Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймаг, Тэс сумын 2 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО62031512, Шангас овогтой Лхамсүрэнгийн Эрдэнийн,

    Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

      Нэхэмжлэгч Л.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай, ам бүл 6. Би 1979 оны 7 дугаар сараас эхлээд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор орж, 1982 оны 7 дугаар сараас цэргийн албанд татагдаж, 1983 оны 6 дугаар сард халагдаж ирээд, мөн оны 7 дугаар сараас нь үргэлжлүүлэн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажилласан. Тэр цагаас хойш 1994 оныг дуустал тасралтгүй тракторын жолоочоор ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримт олдохгүй байгаа тул аймгийн Архивын тасгаас авсан цалингийн тодорхойлолтоо үндэслэн шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор 1979 оны 7 дугаар сараас эхлэн 1994 оныг дуустал 12 жил 6 сар ажилласныг минь сэргээн тогтоож өгнө үү. ... Шүүх хуралдааны цагийг мэдсэн боловч манайх тэр үеэр нүүдэл хийх бөгөөд мал хариулах хүнгүй тул энэхүү шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү”  гэжээ.  

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Л.Эрдэнэ нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

        Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан Лхамсүрэн овогтой Эрдэнийн 1979 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

    Мөн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 47 тоот лавлагаанд: ““Тэсийн тэжээлийн аж ахуй” Улсын үйлдвэрийн газар нь 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Таван тэс” ХК болж өөрчлөгдөж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ.

    Түүнчлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 58 тоот тушаалд: “Тушаах нь: 1. ЗХУ-ын туршлагаар явуулсан нээлттэй захидлын сарын ажлын социалист уралдаанд амжилттай оролцсон жолооч Л.Эрдэнэ ... нарыг тус бүр баярын бичиг, 25 төгрөгөөр шагнасугай. ... Дарга Цэвээн” гэжээ.

    Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ж.Гэндэн, Р.Баатар-Уул нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Баатар-Уул: “Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракточин, хадуурчин, тармурчнаар ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж 1982 онд халагдаж ирээд мөн байгууллагадаа үргэлжүүлэн хадлангийн 2 дугаар /Цагаан бураа/ бригадад 1994 оныг дуустал ажилласан юм. Л.Эрдэнэ нь 1979 онд тус байгууллагад ажиллаж байгаад 1980 оноос 1983 онд цэргийн албанд явж ирээд үргэлжлүүлэн Тэсийн тэжээлийн аж ахуйдаа ажилласан. Л.Эрдэнэ нь  Тэсийн тэжээлийн аж ахуйн Таван салаа бригадад 1979 оноос 1994 оныг дуустал трагкторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн. Бид үе тэнгийн хүмүүс учраас нэгнээ сайн мэднэ. Тэсийн тэжээлийн аж ахуй нь нийт 5 бригад, 2 салаа болон өвс тэжээл бэлтгэдэг байсан. Увс аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн “Таван  тэс” хувьцаат компани болон ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь баруун 5 аймгийн өвс тэжээлийн фонд бэлтгэдэг байгууллага байсан юм. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэж, гэрч Ж.Гэндэн: “Л.Эрдэнэ нь 1979 онд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор орж, улмаар тэндээ 1991 оныг дуустал ажилласан. Тэс сумын Тэжээлийн аж ахуй 1992 онд тарж, “Таван Тэс” компани болсон ба Л.Эрдэнэ 1992 оноос 1994 оны хооронд “Таван Тэс” ХК-нд тракторчноор ажиллаж байсан. Би Л.Эрдэнийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Учир нь бид хоёр хамт ажиллаж байсан. Би 1977 оноос 1994 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Таван тэс компанид тракторчноор ажиллаж байсан. Л.Эрдэнэ бид хоёр 15 орчим жил нэг дор хамт ажиллаж байсан хүмүүс юм. Л.Эрдэнэ нь Д.Батмөнх даргатай хадлангийн 4 дүгээр бригад буюу Таван салаа бригадад тракторчноор, харин би Дунд бух буюу 1 дүгээр бригадад тракторчноор ажиллаж байсан. Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн нар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох гэрч Р.Баатар-Уулын ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот шийдвэр, гэрч Ж.Гэндэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 тоот шийдвэрүүдийн хуулбар тус тус хэрэгт авагдсан байна.  

   Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, “Таван тэс” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

      Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шангас овогтой Лхамсүрэнгийн Эрдэнийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, “Таван тэс” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

             

                                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА