| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/1222/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1284 |
| Огноо | 2021-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Д.Хорлоо,
нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Тын Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 01104 1860 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, 26/5 дугаар байрны 14 тоотод А.Энхжинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн үснээс зулгааж ширээн дээр байсан шилэн суневирээр түүний дух хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь духны зүүн төвгөр, зүүн хацарт сорви, баруун гарын ядам, чигчий хурууны 3 дугаар үеийн завсарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 01104 1860 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Т.А нь иргэн А.Энхжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч А.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2021 оны 02 сарын 09-ний өдөр зүс таних А гэх эмэгтэй намайг төрсөн өдөртөө урьсан. Би Агийн төрсөн өдрийн урилгыг хүлээн авч Blue Sky-д байх пабад очсон. Агийн төрсөн өдөр дээр очиход тэнд найзууд нь гэх зөндөө хүмүүс байсан ба бүгд архи согтууруулах ундаа, хоол унд, ууж идэж байгаад тэндээс тарцгаасан. Тэр үед А, түүний найз залуу Мөнхжин бид нар Агийн гэрт ирсэн ба А нь надад агсам согтуу тавьж намайг зодох гэж дайраад байхаар нь би гэрээс гараад такси бариад найзындаа очиж хоносон. Тэгтэл А нь 02 сарын 10-ны үүрээр над руу залгаж надаас уучлал гуйгаад гэртээ дуудахаар нь би Агийн гэрт очихоор явах үед А дахин над руу залгаж “байрны доод дэлгүүрээс архи, пиво, вино аваад гэрт ороод ирээрэй” гэж хэлэхээр нь би захисан бүх зүйлийг аваад гэрт нь орсон. Намайг гэрт нь орох үед А гэртээ ганцаараа байсан бөгөөд шартсан байдалтай орон дээрээ сууж байсан. Би Агийн гэрийг цэвэрлэж дуусаад бид хоёр муудалцсан талаараа ярилцаад эвлэрсэн. Тэгээд бид хоёр миний авч орсон зүйлийг ууж байх үед А надад дахин агсам согтуу тавиад байхаар нь “би харилаа” гэж хэлээд гэрээс нь гарах гэхэд намайг гаргахгүй миний үснээс үсдэж зулгаагаад удаан байгаад байсан. Би тэр үед Ад гар хүрээгүй, эсэргүүцэл ч үзүүлээгүй “намайг тавьчих” гэж хэлсэн. Би Агийн орон дээр байсан түүний Эл Ви брэндийн цүнхийг газар санамсаргүй унагаахад цүнхэнд байсан эд зүйлс газар асгарчихсан. Тэгтэл А нь ширээн дээр байсан шилэн сүвинерийг бариад над руу далайж миний дух хэсэгт цохисон. Би ухаан алдаад унасан. Сэрэхэд А утсаар яриад сууж байсан ба би гэрээс нь зугтаж гараад гүйсэн. Тэр үед 12 цаг болж байсан. Би тэр үед шууд найз Дагмидмаагийн гэрт очсон /98689777, 98988777/. Тэгээд найз Дагмидмаагийн хамт гэмтлийн эмнэлэгт очиж дух, хамартаа оёдол тавиулсан. Тэр үед Агийн найз залуу Мөнхжин нь над руу залгаж “чи цагдаад мэдэгдэв, бид нар бүх арыг чинь даана, хэдийг авах юм” гэж надад хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар цагдаад мэдэгдэнэ гэхээр нь би “өөрөө газар унасан” юм гэж хэлсэн. Тэгээд би арван жилдээ үерхэж байсан залуу болох Алтангэрэлийн гэрт очиж 03 сарын 16-ны өдрийг хүртэл тэнд байсан. Алтангэрэлийн гэрт байсан учир шалтгаан нь нүүр маань оёдолтой учраас гэртээ харихаас санаа зовоод байсан юм. Мөн А, Мөнхжин нарыг надад эмчилгээний мөнгө өгчих болов уу гээд хүлээгээд байсан юм. Гэтэл А надад “чиний эмчилгээний мөнгийг Сүхбаатар ах өгнө” гэж хэлсэн. Тэр Сүхбаатар гэх ах нь Агийн уулздаг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч А.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг гадуур явж байх үед манай дүү Энхжин над руу 86061109 дугаараас миний 88006497 дугаар руу залгаж сулхан, ядарсан хоолойгоор би цагаан сараар очихгүй гэж хэлээд утсаа тасалсан ба би гайхаж Энхжингийн 86061109 дугаар руу өөрийн 88006497 дугаараас залгахад манай дүүгээс өөр эмэгтэй хүн утсыг нь аваад “би сая дүүтэй чинь зодолдоод, хувцсыг нь урчихсан, Энхжин гараад явчихлаа, дүүгээ хүмүүжүүл, би хааяа хүмүүжүүлж цохидог юм” гэж хэлсэн ба тиймэрхүү утгатай зүйлс яриад байхаар нь би тэр эмэгтэйг хаана байгаа талаар асуухад “Сансарт байна” гээд цааш нь байршлаа хэлэх гэж байх үед араас нь нэг эрэгтэй “байршлаа битгий хэл” гэж хэлэх нь сонсогдсон. Удалгүй утсаа тасалсан. Би сандраад ахин залгахад үл таних эмэгтэй надад “дүү чинь эргэж ирэхгүй” гэж хэлээд тасалсан тул би шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би ээж ааваас Сансарт Энхжингийн ямар найз байдгийг асуухад А гэх найз нь байдаг тухай Энхжин ярьж байсныг мэдсэн тул тэр тухай цагдаад хэлсэн.
2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цохиулсан асуудлаар цагдаагийн байгууллагад Энхжин гомдол гаргаснаас хойш Энхжинг гомдлоо буцааж ав гэж удаа дараа утсан харилцаагаар холбогдон хэлж, Энхжингийн гэрийг олж очин биечлэн уулзаж Энхжинтэй гомдлоо буцааж авах тухай ярилцсан байсныг Энхжингээс сонссон. Хамгийн сүүлд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Мөнхжин гэх Энхжингийн эрэгтэй танил буюу Агийн найз залуу нь Энхжинтэй уулзсан бөгөөд А гэх эмэгтэйн ар гэрийнхэн цагдаад танил ихтэй, ээж нь хараал жатга хийдэг гэх утгатай зүйл Энхжинд хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч Э.Мөнхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... Энхжин болохоор А бид хоёрын найз. 2021 оны 03, 04 дүгээр сард найзуудтайгаа уулзах зорилгоор Агийн гэрт пиво ууж хоносон. Би өглөө ажилдаа явсан ба намайг ажил дээрээ байх үед А, Энхжин нар над руу видеогоор залгаж хөгжилдөж утсаар ярьж байсан. Камераа дээшээ харуулсан байсан бөгөөд А, Энхжин хоёр хоорондоо хэрүүлийн чанартай зүйл яриад маргалдсан. Яг юуны талаар маргалдсаныг санахгүй байна. Энхжин миний хувцас байхгүй, А би наадахыг чинь мэдэхгүй шүү дээ гээд байх шиг байсан. Энхжин ууртай догшин авиртай гэр доторх зүйлсийг сандаачаад хаалга хүчтэй саваад гараад явсны дараа А надад хананд байсан бөөгийн хувцсыг ингээд шидчихлээ гэж хэлээд надад харуулсан. ... Тэр явдлаас хойш 1-2 өдрийн дараа Энхжин А бид хоёр руу залгаад толгой хагарсан гээд мөнгө нэхээд байхаар нь бид хоёр уурласан” гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
Гэрч Ж.Дагмидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаагаас надтай холбогдоод Энхжин гээд найзтай юу? Та Энхжин гээд хүнийг таних уу? Гудамжинд толгойгоо хагалуулчихсан, цусандаа хутгалдчихсан, тань руу очих гээд явж байна, та гэрийн хаягаа зааж өгнө үү гээд миний хаягийг асуухаар нь би хаягаа зааж өгөөд удаагүй байхад манай гэрийн гадаа цагдаа нар ирээд хаалга тогшихоор нь хаалга онгойлгоход Энхжин цусандаа хутгалдсан хувцас нь цус болчихсон, урт эрээн алаг куртиктэй, урагдсан өвлийн трико өмссөн, нүүр нь тэр чигтээ цус болчихсон, энд тэндээ шалбарсан байдалтай, нэг эрэгтэй цагдаагийн албан хаагчтай зогсож байсан тул би Энхжинг гэртээ оруулалгүйгээр шууд гадаа машин руугаа цагдаагийн албан хаагчийн хамт очиж гадаа уулзсан. Энхжинг цагдаагийн албан хаагч танд хүлээлгэж өглөө гээд миний хувийн мэдээллийг аваад явсан. Энхжингээс юу болсон болон яагаад ийм байдалтай болсон талаар асуухад Энхжин надад “би Агийн гэрээс ирж байна, А намайг ийм болгочихлоо, намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би Энхжинг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулж очоод эмнэлэгт үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод Энхжин хамар болон дух хэсэгтээ оёдол тавиулсан ба удалгүй араас Энхжингийн эрэгтэй найз ирээд бид хоёртой уулзсан. Би тэр хоёрыг 25 дугаар эмийн сангийн тэнд буулгаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2559 дугаартай:
“А.Энхжингийн биед духны зүүн төвгөр, зүүн хацарт сорви, баруун гарын ядам, чигчий хурууны 3-р үений завсарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс духны зүүн төвгөрийн сорви нь 2021-02-10-нд, баруун гарын ядам, чигчий хурууны 3-р үений завсрын шарх нь 2021-03-17-нд үүссэн байх боломжтой. Зүүн хацрын сорвины үүссэн хугацааг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх хүний биед шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,
Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...А.Энхжингийн биед учирсан духны зүүн төвгөр, зүүн хацарт сорви, баруун гарын ядам, чигчий хурууны 3-р үений завсарт шарх гэмтэл тогтоогдсон ба энэхүү гэмтлүүд бүгдээрээ гэмтлийн зэрэгт хамаарна. Гарын ядам, чигчий хурууны 3 дугаар үеийн завсрын шархнаас бусдад духны зүүн төвгөр, зүүн хацарт үүссэн сорвиуд нь хатуу мохоо зүйлийн, тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Эд зүйлд үзлэг хийсэн 2021.09.20-ны өдрийн “...А.Энхжингийн эзэмшлийн Самсунг эс 8 плас маркийн гар утсанд үзлэгийг эхлүүлэхэд ... тус инстаграмм хаягийн чат хэсэг рүү орон reguests гэх нэртэй цэс рүү нэвтрэхэд Bayarmagnai Magnai, Э.Мөжө гэх нэртэй хаягуудаас чат бичсэн байна. Э.Мөжө гэх хаягийг А.Энхжин нь Э.Мөнхжингийн инстаграмм хаяг гэж заасан тул тус Э.Мөжэ гэх хаягаас бичсэн чат руу ороход “Байна уу..., ...чи тэр Баянзүрх дүүрэгт гаргасан гомдлоо эргүүлээд авчих..., ... Үзлэгийн үед гарсан төлбөрийг нь өгье...” гэсэн утгатай мессеж enhjin1088 нэртэй инстаграмм хаяг руу бичсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 11-13/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/,
- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 28/,
- мөрдөгчийн 2021.05.25-ны өдрийн “...Т.Агаас гэрчээр мэдүүлэг авах зорилгоор түүний 88852992 дугаар руу өөрийн 99338678 дугаараас удаа дараа залгаж холбогдож ярилцахад би маргааш очиж мэдүүлэг өгнө гээд ирээгүй ба Мөнхжин гэх Т.Агийн хань харилцаа бүхий хүн рүү өөрийн 99338678 дугаараас түүний 80155034 дугаар руу залгаж холбогдон ярилцахад би хөдөө явж байна хот руу очихоороо мэдүүлэг өгмөөр байна” гэх тэмдэглэл /хх-ийн 58/,
- хохирогчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт /хх-ийн 63/,
- мөрдөгчийн 2021 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн санал /хх-ийн 75-76/,
Шүүгдэгч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Энхжинтэй 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар гэх найзындаа очихдоо танилцсан. Энхжинтэй танилцсаны дараа Сүхбаатар бид гурав хааяа нийлж пиво уудаг болсон. Энхжин ихэнхдээ зовлон тоочиж мөнгө нэхээд байдаг байсан. Ажилгүй байна, фитнес хаагдсан хэцүү байна гэх шалтгаанаар ойр орчмын найзуудаасаа мөнгө нэхдэг байсан. Манай Бүжидмаа гэх төрсөн дүүтэй Энхжин 2020 оны 12 дугаар сард хамт машинд явж байхдаа Энжхин машиных нь ар талаас үсрэх гээд сонин юм яриад байсан. Тухайн үед би Бүжидмаагийн машинд хамт явж байсан ба Энхжинг унахаас сэргийлж татаж оруулж байсан. Бүжидмаа Энхжинд уурлаж машинаас буу гэхэд Энхжин түүнд уурлаж түүнийг үсдэж нүүр рүү нь цохиж өшиглөсөн. Тэгээд манай дүү наад хүн чинь ёстой мэдрэл муутай хүн байна гээд Энхжинг машинаасаа буулгаад бид хоёр цааш явсан. Мөн би 2021 оны 01 дүгээр сарын эхээр найзуудтайгаа сууж байхад Энхжин би очмоор байна гээд гуйгаад байхаар нь би түүнийг дуудахад Энхжин ирээд бид нарын дунд байсан ширээг авч хөмрөөд, тэр хавирах эд зүйлсийг сүйтгэсэн ба над руу дайраад байсан. Мөнхжин Энхжинг над руу дайрах үед бид хоёрын дундуур орж байгаад Энхжинд нүдний шилээ хагартал алгадуулж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Мөнхжин бид хоёрыг унтаж байхад Энхжин согтуу зүүн хацар нь шархтай, цусандаа хутгалдсан, орилсон байдалтай ороод ирсэн. Мөнхжин бид хоёр юу болсон талаар асуухад Энхжин би зайсангийн юу би тауны орчим хамтлаг дуучидтай ууж байгаад хүчиндүүлээд зодуулчихлаа гээд ороод ирж байсан. Маргааш өглөө нь Мөнхжин бид хоёр юу болсон талаар Энхжингээс асуухад Энхжин би өөрөө явж байгаад уначихсан юм гэсэн. Дараа нь Чингэлтэй дүүргийн цагдаагаас Энхжинг асуугаад байсан. Энхжин шалдан явж байсан гэж манай найз Нямжав надад хэлсэн. Нямжав тухайн үед миний гуйлтаар Энхжинг эрүүлжүүлэхээс авч байсан юм. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би Blue sky дотор найзуудтайгаа болон дүү нартайгаа төрсөн өдрөө тэмдэглээд сууж байсан. Би төрсөн өдрөө тэмдэглэж байтал Мөнхжин надад бэлэг өгмөөр байна гэж надад утсаар ярьж байсан. Би тухайн үед Мөнхжинг тэгвэл хүрээд ир гэхэд 23 цагийн үед Мөнхжинг Энхжин бас дагаад хүрээд ирчихсэн байсан ба бид нар баярлаж байхад Бүжидмаа тэнд байсан бөгөөд Бүжидмаа Энхжинг хараад энийг дуудсан бол би эндээс явлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид хэд баяраа тэмдэглэж байгаад Мөнхжинтэй би хамт харьсан. Маргааш нь 07 цагт Мөнхжин ажилдаа яваад өгсний дараа 08 цагт Энхжин манайд ирсэн ба вино аваад өг гээд гуйгаад байсан тул би түүнийг чи өөрөө ав, би авч өгч чадахгүй гээд орон дээрээ хэвтэхэд Энхжин дэлгүүрээс нэг шил вино, хэд хэдэн пиво аваад ороод ирсэн. Энхжин чи вино уух юм уу гэхэд би түүнд би шартсан байна ууж чадахгүй гэсэн. Тэгтэл Энхжин виногоо том аяганд хийж байгаад нэг дор уучихсан. Уусан юмнаасаа болоод Энхжин согож агсам тавьж гэрийн эл хогшил сүйтгэж эмх замбараагүй болгож эхэлсэн тул би түүнд чи одоо яв яв гэхэд Энхжин уурлаад гараад явсан. 2021 оны 02 дугаар 13-ны өдөр би гэртээ найз Энхбаяртай хамт пиво ууж байхад Энхжин манайх руу хаалга нүдээд ороод ирсэн ба та хоёр пиво ууж байгаа юм уу би хамт ууя гэсэн. Манайд орж ирэхдээ духандаа оёдолтой байсан ба манайд орж ирснийхээ дараа манай гэрийн угаалгын өрөөнд 30 минут ганцаараа байж байгаад үсээ хайчаар хайчлаад, халзан болчихсон гараад ирсэн. Тэгээд Энхбаяр бид хоёроос хайчаа барьж байгаад миний арын үсийг хайчлаад өг гээд гуйгаад байсан. Би Энхжинд чи үсээ цэвэрлээрэй гэхэд найз нь уутанд хийгээд авчихсан үс болоогүй гэж хэлсэн. Тухайн өдөр манайд үсээ тайраад гараад явсан. Тэр явдлаас хойш бид хоёр ахиж уулзалдаагүй. Утсаар л түүнтэй ярьж байсан шинжээчийн дүгнэлтэд заасан гурван өөр цаг хугацаанд үүссэн гэмтлийн нэг цаг хугацаанд үүссэн мэтээр тогтоол гаргасан байна. Иймд прокурорын тогтоолтой санал нийлэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Т.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, хувийн байдлын талаар баримт /хх-ийн 48-57/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.
Шүүгдэгч Т.Аг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж дүгнэхэд хохирогч, шүүгдэгч нар нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, 26/5 дугаар байрны 14 тоотод байрлах шүүгдэгч Т.Агийн гэрт хамт байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тэдний өөрсдийн мэдүүлэг болон гэрч Э.Мөнхжингийн мэдүүлгээр тогтоогдсон.
Энэ цаг хугацаанд хохирогч А.Энхжингийн биед духны зүүн төвгөрт шарх гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар хохирогч А.Энхжин нь “шүүгдэгч Т.А нь намайг сувинерээр цохиж гэмтэл учруулсан” гэж, шүүгдэгч Т.А нь “А.Энхжинг би зодож гэмтэл учруулаагүй. Тэрээр манай гэрээс гарч яваад өөр хүнд зодуулсан байх” гэж тайлбарлан, тус тусдаа өөрсдийн байр суурийг илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцожээ.
Хохирогч А.Энхжингийн биед учирсан гэмтлийн талаарх дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ШШҮХ-ийн шинжээч эмч үзэж дүгнэлт гаргасан байна. Тус шинжээчийн дүгнэлтэд “духны зүүн төвгөрийн сорви бүхий гэмтлийг 2021 оны 02 сарын 10-ны өдөр, баруун гарын ядам, чигчий хурууны 3-р үений завсрын шарх гэмтлийг 2021 оны 03 сарын 17-нд үүссэн байх боломжтой. Зүүн хацрын сорвины үүссэн хугацааг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж хохирогчийн биед учирсан 3 өөр гэмтэл байгааг тэмдэглээд, учирсан хугацааг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоожээ.
Шүүх дээрх шинжээчийн дүгнэлтээс 2021 оны 02 сарын 10-ны өдөр хохирогч А.Энхжингийн биед духны зүүн төвгөрийн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэн байна гэж үзсэн. Учир нь шинжээчийн дүгнэлт дэх хугацаа нь ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /гэмтсэн 2021 оны 02 сар 10 өдөр 12:00 цаг. Үзүүлсэн 2021 он 02 сар 10 өдөр 14:20 цаг... Онош: духны ба хамрын хэсгийн няцарсан шарх, тархины доргилт, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал.../-аар нотлогдсон байна.
Дээрх хохирогч А.Энхжингийн биед учирсан гэмтлийг 2021 оны 02 сарын 10-ны өдөр үүссэн болохыг ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, шинжээчийн мэдүүлэгээр тогтоосон байх бөгөөд давхар гэрч Ж.Дагмидмаагийн “...Та Энхжин гээд хүнийг таних уу? Гудамжинд толгойгоо хагалуулчихсан, цусандаа хутгалдчихсан, тань руу очих гээд явж байна, ...Энхжин надад “би Агийн гэрээс ирж байна, А намайг ийм болгочихлоо, намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би Энхжинг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулж очоод эмнэлэгт үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод Энхжин хамар болон дух хэсэгтээ оёдол тавиулсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Агийн “ 2021 оны 02 сарын 10-ны өдөр манай гэрт Энхжин ирсэн. ...Мөнхжинтэй бид 2 утсаар ярьж байсан. Гэнэт Энхжин манай гэрийн юмыг нураагаад агсраад байхаар нь би Энхжинг гэрээсээ хөөсөн. Энхжин намайг чи хөөлөө гээд уурлаад гараад явсан. Би үргэлжлүүлээд Мөнхжинтэй утсаар ярьж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш орой нь эсвэл тухайн өдрийн орой Энхжинтэй Мөнхжин Аагий гэх залуугийнд байхад нь очиж уулзсан. Мөнхжин надад Аагийн гэх залуу Энхжин цаадах чинь харин зодуулчихсан байна. Одоо хэд хоног гэрээс гаргахгүй, өөрөө юу болсон тухайгаа санахгүй байна гэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.
Хохирогч А.Энхжингийн биед 2021 оны 02 сарын 10-ны өдөр учирсан, ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсаар “духны ба хамрын хэсгийн няцарсан шарх, тархины доргилт, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал” гэж оношлогдсон, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2559 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтлийг шүүгдэгч Т.Аг учруулсан гэж шүүх дүгнэлээ.
Учир нь хэрэгт авагдсан хохирогчийн “...А нь 02 сарын 10-нд бид хоёр муудалцсан талаараа ярилцаад эвлэрсэн. Тэгээд бид хоёр миний авч орсон архи, пиво, вино зэргийг ууж байхад А надад дахин агсам согтуу тавиад байхаар нь “би харилаа” гэж хэлээд гэрээс нь гарах гэхэд намайг гаргахгүй миний үснээс үсдэж зулгаагаад удаан байгаад байсан. Би тэр үед Ад гар хүрээгүй, эсэргүүцэл ч үзүүлээгүй “намайг тавьчих” гэж хэлсэн. Би Агийн орон дээр байсан түүний Эл Ви брэндийн цүнхийг газар санамсаргүй унагаахад цүнхэнд байсан эд зүйлс газар асгарчихсан. Тэгтэл А нь ширээн дээр байсан шилэн сүвинерийг бариад над руу далайж миний дух хэсэгт цохисон. Би ухаан алдаад унасан. Сэрэхэд А утсаар яриад сууж байсан ба би гэрээс нь зугтаж гараад гүйсэн. Тэр үед 12 цаг болж байсан. Би тэр үед шууд найз Дагмидмаагийн гэрт очсон /98689777, 98988777/. Тэгээд найз Дагмидмаагийн хамт гэмтлийн эмнэлэгт очиж дух, хамартаа оёдол тавиулсан. Тэр үед Агийн найз залуу Мөнхжин нь над руу залгаж “чи цагдаад мэдэгдэв, бид нар бүх арыг чинь даана, хэдийг авах юм” гэж надад хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар цагдаад мэдэгдэнэ гэхээр нь би “өөрөө газар унасан” юм гэж хэлсэн. ...А, Мөнхжин нарыг надад эмчилгээний мөнгө өгчих болов уу гээд хүлээгээд байсан юм.” гэх мэдүүлэг нь:
1. гэрч Ж.Дагмидмаагийн “Энхжингээс юу болсон болон яагаад ийм байдалтай болсон талаар асуухад Энхжин надад “би Агийн гэрээс ирж байна, А намайг ийм болгочихлоо, намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би Энхжинг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулж очоод эмнэлэгт үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод Энхжин хамар болон дух хэсэгтээ оёдол тавиулсан” гэх мэдүүлэг,
2. шүүгдэгч Т.Агийн “2021 оны 02 сарын 10-ны өдөр манай гэрт Энхжин ирсэн. ...Энхжин намайг чи хөөлөө гээд уурлаад гараад явсан. Би үргэлжлүүлээд Мөнхжинтэй утсаар ярьж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш орой нь эсвэл тухайн өдрийн орой Энхжинтэй Мөнхжин Аагий гэх залуугийнд байхад нь очиж уулзсан. Мөнхжин надад Аагий гэх залуу “Энхжин цаадах чинь харин зодуулчихсан байна. Одоо хэд хоног гэрээс гаргахгүй, өөрөө юу болсон тухайгаа санахгүй байна гэсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
3. Мөнхжингийн гэх “Э.Мөжө” гэсэн цахим хаягаас “Байна уу, Чи тэр Баянзүрх дүүрэгт гаргасан гомдлоо эргүүлээд авчих, үзлэгийн үед гарсан төлбөрийг нь өгье” гэсэн зурвас ирснийг А.Энхжингийн гар утсанд үзлэг хийж авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь нэг үйл явдлын талаар мэдүүлсэн, хоорондоо уялдаа холбоотой байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогчийн эрүүл мэндэд 2021 оны 02 сарын 10-ны өдөр шүүгдэгч Т.А нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байхыг, мэгдээгүй хугацаанд түүнд учирсан хохиролд нь зориулж мөнгө өгөхөөр Т.Агийн найз залуу Э.Мөнхжин нь хохирогчитой ярилцсаны үндсэн дээр хохирогч А.Энхжин нь ГССҮТөд гэмтлийг үзүүлж үйлчилгээ авахдаа болсон үйлдлийг өөрчилж худал хэлсэн, цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хэсэг хугацааг өнгөрүүлсэн байна.
Ингээд Т.А, Э.Мөнхжин нар нь хохирогч А.Энхжинд учирсан хохиролд зориулж мөнгө өгнө гэсэн боловч өгөхгүй байсан учир тэрээр цагдаагийн байгууллагад 2021 оны 03 сарын 21-ний өдөр гомдол гаргажээ.
Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Агийн иргэн А.Энхжиний биед духны зүүн төвгөрт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Энхжин нь хохирлын талаарх нотлох баримт гэж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй байх учир шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Ад холбогдох хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцов.
Шүүхээс ял, эрүүгийн хариуцлага оногдуулж шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуулийн шаардлагад хамаарч байх тул түүнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэж, Өршөөлийн тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Тын Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ