамшууллын баримтууд /хх-ийн 60-66/ зэрэг хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Hотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд гаргасан байх тул үнэн зөвд тооцлоо.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг 5-517 тоотод насанд хүрээгүй буюу 14 нас 3 сартай М.Сүнжидмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хууль зүйн хувьд хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэж бэлгийн харьцаанд орсон байх явдал ба тус гэмт хэргийн объект нь хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг, 2 дахь хэсгийн 2.1-д “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэж хүндрүүлэх шинжийг заасан байна.

  

Хохирогч М.Сүнжидмаа нь 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хэрэг гарах үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 нас 3 сар 10 хоногтой байсан болох нь түүний нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Зын насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.З нь насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаагийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг нь ор руу түлхэх, босох гэхэд нь 2 гараас барьж босгохгүй байх, хувцсыг нь хүчээр тайлах, болиоч гээд хашхирах гэхэд хоёр гарыг нь нэг гараараа барьчхаад нэг гараараа амыг таглах, хашхирах гэхэд нь амыг нь таглах, хөлөөрөө өшиглөх гэхэд нь дээрээс нь дарах гэх зэрэг байдлаар үйлдэгдсэн байна.

Шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогчийн хувийн байдал, гэр бүлийн байдлыг сайтар мэддэг байх бөгөөд тухайн үед гэртээ ганцаараа ирчихсэн байгааг мэдсэнээр түүнийг хүчиндэх санаагаа гүйцэлдүүлсэн гэж үзнэ

 

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаа хүчиндүүлснээ хүнд хэлэхээс айж, эмээж бодож явсаар бэлэг эрхтнээр нь өвдөж, юм гарахад нь аргагүйн эрхэнд ээждээ хэлсэн болох нь тэдний мэдүүлгээр нотлогджээ.

 

Хүүхдийн эрх ашгийг түүний эцэг, эх нэн тэргүүнд хамгаалж байх үүрэгтэй бөгөөд хүүхэд өөрийнх нь эрх, ашиг сонирхол зөрчигдсөн учраас уг зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр бус өөрийгөө хамгаалуулж, халамжлуулахаар эцэг, эхдээ энэ талаар хэлдэг.

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаагийн өөрийнх нь хүсээгүй үйлдэл болж, бусдын хууль бус халдлагад өртөн бэлгийн халдашгүй байдалд нь хохирол учирсан тул энэ талаараа эцэгтээ болон өөр хэн нэгэнд хэлж чадаагүй хориод хоног болсны дараагаар эхдээ хэлж байгаа нь гэмт хэрэг үйлдэгдсэнийг илэрхийлж байгаа бас нэг нөхцөл юм.

Хэрэв 14 настай хүүхэд сонирхоод эсхүл хүсээд бэлгийн харилцаанд орсон тохиолдолд үүнийгээ эцэг, эхдээ хэлэхгүй байх ухамсар бүрэн төлөвшсөн байдаг.

 

Насанд хүрээгүй хохирогч нь хүчиндэх гэмт хэргийн хохирогч болоход түүний асран хамгаалагч нарын анхаарал, халамж дутмаг байсан нь шууд нөлөөлсөн байна. Хэдийгээр эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдарч болох боловч хүүхдээ халамжлах, өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах хуулиар хүлээлгэсэн  үүрэг хэн хэнд нь байсан хэвээр байж байдаг.

 

Насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн тухай хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэж чадалгүй удсанаас хамааран эмнэлгийн үзлэг, шинжилгээ хожимдож хийгдэн шинжээчийн дүгнэлт 1 сар шахам хугацааны дараа гарсан байна.

 

Б.Зын үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаа нь шүүгдэгчтэй тохиролцсоны улмаас бэлгийн харилцаанд орсон гэх утга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд өөрийн хүсэл зоригоор бус албадлагад автсан байдлаар арай чүү илэрхийлж байх бөгөөд болсон явдлын талаар яримааргүй байгаа тухайгаа удаа дараа илэрхийлсэн.

Түүнээс “бэлгийн харилцаанд орох хүсэл тухайн үед өөрт нь байсан” талаар асуултаар тодруулахад тэрээр “үгүй” гэх хариулт өгсөн нь гэмт хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв байна гэж үзэх үндэслэлийг бататгалаа. 

 

Насанд хүрээгүй хохирогч нь хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай болох нь түүнтэй хэн, хэрхэн бэлгийн харьцаанд орсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөвөөр тооцож, нотлох баримтаар үнэлэв.

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлэхийг хүсэж байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь их байдаг. Иймд хохирогч, гэрчийн анхны мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.

 

Шүүгдэгч Б.З нь насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар нь сайн харилцаатай байсан, хэрэг болох үед харилцан тохиролцож буюу хэн хэн нь хүсэж бэлгийн харилцаанд орсон, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлээгүй, М.Сүнжидмаа нь эсэргүүцэж, дургүйлхэж байгаагүй” гэх агуулга бүхий тайлбар дүгнэлт,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “энэ 2 хоорондоо тохиролцоод л бэлгийн харьцаанд орсон юм билээ. Тухайн үед нь хүнтэй унтсан гэхээр нь буруу ойлгож цагдаад хандсан юм. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар нь хэргийн бодит байдлыг өөрчлөх гэсэн хожуу үеийн санаа зорилготой байна.

 

Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар нь харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон учир хэргийн зүйлчлэлийг “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн нас хүрсэн, арван зургаан нас хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйл болгон өөрчлөх тухай өмгөөлөгч нарын санал үндэслэлгүй юм.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулжээ.

 

Мөн шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн сонгогдож оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэм буруутай хэмээн дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Зыг “Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн бэлгийн харьцаанд орж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаагийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нэхэмжлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан бодит хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирох ёстой.

 

Шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн насны байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Зын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 114 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Бын Зыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Зыг найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Зын цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.З нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид  хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ

 

                                   ШҮҮГЧИД                             Ц.МӨНХТУЛГА

 

                                                                                    Г.ХАТАНЦЭЦЭГ