Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00383

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлалтай

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ө” ХХК, “Ю” ХХК-иудад холбогдох

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт “Ө” ХХК-иас 608 313 797 төгрөгийг, өмчлөх эрх шилжүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр алданги 344 717 400 төгрөгийг “Ю” ХХК-иас тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, С.Оюунцэцэг, хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, Б.Сувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 378 тоот захирамжаар “Б” ХХК нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэн, 2008 он гэхэд уг барилгын ажлыг дуусгах зорилгоор Хаан банкнаас 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 572 тоот зээлийн гэрээгээр барилгын санхүүжилтэд зориулж 1 600 000 ам.долларын зээл авсан. Мөн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Барилгын төсөлд хөрөнгө оруулах зээлийн гэрээгээр БНСУ-ын иргэн Ли Жэй Гү-ээс 1 400 000 ам.долларыг зээлсэн. Дээрх мөнгөн хөрөнгийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5дугаар хороолол /14250/ Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамжинд орших өөрийн эзэмшлийн газар дээрээ барьсан 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот орон сууцны барилга, 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот орон сууцын барилгад буюу 2 үл хөдлөх хөрөнгийг барихад зарцуулсан. Улмаар барилгыг цаашид үргэлжлүүлэн барихад санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарсан тул хамтран ажиллах компанийг хайж эхэлсэн. Тухайн үед “Ө” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү манай компанид хүсэлт тавьж, барилгуудыг худалдан авахаар тохиролцсон болно. Манай компани нь “Ө” ХХК-д дээрх 40, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25, 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 тоот худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж, “Б” ХХК нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу “Ө” ХХК-д үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн өгч 37, 38 дугаартай байрнуудын өмчлөх эрхийг 2010 оны 12 дугаар сарын 16-нд “Ө” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. “Ө” ХХК нь дээрх 2 барилгыг худалдан авсан төлбөр 3 446 240 ам.доллараас гэрээ байгуулах үед 300 000 ам.доллар бэлнээр, явцын дунд 1 700 000 ам.долларт нь 7 ширхэг орон сууц өгөх, үлдэх 1 400 000 ам.долларыг 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Үүнээс 530 916 ам.долларыг төлөөгүй ба талууд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 98/2013 тоот актаар тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулсан бөгөөд төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлөхөөр тохиролцсон. “Б” ХХК нь тооцоо нийлсэн актын дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад “Ө” ХХК нь төлбөртөө тооцож өөрийн охин компани болох “Ю” ХХК-ийн барьж буй НАРРҮ ТОWN хотхоны ХД-73 байрнаас 46,4 м.кв 2 өрөө орон сууц 4 ширхэг, 56,64 м.кв 2 өрөө орон сууц 1 ширхэг, 61,91 м.кв 2 өрөө орон сууц 1 ширхэг, 62,56 м.кв 2 өрөө орон сууц 1 ширхэг буюу нийт 7 айлын орон сууцны байрыг танайд өгье гэсэн санал тавьсныг бид хүлээн зөвшөөрч, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг иргэн Ц.Цолмон болон захирал Юн Кён Ну-гийн нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийж, орон сууцнуудаа 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилдээ шилжүүлэн авсан. Нийт 7 орон сууцны үнийг тооцвол 689 414 800 төгрөг болсон тул энэ дүнг төлөгдсөнд тооцож байгаа, үүнээс өөр төлбөр төлөөгүй. Манай компани нь “Хас банк” ХХК, “Есөн шижир ББСБ” ХХК зэргээс хохирсон хүмүүсийн хохирлыг төлөх болон компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд мөнгө зээлж түүний өндөр хүү, буцаан төлөлт зэрэгт маш ихээр хохирч эдийн засгийн хүндрэлд ороод байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 530 916 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханшаар тооцвол 1 297 728 597 төгрөг болно, үүнээс дээрх 7 орон сууцны үнэ 689 414 800 төгрөгийг хасаж үлдэх 608 313 797 төгрөгийг ”Ө” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн “Ю” ХХК нь эзэмшилд шилжүүлсэн 7 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул орон сууц захиалгаар бариулах гэрээнд зааснаар хоногийн 0,3 хувийн алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нийт үнийн дүн 689 414 800 төгрөгийн 50 хувьтай тэнцэх 344 707 400 төгрөгийн алданги төлөх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч нараас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ө” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах Ү-2203020293 тоот улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот, Ү-2203020096 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот барилгуудыг “Б” ХХК-иас “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлж авсан. Төлбөрийг зохих журмын дагуу төлж, 2013 оны 6 дугаар сарын 24-ний байдлаар 530 916 ам.долларын үлдэгдэлтэй үлдсэн нь үнэн. Төлбөр тооцооны баримтад зааснаар 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг барагдуулах байсан ч эдийн засгийн хүнд нөхцөл байдал нөлөөлж, заасан хугацаанд барагдуулах боломжгүй болсон. Тиймээс ажлын хөлсөнд “Ю” ХХК-аас авахаар тохирсон 7 ширхэг орон сууцыг төлбөртөө тооцуулан “Б” ХХК-д шилжүүлэх талаар санал тавьж, гурвуул зөвшилцөлд хүрсэн. “Ю” ХХК-ийн хувьд манай ажлын хөлсийг орон сууцаар төлөх, манайх өрнөөсөө салах, “Б” ХХК төлбөрөө байраар авах ашигтай тохиролцоо хийсэн байдаг.

2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1 ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1 440.02 төгрөгөөр 530 916 ам.долларыг тооцоход 764 529 658.3 төгрөг болсон бөгөөд 689 414 800 төгрөгийн үнэ бүхий 7 орон сууцыг энэ үнийн дүнд дүйцүүлэн шилжүүлж, гэрээний үүрэг дуусгавар болсон байдаг. Иймд “Ө” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ю” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ю” ХХК нь тус хэргийн хариуцагч байх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь “Б” ХХК-тай гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан 37, 38 тоот орон сууцыг худалдан аваагүй, энэ талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, төлбөрийн үүрэг хүлээгээгүй. Ийм байхад нэхэмжлэгч нь манай компаниас алданги шаардсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан НРТ13А11, НРТ13А12, НРТ13А13, НРТ13А14, НРТ13А15, НРТ13А16, НРТ13А17 тоот гэрээг манай компани “Б” ХХК-тай бус иргэн Ц.Цолмон болон Юн Кён Ну нартай байгуулсан. Энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь манай компани “Ө” ХХК-д өгөх өглөгийн хүрээнд “Б” ХХК-д 7 ширхэг орон сууц шилжүүлэхээр тохиролцсоны дагуу “Б” ХХК-ийн зөвшөөрлөөр 2 иргэнтэй гэрээ байгуулсан. Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбогдсон баримт бүрдүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна. Иймд “Ю” ХХК-д холбогдох “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “Ө” ХХК-аас 208 236 736.16 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгож, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 077 060.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасны дагуу үүрэг үүсээгүй тул “Ю” ХХК-аас төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алдангид 344 707 400 төгрөг гаргуулахыг хүссэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 890 915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-аас 1 199 133.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “208 236 736.16” гэснийг “599 771 358”, “400 077 060.84” гэснийг “8 542 439” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “1 199 133.6” гэснийг “3 156 806” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ө” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 115 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 2173 тоот магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж бид үзэж байгаа тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Үүрэг үүссэн үеийг зөв тодорхойлж, дүгнээгүйн улмаас ханшийг буруу тооцсон.

“Б” ХХК болон “Ө” ХХК-иудын хооронд 2010 оны 08 сарын 28-ны өдөр 10/25 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн 2 ширхэг дутуу барилгыг “Ө” ХХК-ны өмчлөлд шилжүүлэх, “Ө" ХХК нь гэрээний төлбөрт 3 446 240 ам.долларыг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.

Талууд 2013 оны 06 сарын 24-ний өдрийн 98/2013 тоот актаар тооцоо нийлж, 530 916 ам.долларын төлбөрийн үлдэгдлийг 2013 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлж, барагдуулахаар тохиролцсон ба улмаар уг төлбөрт тооцож, “Ю” ХХК-ийн өмчлөлийн 7 орон сууцыг шилжүүлэн өгснөөр төлбөр тооцоо бүрэн дуусгавар болсон байдаг. Үүнд:

  1. 2013.10.16-ний өдрийн НРТ13А11 ХД-73 3-р орц 5 давхар 183 тоот 46.4 мкв 2 өрөө 1 880 000 87232000
  2. 2013.10.16-ний өдрийн НРТ13А12 ХД-73 1-р орц 4 давхар 18 тоот. 46,4 мкв 2 өрөө 1 880 000 87232000
  3. 2013.10.16-ний өдрийн НРТ13А13 ХД-73 1-р орц 5 давхар 24 тоот. 56,64 мкв 2 өрөө 1 880 000 106483200
  4. 2013.10.16-ний өдрийн НРТ13А14 ХД-73 1-р орц 7 давхар 33 тоот. 46,4 мкв 2 өрөө 1 880 000 87232000
  5. 2013.10.16-ний өдрийн НРТ13А15 ХД-73 3-р орц 4 давхар 178 тоот. 46.4 мкв 2 өрөө 1 880 000 87232000
  6. 2013.10.16-ний өдрийн НРТ13А16 ХД-73 3-р орц 4 давхар 180 тоот. 61,91мкв 2өрөө 1 880 000 116390800
  7. 2013.10.16-ний өдрийн НРТ13А17 ХД-73 3-р орц 5 давхар 184 тоот 62,56мкв 2 өрөө 1 880 000 117612800

Нийт 366.71 м.кв талбайтай 689 414 800 төгрөгийн үнэ бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх захиалгын гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд үүссэн “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэг биелэгдэж, уг харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл “Ө” ХХК-ийн “Б” ХХК-д төлөх өрийг “Ю” ХХК шилжүүлэн авсан бөгөөд талууд үүн дээр маргаангүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

Анх гэрээ байгуулагдах үе буюу 2010 оны 08 сард ам.доллар 1301.8 төгрөгтэй тэнцэхээр байсан бөгөөд талууд 2013 онд төлбөр тооцоо нийлсэн 530 916 ам.долларыг монгол төгрөгөөр 691 146 449 төгрөгт буюу 2010 оны 08 сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан үеийн ам.долларын ханшаар тооцож, дээрх орон сууцнуудыг шилжүүлсэн байна. (530.91*1301.8=691 146 449)

Давж заалдах шатны шүүхээс ам.долларын ханшийг ямар үндэслэлээр ямар цаг хугацаанаас тооцсон нь тодорхойгүй, анхан шатны шүүх 2013 оны 06 сарын 24-ний өдрөөр тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж бид үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасны дагуу талуудын гэрээ байгуулсан үе буюу 2010 оны 08 сарын 28-ны өдрийн ам.долларын ханшаар тооцох байсан боловч түүнийг баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх үүрэг үүссэн үеийг зөв тодорхойлж, дүгнээгүйгээс Иргэний хуулийн дээрх хуулийн агуулгыг бүхэлд нь буруу ойлгож хэрэглэсэн, хууль зөрчсөн шийдвэр гаргажээ. Мөн талууд анх гэрээ байгуулагдсан үеийн ханшаар төлбөр тооцоог нийлж, үлдэгдэл төлбөрт орон сууц хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдлыг шүүх анхаараагүй байна.

2. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 2010 оны 08 сарын 28-ны өдрийн 10/25 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 2.2.3 дахь хэсэгт “худалдан авагч нь барилгын үнийн үлдэгдэл төлбөрийг 2010 оны 10-р сарын 30-ны дотор төлнө” гэж заасны дагуу энэ өдрөөс эхлэн худалдагч тал буюу “Б” ХХК-ийн зүгээс гэрээний үүргийг худалдан авагч талаас шаардах эрх нь үүссэн гэж үзэх ба хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа мөн тоологдоно.

2010 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход талуудын хооронд 98/2013 тоот “Төлбөр тооцооны баримт” үйлдсэн 2013 оны 06 сарын 24-ний өдөр хүртэл 970 хоног өнгөрсөн байдаг.

2013 оны 06 сарын 24-н өдрийн 98/2013 тоот “Төлбөр тооцооны баримт”-д зааснаар үлдэгдэл төлбөрийг 2013 оны 07 сарын 30-ны өдөр төлөхөөр талууд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан ба 2013 оны 06 сарын 24-ний өдрөөс 2013 оны 07 сарын 30-ны хүртэлх 36 хоногийн хугацаанд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 (үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд) дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон.

Ийнхүү худалдагч тал буюу “Б” ХХК-ийн хувьд гэрээний үүргийг шаардах эрх нь 2013 оны 07 сарын 30-ны өдөр дахин нээгдсэн ба энэ үеэс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэлх хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 1 610 хоног өнгөрсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Б” ХХК нь шаардах эрх үүссэн өдөр буюу 2010 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэлх (түр зогссон 36 хоногийг хасаад) нийт 2 580 хоног буюу 7 жилийн хугацаанд “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй юм.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж тусгайлан заасан хуулийн эдгээр зохицуулалтыг шүүх хэрэглэх ёстой гэж бид үзэж байна.

Иймээс ам.долларын ханшийг тооцохдоо хуульд нийцүүлэн гэрээ байгуулагдсан өдрөөр буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт “Ө” ХХК-иас 608 313 797 төгрөгийг, өмчлөх эрх шилжүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр алданги 344 717 400 төгрөгийг “Ю” ХХК-иас тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх “Ө” ХХК-иас 208 236 736.16 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс үлдэх 400 077 060.84 төгрөгийн шаардлагыг “Ю” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  “Ө” ХХК-иас 599 771 358  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс үлдэх  хэсгийг  хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, “Ю” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч  “Ө” ХХК -д холбогдох нэхэмжлэлийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж үзлээ.

2010 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах-худалдан авах №10/25 дугаартай гэрээгээр худалдагч “Б” ХХК нь худалдан авагч “Ө” ХХК-д өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийг гудамжинд орших Ү-2203020096, Ү-2203020293 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй,  70 хувийн гүйцэтгэлтэй 37 дугаар байр, 40 хувийн гүйцэтгэлтэй 38 дугаар байрны барилгыг худалдаж, тус барилгуудын өмчлөх эрхийг, мөн дээрх барилга байршиж байгаа газрын эзэмших эрхийг тус тус шилжүүлэхээр, худалдан авагч нь барилгыг өөрийн өмчлөлд хүлээн авч, гэрээний үнэ 3 446 240 ам.долларыг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан  гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь зөв байна.

“Б” ХХК, “Ө” ХХК нарын хооронд 2010.08.28-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Худалдагч нь гэрээний зүйлийг “Ө” ХХК-д хүлээлгэн өгсөн буюу “Б” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна.

Худалдан авагч нь 3 446 240 ам.долларыг бүрэн төлөөгүй бөгөөд үлдэгдэл мөнгийг 2013.07.30-ны өдрийн дотор төлөхөөр гэрээний талууд 2013.06.24-ний өдөр тооцооны баримт үйлдсэн, энэ талаар маргаагүй тул “Ө” ХХК нь 2013.06.24-ний өдрийн байдлаар 530 916 ам.доллар төлөх үлдэгдэлтэй байсан нь тогтоогдсон гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар “Ө” ХХК нь 530 916 ам.долларт тооцон Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууц өгөх санал тавьсныг  “Б” ХХК зөвшөөрч 2013.10.16-ны өдөр 7 орон сууцны захиалгын гэрээ байгуулжээ.

Талууд гэрээнд заасан үүргээ өөр үүргээр солихоор тохиролцох боломжтой тул 530 916 ам.долларт  7 орон сууцыг “Ө” ХХК нь “Б” ХХК-д  өгөхөөр тохирч 2013.10.16-ны өдөр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3., 189 дүгээр зүйлийн 189.1. дэх хэсгийг зөрчихгүй юм. 7 орон сууц хүлээн авахыг “Б” ХХК зөвшөөрснөөр 530 916 ам.доллар төлөх “Ө” ХХК-ийн 2010.08.28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болно.

Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууцыг нэхэмжлэгч 2014.11.25-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт буй баримтуудаар нотлогдсон тул 530 916 ам.долларт тооцон 7 орон сууц хүлээлгэн өгөх 2013.10.16-ны гэрээнд заасан үүргээ “Ө” ХХК биелүүлсэн гэж үзнэ. 

Иймд “Б” ХХК нь 530 916 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож,  1 297 728 597 төгрөгөөс 7 орон сууцны үнэ 689 414 800 төгрөгийг хасч үлдэх 608 313 797 төгрөгийг нэхэмжилснийг хангах нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1., 236.1.3., 189 дүгээр зүйлийн 189.1. дэх хэсгийн зохицуулалтыг зөрчинө.

Дээр дурдсан үндэслэлээр “Ө” ХХК-иас 608 313 797 төгрөг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар “Ө” ХХК-иас 608 313 797 төгрөгийг гаргуулахыг хүссэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “үлдээж,” гэснийг “үлдээсүгэй.” гэж өөрчлөн, “...хариуцагч “Ө” ХХК-иас 1 199 133.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очироос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 160 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД