Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1363

 

 

   2021        12         08                                      2021/ШЦТ/1363

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ө.Мөнхнавч, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

хохирогч Р.Болортуяа, 

шүүгдэгч У.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт У.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02773 1881 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч У.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын буудал дээр хамтран амьдрагч Р.Болортуяатай гадуур хонолоо гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг машинд суу суухгүй бол чамтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг порно сайтуудад зарна, цагдаад хэлбэл шоронгийн атаманаар алуулна, бусдаар алуулна гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, Р.Болортуяад хүч хэрэглэн заналхийлсэн, түүний хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц бичлэгийг тараахаар сүрдүүлж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Р.Болортуяагийн хоолойг багалзуурдаж, машин мөргүүлэн түүний биед тархи доргилт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өгзөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.              

         /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 02773 1881 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч У.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

заналхийлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Р.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...өчигдөр найзындаа хоноод гэртээ ирэхэд намайг “хаагуур янхандаж яваад ирэв” гэж хэлэхээр нь би “чи итгэхгүй бол камерын бичлэгийг шүү” гэж хэлэхэд орцны камерыг шүүхээр болоод очиход камерын бичлэгийг хариуцдаг хүн нь байхгүй байсан учир шүүж чадаагүй гэртээ ирсэн. Намайг элдвээр хэлээд дарамтлаад байхаар нь би “надад итгэхгүй бол хоёулаа салъя” гэж хэлээд гэрээс гараад аав ээж рүүгээ явах гэхэд намайг машинаа аваад яв гэж хэлсэн. Машинд суухад өөрөө арын сандал дээр суугаад “Их тэнгэрийн ам руу яв, сүүлчийн удаа хамт хоноё” гэж хэлсэн. Дүнжингаравын замаар 22 цаг 40 минут 23 секундийн үед явж байх үед Д гэнэт “би шээмээр байна, зогс” гэж хэлсэн. Автобусны буудал дээр зогсоход хэд хэдэн машин байсан учир Д “өөр газар оч” гэж хэлсэн. Өөр автобусны буудал дээр очиж зогсоход урд нэг, ард нэг машин зогсож байсан ба Д машинаас буухаар нь би одоо л хамт явбал алуулах юм байна гэж бодоод хамаг юмаа аваад машинаас буухад Д ирээд миний хамаг юмыг булааж авч машинд хийгээд намайг багалзуурдаад “машинд суу гэж байна, гичий минь” гэж чанга орилоод байхаар нь би “уучлаарай, машинд суулаа” гэж хэлсэн чинь дахиж багалзуурдаж аваад машины хаалганы дээд хэсгийг 5-6 удаа ар дагзаар мөргүүлсэн. Миний ухаан балартаад машины сандал дээр унасан. Би “амь аваарай” гэж орилоход урд талын машины жолооч эхнэрийнхээ хамт бууж ирээд “та эмэгтэй хүнд яагаад гар хүрээд байгаа юм бэ, болохгүй шүү дээ” гэж хэлэхэд “та нарт хамаагүй, ална шүү” гэж орилсон. Тэр үед хойд талд байсан машины тэр хавиас 4-5 залуу гарч ирээд юу болсон талаар асуухад Дын гэнэт зан нь хувирч “юу ч болоогүй ээ, зүгээр зүгээр уучлаарай” гэж хэлсэн. Наад эмэгтэйгээ гэрт нь хүргэж өг гэж хэлэхэд урд талын машины жолооч эхнэрийнхээ хамт намайг хүргэж өгсөн.

... намайг удаа дараа цохиж зодож байгаа ба цагдаад хандах гэхээр хэрэв цагдаад хандвал намайг шоронгийн найзуудаараа алуулна, надад олон яахаас ч буцахгүй найзууд бий гэдэг. Намайг шоронгийн найзуудаараа алуулаад хаа ч хамаагүй булна. Чамайг хэн ч сонсохгүй, мэдэхгүй гэж хэлсэн үгнээс нь би айж байна...

...өмнө нь хамт секс хийж байхад бичлэг хийсэн байсан бөгөөд одоо сална гэж хэлснээс хойш энэ бичлэгийг чинь порно сайтад тавьж чамайг шившиг болгоно гэж сүрдүүлээд байна. Би энэ талаар хэнд хандахаа мэдэхгүй, яах учраа ч олохгүй хэцүү байна гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,

...өмнө нь манай найз залуу 2021 оны 07 дугаар сард гэж санаж байна. Д чамайг байхгүйд санаад байх юм гээд секс хийж байхдаа гар утсаараа 30 секундын бичлэг хийж байсан. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д надтай муудалцаад би машинд нь суухгүй гэхэд “хэрвээ чи миний машинд суухгүй бол би гар утсан дээрээ байгаа чиний секс бичлэгийг порно сайтуудад зарна” гэж заналхийлсэн. Тэгэхээр нь би айгаад түүний машиныг жолоодож явах үед Дүнжингарав худалдааны төвийн орчимд Д машинаас гараад шээх хооронд би машинаас гарч зугтах гэж байгаад баригдаад зодуулсан...

Би Дын гар утсан дээр байсан секс хийж байгаа бичлэгийг 2021 оны 10 сарын 01-ний өдөр устгасан. Нэгийг нь өөрөө надад харуулж байгаад устгасан. Харин би нөгөө гар утасны бичлэгийг устгасан. Одоо Дд бичлэг байхгүй гэсэн.

2021 оны 08 сарын 07-нд намайг зодож байхдаа чамайг цагдаад хэлвэл шоронгийн атаманаар алуулна, бусдаар алуулна гэж заналхийлж, тээврийн хэрэгсэлд суухгүй бол бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг чинь олон нийтийн сүлжээнд байршуулна гэж хэлсэн” гэх мэдүүлэг / 100-101/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №7237 дугаартай:

“Р.Болортуяагийн биед тархи доргилт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,  

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн

“Үзлэгээр хар өнгийн хүрээтэй урд шил нь хагарсан Самсунг болон Эл жи жи-7 загварын гар утсанд үзлэг хийхээр тогтов. Дын хоёр ширхэг гар утсанд үзлэг хийхээр болсон ба өөрийн нь хүсэлтээр гар утсыг хүлээн авч үзлэг явуулахаар болсныг тэмдэглэлд тусгав. Хар өнгийн хүрээтэй урд болон хойд шил нь хагарсан гар утсыг асаахад ямар нэгэн код байхгүй нээгдэх ба гар утасны дуудлага, мессеж зураг болон бичлэг хадгалсан цэс рүү нэвтэрч криминалистикийн мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгээр хэрэгт өөр ач холбогдолтой ул мөр илрээгүй болно. Хар өнгийн хүрээтэй Эл Жи жи-7  загварын гар утсыг У.Даар кодыг нь гаргуулан гар утасны дуудлага, мессеж зураг болон бичлэг хадгалсан цэс рүү нэвтэрч криминалистикийн мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгээр хэрэгт өөр ач холбогдолтой ул мөр илрээгүй тул үзлэг хийсэн гар утсыг хэргийн оролцогч У.Дд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-ийн 97-98/,

 

Шүүгдэгч У.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2021 оны 08 дугаар сарын 06-ний өдөр манай хамтран амьдрагч Болортуяа “Ариунаа эгчийнд хонолоо” гэж хэлээд явсан ба маргааш өглөө нь би очиж авах ёстой байхад түрүүлээд өөрөө хүрээд ирэхээр нь миний хар төрсөн. Тухайн өдрийн орой нь Болортуяагийн гэрт нь очиж хоол идээд буцаад манай гэр рүү очсон ба эргээд Болортуяаг гэрт нь хүргэж өгөхөөр явж байх үедээ машинд маргалдсан. Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талд очоод бие засах хооронд Болортуяа “такси бариад явлаа” гэж хэлсэн. Би Болортуяаг буцаагаад гэрт нь хүргэж өгнө гэж бодож байсан учир явуулахгүй гээд машинд суулгах гэж хоолойноос нь түлхсэн. Өөрөөр түүнд гарч хүрч зодож цохисон асуудал байхгүй. Би түүнд гар хүрч цохиж зодох бодол санаа байгаагүй ба гар хүрнэ гэж огт бодоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

2021 оны 05 сард байх Их монгол хорооллын 903-196 тоотод байхдаа хоёулаа дараа нь үзэж байя гээд миний гар утсаар 2 удаа бичлэг хийсэн. 1 минут хүрэхгүй хугацаатай бичлэг байгаа. Би тухайн бичлэгийг 2 гар утсаараа нэг өдөр 2 удаа бэлгийн харьцаанд орж байхдаа тус тусад нь хийж байсан. Бид 2 хэн хэн нь хүсэж зөвшөөрснөөр бэлгийн харьцаанд орж байгаагаа бичлэгээр баримтжуулан авсан. Ингэхдээ миний гар утсаар бичлэг хийсэн. Болортуяад секс хийсэн бичлэгээ сайтуудад тавина гэж огт яриагүй, шоронгийн хүмүүсээр дарамтлуулна гэж яриагүй. Надад таньдаг тийм хүн ч байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 101-104/,

 

- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04-05/,

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 52/,

- мөрдөгчийн 2021.09.27-ны өдрийн “...Дүнжингарав худалдааны төвийн баруун талын гэрлэн дохиотой уулзварт хэлтсийн хяналтын камер байдаг ба ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан байдаг. Энэ камер нь бичлэгээ 1 сар хадгалдаг ба 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн бичлэг байхгүй гэж хэлсэн болохыг тэмдэглэл болгон үйлдэж хэрэгт хавсаргав” гэх илтгэх хуудас /хх-ийн 53/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-96/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-шүүгдэгч У.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 44/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 46/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/,  оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 48/, жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч У.Д нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын автобусны буудал дээр хамтран амьдрагч Р.Болортуяатай гадуур хонолоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хоолойг багалзуурдаж, машин мөргүүлэн түүний биед тархи доргилт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өгзөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг

машинд суу суухгүй бол чамтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг порно сайтуудад зарна, цагдаад хэлбэл шоронгийн атаманаар алуулна, бусдаар алуулна гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, түүний хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц бичлэгийг тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Р.Болортуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №7237 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч У.Дын хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хүн амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. Хүний уг эрхэд бусад этгээд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж халдах нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж байгаа үйлдэл бөгөөд гэмтлийн зэргийн ангилалаас хамаарч гэмт хэргийн шинжийг илэрхийлдэг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

Хохирогч Р.Болортуяа, шүүгдэгч У.Дамшням нар нь 2019 онд танилцаж, 2020 оны 10 сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн болохоо өөрсдөө мэдүүлж байх учир тэднийг хамтын амьдралтай, хамтран амьдрагч гэж үзнэ.

 “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд шүүгдэгч У.Дамшням  нь хамтран амьдрагч Р.Болортуяагийн бие махбодод халдсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг олгоно.

 

Хохирогч Р.Болортуяагийн эрүүл мэндэд үүссэн гэмтлийг тусгай мэдлэгийн хүрээнд үзэж шинжилсэн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг дүгнэсэн байна. Дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл болон шүүгдэгчийн хохирогчийг цохьсон үйлдэл хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч хохирогчийн хоолойг багалзуурдах, машин мөргүүлэх зэргээр биед нь халдалхгүйгээр буюу маргааныг өөр аргаар шийдвэрлэсэн бол хохирогчид гэмтэл учрахгүй байсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч У.Дыг дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.      

 

Заналхийлэх нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд дээрх үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч нь хохирогчид  хандаж “чи машинд суухгүй бол би чамтай секс хийж байгаа бичлэгийг порно сайтуудад зарна” гэж хэлээгүй бол хохирогч машинд сууж шүүгдэгчтэй хамт явахгүй байх боломжтой байсан. Үүнээс үзэхэд шүүгдэгчийн хийсэн бичлэг нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохыг хохирогч ойлгож ухамсарласан, уг бичлэгийг бусдад тараахаас айж эмээдэг байна.

 

Шүүгдэгч, хохирогч нарын секс хийж байгаа дүрс бичлэг шүүгдэгчид байдаг байсан ба энэ бичлэг байгааг хохирогч мэдэж байсан, уг бичлэгийг бусдад өгөх, тараахаар хохирогчид удаа дараа хэлж, сануулж байгаа шүүгдэгчийн үйлдэл, цагдаагийн байгууллагад хандвал шоронгийн атаманаар алуулна, бусдаар алуулна. Чамайг хэн ч сонсохгүй, тоохгүй гэх зэргээр хэлсэн нь хохирогчийг 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгчийн гэмт үйлдэлд өртүүлэх шалтгаан болжээ.

 

Хүний хувийн эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх нь бусад хэн нэгний өөрийн хүслээ биелүүлэх санаа зорилгын арга, хэрэглэгдэхүүн байх ёсгүй.

 

Шүүгдэгч нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд  шүүгдэгч У.Дыг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

           

            Хохирогч Р.Болортуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 500.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд “надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч У.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс ял, эрүүгийн хариуцлага оногдуулж шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь бага хэмжээгээр торгох ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоож, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Уын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч У.Дыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар У.Дд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч У.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар У.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ