Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 112/2015/0033/З |
Дугаар | 221/МА2016/0148 |
Огноо | 2016-03-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2016/0148
2016 оны 3 сарын 02 өдөр | Дугаар 148 | Улаанбаатар хот |
“С”-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргалын нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С”-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлийн боловсрол, түншлэлийн асуудал, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох ажлын байр хадгалах хөтөлбөр, залуучууд мэргэжлийн боловсрол төгсөгчдийг дэмжих хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл гэнэт 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн дарга М нь Б/04 тоот тушаал гаргаж тус тушаалаар байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан ажлаас чөлөөлж байна гэж хууль бус үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...С нь Хөдөлмөрийн хэлтэст Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар түр, мөн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан ба Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар энэхүү ажлын байр нь байхгүй болж, ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод нэмэгдэж ирсэн. Мөн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан байгууллагын нийт ажилчдад мэдэгдэх хуудсыг хугацаанд нь өгсөн. С анх ажилд томилогдохдоо хөдөлмөрийн гэрээгээр ажилласан. Энэ хугацаандаа 2013, 2014 онд үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. С нь төрийн албан хаагчийн шалгалтыг өгөхдөө мэргэжлийн боловсрол сургалт,түр сургалт хариуцсан мэргэжилтний орон тоо дээр бус мөн тухайн харъяалах нутаг дэвсгэрт биш Ховд аймагт болсон шалгалтанд орж Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст мэргэжлийн боловсролын сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 17.4, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан нөөцийг бүрдүүлэх журмын 5.2, 6.2, 6.5 дахь заалтыг зөрчсөн байна. “С”-г Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, мөн тус хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/11дүгээр тушаалаар 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. “С”-д жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтний ажил санал болгосон боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Иймд “С”-г Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний А/127 дугаар тушаалаар батлагдсан шинэ бүтэц орон тооны дагуу ажлаас нь чөлөөлсөн бөгөөд “С”-ийн нэхэмжлэл үндэслэлгүй. гэжээ.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Төрийн албанытухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтуудыг үндэслэн “С”-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга “М”-д холбогдох 2015 оны 08-р сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ ажил олгогч нь “С”-г ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийнсайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалыг тус тус үндэслэж чөлөөлсөн нь хуульзүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг үндэслэж мэдэгдэх хуудсыг 1 сарын өмнө мэдэгдсэн гэсэн заалтыг зөрчөөгүй, хуульд заавал бичгэн хэлбэрээр мэдэгдэнэ гэж дурьдаагүй гэх мэтээр хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан.
Ажил олгогчийн нэхэмжлэгч “С”-г ажлаас чөлөөлсөн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 тоот тушаалыг тус тус үндэслэжажлаас чөлөөлсөн гэх боловч хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтаас харахад Хөдөлмөрийн сайдын тушаалын хавсралт дээрхи ажлын байр нь нэршлийн хувьд өөрчлөгдсөн байдаг. Харин төсөл хариуцсан ажилтны ажил үүргийн хувиартай ажлын байр хэвээрээ байгаа нь тус ажил үүргийг өөр албан хаагчид давхар хариуцуулан гүйцэтгүүлж байгаа гэсэн хариуцагчийн тайлбараар нотлогддог. Иймднэхэмжлэгчийн ажлын байр нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оныг 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг тайлбарласан тайлбарын дагуу тухайн хуулийн этгээдийн бүтцээс тус орон тоо огт үгүй болоогүй.
Мөн ажил олгогч 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэж ажлаас чөлөөлсөн тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасан бөгөөд уг заалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолоор тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогч өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж заасан байхад хэргийн материалд хариуцагч ажилтанд мэдэгдэх хуудсыг бичгийнхэлбэрээр өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй, мэдэгдсэн талаархи ямарч нотлох баримт хэрэгт байхгүй.
Дээрхи байдлаас харахад захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан.
Иймд Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэр нь хууль бус үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг тодруулаагүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалд “С”-г томилон ТҮ-7-1 шатлалаар цалинжуулж байгаад 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн гэсэн үндэслэлээр түүнийг мөн албан тушаалд нь 3 сарын туршилтын хугацаагаар томилж, ТЗ-5-1 шатлалаар цалин олгохоор шийдвэрлэжээ.
Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тоог нийт 22 байсныг өөрчлөөгүй, харин бүтэц, орон тоог дахин өөрчлөх үед нэхэмжлэгч “С”-ийн ажиллаж байсан Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалын орон тоо хасагджээ. Уг сайдын тушаалыг үндэслэн хариуцагч тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар “С”-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч С болон түүний өмгөөлөгч нь үүнийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн агуулгадаа ... Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц өөрчлөгдөхөд “С”-ийн ажиллаж байсан ажлын байрны нэр нь өөрчлөгдсөн боловч ажил үүргийн хуваарь нь хэвээр байгаа ... гэжээ.
“С”-г төрийн захиргааны албан тушаалд томилсон туршилтын хугацаа дууссан ч түүнийг үргэлжлүүлэн ажиллуулснаас үзвэл “С”-г төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн боловч албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүйтэй холбоотой маргажээ.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг шинээр батлагдсан бүтэц, орон тоонд хэвээр хадгалагдсан эсэх талаар нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.
Мөн шүүх Төрийн албаны тухай хуулийн хэрэглэх ёстой дээрх заалтыг хэрэглээгүй атлаа мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д төрийн жинхэнэ албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ., Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэж тус тус заасныг ямар үндэслэлээр баримталсан талаараа шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй, хэргийн оролцогч нар уг хуулийн заалтуудаар зохицуулагдсан харилцааны талаар маргаагүй байхад баримталсан нь буруу болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн сайдын Б/127 дугаар тушаалаар орон тоо нь хасагдсан байхад урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй байна.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг аль албан тушаалд шилжсэн талаар тайлбар, лавлагаа гаргуулж, тэдгээр албан тушаал /ажлын байрны/ тодорхойлолтуудыг цуглуулж нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан эсэхийг тогтоож энэ талаар дүгнэлт хийж, хэргийн үйл баримтад хамааралтай Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулийг хэрэглэж хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэвэл зохино.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ