Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01676

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01676

                 Улаанбаатар хот

          

        

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 11/1-д барилгын 6 дугаар давхарт оршин байгаа “Бизнес-Инвест девелопмент” Банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 63 дугаар байрны 24 тоотод оршин суух, Монгол овогт Сандагдоржийн Түвшинжаргал /РД-ТИ77041870/-д холбогдуулан гаргасан,

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41,787,625 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Түвшинжаргал нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ЗГ0102150202 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 63 дугаар байрны 24 тоотын 58,28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалан 12 сарын хугацаатай 20 сая төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн.

            Барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

            Хариуцагч С.Түвшинжаргалтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус ББСБ зээлийн гэрээг мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна.

            Иймд зээлдэгч С.Түвшинжаргалаас үндсэн зээл 20 сая төгрөг, зээлийн хүүд 15,161,625 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,826,000 төгрөг нийт 37,987,624 төгрөг гаргуулж өгнө үү.

            Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгчийн ажлын хөлс 3,800,000 төгрөг нэхэмжилсэн боловч одоогоор өмгөөлөгч аваагүй учир уг шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

            Уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгөхийг хүсч байна.

Бид гэрээ байгуулахдаа хуваарьт хугацаандаа төлбөрөө төлсөн тохиолдолд хүүг 3,5 хувь болгох урамшуулал олгодог. Хариуцагчийн зээлд төлсөн 6,835,000  төгрөгийг гэрээнд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгасан учир үндсэн зээлээс хасах үндэслэлгүй. Хариуцагчтай тохиролцох гэсэн боловч өөрөө санал гаргаагүй учир чөлөөлөх боломжгүй гэв.

            Хариуцагч С.Түвшинжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Арвин баялаг буудай” ХХК-ийн захирал С.Түвшинжаргал би 2015 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах үр тарианы 100 га талбайд улаан буудай тарих зориулалтаар БИД ББСБ-аас 3,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 20 сая төгрөгийг өөрийн өмчлөлийн байраа барьцаалан зээлсэн. Нэхэмжлэлд дурдсан 4,5 хувийн хүүг зөвшөөрөхгүй. Учир нь 2 гэрээ хийлгэсэн.

            Тухайн жилд ургацын ид ургалтын үед хөрсөнд олон жилийн дунджаас их халалттай, хур тунадас ороогүйн улмаас ган болж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургац алдсан. 2015 оны 5 дугаар сард эхнэр төрж гэртээ хүүхдээ харж суусан учир давхар тогтмол орлогогүй болсон. Гэхдээ би хаврын тариалалт хүртэл өөрийн машинаа зарж, хувь хүнээс хүүтэй зээл авч ББСБ-ын төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлж байсан ба нийт 6,835,000 төгрөг төлсөн.

Үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд 2016 онд 100 га талбайн гуурсандаа тосны ургамал буюу рапсыг үр, түлш шатахууны зээл аваад тарьсан боловч тухайн бүс нутагт нэг ч аж ахуй нэгж, хувь хүмүүс тосны ургамлын ургац авч чадаагүй.

Иймээс би 2 жил дараалан байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургац алдаж, зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон.

            Энэ нөхцлийг харгалзан үзэж, үндсэн төлбөр 20 сая төгрөгөөс миний төлсөн 6,835,300 төгрөгийг хасч, үлдэх 13,164,700 төгрөгийг төлүүлж өгнө үү. Бусад хүү болон нэмэгдэл хүүг нэхэмжлэлээс хасч өгнө үү.

            Хууль зүйн туслалцаа үзүүлсний зардал 3,800,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй гэжээ.

           

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК нь С.Түвшинжаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,987,624 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3,800,000 төгрөг, нийт 41,787,625 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал дээрх шаардлагын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3,800,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэг шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон зээлийн эргэн төлөлтийн дүнгийн талаар маргаагүй.

Харин шүүхэд “...БИД ББСБ-аас 3,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 20 сая төгрөгийг өөрийн өмчлөлийн байраа барьцаалан зээлсэн. Нэхэмжлэлд дурдсан 4,5 хувийн хүүг зөвшөөрөхгүй. Учир нь 2 гэрээ хийлгэсэн...” гэсэн тайлбар ирүүлсэн боловч уг тайлбарын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулан шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч С.Түвшинжаргал, нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-тай өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 63 дугаар байрны 24 тоотод байрлах 58,28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалж, 20 сая төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцон 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ЗГ0102150202 дугаар бүхий зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, мөнгийг бэлнээр хүлээн авснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсч, улмаар хариуцагч нь гэрээгээр тохирсон нөхцлийн дагуу авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч байгууллагын өмнө хүлээжээ. /хх-3-6 дугаар хуудас/

Нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохиролцон хавсралтаар баталсан байх бөгөөд С.Түвшинжаргал нь зээлээ хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-иас, хариуцагчийн зээлд төлсөн 6,835,000 төгрөгийг гэрээний 6.1-д заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгасныг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн талууд зээлийн гэрээний 2.1.3 дахь заалтаар зээлийн үндсэн хүүгийн хэмжээг 4.5 хувиар, 2.4 дэх заалтаар зээлдэгч нь зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1.0 хувийн хөнгөлөлт эдлэхээр тохиролцсон байх тул хариуцагчийн “3,5 хувийн хүүтэй зээлсэн” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч С.Түвшинжаргал нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан төлбөрийн чадваргүй болсон гэж тайлбарлан шүүхэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын “Арвин баялаг буудай” ХХК-ийн ургацын үзүүлэлтийн тухай тодорхойлолт, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн Хонгор сумын 2015 оны зуншлагын байдлын талаарх мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх-25-27 дугаар тал/

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээнээс татгалзаж, цуцалж болох боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна зохигчид 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг дахин 6 сараар буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж байжээ. /хх-11 дүгээр тал/

Иймээс нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн үндсэн хүүгээс тооцолгүй Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг зөрчсөн байх тул зөвтгөн хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх ёстой үндсэн хүүг 8,531,624.53 төгрөг гэж тодорхойлж байх тул үүний 20 хувиас нэмэгдүүлсэн хүүг тооцвол 2,826,000 төгрөг болж байна.

Иймд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С.Түвшинжаргалаас үндсэн зээлд 20,000,000 /хорин сая/ төгрөг, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд 15,161,625 /арван таван сая нэг зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин таван/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,826,000 /хоёр сая найман зуун хорин зургаан мянган/ төгрөг, нийт 36,867,949 /гучин зургаан сая найман зуун жаран долоон мянга есөн зуун дөчин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,119,675 /нэг сая нэг зуун арван есөн мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

            Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг ханган, хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох хариуцагч С.Түвшинжаргал, иргэн П.Бурмаа, Т.Номин нарын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 63 дугаар байрны 24 тоотод байрлах 58,28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч иргэн П.Бурмаа, Т.Номин нар нь хариуцагч С.Түвшинжаргалд өөрсдийн өмчлөлийн орон сууцыг “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавих, зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон үүргийг гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад хамтран өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөхгүй байна. /хх-7 дугаар хуудас/ 

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 342,289 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д буцаан олгов.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3,800,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С.Түвшинжаргалаас 36,867,949 /гучин зургаан сая найман зуун жаран долоон мянга есөн зуун дөчин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,119,675 /нэг сая нэг зуун арван есөн мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч С.Түвшинжаргал, иргэн П.Бурмаа, Т.Номин нарын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 63 дугаар байрны 24 тоотод байрлах 58,28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 342,289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д буцаан олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ЦЭНД