Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 413

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 5-10 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ76070569, Чангас овогтой Мягмарын Энхээ,

  Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 5-10 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ76070711, Засгууд овогтой Сүхбаатарын Амаржаргал нарт холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.991.348,60 төгрөг, зээлийн хүү 450.920,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65.357,48 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 2.511.626,64 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

    Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн М.Энхээ, С.Амаржаргал нар нь 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/3589 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 10.330.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 8.338.651,40 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2.166.210,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4.870,16 төгрөг, нийт 10.509.732,38 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 7.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр, Зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бухий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3589 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,  дараах зээлийн төлбөрийг гаргуулах: Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 1.991.348,60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 450.920,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 65.357,48 төгрөг, нотариатын төлбөр 4.000 төгрөг, нийт 2.511.626,64 төгрөг, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэхийг хүсье” гэжээ.  

            Хариуцагч М.Энхээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Хаан банкнаас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10.330.000 төгрөгийг 1,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан үүнээс үлдэгдэл 2.578.018,27 төгрөг үлдсэн байгаа. Тухайн мөнгөө 2017 оны 6 дугаар сар гэхэд багтаан төлж барагдуулна. Нөхөр маань Өмнөговь аймгийн Таван толгойд хувийн компанид ажиллаж байгаа төвөөсөө 300 км хол байдаг. Утас нь холбогдохгүй сүлжээгүй газар ажиллаж байгаа учир нөхрийг байлцуулахгүйгээр асуудлыг шийдэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон тайлбартаа: “Хариуцагч М.Энхээ, С.Амаржаргал нарт холбогдуулан 2017 оны  3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2.511.626,64 төгрөг нэхэмжилсэн ба 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хүү нэмэгдүүлсэн хүү 66.392,27 төгрөгийг нэмж гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Иргэн М.Энхээ, С.Амаржаргал нараас зээлийн өр барагдуулахаар 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан билээ. Хамтран зээлдэгч буюу хэргийн хариуцагч С.Амаржаргал нь Увс аймагт амьдардаггүй шүүхэд ирэх боломжгүй байгаа тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч М.Энхээ, С.Амаржаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.991.348,60 төгрөг, зээлийн хүү 450.920,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65.357,48 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 2.511.626,64 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хүү болон нэмэгдүүлсэн хүү 66.392,27 төгрөгийг нэмж гаргуулахаар шаарджээ.   

            Иргэн М.Энхээ, С.Амаржаргал нар Хаан банктай 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/3589 тоот зээлийн гэрээ байгуулан 10.330.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймаг Улаангом сумын 4 дүгээр баг, 4-17 тоот, 581,6 м.кв талбайтай эзэмших газартай хашаа, 6 ханатай гэр шалтай, 32 инчийн зурагт, хөлдөөгч зэргийг тус тус барьцаалсан байна.

            Харин хариуцагч М.Энхээ Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 2.578.018,91 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард багтаан төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

   Харин хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдсан С.Амаржаргалаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан ба хариуцагч М.Энхээ нь түүнийг оролцуулахгүйгээр энэхүү асуудлыг шийдвэрүүлэхээр хүсэлт гаргасан байх тул тухайн хүсэлтүүдийг хүлээн авч, С.Амаржаргалыг хариуцагчаас чөлөөлсөн болно.

    Хариуцагч М.Энхээ дээрх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.    

      Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.686 төгрөгөөс 29.843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 29.843 төгрөгийг, хариуцагч М.Энхээгээс 29.843 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,  123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Энхээ зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 2.578.018,91 /хоёр сая таван зуун далан найман мянга арван найман төгрөг ерэн нэг мөнгө/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сар гэхэд нэхэмжлэгч Хаан банкинд төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.686 /тавин есөн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгөөс 29.843 /хорин есөн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 29.843 /хорин есөн мянга найман зуун дөчин гурав/  төгрөг, хариуцагч М.Энхээгээс 29.843 /хорин есөн мянга найман зуун дөчин гурав/  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

    4. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 816 тоот захирамжаар татагдсан С.Амаржаргалыг хариуцагчаас чөлөөлсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

       

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА