Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1212

 

 

 

   2021        11           11                                        2021/ШЦТ/1212

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч А.Ариунаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Улсбаяр,

хохирогч, шүүгдэгч Э.З, тэдгээрийн өмгөөлөгч С.Тунбаяр,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Р.Хонгорзул,

шүүгдэгч Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.З, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Э.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00008 0195 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20-р хороо Хужирбулангаас Гачуурт орох замд Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас Э.Эгийн жолоодон явсан Тоёота приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн, мөн дүрмийн 2.1-ийн б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэснийг зөрчсөний улмаар өөрийн автомашинд зорчин явсан 7 настай охин У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,  

шүүгдэгч Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20-р хороо Хужирбулангаас Гачуурт орох замд Тоёота приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас Э.Зын жолоодон явсан Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн улмаар Э.Зын эрүүл мэндэд хүнд, 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                    

        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 1803 00008 0195 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Улсбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Осол гардаг өдөр би ажил дээр байж байхад 11 цаг 04 минутад 93021615 дугаарын утаснаас над руу залгаад 44-55 СЭҮ улсын дугаартай Х.Аванте маркийн автомашин гачууртын замд машинтай мөргөлдөөд осол гарсан байна, жолооч нь ухаангүй байна, хүүхэд нь ухаантай юм ярьж байна, ирэх боломж байна уу гэсэн. Тэгээд би шууд ажлаасаа гараад ослын газар луу явж байх замдаа дахиад тэр цагдаа руу залгаад асуусан чинь түргэн тусламж ирээд манай эхнэр, хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан гэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиход манай охин ухаантай байсан ба манай эхнэр ухаангүй байсан. Тэгээд шууд манай эхнэрийг эрчимт эмчилгээний тасаг руу хэвтүүлж эмнэлгийн тусламж үзүүлсэн... охины биед хамар хугарч, баруун тал руугаа нүүсэн, нүдний ухархай хугарсан, зөрсөн, үүдэн дээд нэг шүд мултарсан, доод 3 шүд хугарсан, дээд уруул язарч оёдол тавиулсан, дээд уруул дотор талдаа язарсан, зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, баруун гар хугарсан байсан. Э.Зын биед тархинд цус харвалттай, хавантай, тархины эдийн няцралттай, хүзүү хугарсан, уушги бяцралттай, элэг нь шүүрэлттэй, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, зүүн гар хугарсан байна гэж байсан. Манай эхнэр тухайн өдөр Гачууртын гэрээс гараад хүүхдээ 1 дүгээр сургуульд хүргэж өгөх гээд явж байгаад осолд орсон байсан. Уг автомашин нь миний өөрийн “УБЭН” ХХК-ий эзэмшлийн автомашин байгаа юм. Уг автомашиныг гэр бүлийн хэрэгцээнд би эхнэртэйгээ ээлжилж жолооддог автомашин байгаа юм. Гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-36/,

 

Насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Машины урд сууж байсан гээд дуугарахгүй байлаа. Хүүхэд айдастай байсан учир юм ярихгүй байлаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Уг автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй боловч манай нөхөр бид хоёр ээлжлэн гэр бүлийн хэрэгцээнд унадаг юм. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр миний машиныг жолоодон Гачууртад байдаг эмээ, өвөө дээрээ очих гэж яваад осолд орсон байсан. Миний зөвшөөрлөөр автомашин жолоодож явсан. Урд хэсэг нь нэлээн их эвдрэлтэй байсан. Нарийн сайн мэдэхгүй байна. Машинд учирсан хохирлоо төлүүлмээр байна. Хэрэв манай нөхрийн буруу болсон тохиолдолд бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-48, 50/,

 

Гэрч Х.Эрдэнэтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн өглөө 07 цаг 30 цагт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн автобусны эцсийн буудлаас Арвин хүнсний дэлгүүр орчимд д/а Б.Дэчинжамц, а/а Л.Наранбаатар нарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 10 цаг 30 минутын үед бид гурав эргүүлд явж байгаад Арвин хүнсний дэлгүүр дотор халуун кофе уугаад зогсож байтал дэлгүүрийн урд талын зам дээр хоёр машин мөргөлдөх “түс” гэх чимээ гарсан. Юу болов гээд цонхоор хартал дэлгүүрийн зүүн урд зам дээр хоёр машин мөргөлдсөн байсан. Бид гурав дэлгүүрээс гараад мөргөлдсөн хоёр машин дээр яваад очиход Хюндай Аванте автомашин дотор нэг хүүхэд уйлж байсан. Тоёота Приус-30 машины жолооч авраарай гээд орилж байсан ба Хюндай Аванте маркийн автомашины жолооч нь машиныхаа жолоочийн хаалганы харалдаа машиныхаа хажууд уначихсан ухаангүй байсан, шалгаад үзэхэд амьсгаатай байсан. Би шууд өөрийн 89067181 дугаарын утсаар 103, 102-луу залгаж дуудлага өгч хэргийн газрыг хамгаалалтад авсан. Манай цагдаа Наранбаатар, Дэчинжамц хоёр машин дотор байсан хүүхэд болон Тоёота Приус-30 машины жолоочийг гаргасан байсан. Тэгээд байж байтал түргэн тусламж ирж, эхлээд Хюндай Аванте машины жолооч болон хүүхдийг аваад явсны дараа Баянзүрх дүүргийн замын цагдаагийн бүсийн эргүүлийн офицер ирсний дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газар ирж үзлэг хийсэн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд нь бид гурав хэргийн газрыг хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа орсон. Ослын газар өөр хүн болон автомашин байгаагүй. Мөргөлдсөн хоёр машин л байж байсан. Тоёота Приус-30 автомашины жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. Хюндай Аванте автомашины жолооч болон зорчигч хүүхэд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хүүхэд Хюндай Аванте автомашины урд суудал буюу жолоочийн хажуу талын суудлын урд автомашины салоны доогуур орчихсон, нүүр болон амнаас нь цус гараад уйлж байсан. Жолооч нь автомашиныхаа жолооч талын хаалганы харалдаа зам дээр дээшээ хараад уначихсан, толгойноос нь цус гарсан байдалтай ухаангүй байсан. Тоёота Приус-30 маркийн автомашины жолооч хамгаалалтын бүснээсээ шувтраад жолооны хүрдний доогуур орсон, ил харагдах гэмтэлгүй ухаантай байсан. Ослын улмаас шоконд орсон байдалтай, түргэн тусламж дуудсан уу гээд байн байн асуугаад сандарсан байдалтай, би яах вэ энэ хоёр хүнийг яаралтай эмнэлэг рүү явуулмаар байна гэж ярьж байсан. Ослын газар гараад очиход мөргөлдсөн хоёр автомашинаас өөр автомашин байгаагүй. Хэргийн газрыг хамгаалалтад авч зүүн баруун талаас ирсэн автомашинуудыг ослын газар луу ойртуулахгүй тойруулаад явуулж байсан. Ослын газар тоормосны мөр байсан эсэхийг би анзаарч хараагүй. Уг ослын газар луу харсан камер байхгүй байсан...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 55-56/,

 

Гэрч Л.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн өглөө 07 цаг 30 цагаас 14 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбулангийн автобусны эцсийн буудлаас Арвин хүнсний дэлгүүр орчимд а/д Эрдэнэтогтох, д/а Б.Дэчинжамц нарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 10 цаг 30 минутын үед бид гурав эргүүлд явж байгаад Арвин хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт гараад халуун кофе уугаад зогсож байхад дэлгүүрийн зүүн талын зам дээр “түс” гэх чимээ гарсан. Юу болов гээд цонхоор хартал хар өнгийн Тоёота Приус маркийн, саарал өнгийн Хюндай Аванте маркийн 2 автомашин мөргөлдсөн байсан. Бид гурав дэлгүүрээс гараад мөргөлдсөн хоёр машин дээр яваад очиход Тоёота Приус машины хамраас уур савсаж байсан, машин дотор жолооч ганцаараа байсан ба авраарай гээд орилж байсан жолоочийг Дэчинжамц бид хоёр гаргаад газар суулгасан. Эрдэнэтогтох дуудлага өгөөд зогсож байсан ба бид хоёр Хюндай Аванте автомашин дээр очиход жолоочийн эсрэг талын урд суудал дээр нэг эмэгтэй хүүхэд уйлж байсан би хүүхдийг тэвэрч машинаас гаргаад доор нь юм дэвсээд хэвтүүлээд нөгөө талаар нь тойроод очиход улаан куртиктэй эмэгтэй хүн жолооч талын хаалгаар цээж нь гараад газар дээшээ хараад хэвтэж байсан ба хоёр хөл нь машин дотроо байсан. Тэгээд бид нар тэр эмэгтэйн хөлийг гаргаад газар хэвтүүлээд түргэн тусламж ирэхийг хүлээж байгаад түргэн тусламж ирэхэд нь Хюндай Аванте машинд байсан хүүхэд болон жолооч эмэгтэйг өгч явуулсан. Баянзүрх дүүргийн замын цагдаагийн бүсийн эргүүлийн офицер ирсний дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газар ирж үзлэг хийсэн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд нь бид гурав хэргийн газрыг хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа орсон. Хоёр машин мөргөлдөх “түс” гэх чимээ гараад цонхоор харахад мөргөлдсөн хоёр машины ойр орчимд ямар нэгэн автомашин байгаагүй. Мөргөлдсөн хоёр автомашин зогсож байсан. Ослын газар өөр хүн болон автомашин байгаагүй. Мөргөлдсөн хоёр машин байж байсан. Тоёота Приус-30 автомашины жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. Хюндай Аванте автомашины жолооч болон зорчигч хүүхэд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хүүхэд Хюндай Аванте автомашины урд суудал буюу жолоочийн хажуу талын суудлын урд автомашин салон болон сандал хоёрын голд байсан. Амнаас нь цус гараад уйлж байсан. Хюндай Аванте маркийн автомашины жолооч автомашиныхаа жолооч талын хаалганы харалдаа зам дээр дээшээ хараад хэвтчихсэн хоёр хөл нь машин дотор хавчуулагдсан байсан ба толгойн зүүн талаас нь цус гарсан байдалтай ухаангүй байсан. Тоёота Приус-30 маркын автомашины жолооч хамгаалалтын бүснээсээ шувтраад жолооны хүрдний доогуур орсон ил харагдах гэмтэлгүй ухаантай байсан. Ослын улмаас шоконд орсон байдалтай байсан ба сүүлдээ гайгүй болоод Гачуурт руу эмээгийнх рүүгээ явж байсан гэж байсан өөр зүйл яриагүй. Тоормосны мөр байсан эсэхийг анзаарч хараагүй. Ослын газар гараад очиход мөргөлдсөн хоёр автомашинаас өөр автомашин байгаагүй. Хэргийн газрыг хамгаалалтад авч зүүн баруун талаас ирсэн автомашинуудыг ослын газар луу ойртуулахгүй тойруулаад явуулж байсан. Зам хальтаргаатай байсан, хялмаатай байсан, гадаа цэлмэг нартай, хөдөлгөөний ачаалал байхгүй бага байсан. Дэлгүүр рүү ороод ус буцалгаад кофе найруулаад дөнгөж ууж байтал осол болсон. Би хоёр автомашин мөргөлдөхийг хараагүй. Уг ослын газар луу харсан камер байхгүй байсан...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 58-59/,

 

Гэрч Б.Дэчинжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 07 цаг 30 цагаас 14 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн автобусны эцсийн буудлаас Арвин хүнсний дэлгүүр орчимд а/д Эрдэнэтогтох, а/а Наранбаатар нарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 10 цаг 25 минутын үед бид гурав эргүүлд явж байгаад Арвин хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт гараад халуун кофе уугаад зогсож байтал дэлгүүрийн зүүн талын зам дээр “түс” гэх чимээ гарсан. Юу болов гэтэл а/а Наранбаатар хоёр машин мөргөлдчихлөө хурдан гараарай гээд бид гурав гараад хартал хүнсний дэлгүүрийн зүүн урд замд хар өнгийн Тоёота Приус маркийн, саарал өнгийн Хюндай Аванте маркийн 2 автомашин мөргөлдсөн байсан. Бид гурав дэлгүүрээс гараад шууд наана нь зогсож байсан Тоёота Приус машин дээр очиход жолооч нь хамгаалах бүснээсээ шувтраад жолооны хүрдний доогуур орчихсон ёолоод, аваарай, би буруугүй цээж өвдөөд байна гэж ярьж байсан. Наранбаатар бид хоёр жолоочийг татаж гаргаад газар суулгасан. Эрдэнэтогтох дуудлага өгөөд Гачуурт талаас ирж байсан машинуудыг ослын газраас тойруулж явуулаад зогсож байсан ба а/а Наранбаатар Хюндай Аванте автомашин дээр очиж нэг эмэгтэй хүүхдийг тэвэрч машинаас гаргаад машины хажуухан талд доор нь юм дэвсэж хэвтүүлээд нөгөө талаар нь тойроод очиход улаан куртиктэй эмэгтэй хүн жолооч талын хаалгаар цээж нь гараад газар дээшээ хараад хэвтэж байсан ба хоёр хөл нь машин дотроо байсан. Тэгээд бид нар тэр эмэгтэйн хөлийг гаргаад газар хэвтүүлээд түргэн тусламж ирэхийг хүлээж байгаад түргэн тусламж ирэхэд нь Хюндай Аванте машинд байсан хүүхэд болон жолооч эмэгтэйг өгч явуулсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд нь бид гурав Тоёота Приус автомашины жолооч болон хэргийн газрыг хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа орсон. Би хоёр автомашин мөргөлдөхийг хараагүй “Түс” гэх чимээ гарангуут гараад хартал хоёр автомашин мөргөлдсөн байсан. Би дэлгүүрийн доошоо буудаг шатны хажууд сууж байсан болохоор шууд гарсан. Цонхоор хараагүй. Ослын газар өөр хүн болон автомашин байгаагүй. Мөргөлдсөн хоёр машин байж байсан. Тоёота Приус-30 автомашины жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. Хюндай Аванте автомашины жолооч хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хүүхдийг бүс зүүсэн байсныг мэдэхгүй байна. Би хүүхдийг машин дотор ямар байдалтай байсныг хараагүй, Наранбаатар тэврээд машин дотроос гаргаж ирж байсан. Хүүхдийн уруулын дээд хэсгээс цус гарч байсан. Мөн гар хөл нь хугарчихсан байх шиг байсан. Хүүхэд өөрөө хөл, гар өвдөөд байна гэж байсан. Хюндай Аванте маркийн автомашины жолооч автомашиныхаа жолооч талын хаалганы харалдаа зам дээр дээшээ хараад хэвтчихсэн хоёр хөл нь машин дотор хавчуулагдсан байсан ба толгойноос нь цус гарсан байдалтай ухаангүй байсан. Тоёота Приус-30 маркийн автомашины жолооч хамгаалалтын бүснээсээ шувтраад жолооны хүрдний доогуур орсон ил харагдах гэмтэлгүй ухаантай байсан. Цээж хэсгээр өвдөөд байна гэж байсан. Тоёота Приус-30 маркийн автомашины жолооч нэг их юм ярихгүй байсан ба би зүгээр явж байсан гэж ярьж байсан. Тоормосны мөр байсан эсэхийг анзаарч хараагүй. Ослын  газар  гараад очиход  мөргөлдсөн  хоёр  автомашинаас өөр автомашин байгаагүй. Хэргийн газрыг хамгаалалтад авч зүүн баруун талаас ирсэн автомашинуудыг ослын газар луу ойртуулахгүй тойруулаад явуулж байсан. Зам хальтаргаатай байсан. Бага зэргийн гөлөнтэй, өглөөгүүр хялмаа унасан байсан. Гадаа цэлмэг нартай, цаг агаар тогтуун байсан. Хөдөлгөөн багатай байсан. Дэлгүүр лүү ороод ус буцалгаад кофе найруулаад дөнгөж ууж байтал осол болсон. Уг ослын газар луу харсан камер байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62/,

 

Гэрч О.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...нэг хар өнгийн машин ирж байхаар нь тэр машиныг өнгөрөөгөөд тэргээ түрээд замын хойд тал руу гаръя гэж бодоод эргээд тэрэг рүүгээ алхах гэхэд миний ард тас хийх хүчтэй чимээ гарсан. Би юу болсон юм бол гэж бодоод эргээд харахад миний хажуугаар гарсан хар өнгийн машин нэг саарал өнгийн суудлын машинтай мөргөлдсөн байсан. Би айгаад ойртож чадахгүй байх үед Арвин дэлгүүрээс гурван цагдаа гарч ирээд мөргөлдсөн хоёр машин дээр очсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69/,

 

Гэрч Ш.Ариун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Анх ослын газар очиход Хюндай Аванте маркийн автомашины жолооч болон зорчигчийг түргэн тусламж аваад явсан байсан ба Тоёота Приус автомашины жолооч ослын газар байсан. Хэргийн газрыг эргүүлийн цагдаа нар хамгаалалтад авсан байсан ба Тоёота Приус машины жолооч гэх залуугаас ослын талаар асуухад юм ярихгүй, шоконд орсон байдалтай, анх мөргөлдсөн газрыг асуухад дуугарахгүй байсан. Мөн ослыг харсан гэрч байхгүй байсан учир ослын улмаас зам дээр үүссэн эвдрэлийн ихэнх хэсэг нь байсан газар анх хоёр автомашин мөргөлдсөн “А” цэгийг байрлуулж үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71/,

 

Гэрч Б.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Тоёота Приус автомашины урд талд зам дээр ослын улмаас цацарсан эвдрэлийн ихэнх хэсэг нь байсан учраас уг газар хоёр автомашин анх мөргөлдсөн “А” цэгээр авч үзлэг хийсэн. Бид нарыг ослын газар очиход хэргийн газрыг эргүүлийн цагдаа нар хамгаалалтад авсан байсан ба ослыг харсан гэх гэрч байхгүй байсан. Хюндай Аванте маркийн автомашины жолооч болон зорчигчийг түргэн тусламжаар явуулсан байсан ба ослын газар Тоёота Приус автомашины жолооч байсан. Тоёота Приус автомашины жолооч болох нэг залуу шоконд орсон байдалтай, юм дуугарахгүй байсан ба ослын талаар болон хоёр машин анх хаана мөргөлдсөн талаар асуухад юм дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай:

“У.Эрхцасын биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун гайморын урд ханын хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 11-р шүдний булгарал, 42, 31-р шүднүүдийн хугарал, дээд уруулын дотор талд шарх, 2 хацар, дээд уруулд зулгарал, дээд уруул, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид 1 шүд унах нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /1хх-ийн 124/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1075 дугаартай:

“Э.Эгийн биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 158/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 397 дугаартай:

“Э.Зын биед хүзүүний 2-р нугалмын шүдлэг сэртэн, их хугарал, дух яснаас үргэлжлэн зүүн ухархайн дээд хана дайрсан хугарал, ухархайн дотор ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн уушгины 6-р сигментэд няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн богтос ясны залаа, сэртэнгийн ил хугарал, хамар ясны хугарал, зүүн дух, зулай, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд шарх, зүүн хөмсөг, дух, зовхинд цус хуралт, шарх, 2 шилбэнд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.2, 3.1,3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /1хх-ийн 80/,

 

“Лэндс” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн БЗД-0100412 дугаартай:

“Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины хохирол 9.695.000 төгрөгөөр тогтоов” гэх хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 166-172/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч С.Мөнхдалайн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 655 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-30 маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг автомашины урд бамбай байхгүй, урд бамбайн дотор талын хөндөл төмөр 26,5 см хэмжээтэй дотогш шахагдсан гулзайсан, лонжероны зүүн баруун талын үзүүр дотогш гулзайсан, хөдөлгүүрийн хөргөлтийн радиатор болон сэрүүцүүлэгчийн радиатор дотогш шахагдаж хэлбэр дүрсээ алдсан капот дотогш шахагдсан, урд салхины шил цуурч хагарсан, баруун урд талын далбаа бүхэлдээ дотогш хонхойсон, баруун талын хаалганы хавтас төмөр 50x107см хэмжээтэй талбайд дотогш хонхойж зурагдсан, хаалга 6 см хэмжээтэй ангайж гажсан, зүүн урд талын толины гадна хавтсан гэр байхгүй, зүүн урд талын далбааны зүүн талын урд гэрэлтэй харьцах үзүүр хэсгийн 20х30см хэмжээтэй хэсэг дотогш гулзайсан, баруун, зүүн талын гэрлийн суурь дотогш шахагдаж гэрэл хагарсан, хөдөлгүүрийн хэсэг бүхэлдээ дотогш шахагдсан, хөдөлгүүрийн дээд лап тасарч салсан, converter-дотогш шахагдсан, хөргөх шингэн хадгалах сав хагарч салсан, агаар шүүгчийн гэр хагарсан, хөдөлгүүрийн таг хагарсан, гал хамгаалагчийн суурь дотогш шахагдаж хагарсан, шил арчигчийн шингэн хадгалах сав хагарсан, помп хагарсан зэрэг гэмтэлтэй, тоормосны шингэн хадгалах савны шингэн дамжуулах гуурс хугарч битүүмж алдагдсан, радиаторын доод хөндөл төмөр гулзайсан, зүүн, баруун талын радиатор болон тэвш холбосон дагуу төмөр гулзайсан, хөдөлгүүрийн арьс хагарч тосны шүүр гарч ирсэн, автомашины баруун урд талын дугуй баруун урд талын далбаанаас 6,5 см хэмжээтэй, зүүн урд талын дугуй зүүн урд талын далбаатай наалдаж дугуй хойш шилжсэн зэрэг гэмтлүүдтэй байна. Жолоочийн болон зорчигчийн аюулгүйн хийн дэр гарсан, жолоочийн буюу хянах самбарын доод хэсэг шахагдаж хагарсан, араа солих хөшүүргийн гадна хуванцар хаалт ангайж салсан, жолоочийн болон зорчигчийн дунд байрлах савын таг байхгүй зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашинд үүссэн дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй. Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны ABS системтэй байна. Урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байна. Хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагаа, ABS-ийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно. Автомашин явах боломжгүй тул спидометрийн ажиллагааг шалгах боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 191-202/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 654 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашин урд тал, зүүн тал бүхээг, хөдөлгүүр, хурдны хайрцаг, зүүн урд дугуй зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүр хэсэгт урд бамбай нь хагарч, баруун тал үлдсэн, бамбайн ард байрлах суурь хөндөл төмөр зүүн талаар хойш чиглэлд гулзайсан гэмтэлтэй, дуут дохионы гадна гэр хагарсан гэмтэлтэй, дээд хөндөл төмөр гулзайсан, хөргөлтийн радиатор гулзайж, битүүмжлэл алдсан, урд их гэрлүүд бүрэн хагарч эвдэрсэн гэмтэлтэй, цахилгаан утасууд ил гарч, үзүүр хэсгээр тасарсан гэмтэлтэй, салхины шил арчигчийн шингэн агуулах зориулалтын хуванцар сав хагарсан гэмтэлтэй, хөдөлгүүр, хурдны хайрцаг зүүн талаар хойш шилжсэн, тоормосны хүчлүүр суурийн хамт хойш шилжиж шахагдсан гэмтэлтэй, жолооны хүчлүүрийн шингэн агуулах хуванцар сав хагарч битүүмж алдсан, аккумуляторын батарейн гэр хагарсан, шингэн гоожсон эвдрэлтэй, агаар шүүрийн хоолой салсан, агаар шүүрийн гэр хагарсан эвдрэл, зүүн урд хаалга урд хэсгээс хойү чиглэлд үрчийж, хунирч, будаг ховхорч, эмжээр салсан эвдрэлтэй, зүүн урд хаалганы буудаг шил хагарсан, хаалга гажиж хаагдахгүй болсон гэмтэл, хаалганы доторлогоо салж унасан гэмтэлтэй, хаалганы урд буланд байрлах зүүн гадна толь угаар хугарсан эвдрэлтэй, зүүн урд далбаа үрчийж, нугарч, будаг ховхорсон гэмтэл, капот зүүн урд булангаас хойш чиглэлд хунирч, будаг ховхорсон, дээвэр хонхойсон, урд тэнхлэгний тэвш зүүн булангаар дээш чиглэлд гулзайсан, зүүн их гэрлийн суурь хойш чиглэлд 45 см хэмжээтэй шилжиж гулзайсан гэмтэл, салхины шил 131х90 см хэмжээтэй цуурч бутарч хагарч баруун дээрээс зүүн доош чиглэлд урагдсан, зүүн доод булангаар хойш чиглэлд 41х45 см хэмжээтэй гурвалжин хэлбэртэй нугарсан, урд хянах самбарын хэсгээр дээш чиглэлд овойж салсан, хөгжим, бусад эд ангиуд салж хөндийрсөн, хянах самбарын шил хагарсан, бэхэлгээ сууриар салж хөндийрсөн, хурдны хайрцгийн араа сэлгэх хөшүүрэг сууриар хугарч хажуу тийш унасан, жолооны хүрд бэхэлгээ боолтоор хугарч салсан, хүрдний гол сугарч салсан, зөөлөн яндан урагдаж салсан, хөдөлгүүр хурдны хайрцгийн дэр резин шахагдаж ханзарсан, зүүн хагас гол сугарсан, хөдөлгүүрийн дух хэсгээр тос гоожиж хөлөрсөн, бүхээгний шал голын хэсгээр нугарч гулзайсан, эргэх нударганы бэхэлгээ хэсгээр хугарч салсан, зүүн урд амортизаторын суурь хойш шилжиж гулзайсан, зүүн хойд гэрэл байхгүй, гэрлийн чийдэнгүүд ил гарч унжсан, арын бамбайн зүүн буланд цуурч хагарч, зурагдаж будаг халцарсан, зүүн хойд далбаа, зүүн хойд гэрэлтэй залгаа хэсгээр хонхойж, зурагдсан, жолоочийн суудал урагш чиглэлд шахагдаж гажсан, зүүн урд дугуйн обод дугуй хэлбэрээ алдаж хагарч сэтэрсэн, хаймар дугуй зүсэгдэж, нэвт цоорсон, бүхээг дэх шал урдаас хойш чиглэлд шахагдах хэв гажилтад орж, тоормосны дөрөөний шилбэ шаланд шахаж наалдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв. 3. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөх үндэслэлгүй. 4. Тоормос шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон тоормосны дөрөө бүхээгний шаланд шахагдаж наалдсан тул тоормосны системийн ажиллагааг шалгах боломжгүй. 5. Тоормосны мөрийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн хюндай аванте маркийн автомашин өөрөө явах боломжгүй учир мөр үүсэх эсэхийг тодорхойлох боломжгүй. 6. Спидометр гацсан байна. Спидометр ажиллахгүй болох нь осолд нөлөөлөхгүй. 7. Осол хэргийн газарт тарж бутарсан эд зүйл, Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины дугуйн мөр, тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл, гэмтэл зэргийг үндэслэн хоёр тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийг голлосон байрлалд мөргөлдсөн байх үндэслэлтэй” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 204-218/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай:

“Шинжилгээнд тогтоолд заасан 1, 2-р асуултуудад нэгтгэж хариулахад осол хэргийн газарт хагарч унасан эд зүйл, тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэрэгт үндэслэн хоёр тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй. Зам тээврийн ослын нөхцөл байдлыг нөхөн сэргээх шинжилгээний явцад мөргөлдсөн байрлал, шилжилтийн хавсралт зургийн №34-37-д үзүүлэв. Ослын газар дахь тоормосны дугуйн мөр хоорондын зай нь Хюндай Авента маркийн автомашины дугуйн дотроос дотор хоорондын хэмжилтийн зайтай тохирч байна” гэх нэмэлт дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 222-227/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4099 дугаартай:

“Тоёота Приус маркийн 54-52 УНЯ, Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинуудын эвдрэл, гэмтэл, мөргөлдсөний дараах байрлал, хэргийн газарт тарж цацарсан эд зүйлийн хүрээ, Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины хойд доор байрлах шороо мэт бор өнгийн зүйл зэрэг шинж тэмдэгт үндэслэн мөргөлдөхийн өмнөх агшин дахь тээврийн хэрэгслүүдийн байрлалыг зураг 11-д харуулав... Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины дугуйн мөрийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566/2567 тоот дүгнэлт харуулсан. Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины мөрийг нотлох баримт байхгүй” гэх нэмэлт дүгнэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 10-17/,

 

Криминалистик шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Автомашинууд мөргөлдсөний дараах эвдрэлээс үүссэн эд ангиуд цацагдсан хүрээн дотор “А” цэгийг байрлуулсан байна. Тиймээс “А” цэг нь анх мөргөлдсөн үеийн байрлал буюу анх мөргөлдсөн цэг биш, харин мөргөлдсөний дараах цацарсан эвдрэлийн хүрээн дотор “А” цэгийг байрлуулсан нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 1, 2, 7 дугаар зураг дээрх Хюндай Аванте автомашин явж байсан талаас харуулсан зураг дээр зорчих хэсгийг голлосон тоормосны гэх мөр Тоёота Приус автомашин руу чиглэсэн байна. Мөн тухайн тоормосны мөр хоорондын зайг хэмжиж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаснаар 1.3 метр хэмжээтэй байсан ба Хюндай Аванте маркийн автомашины дугуй хоорондын зайтай тохирч байна. Хэргийн газрын анхны үзлэгээр тэмдэглэсэн “А” цэг дээрх эвдэрсэн эд ангиудын цацарсан хүрээ, гоожсон тос, Тоёота Приус автомашины урд голын хэсэгт үүссэн эвдрэл, Хюндай Аванте маркийн автомашины зүүн урд талын эвдрэл, мөргөлтийн чиглэл зэргийг үндэслэн автомашинууд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 654 тоот дүгнэлт шинжилгээний 3-р хэсэгт тодорхой гаргаж харуулсан, Хюндай Аванте маркийн автомашины эвдрэлийн зах ирмэг, хамгийн их шилжилт, хэв гажилтад орсон цэг гурвыг холбож котикийн аргаар мөргөлтийн чиглэлийг тодорхойлдог. Мөн энэ аргаар Тоёота Приус автомашины мөргөлдөх үеийн чигийг тодорхойлсон байгаа. Дээрх тодорхойлсон цэгүүдээс тухайн үед авто ослын үед автомашинуудын мөргөлдөх үеийн байрлалыг нэмэлт шинжилгээний зураг №34 дээр харуулсан. Зураг №35, 36 дээр мөргөлдөөний дараах тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний чиглэлүүдийг харуулсан байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 233-234/,

 

Замын цагдаагийн албаны техникийн шинжээч Н.Шинэбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 255 дугаартай: 

“Toyota-Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэцогт овогтой Э нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Э овогтой З нь МУ-ын ЗХД-ийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. (Хэргийн газрын үзлэгийн фото зураг дээр үүссэн тоормосны мөр, ШШҮХ-ийн 2018.04.19 №2566, 2567 дүгнэлт, Зураг №32.33 тус тус үндэслэв.) Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэх А цэг үндэслэлгүй байна. (ШШҮХ-ийн 2018.04.19 №2566 тоот дүгнэлт)” гэх дүгнэлт /1хх-ийн 236-237/,

 

Замын Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаартай:

“Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно; /Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт хийгдсэн үзлэгийн үед авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд/ гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна.

Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын замд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Toyota Prius маркийн 54-52 УНЯ, Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн зам тээврийн осолд замын тэмдэг, тэмдэглэл нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал илрээгүй болно. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинжилгээний явцад тогтоогдоогүй болно. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт тухайн зам тээврийн осол үйлдэгдсэн замын өргөн 8.10 метр байгаа нь Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуй хэмжилтээр эсрэг урсгалд ороогүй болохыг харуулж байна. Хэргийн газрын үзлэгийн явцад авагдсан гэрэл зургийн үзүүлэлт №17-д салхины шилний хагархай байгаа нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэл болохгүй. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын замд үйлдэгдсэн зам тээврийн ослын газарт хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн мөр, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс үзэхэд Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлтэй байна. Осол болсны дараах тээврийн хэрэгслүүдийн байрлалаар Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн Эрүүгийн 180300008 дугаартай хэргийн материалд хэргийн газрын үзлэгийн үеийн дүрс бичлэгийг хавсралтаар ирүүлсэн болно. 11. 11, 12 дугаар асуултад хариулт өгөх боломжгүй байна. 12. Уг зам тээврийн ослын газарт хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан “А” цэг үндэслэлтэй эсэх талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариулсан байна” гэх нэмэлт дүгнэлт /1хх-ийн 244-247/,

 

Техникийн шинжээч Ц.Цэвэгжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд “А” цэг нь Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд орсон байхаар байна. “А” цэг нь Э.Эгийн жолоодож явсан машин эсрэг урсгалд байгаагаар тодорхойлогдсон /хавтаст хэрэгт авагдсан/ учраас 54-52 УНЯ улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд орсон байна гэж тодорхойлсон. Осол хэргийн материалаас харахад Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Э.Зын тоормосны мөр нь эсрэг урсгалд орж явсан байдалтайгаар зурагдсан байгаа нь уг автомашин осол болохын өмнө эсрэг урсгалд явж байсныг тодорхойлж байна. Үүнээс үзэхэд Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахдаа осол хэрэг гарсан газар дээр хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зургийг ашиглан гаргасан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн “А” цэгийг тодорхойлсон дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заагдсаны дагуу тухайн шинжээчийн өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэсэн заалттай байдаг учир уг дүгнэлтийг өөрсдийнхөө дүгнэлтэд ашиглаагүй. Осол хэрэг гарсан газар дээрх бүдүүвч зураг дээр тэмдэглэгдсэн Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины тоормосны мөр эсрэг урсгалд байгаа, мөн ослын үеийн автомашины эвдрэл гэмтлийн байдлаас үзэхэд жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж манай шинжээчид үзэж уг дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 234-236/,

 

Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 779 дугаартай:

“Анхны буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийг газрын үзлэгээр анх мөргөлдсөн цэг буюу А цэгийг Э.Зын жолоодож явсан Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины чиглэлд замын хойд захаас 2.90 метрийн зайд байрлуулан авсан нь үндэслэлгүй байх бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... осол хэргийн газарт хагарч унасан эд зүйл, тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэрэгт үндэслэн хоёр тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй”, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4099 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... эвдрэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн нэмэлт зургийн №1-д харагдаж байгаа шороон мөр зэрэгт үндэслэн тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдөх үеийн байрлалыг тоймлож харуулав” гэсэн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэж байна.

Э.Э нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

Э.З нь Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 15, 16, 17 дугаар хуудсанд байх схем зураг, фото зурагт эсрэг урсгалд явж байсан байдал тоормосны мөрөөс харагдаж байна. Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг урсгал сөрснөөс уг осол гарахад нөлөөлсөн байна. Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь жолоогоо зүүн гар тийш дарж зорчих хэсгийн голын тэмдэглэл дээр мөргөлдсөн нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Замын тэмдэг, тэмдэглэгээ осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл илрээгүй. Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй хэмжилтээр эсрэг урсгалд ороогүй болохыг харуулж байна. Үүнээс үзэхэд жолооч Эгийн жолоодож явсан машиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна.” гэх дахин дүгнэлт /2хх-ийн 246-248/

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн

“хэргийн газарт очиход асфальтай, шулуун тэгш, халтиргаатай, суурингийн дотор, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээгээр зорчдог, явган хүний замгүй, замын хойд талдаа хашлагатай, урд талдаа хайстай, камергүй, 8.10 метрийн өргөнтэй замд Хюндай Аванте маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, Тоёота Приус маркийн автомашин ертөнцийн дүгээр зүүн хойшоо харсан байрлалтай зогсож байв. Хюндай Аванте маркийн автомашины зүүн талын урд хойд дугуйнаас хойд зүгт замын хашлага хүртэл 6.40х8.0 метр, Тоёота Приус маркийн автомашины зүүн талын урьд хойд зүгт замын хашлага хүртэл 4.50х2.70 метр, анх хоёр автомашин мөргөлдсөн гэх цэгийг автомашинуудын эвдрэл унасан газраар тогтоон мөн Тоёота Приус маркийн автомашины жолоочийг байцуулан тогтоож  А үсгээр тэмдэглэж хэмжилтийг хийв. А цэгээс Хюндай Аванте маркийн автомашин хүртэл 3.30 метр, А цэгээс Тоёота Приус маркийн автомашин хүртэл 1.20 метр, А цэгээс хойд зүгт замын хашлага хүртэл 2.90 метр, А цэгээс В цэг буюу үл хөдлөх цэг хүртэл 8.60х7.90 метр, В цэг нь 166 тоот гэрэлтүүлгийн шон байв. Хюндай Аванте маркийн автомашины дугуйн мөр гэх 15.0х19.50 метр байв. Дугуйн мөрний эхлэлээс хойд зүгт 3.70 метр, урд зүгт 3.0 метр байв. Хюдай Аванте маркийн автомашины зүүн урд дугуй хагарсан, урд бупер, урд хоёр крьлло, урд копут бүгд чихэгдсэн, салхины шил хагарсан. Тоёота Приус маркийн автомашины урд салхины шил хагарсан, урд копут урьд хоёр крьлло, урд бупер бүгд чихэгдсэн, баруун гар талын 2 хаалга чихэгдсэн байв. Автомашины тоормосны мөрийн өргөн нь 15 сантиметр байв. Мөр хооронд зай 1.30 метр байв” гэх тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон баримт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-21/,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...Осол гарсан зам болон мөргөлдсөн хоёр автомашин харагдаж байна. Өгөгдөлтэй дүрс бичлэгийг нээж үзэхэд 1 минут 27 секундийн бичлэг байх ба дүрс бичлэгийн баруун дээд буланд 2017-12-19 10:19:05 /Арвин хүнсний дэлгүүрээс бичлэг хуулбарлан авахад камерын төхөөрөмжийн он сар өдөр нь 1 өдрөөр түрүүлж байгаа гэж байсан/ гэсэн бичигтэй байх ба осол болсон газрын баруун талын зам харагдаж байлаа. Дүрс бичлэгийн 09 секундэд цайвар өнгийн суудлын автомашин гачуурт чиглэл рүү явж өнгөрөх ба араас нь 15 секундэд хар өнгийн суудлын автомашин гачуурт чиглэл рүү явж өнгөрч байна. Дүрс бичлэгийн 47 секундэд дэлгүүр 3 цагдаа гарч ирээд камерын доогуур явж өнгөрөх ба 1 минут 06 секундэд гачуурт руу чиглэлтэй нэг саарал өнгийн суудлын автомашин орж ирээд хурдаа хасаад явж өнгөрч байна. Бичлэг 1 минут 27 секундэд дуусахад ямар нэгэн автомашины хөдөлгөөн байхгүй байлаа. Хөндлөнгийн гэрч нарт тэмдэглэлийг уншуулахад санал хүсэлт байхгүй” гэх тэмдэглэл, хүнсний дэлгүүрээс хуулбарласан бичлэгийн мемори карт /1хх-ийн 32-33/,

 

- эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай тогтоол /1хх-ийн 01-04, 05-06, 07-11/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 12/,

- ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас, шуурхай удирдлагын хэлтэс 102 /1хх-ийн 53-54/, 

- Худалдаа хөгжлийн банкны баримт, бэлэн мөнгөний орлогын баримтууд /1хх-ийн 156, 161-165/,

- Буянт-Оюу ХХК-ийн 54-52 УНЯ улсын дугаартай приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн оношилгооны тодорхойлолт /1хх-ийн 172/,

- 54-52 УНЯ улсын дугаартай приүс-30 маркийн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн №43242, №1199 дугаар хуудас /1хх-ийн 182, 184-186/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 30-33, 41-42/,

- баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 01/,

 

Шүүгдэгч Э.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би осол болсон өдрийн явдлыг юуг ч санахгүй байгаа. Мөн ослын дараа эмнэлэгт хэвтсэн үеийн болсон явдлыг санахгүй байгаа. Би 2005 онд анх жолооч болсон “В” ангиллын жолооч. Жолооны курс төгсөөд хааяа машин жолооддог байсан. Курс төгсөөд 2 жилийн дараанаас тогтмол машин жолоодсон. Миний хүзүүний 2 дугаар нугалам хугаралтай, дух яснаас зүүн ухархайн дээд хана дайрсан хугарал, ухархайн дотор ханын хугарал, тархинд цус харвалттай, зүүн уушгинд няцрал. баруун дунд чөмөг хугарсан, зүүн гарын тохой орчимд хугаралтай байсан. Ослын улмаас гэмтлийн эмнэлэгт 22 хоног хэвтэн эмчлүүлсэн, 1 дүгээр эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо бага зэрэг таяг тулаад бусдын тусламжтай алхаж байгаа. 3 дугаар эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Манай нөхрийн эзэмшлийн автомашин. Гэрчилгээ нь манай нөхрийн “УБЭН” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Ослын газрын зургийг харахад нөгөө автомашин хурдтай намайг мөргөсний улмаас миний машин эргэж харж зогссон байх гэж бодож байна, хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх хүсэлтэй байна...

2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 10 цагийн орчим охин Эрхцасыг хичээлд нь хүргэж өгөхөөр гэр бүлийн хэрэгцээний 44-55 СЭҮ дугаартай Хюндай Аванте маркийн автомашин жолоодоод Гачууртаас хөдөлж явсан. Эрхцас жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Жолооны хүрд зүүн талдаа, механик араатай машин байсан. Урд шөнө нь цас бага хэмжээний орсон байсан, зам нойтон, халтиргаатай байсан, миний урд машин байгаагүй. Тэс Петоролиум шатахуун түгээх станцыг өнгөрөөд 200-300 орчим метр явж байсан. Тухайн өглөө би 50 орчим км/цагийн хурдтай явж байсан, эсрэг урсгалд явсан машинууд зөрөөд өнгөрч явсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалд явсан суудлын хар өнгийн автомашин өөдөөс урсгал сөрөөд ороод ирэхээр нь шууд тоормос гишгэсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Уг машин урсгал сөрж орж ирэхээс өмнө цайвар өнгийн автомашин зөрөөд өнгөрч явсан. Би осол болох үед эсрэг урсгалд ороогүй. Өөрийнхөө эгнээгээрээ 50 орчим км/цагийн хурдтай явж байсан. Машинд камер байхгүй. Эрхцас сэрүүн, урагшаагаа зам руу харж явсан. Бид 2 хамгаалалтын бус зүүгээгүй явсан. Эсрэг усргалаас ирж мөргөсөн машиныг ямар машин байсан. Хэр хурдтай орж ирснийг тэр үед анзаараагүй. Суудлын хар өнгийн машин байсан. Гэнэт өөдөөс урсгал сөрөөд их хурдтай орж ирээд мөргөсөн. Цайвар машин зөрөөд өнгөрсөн. Дараа нь хар машин ороод ирсэн, их хурдтай байсан. Урд машин байгаагүй. Би зөөлөн явдаг, машин гүйцэж түрүүлж явдаггүй, машин жолоодож явахдаа нойрмоглоогүй, анхаарал сарниагүй, зүгээр байсан, архи уугаагүй эрүүл байсан /1хх-ийн 73, 74-76/,

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт машинтай явж байгаад осолд орсон. Өмнө нь би хүүхдээ зөөгөөд Гачууртад амьдардаг байсан. Одоогоор би эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд зөөж явж чадахгүй учраас мөн хүүхдийнхээ сургуулийн ойролцоо байр түрээслэн Улаанбаатар хотод амьдарч байгаа. Ослын улмаас би ажил хийж чадахгүй байнгын гэрийн хүн болсон. Мөн би 75 хувийн хөдөлмөрийн чадваргүйн улмаас группэд орсон байгаа. Одоо миний хөл хугарлын улмаас 2 сантиметрийн зөрүүтэй болсон. Мөн зүүн гарын тохойны үе бяцарч үегүй болсон ба тэнийж нугалрахгүй байгаа. Мөн цус харвасны улмаас байнгын буюу 6 сар курс эмчилгээ, 2 сар тутамд эхсийн тарилга тариулдаг болсон. Би ерөөсөө байнгын эмнэлгийн хяналтад, эмнэлгийн хараанд амьдарч байгаа. ...энэ хэрэг удаан сунжирч байгаа учраас маш их хүндрэлтэй байна. Үнэн зөвөөр хурдан шийдүүлмээр байна. Наад зах нь 2 хүн осол хийсэн байх үед нэгийнх нь бичиг баримт, жолооны үнэмлэхийг хураасан байж, нөгөө талынх нь буюу Эгийн автомашины гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг хураагүй байгаа хардалт төрхөөр санагдаж байна. Одоо гэрч Ш.Ариун-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авч хавтаст хэрэг хавсаргаж өгөхийг хүсэж байна. Одоо энэ хэргийг тал талаас сайн судалж үнэн зөвөөр шийдэж өгнө үү” /3хх-ийн 225/,

Тухайн өдөр 10 цагийн орчим 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын төвөөс, гэрээсээ охин Эрхцасыгаа суулгаад сургуульд нь хүргэхээр явсан. Замдаа Тэс петролиум ШТС-с 10.000 төгрөгөөр шатхуун аваад хөдөлсөн. Ойролцоогоор 500 орчим метр газар явж байхад хэсэг муруй зам тааралдсан. Би тэр муруй зам өнгөрөөд явж байтал миний урдаас нэг машин ирээд осол болсон гэх мэдүүлэг /4 хх-ийн 249/

 

Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим би Гачууртад эмээ, өвөөгийндөө очих гээд Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодоод Баянзүрх дүүргийн нутаг Хужирбулангаас Гачуурт орох замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал Гачууртаас буюу эсрэг урсгалаас нэг цагаан машин гарч ирээд миний урсгал руу урсгал сөрөөд ороод ирсэн, би уг машиныг буцаад өөрийн урсгал руу орчих байх гэж бодоод хурдаа хасаад тоормосоо гишгэтэл тэр машин шууд өөдөөс гулсаж орж ирээд миний машины өөдөөс мөргөсөн, тэгээд би ухаан алдсан байсан. Тэгээд би нэг сэрсэн чинь машин дотроо сууж байсан ба нэг цагдаа хүрч ирээд миний бүсийг тайлаад намайг татаж гаргаад замын хажууд хэвтүүлсэн. Тэгээд тэр цагдаа нар түргэн тусламж дуудаж өгсөн ба нэлээн удаж байж түргэн тусламж ирээд нөгөө машины жолооч болон тэр машинд сууж явсан хүүхдийг аваад явсан. Нөгөө машины жолооч нь ухаангүй байсан ба хамт явсан хүүхдийн нүүрнээс нь нэлээн цус гарсан байсан. Нөгөө машины жолооч, зорчигч хоёрыг түргэн тусламж аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газар үзлэг хийсэн. Би автомашиндаа ганцаараа явж байсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийхэд би хэргийн газар байсан. Би анх мөргөлдсөн “А” цэгийг заагаагүй, ослын газар үзлэг хийсэн байцаагч анх мөргөлдсөн цэгийг тогтоож үзлэг хийсэн. Би уг нь үзлэг хийж байсан байцаагчид би өөрийн урсгалд явж байсан, намайг энд мөргөсөн гэж хэлсэн боловч миний хэлснийг тоогоогүй. Би өөрийн урсгалдаа явж байхад нөгөө машин урсгал сөрж гулгаж орж ирээд миний машиныг мөргөсөн учраас би анх мөргөлдсөн “А” цэгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би нөгөө автомашиныг урсгал сөрөөд миний өөдөөс гараад ирэхийг яг хэдэн метрийн зайнаас харснаа хэлж мэдэхгүй байна. Тэр автомашин замын эргэлттэй хэсэг дээрээс урсгал сөрөөд ороод ирсэн. Би тэр машиныг буцаад эгнээндээ орчих байх гэж бодтол өөдөөс гулгаж орж ирээд мөргөлдсөн. Зам дээр цас ороод нойтон халтиргаатай байсан, автомашины хөдөлгөөн байхгүй байсан, гадаа цэлмэг нартай цаг агаар тогтуун байсан. Би 45 километр цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78/,

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, техникийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхийн хуулбар, жолоочийн хариуцлагын даатгалын маягтын хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн автомашины үнэлгээний 01/24 дугаар тогтоол  /2хх-ийн 24-29, 35, 102/,

шүүгдэгч Э.Зын цахим үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цаа-Од ХХК-ийн А/37 дугаар тоотын тодорхойлолт, Пи Эс Даблью ХХК-ийн хүсэлт, техникийн тодорхойлолтын хуулбар, гадаад паспортын хуулбар, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /2хх-36-40, 43-44, 46-58, 91-94, 4хх-228/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгч нарыг яллагдагчаар асууж байцаалт авахдаа, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.З, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээдүүд хуульд зааснаар гаргасан байх тул холбогдох дүгнэлтүүдиийг үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20-р хороо Хужирбулангаас Гачуурт орох замд 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүд зам тээврийн осолд өртжээ.

Уг орчин дахь зам нь эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ бүхий 1 зорчих хэсэгтэй, зорчих хэсгийн ертөнцийн зүгээр урт тал нь үргэлжилсэн цагаан зураасаар эгнээ болон тусгаарлах зурвасыг тэмдэглэсэн, тусгаарлах зурвасын урд талаар тулгуур бүхий үргэлжилсэн хөндлөн төмөр хамгаалалттай, хойд тал нь өндөр бордюраар хашлага үүсгэн явган хүний зам зассан хэсэгтэй байна.

 

Энэ осол хэргийн газрыг тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаагийн алба хаагч нар богино хугацаанд хамгаалалтад авч, тухайн хэргийн газар руу өөр бусад тээврийн хэрэгслийг нэвтрүүлээгүй нь маш сайн ажиллагаа болжээ.

Ийн богино хугацаанд оновчтой арга хэмжээ авснаар хэргийн газрын үзлэг явуулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитоор тогтоох, хэргийн газарт үзлэг хийх бүрэлдэхүүний ажилд чухал үүрэг, ач холбогдолтой байдаг.

Хэргийн газарт үзлэг хийхэд саад бэрхшээлтэй байсан, эргэлзээтэй байсан гэх нөхцөл байдал, шалтгаан тогтоогдоогүй болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, осол хэргийн хэмжилтийн бүдүүвч зэргээс харагдана.

 

Хавтаст хэрэгт 3 төрлийн шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Үүнд: 1. Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоохоор ШШҮХ-ийн шинжээч эмч, 2. Эд зүйлд учирсан эвдрэлийн шинж байдал, ул мөрийг тогтоохоор ШШҮХ-ийн криминалистикийн шинжээч, 3. Замын хөдөлгөөний дүрмийн заалтын ямар заалтыг хэн зөрчсөнийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч нар тус бүр шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

 

Уг зам тээврийн осол хэрэгт 2 тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн цэгийг хэргийн газрын үзлэгээр тогтоосон байх бөгөөд энэ тогтоосон цэгийг үндэслэж осол хэрэг болоход хэний буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг тогтоох ажиллагааг явуулсан байна. Хэрэгт анх мөргөлдсөн А цэгийг зөв тогтоосон эсэхийг шалгуулахаар криминалисткийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулж, мэдүүлэг авчээ.

 

Криминалисткийн шинжээч нь гэмт хэргийн улмаас үүссэн ул мөр, үүссэн гэмтэл, эвдрэл, уг эвдрэл гэмтлийн үүсэх боломжийг тогтоодог. 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч нар нь өөрсдийн мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргаж, дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан байна.

 

-1. Тээврийн хэрэгсэлүүд мөргөлдсөн анхны цэгийн тухай:

“Осол хэргийн газарт хагарч унасан эд зүйл, тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэрэгт үндэслэн хоёр тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй. Зам тээврийн ослын нөхцөл байдлыг нөхөн сэргээх шинжилгээний явцад мөргөлдсөн байрлал, шилжилтийг хавсралт зургийн №34-37-д үзүүлэв. Ослын газар дахь тоормосны дугуйн мөр хоорондын зай нь Хюндай Авента маркийн автомашины дугуйн дотроос дотор хоорондын хэмжилтийн зайтай тохирч байна” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай нэмэлт дүгнэлт, 

криминалистикийн шинжээч Г.Цэндсүрэнгийн “Автомашинууд мөргөлдсөний дараах эвдрэлээс үүссэн эд ангиуд цацагдсан хүрээн дотор “А” цэгийг байрлуулсан байна. “А” цэг нь анх мөргөлдсөн үеийн байрлал буюу анх мөргөлдсөн цэг биш. Харин мөргөлдсөний дараах цацарсан эвдрэлийн хүрээн дотор “А” цэгийг байрлуулсан нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 1, 2, 7 дугаар зураг дээрх Хюндай Аванте автомашин явж байсан талаас харуулсан зураг дээр зорчих хэсгийг голлосон тоормосны гэх мөр Тоёота Приус автомашин руу чиглэсэн байна. Мөн тухайн тоормосны мөр хоорондын зайг хэмжиж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаснаар 1.3 метр хэмжээтэй байсан ба Хюндай Аванте маркийн автомашины дугуй хоорондын зайтай тохирч байна. Хэргийн газрын анхны үзлэгээр тэмдэглэсэн “А” цэг дээрх эвдэрсэн эд ангиудын цацарсан хүрээ, гоожсон тос, Тоёота Приус автомашины урд голын хэсэгт үүссэн эвдрэл, Хюндай Аванте маркийн автомашины зүүн урд талын эвдрэл, мөргөлтийн чиглэл зэргийг үндэслэн автомашинууд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. Хюндай Аванте маркийн автомашины эвдрэлийн зах ирмэг, хамгийн их шилжилт, хэв гажилтад орсон цэг гурвыг холбож котикийн аргаар мөргөлтийн чиглэлийг тодорхойлдог гэх мэдүүлэг тайлбар,

“Анхны буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийг газрын үзлэгээр анх мөргөлдсөн цэг буюу А цэгийг Э.Зын жолоодож явсан Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины чиглэлд замын хойд захаас 2.90 метрийн зайд байрлуулан авсан нь үндэслэлгүй байх бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... осол хэргийн газарт хагарч унасан эд зүйл, тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэрэгт үндэслэн хоёр тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй”, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4099 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... эвдрэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн нэмэлт зургийн №1-д харагдаж байгаа шороон мөр зэрэгт үндэслэн тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдөх үеийн байрлалыг тоймлож харуулав” гэсэн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэж байна гэх Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 779 дугаартай дахин дүгнэлт зэрэг нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон “А цэг” гэх цэг нь тээврийн хэрэгсэлүүд анх мөргөлдсөн цэг биш. Харин ослын дараа үеийн буюу хэргийн газарт үүссэн ул мөрний хүрээний голд байрлуулсан нь үндэслэлгүй болох талаар шинжээч тайлбарлаж дүгнэсэн байна.

Тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй гэж шинжээч нар дүгнэж, үүнийгээ тодорхой зураглалаар үзүүлжээ.

 

Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт дэх зураг 4, 15, 16, ШШҮХ-н 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 654 дугаартай болон 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд дэх мөргөлдөх үеийн байрлалыг харуулсан зураглал зэргээс үзэхэд 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд хэсгийн баруун талаар, 44-55 СЭҮ улсын дугаартай хюндай аванте маркийн тээврийн хэрэгсэл зүүн урд гэрэлийн хэсгээрээ мөргөлдсөн байна.

Зураг 5, 6, 17 дугаартай зурагуудад 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын 2 дугуй нь явж байгаа эгнээндээ байгааг харуулсан байна.

Мөн зураг 2, 3, 7 дугаартай зургуудад 44-55 СЭҮ улсын дугаартай хюндай аванте маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөр гарсан байх бөгөөд энэ мөрийг тухайн тээврийн хэрэгслийн мөр мөн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Уг мөрний зурагт авагдсан байдлаас дүгнэхэд 44-55 СЭҮ улсын дугаартай хюндай аванте маркийн тээврийн хэрэгсэлийн ихэнх хэсэг нь эсрэг урсгал руу орж явсан болох нь илэрхий харагдаж байна. Учир нь мөргөлдөхөөс өмнөх хэсэгт тээврийн хэрэгслийн баруун талын дугуйны мөр эгнээг тусгаарласан цагаан зураасны хойд зах эрмэг хэсгээр, зүүн талын дугуйны мөр эсрэг урсгалын гол хэсгээр явсан байна.

 

Энэ байдлаар зурагт тэмдэглэлгдсэн байдал нь шинжээч нарын гаргасан Э.Зыг эсрэг урсгал сөрж явсан, Э.Эг өөрийн эгнээнд явсан, 2 тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн голд мөргөлдсөн болохыг тогтоосон дээрх дүгнэлттэй тохирч байх тул шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Иймд тээврийн хэрэгсэлүүдийн анх мөргөлдсөн цэг нь 2 эгнээний заагт, зорчих хэсгийг гололсон байрлалд байна гэж дүгнэх үндэслэлтэй юм. Учир нь Э.З эсрэг урсгалаас буцаж баруун гар талын өөрийн зорчих ёстой эгнээндээ орох гэж оролдсон, Э.Э аюултай байдлыг боломжтой байдлаар зайлуулах гэж зүүн тийш жолооны хүрдийг эргүүлсэн нь тухайн зорчих хэсгийн голд огтлолцсон байна.

 

Шүүгдэгч Э.Э нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн урсгалаар, эгнээндээ байрлалыг зөв эзлэж явсан байх ба эсрэг талаас урсгал сөрж урдаас нь орж ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс бултуулах, учрах аюулаас зайлах үйлдэл хийж зүүн гар тийш жолооны хүрдийг эргүүлэх үйлдэл хийжээ.

Ийнхүү шүүгдэгч Э.Эгийн хийсэн дээрх үйлдэл нь түүний жолоодож явсан 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хэсгийг зорчих хэсгийг гололсон байрлалтайгаар нөгөө машинтай мөргөлдөж, зогсоход хүргэсэн байна.

 

Э.Э нь тухайн нөхцөлд жолоодож явсан тээврийн хэрэгслиийн жолоодлогыг зорчих хэсгийн баруун тал руу эргүүлснээр учрах аюулыг зайлуулах боломжгүй байжээ. Учир нь түүний баруун тал буюу зорчих хэсгийн урд хэсэгт үргэлжилсэн төмөр хамгаалалт байсан байна. Тиймээс тэрээр зүүн талруугаа жолооны хүрдийг эргүүлж залан аюултай байдлыг зайлуулах оролдлого хийсэн байна.

Бидний оршин байгаа дэлхий дээр амьдарч байгаа бүх амьд биет өөрийгөө учрах аюулаас хамгаалах, чиглэн ирж байгаа аюулаас зайлах, бултах үйлдлийг хийх байгалийн өгөгдөл, рефлекстэй байдаг.

 

            -2. Замын хөдөлгөөний дүрмийн заалтын ямар заалтыг хэн зөрчсөн тухай:

“Toyota-Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэцогт овогтой Э нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Э овогтой З нь МУ-ын ЗХД-ийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх ЗЦА-ны техникийн шинжээч Н.Шинэбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт тухайн зам тээврийн осол үйлдэгдсэн замын өргөн 8.10 метр байгаа нь Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуй хэмжилтээр эсрэг урсгалд ороогүй болохыг харуулж байна. Хэргийн газрын үзлэгийн явцад авагдсан гэрэл зургийн үзүүлэлт №17-д салхины шилний хагархай байгаа нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэл болохгүй. Зам тээврийн ослын газарт хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн мөр, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ШШҮХ-н Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс үзэхэд Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлтэй байна. Осол болсны дараах тээврийн хэрэгслүүдийн байрлалаар Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн ЗЦА-ны Техникийн шинжилгээний 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаар дүгнэлт,

“...Э.Э нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Э.З нь Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 15, 16, 17 дугаар хуудсанд байх схем зураг, фото зурагт эсрэг урсгалд явж байсан байдал тоормосны мөрөөс харагдаж байна. Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг урсгал сөрснөөс уг осол гарахад нөлөөлсөн байна. Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь жолоогоо зүүн гар тийш дарж зорчих хэсгийн голын тэмдэглэл дээр мөргөлдсөн нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй хэмжилтээр эсрэг урсгалд ороогүй болохыг харуулж байна. Үүнээс үзэхэд жолооч Эгийн жолоодож явсан машиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна гэх Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 779 дугаартай дахин дүгнэлт зэргээр шүүгдэгч Э.Э нь ямар нэгэн буруу үйлдэл гаргаагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь, шүүгдэгч Э.З нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн болох нь тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэхээр хуульчилсан.  

Уг хуулийн шаардлагын дагуу эрх бүхий албан тушаалтан нь 3, 5, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилжээ. Үүний дагуу Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч нар дүгнэлт гаргасан байх бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр 779 дугаартай дүгнэлт гаргасан нь өмнөх 3 шинжээчийн дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй эсхийг эцэслэн дүгнэсэн байна.

Энэ дүгнэлтээр шүүгдэгч Э.Эг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтүүдийг үндэслэлгүй болохыг үгүйсгэн тогтоосон болно.

Иймд Тээврийн цагдаагийн албаны техникийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 779 дугаартай дүгнэлтийг үнэн зөв гэж үзэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөдөөс нь урсгал сөрөн ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс зайлуулж жолоогоо зүүн гар тийш дарж зорчих хэсгийн голын тэмдэглэл дээр нөгөө тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнийг эсрэг урсгал сөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Э.Эгийн эсрэг урсгал сөрөөгүй болох нь түүний жолоодож явсан 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй нь хэмжилтээр эсрэг урсгалд ороогүй байгаагаар тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн шүүгдэгч Э.Эгийн “2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20-р хороо Хужирбулангаас Гачуурт орох замд Тоёота приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас Э.Зын жолоодон явсан Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн улмаар Э.Зын эрүүл мэндэд хүнд, 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйлдэл нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний газрын автотехникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлт, Криминалисткийн шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг, ЗЦА-ны техникийн шинжээчийн 2018 оны 04 сарын 22-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт, ЗЦА-ны техникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт,  Тээврийн цагдаагийн албаны техникийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 779 дугаартай дүгнэлт, шинжээч Ц.Цэвэгжавын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж үзэхэд тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч Э.Эгийн “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Э.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20-р хороо Хужирбулангаас Гачуурт орох замд Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас Э.Эгийн жолоодон явсан Тоёота приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн, мөн дүрмийн 2.1-ийн б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэснийг зөрчсөний улмаас өөрийн автомашинд зорчин явсан өөрийн 7 настай охин У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, өөрийн биед хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Улсбаярын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулын мэдүүлэг, шүүгдэгч Э.Эгийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Криминалисткийн шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг, шинжээч Ц.Цэвэгжавын мэдүүлэг, ЗЦА-ны техникийн шинжээчийн 2018 оны 04 сарын 22-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны техникийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 779 дугаартай дүгнэлт, зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтрээс дээш хэмжээний хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Зам тээврийн осол гарахад Э.З нь хальтиргаатай замд зорчиж байгаагаа мэдсээр байж аюулгүй байдлыг хангаж, тухайн үед тухайн замд тохирсон тохиромжтой хурдыг сонгож яваагүйгээс шалтгаалж эргэлт дээр өөрийн явах ёстой эгнээгээр явж чадалгүй эсрэг урсгалд орсон, улмаар буцаж өөрийн явах ёстой эгнээнд орох гэж яваад орж чадалгүйгээр эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөжээ.

 

Э.З болон насанд хүрээгүй хохирогч У.Эрхцас нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Э.Зын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэснийг зөрчсөн үйлдэлээс шууд шалтгаалсан байна. Хэрэв хамгаалах бүсийг зүүж явсан бол учрал хохирол багасах магадлалтай юм.

 

Нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, түүний буруутай үйлдэл болох Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 2.1-ийн б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;”..... гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд, хамт зорчиж явсан өөрийн охин У.Эрхцасын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирол тус тус учруулан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Э.Зын өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж өөрийн биед гэмтэл учруулсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй учир Тээврийн прокуророос шүүгдэгч Э.Зыг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэж насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хохирогч, шүүгдэгч Э.З нь насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын төрсөн эх, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Улсбаярын эхнэр,

Шүүгдэгч Э.Э нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Р.Хонгорзулын нөхөр болох нь тэдний мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож тус бүрдээ гэр бүлийн харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байна.

 

Өмнөх анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр гэм буруутайд тооцож, хохирогч, шүүгдэгч Э.Зын нэхэмжилсэн эмчилгээний зардал 25.282.000 төгрөг, хюндай аванте маркийн автомашины эвдрэл 4.231.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5.306.000 төгрөгөөс тал буюу 2.653.000 төгрөгийг шүүгдэгч Э.Эгээс гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт олгож, шүүгдэгч, хохирогч Э.Заас 9.695.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулд олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч Э.Э нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд насанд хүрээгүй хохирогчид 2.653.000 төгрөг, Э.Зын эмчилгээний зардлын тодорхой хувь болох 10.000.000 төгрөгийг төлжээ.

 

Мөрдөн байцаалтын явцад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээрийн хэрэгслийн эзэмшигч болохынх нь хувьд иргэн Б.Улсбаярыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар, 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болохынх нь хувьд иргэн Р.Хонгорзулыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Э.Эг буруутгах үйл баримт тогтоогдоогүй учир хэрэгт Р.Хонгорзулыг иргэний хариуцагчаар тогтоогсон нь үгүйсгэгдэх бөгөөд Р.Хонгорзулыг иргэний нэхэмжлэгч гэж үзэх нь зүйтэй юм.

Иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын эрүүл мэндэд учирсан хохирлоос 2.653.307 төгрөг төлснийгээ нэхэмжлэхгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн.

 

Харин өөрийн машинд учирсан хохирлын 9.695.000 төгрөг болон Э.Зын эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг төлснийг, бусад гарсан зардлын хамт нийт 20.205.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Үүнээс иргэний нэхэмжлэгчийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан, үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 9.695.000 төгрөгийг шүүгдэгч Э.З болон иргэний хариуцагч Б.Улсбаяр нараас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Э нь 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг тодорхойлуулах, шүүх шинжилгээний газарт хүргүүлэхэд зэргээр “ЮУ ЭН ПИ ЭМ ЖИ ЭЛ” ХХК-н ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээг авч 540.000 төгрөгийг, Лэндс ХХК-р автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэж 260.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь 1-р хх-н 161-165-р талд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хохирогч, шүүгдэгч Э.Зын хохиролд гэж 10.000.000 төгрөг төлсөн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш учир хэргийн хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзул болон Э.Э нарын нэхэмжлэлтэй холбогдох хууль ёсны баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Э нь “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч Э.З нь өөрийн буруутай үйлдлийн улмаас өөрийн биед гэмтэл учруулсан нь гэмт хэргийн шинжгүй учир Э.Зын нэхэмжилсэн хохиролыг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Улсбаярын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгч Э.З хариуцах нь зүйтэй боловч гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх учир түүнээс гаргуулж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Тус хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судалахад шүүгдэгч Э.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Иймд шүүгдэгч Э.Зын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, насанд хүрээгүй өөрийн охин хохирогч У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Зын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуулийн шаардлагад хамаарч байх тул түүнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэж, Өршөөлийн тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.

 

2-р хавтаст хэргийн 103-104-р талд эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл байх боловч прокурор зөвшөөрч албажуулаагүй байх учир хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсан байна.

 

Шүүгдэгч Э.Э нь хэргийн учир 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 60 хоног цагдан хоригдсон, шүүдэгч Э.З нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Арвин” хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерын бичлэг бүхий мемори карт 1 ширхэг, сиди 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Тээврийн прокурорын газраас Ш овогт Эын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.  

 

2. Шүүгдэгч Б овогт Эгийн Зыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З, иргэний хариуцагч Б.Улсбаяр нараас 9.695.000 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзул /цж87030361/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулын нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Э.Э, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзул нар нь холбогдох гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.З, иргэний хариуцагч Б.Улсбаяр нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Хэргийн учир шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, Э.Э нь 49 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий мемори карт 1 ширхэг, Сиди 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зд урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Эд урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ