Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт оршин суух, 1964 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ64022677, Зуутраг овогтой Буянтогтохын Тогтоогийн,

     Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тогтоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

    Нэхэмжлэгч Б.Тогтоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1964 онд төрсөн, 53 настай. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материал үйлдвэрийн дугуй зууханд ээлжийн галчаар 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр анх ажилд орсон. Мөн ажиллаж байгаад 1986 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дугуй зуухны тоосго өргөгч, гаргагчаар ажилласан билээ. Ингээд 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус ажлаас цомхотголоор гарсан юм. Барилгын биржийн боловсон хүчин миний хөдөлмөрийн дэвтрийг өгөөгүй. Сүүлд дахин хөдөлмөрийн дэвтрээ хайсан боловч олж авч чадаагүй. Иймд миний ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.         

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.Тогтоо нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

     Хэрэгт авагдсан: - Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд “... 1. Тус үйлдвэрийн материал үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагаар үйлдвэрийг 3 ээлжинд шилжүүлж ажиллах болсон тул Буянтогтох овогтой Тогтоог 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дугуй зуухны ээлжийн галчаар авч ажиллуулсугай. ... Дарга Нүүнээ” гэж,

 - Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрийн даргын 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 65 тоот “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалд “Тушаах нь: 1. Дугуй зуухны галчаар ажиллаж байсан Буянтогтох овогтой Тогтоог 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дугуй зуухны галчийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн дугуй зуухны тоосго өргөгч, гаргагчийн ажилд шилжүүлэн томилсугай. ... Дарга Нүүнээ” гэж,

   - Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар “Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай” тушаалд “... 1. Дээрх тогтоолын заалтын шаардлага биелүүлсэн ажилчид, үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтан 638 хүнийг 184.349 төгрөгөөр шагнасугай. ... Дарга Т.Батзул” гээд уг тушаалын хавсралтын 9 дүгээрт “Буянтогтохын Тогтоо 151 төгрөг” гэж,

   - Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 703 тоот  “Мэргэжлийн ангийг шинэчлэн зохион байгуулах тухай” тушаалд “1. БНМАУ-ын иргэний хамгаалалтын мэргэжлийн ангийн оролцоо, зохион байгуулалт, хангалтын зааврыг үндэслэн дараах мэргэжлийн ангийг зохион байгуулсугай. ... Дарга Т.Батзул” гээд уг тушаалын хавсралтын 6 дахь хэсгийн 16 дугаарт “Б.Тогтоо” гэж,

  - Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулах тухай” тушаалд: Барилгын биржийг зохион байгуулж, түүний дотоод нэгжийг байгуулсан тухай,

   - Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар тушаалд “... 1. Барилга материал үйлдвэрийн тоосго шатаах дугуй зуухны өргөгч, гаргагч ажилтай Буянтогтох овогтой Тогтоо ... нарыг 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, аймгийн Хөдөлмөрийн биржийн мэдэлд шилжүүлсүгэй. ... Захирал Д.Цээпил” гэжээ.

Мөн хэрэгт Б.Тогтоод 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Барилгын материалын үйлдвэрийн захиргаанаас олгосон “Баярын бичиг” эх хувиар авагджээ.

   Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Дорж, Л.Дамдинсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Дорж: “Би 1980 оноос 1995 оны хооронд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводад өрлөгчин, галч, үнс нурам цэвэрлэгч гэх ажлуудыг хийдэг байсан. Харин Б.Тогтоо мөн 1980 оноос 1995 он хүртэл өрлөгчин, галч, үнс нурам цэвэрлэгч гэх ажлуудыг хийдэг байсан. Бид хамтдаа нэг бригадад ижилхэн ажил хийдэг байсан учраас нэгнээ сайн мэднэ. Тэр үед байгууллагын даргаар Ч.Нүүнээ, үйлдвэрийн инженерээр А.Өвгөнхүү, И.Батнасан гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Л.Дамдинсүрэн: “Б.Тогтоо нь 1980 оноос 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Тоосгоны үйлдвэрийн Дугуй зууханд галч, өргөгч, үнс нурам цэвэрлэгч гэх мэтийн ажлыг хийдэг байсан. Тухайн үед би Дугуй зуухны бригадын даргаар ажиллаж байсан учраас Б.Тогтоог сайн мэдэж байна. Би 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тэтгэвэртээ гарахад Б.Тогтоо нь тухайн байгуулагадаа ажиллаад үлдсэн. Тэр үед байгууллагын даргаар Ч.Нүүнээ, үйлдвэрийн инженерээр А.Өвгөнхүү, И.Батнасан гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.  

   Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Тогтоогийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Тоосго шатаах зуухны галчаар, 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Тоосго шатаах зуухны тоосго өргөгч, гаргагчаар, Увс аймгийн Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Тоосго шатаах зуухны тоосго өргөгч, гаргагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тогтоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Буянтогтохын Тогтоогийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Тоосго шатаах зуухны галчаар, 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Тоосго шатаах зуухны тоосго өргөгч, гаргагчаар, Увс аймгийн Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Тоосго шатаах зуухны тоосго өргөгч, гаргагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Тогтоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА