Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 16/1 байр, 1 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ61112361, Боржигон овогтой Бадарчийн Пүрвээгийн,

   Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Пүрвээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

     Нэхэмжлэгч Б.Пүрвээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн, 56 настай, ам бүл 2. 1982 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс  Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Бэлтгэл цехэд бэлтгэгчээр ажилд орсон. 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс бүтэц зохион байгуулалт өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдөж, 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс “Увс” ХК-ийн харъяа 1 дүгээр гуанзанд бэлтгэгч, тогоочоор томилогдон ажиллаад 1996 оныг дуустал тасралтгүй ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж, тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трест болон “Увс” ХК-ийн 1 дүгээр гуанзанд бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг тасратгүй төлж ирснийг минь сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Пүрвээ нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ. Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181 тоот лавлагаанд “Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1989 оноос хойшхи тушаал, “Увс” ХК-ийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Б.Пүрвээгийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүн үзэх боломжгүй байна. Холбогдох лавлагааг түүвэрлэн хүргүүлэв” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 215 дугаар бэлтгэгч түр томилон ажиллуулах тухай тушаалд “Бэлтгэгч цехийн бэлтгэгч Цэцэгмаагийн дикрадын хугацаанд Бадарч овогтой Пүрвээг 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр бэлтгэгчээр томилон ажиллуулсугай. Дарга Цэвээнжав” гэж, Увс аймаг Улаангом хотын худалдааны трестийн даргын 1989 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар “Үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалд “Нийт ажилтан, ажилчдын 1988 оны үр дүнгийн шагналыг хавсралтаар бодож олгосугай” гээд уг тушаалын “Бэлтгэл цех, Боовны цехийн 1988 оны үр дүнгийн цалингийн жагсаалт” гэсэн хавсралтын 2 дугаарт “Бадарчийн Пүрвээ” гэжээ.

   Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд бэлтгэгчээр ажиллаж байсан Бадарч овогтой Пүрвээгийн 1984 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тус тус түүвэрлэн ирүүлжээ.

  Түүнчлэн хэрэгт Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестийн боловсон хүчний 1982 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.Пүрвээд олгосон хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг хөдөлмөрийн дэвтэрт “Хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 215 дугаар тушаалаар 1982 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бэлтгэл цэхэд түр бэлтгэгчээр ажилд авсан, Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 135 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалт өөрчлөлтийн улмаас бэлтгэгчийн ажлаас чөлөөлөв, “Увс” ХК-ийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 118 тоот тушаалаар “Увс” ХК-ийн харъяа 1 дүгээр гуанзанд бэлтгэгчээр томилон ажиллуулав” гэсэн бичилт, 1995 оны 2 дугаар сард Б.Пүрвээд олгогдсон 300258 тоот “Нийгмийн даатгалын дэвтэр”-т түүний 1995 оны 1 дүгээр сараас 1996 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин болон төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт тус тус хийгдсэн байна.

   Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Сэнгэдорж, Ц.Цэвэгмэд нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Сэнгэдорж: “Намайг 1983 оны 6 дугаар сад Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа 1 дүгээр гуанзанд зөөгчөөр ажилд ороход Б.Пүрвээ нь тухайн гуанданд бэлтгэгчээр ажиллаж байсан. Тэр цагаас эхлэн бид нэгнээ мэддэг болсон. Б.Пүрвээ нь намайг ажилд орохын өмнөх жил ажилд орсон гэж байсан. Би 1983 оноос 1995 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан. Б.Пүрвээ нь тухайн байгууллагадаа ажиллаад үлдсэн. Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трест 1993 онд Увс хувьцаат компани болон ажиллаж байгаад 1998 онд хувьчлагдан бид нар бүгдээрээ хувиараа цайны газар ажиллуулж байсан. Тухайн үед байгууллагын даргаар н.Цэвээнжав, н.Довдон, н.Гомбодорж, Ч.Пүрвэсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Цэвэгмэд: “Би 1982 оны 2 дугаар сараас эхлэн Увс аймгийн Худалдаа бэлтгэл трестийн харъяа 1 дүгээр гуанзанд бэлтгэгч, тогоочоор орж, 1995 оныг дуустал ажилласан. Б.Пүрвээ нь 1983 онд тус гуанзанд мөн бэлтгэгчээр 1995 оныг дуустал ажилласан. Бид нэг гуанзанд хамт ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэдэх найз нөхөд хүмүүс юмаа. Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трест 1993 онд Увс хувьцаат компани болон өөрчлөгдөн ажиллаж байгаад 1998 онд хувьчлагдан бид нар бүгдээрээ хувиараа цайны газар ажиллуулж байсан. Тухайн үед байгууллагын даргаар н.Цэвээнжав, н.Довдон, н.Гомбодорж, Ч.Пүрвэсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

   Мөн Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0025711878 тоот лавлагаанд: “Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трест нь 1993 оноос Бөөний худалдааны “Увс” ХХ болж нэр, хэлбэрээ өөрчилсөн байна” гэж, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Шимтгэл төлөлтийн лавлагаа”-нд “Увс аймгийн Улаангом сумын “Худалдааны трест” нь 1991 онд, “Увс” ХК нь 1992-1994 онд үйл ажиллагаа явуулж, цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ. 

   Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Пүрвээгийн Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Бэлтгэл цехэд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд бэлтгэгчээр, “Увс” ХК-ийн 1 дүгээр гуанзад 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарыг дуустал бэлтгэгч тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогтой Бадарчийн Пүрвээгийн Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Бэлтгэл цехэд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд бэлтгэгчээр, “Увс” ХК-ийн 1 дүгээр гуанзад 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарыг дуустал бэлтгэгч тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

       

                ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА