| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00300/и |
| Дугаар | 440 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 2-25 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ57102711, Булгадар овогтой Жураагийн Баянцогийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Баянцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Баянцог шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1976 оны 4 дүгээр сараас Усны аж ахуйн яамны харъяа Увс аймаг дахь Усны аж ахуйг удирдах газарт туслах ажилчнаар орж ажиллаж байгаад 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд үргэлжлүүлэн 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймаг дахь Усны аж ахуйг удирдах газарт туслах ажилчнаар ажилласан. Миний ажиллаж байсан Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газар нь 1991 онд тарж, Их нуур хувьцаат компани болсон ба би үргэлжлүүлэн тус компанид туслах ажилчнаар шилжин ажиллаж, Их нуур хувьцаат компанийг 1994 онд тартал ажилласан. Миний ажиллах хугацаанд хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон тушаалд намайг “Журнайгийн Буянцог” гэж, хөдөлмөрийн дэвтэрт “Журдаагийн Баянцог” гэж тус тус зөрүүтэй бичсэн байна. Миний аавыг “Журдай” гэдэг байсан, гэтэл иргэний үнэмлэхэд “Жураа” гэж бичигдсэн байдаг. Мөн миний ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байна. Иймд шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Би ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, шагнал урамшил авч байсан бөгөөд эдгээр баримтыг хуулбарлан нотлох баримтаар нэхэмжлэлдээ хавсаргалаа. Хэдийгээр би Усны аж ахуйн удирдах газар болон Их нуур ХХК-д туслах ажилчнаар тасралтгүй 1976 оноос 1995 он хүртэл ажилласан боловч ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулиар 1991 оноос 2000 оны хоорондох 11 жилийг нөхөн тооцуулсан. Иймд миний 1976 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн намайг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Баянцог нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба шүүх хуралдааны явцад хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг тус тус гаргажээ.
Хэрэгт 1981 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газраас “Журдаагийн Баянцог”-т олгосон хөдөлмөрийн дэвтэр байх бөгөөд тухайн дэвтэрт бичигдсэн Ж.Баянцогийн нэр, түүний төрсөн огноо болон гэрэл зураг нь иргэний үнэмлэх дээрх мэдээлэлтэй тохирч байх тул Ж.Баянцогийг тухайн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн дээрх хөдөлмөрийн дэвтэрт “1976 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Усны аж ахуйн Усан сангийн бригадад ажилчнаар томилогдож, 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан, 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн Усан сангийн бригадад ажилчнаар ажиллаж, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Усны аж ахуйн Барилга угсралтын трестийн Полигон цехэд ажилчнаар, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Их нуур” ХК-д ажилчнаар” тус тус ажилласан тухай бичилтүүд хийгджээ.
Тухайн хөдөлмөрийн дэвтэрийн 1 дэх бичилт буюу 1976 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Усны аж ахуйн Усан сангийн бригадад ажилчнаар томилогдсон гэх бичилт нь хэрэгт авагдсан Усны аж ахуйн яамны харьяа Увс аймаг дахь Усны аж ахуйг удирдах газрын даргын 1976 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 53 тоот тушаалын бичилттэй тохирч байна.
Мөн нэхэмжлэгчийн 1977 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цэрэг татлагад татагдаж, 1977 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Ардын армийн 022 дугаар ангид алба хаасан нь түүний 364790 тоот “Цэргийн батлах”-аар тогтоогдож байна.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор Ж.Баянцогийн 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал, 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал, мөн 1992 оны 1, 4, 9, 11 дүгээр саруудад Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестэд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн 1977 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон “Зуу давсан хувьтны эзэн” үнэмлэхний хуулбар, 1983 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Усны аж ахуйн удирдах газрын Намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Баярын бичиг”, 1986 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газрын Намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Баярын бичиг”, 1987 онд Усны аж ахуйн Барилга угсралтын трестийн Намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Баярын бичиг”, Усны аж ахуйн удирдах газар байгуулагдсаны 20 жилийн ойн “Баярын мэндчилгээ” зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Д.Жоохүү, Д.Алтанпүрэв нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Жоохүү: “Би 1972 онд Усны аж ахуйн яамны харъяа Увс аймаг дахь Усны аж ахуйг удирдах газарт Өрмийн мастераар ажиллаж байхад Ж.Баянцог нь тус байгууллагад 1976 онд туслах ажилчнаар ажилд орж байсан. Бид хамтдаа нэг байгууллагад ажилладаг байсан учраас сайн мэднэ. Бид хамтдаа үерийн далангийн хавтан цутгах ажлыг хийж байсан. Тухайн байгууллага нь 1991 онд тарж, “Их нуур” хувьцаат компани болон үйл ажиллагаа явуулж байсан. Ж.Баянцог бид нар хамтдаа “Их нуур” хувьцаат компанид 1994 оныг дуустал ажилласан. Тухайн байгууллагын даргаар н.Авирмид, н.Дагван, н.Саманд гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Алтанпүрэв: “Би 1971 оны 7 дуаар сарын 11-ний өдөр Усны аж ахуйн яамны харъяа Увс аймаг дахь Усны аж ахуйг удирдах газарт дизельчнээр ажиллаж байхад Ж.Баянцог нь анх усан сангийн бригадад 1976 онд туслах ажилчнаар ажилд орж байсан. Бид хамтдаа нэг байгууллагад ажилладаг байсан учраас нэгнээ сайн мэднэ. Манай байгууллага нь 1991 онд тарж “Их нуур” хувьцаат компани болон үйл ажиллагаа явуулж байсан. Ж.Баянцог нь тухайн байгууллагад усан сангийн бригад, хавтангийн бригадад тус тус ажиллаж байсан. “Их нуур” хувьцаат компани нь 1994 оныг дуустал ажилласан. Тухайн байгууллагын даргаар н.Авирмид, н.Дагван, Д.Саманд гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар 1981 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газраас олгосон 687929 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгадар овогтой Жураагийн Баянцог мөн болохыг тогтоож, Ж.Баянцогийн 1976 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газарт туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баянцогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар 1981 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газраас олгосон 687929 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгадар овогтой Жураагийн Баянцог мөн болохыг тогтоож, Ж.Баянцогийн 1976 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газарт туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баянцогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА