| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00387/и |
| Дугаар | 438 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоот 8 дугаар гудамжны 309-г тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ58072110, Зуутраг овогтой Самдангийн Ёндонгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ёндон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1958 онд төрсөн, 59 настай, ам бүл 3. 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байсан билээ. Одоо тэтгэвэрт гарах нас болж байгаа учир бичиг баримтаа бүрдүүлж байгаа юм. Миний хөдөлмөрийн дэвтэр бүрэн байсан юм. Нэг зун хур борооны усанд ороод устсан. Тэгээд би 2010 онд аймгийн Архиваас цалингийн лавлагаа авсан юм. Иймд миний Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оноос 1989 он дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ёндон нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Холбоо бригадад ажиллаж байсан Самдан овогтой Ёндонгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч С.Ёндонгийн 1984 оны зун 2 ахын хамтаар болон 1986 онд сумын Малчин, төлчдийн хурлын үеэр тус тус авахуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд хэрэгт авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Г.Батхишиг, Р.Пүрвээ нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Батхишиг: “Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1973 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1993 оныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан учраас тухайн нэгдлийн айл өрх болон хүмүүсийн талаар мэддэг юмаа. Нэгдлийн даргын өгсөн үүрэг даалгавраар тухайн нэгдлийн айл өрхийг нь өвөл, хаварт нүүлгэх болон өвс, тэжээлийг нь зөөж, өтөг бууцыг нь хатгах зэрэг ажилд явдаг байсан учраас мэднэ. Жолооч бид нар нэгнийхээ гэрийг нүүлгэх суулгах цаг их байсан. С.Ёндон нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оноос 1990 онд хүртэл мал малласан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл нь 1990 оныг дуустал Цог нэгдэл, 1990 оноос 1992 оныг дуустал Цог компани болон ажилласан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Орлого бригадын даргаар Г.Буянжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Р.Пүрвээ: “Би 1970 оноос 1974 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор, 1974 оноос 1977 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1977 оноос 1992 оны хавар 6 дугаар сар хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан. С.Ёндон нь аав, ээжийн хамт бага наснаасаа бог мал маллаж байсан. Би тухайн үед нэгдлийн малчдын өвс тэжээл, нүүдэл суудалд нь явдаг байсан учраас мэднэ. С.Ёндон нь 1981 оноос 1989 он дуустал буюу нэгдэл тарах хүртэл Цог нэгдлийн Орлого бригадад мал маллаж байсан, малчин хүн юм. С.Ёндон нь 1996 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Ёндонгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ёндонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Самдангийн Ёндонгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ёндонгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА