| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00357/и |
| Дугаар | 444 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Барилгачдын талбай-13, Барилгын корпорацын байр, 1а-03 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011219017, регистрийн 2847396 дугаартай, “Газар дэлхий” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 24.982.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чулуунбат, Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК-ийн захирал Ж.Осоржамаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх УВЗҮ-02/2014 тоот гэрээ байгуулан ажилласан бөгөөд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 тоот тогтоолоор баталгаажуулан гэрээний хугацаандаа хүлээлгэн өгсөн. Уг гэрээт ажлын нийт үнийн дүн 94.982.250 төгрөг бөгөөд үүнээс 70.000.000 төгрөгийн санхүүжилтийг авсан ба 24.982.250 төгрөгний санхүүжилт авах дутуу байна. Тус гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэхийн тулд бидний зүгээс ихээхэн хичээл зүтгэл гарган банкнаас зээл аван гүйцэтгэсэн бөгөөд 2015 оноос 2016 онд бид улс, орон нутгийн төсөв хүндэрсэн байдлыг харгалзан үзэж тэвчээртэйгээр хүлээж байсан. Гэвч компаний хөрөнгө санхүүгийн байдал хүндэрч зээлээ төлж чадахааргүй хэмжээнд хүрээд байгаа юм. Манай компани Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг олгож өгөхийг хүссэн албан бичгийг удаа дараа явуулсан боловч нэг ч удаа албан ёсоор хариу аваагүй байна. Манай байгууллага гүйцэтгэгч талын хувьд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд захиалагч тал болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд гэрээнд заагдсан ажлын үлдэгдэл санхүүжилт болох 24.982.250 төгрөгийг Увс аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, М.Чулуунбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК-ийн гэрээт ажлын үлдэгдэл санхүүжилт болох 24.982.250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. “Газар дэлхий” ХХК-иас хээрийн тодруулалтыг 90 хувийн гүйцэтгэлтэй буюу дутуу гүйцэтгэсэн бөгөөд үүнээс улбаалан тухайн ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 24.982.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “Нэхэмжлэгч байгууллага Увс аймгийн газрын хээрийн тодруулалтыг 90 хувийн гүйцэтгэлтэй буюу дутуу гүйцэтгэсэн бөгөөд үүнээс улбаалан тухайн ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, “Газар дэлхий” ХХК-ийн захирал Ж.Осоржамаа нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн УВЗҮ-02/2014 дугаартай “Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлэх захиалагч, зөвлөхийн хооронд байгуулсан гэрээ”-г /хх-13-29/ байгуулж, гэрээний дагуу “Газар дэлхий” ХХК нь 2014 онд Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зөвлөх үйлчилгээг үзүүлэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгч “Ажил шалган хүлээн авсан акт”-ыг /хх-78-80/ үйлджээ.
Улмаар дээрх гэрээний дагуу хүлээн авсан ажлын гүйцэтгэлийг үндэслэн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 тоот “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай” тогтоол гарч, уг тогтоолоор “2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г баталсан нь хэргийн 50-77 дугаар хуудаст авагдсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, ажлын үр дүнг хүлээн авмагцаа зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т зөвлөх үйлчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд гүйцэтгэхээр, 3.1-т төлбөрийн хэмжээ буюу 94.982.250 төгрөгөөр тухайн ажлыг гүйцэтгэхээр, 3.2-т төлбөр төлөх хуваарийг тус тус тохиролцсон байх ба хэрэгт авагдсан “Ажил шалган хүлээн авсан акт”, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 тоот тогтоол, хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэх хүлээлгэн өгсөн, ажлын үр дүн бодитоор хэрэгжсэн, захиалагч талаас нийт 70.000.000 төгрөгийн төлбөрийг төлсөн нь хэргийн 30-35 дугаар хуудаст авагдсан “Газар дэлхий” ХХК-ийн Голомт банк дахь дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чулуунбат “ “Ажил шалган хүлээн авсан акт”-ын 7 дугаар заалт буюу хээрийн тодруулалтын судалгааг бүрэн дүүрэн хийж, хүлээлгэж өгөөгүйгээс одоо түүний дагуу ажлаа хийж, хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгаа” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тухайн нөхцөл байдлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй болно.
Нөгөө талаар, “Газар дэлхий” ХХК-ийн хийсэн ажлын үр дүнг хүлээн авахдаа хэрэв гүйцэтгэсэн ажилд нь ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдалын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргаж болохоор байжээ.
Өөрөөр хэлбэл, захиалагч талаас гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдлын шаардлагыг өнөөг хүртэл хугацаанд “Газар дэлхий” ХХК-нд хандан гаргаагүй бөгөөд ажлыг зохих журмын дагуу хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг “доголдолтой” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 24.982.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 282.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 24.982.250 /хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.900 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 282.900 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Газар дэлхий” ХХК-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА