Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 414

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багт оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ64083060, Бордаасан овогтой Ядамсүрэнгийн Нансалмаагийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

     Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Нансалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Г.Чинзориг, гэрч Д.Түнэрэв, Н.Соёл-Эрдэнэ, Б.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

    Нэхэмжлэгч Я.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй. Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд улмаар Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд элсэн орж, 1984 онд тус сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд тухайн үеийн нэрээр Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэг, одоогийн Сагил сумын Эрүүл мэндийн төвд эх баригч эмчээр ажилд орж түүнээс хойш 33 жил тасралтгүй ажиллаж байгаа билээ. Гэтэл манай Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Чинзориг нь намайг өөрөө хүсэж хүсэлт гаргаагүй байхад тэтгэврийн нас болсон гэсэн үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг үндэслэн миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа одоо хүртэл надад албан ёсоор танилцуулж хүлээлгэж өгөөгүй. Иймд Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, намайг Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн 2 дугаар баг буюу Боршоо багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Чинзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Г.Чинзориг миний бие Сагил сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр томилогдон ажиллаж байгаа болно. Миний бие Боршоо багийн эмч Я.Нансалмааг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Боршоо багийн эмчээр авч ажиллуулсан. Тухайн үед Я.Нансалмаа нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэр авах эрх үүссэн болон тэтгэмжээ авч эхэлсэн. Тиймээс миний бие эмч Я.Нансалмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар багийн эмчээр үргэлжлүүлэн ажиллахаар болж, тэтгэвэр авахаа түдгэлзүүлэн зөвхөн цалингаа авч ажиллах, шинэ залуу боловсон хүчин иртэл түр ажиллаж байхыг хоорондоо тохиролцон ажиллуулсан. Гэтэл эмч Я.Нансалмаа нь дээрх тохиролцоог зөрчин тэтгэвэр болон цалингаа зэрэг авч ажилласан байсныг миний бие 2017 оны 1 дүгээр сард мэдэж, уулзах хүсэлт тавьсан боловч 3 дугаар сар хүртэл нэг ч удаа ирж уулзаагүй. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн талаар тушаалыг танилцуулан өгч ажил хүлээн авахаар долоон хүний бүрэлдэхүүнтэй комисс томилон гэрт нь зорьж очсон боловч тушаалыг хариу буцаан өгч, ажлаа хүлээлгэн өгөөгүй. Дахин 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор өөрт нь цаашид багийн эмчээр үргэлжлүүлэн ажиллахыг зогсоох талаар хэлж мэдэгдсэн болно. Эмч Я.Нансалмаа ажиллах хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдаж багийн иргэдэд эргэлт болон дуудлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэггүй. Боршоо багийн иргэдээс Я.Нансалмааг ажлын хариуцлага сайжруулах, ажлаас чөлөөлж өөр эмч томилон өгөхийг удаа дараа хүсэлт тавьж хоёр жил багийн хурлаар хэлэлцэж байсан болно. Цаашид эмч Я.Нансалмаа нь ажиллахад хуулийн зөрчилтэй, ажлын хариуцлагагүй, ёс зүйн хувьд тэнцэхгүй юм” гэжээ. 

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Боршоо багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Талууд энэхүү гэрээнд дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрч байгаа болно. Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Я.Нансалмааг Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн Баянзүрх багийн эмчийн ажилд авахаар санал болгосныг  нэхэмжлэгч Я.Нансалмаа хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцов” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Я.Нансалмаа нь хариуцагч Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвд  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Я.Нансалмааг Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн Баянзүрх багийн эмчийн ажилд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр томилохоор талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

      Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Я.Нансалмаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвөөс 35.100 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

            Түүнчлэн шүүх хуралдаан дээр хариуцагч нь “Гэрч Д.Түнэрэв, Н.Соёл-Эрдэнэ, Б.Сарантуяа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай” хүсэлтээсээ татгалзсан болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Нэхэмжлэгч Я.Нансалмааг Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн Баянзүрх багийн эмчийн ажилд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр томилохоор” зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41.1.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Я.Нансалмаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвөөс 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

          3.  Хариуцагч Увс аймгийн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Чинзориг “Гэрч Д.Түнэрэв, Н.Соёл-Эрдэнэ, Б.Сарантуяа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай” хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар зохигчид нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

                                           

                                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА