| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00445/и |
| Дугаар | 445 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Давс сумын 2 дугаар багт оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ79021062, Их зуутраг овогтой Сүхбаатарын Баясгалангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Давст сумын Дунд сургуульд холбогдох,
Тус сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баясгалан, хариуцагч Д.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Баясгалан би 2003 онд Ховдын аймгийн Багшийн их сургуулийг төгсөж 2003 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус сургуульд Байгаль шинжлэлийн багшаар томилогдон, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 13 жил ажиллаж байгаад үргэлжлүүлэн сургалтын менежерээр дэвшин томилогдож 1 жил гаруй ажилласан. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр захирал Д.Ганбаатар өрөөндөө дуудаж сургалтын менежерийн ажлыг авна гэсэн. Яагаад авах гэж байгаа юм бэ гэж асуухад дээрээс Жаргалсайхан та хоёрын албан тушаалыг нэг шатаар бууруулж ажиллуул гэсэн үүрэг өгсөн гэж хэлсэн. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө намайг сургалтын менежерээс чөлөөлсөн тушаалыг өгч ажил хүлээлцсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Өөрөөр хэлбэл ажилтан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг биелүүлээгүй гэж үзжээ. Миний бие 2007 оноос 2009 онд Ховд их сургуулийн Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын аргуудыг газарзүйн хичээлд хэрэглэх нь сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн мэргэжил дээшлүүлэх сургалтанд 13 удаа хамрагдсан байна. Багшаар ажиллах хугацаандаа сургуулийн аварга багш 2 удаа, сургуулийн ур чадварын уралдаанд 4 удаа түрүүлсэн, бүсийн ур чадварын уралдаанд 2 дугаар байр, 3 дугаар байр, тусгай байр, бүсийн сайн хичээлийн уралдаанд 3 дугаар байр, хүүхдийн өөрөө удирдах байгууллага буюу ЭКО клубыг 5 жил удирдан ажиллаж 2014 онд Аймгийн шилдэг өөрөө удирдах байгууллагаар шалгарсан, дунд ангийн заах аргын нэгдлийн ахлагчаар 8 жил ажилласан, 3 удаа анги даан авч төгсгөсөн зэрэг амжилтуудыг гаргасан. Сургалтын менежерээр ажиллах хугацаандаа бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэн, сурагч бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх, эцэг эх сурагчийн гурвалсан холбоог бэхжүүлэх, мөн хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлэн ажилласан. ... Манай сургууль 2014 оноос 2015 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулиудаас хамгийн сүүлийн байранд орж “59 F” үнэлэгдэж байсан бол 2015 оноос 2016 оны хичээлийн жилд 21 дүгээр байранд орж “63.5 D” үнэлэгдсэн. Сургалтын чанар сайжирч сургууль өмнө эзлэж байсан байрнаасаа ахисан явдал сургалтын менежерээр ажиллаж байсан миний үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Намайг манай хамт олон хүлээн зөвшөөрч нэг баг болж ажиллаж чадсан. Мөн энэ хугацаанд ямар нэг ажлын доголдол гаргаж байгаагүй, миний ажлын арга барил ёс зүйн талаар хэн ч гомдол гаргаж байгаагүй. Би өөрийгөө энэ ажлыг зохих түвшинд хийж байсан цааш хийх боломжтой гэж үздэг. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгожээ. Энэ заалт нь ажил эрхэлж буй этгээдийн хувьд гурван шаардлагын аль нэгийг хангаагүй тохиолдолд хэрэглэдэг. Гэтэл тушаалдаа яг ямар шаардлагыг нь хангаагүй болохыг тодорхой дурдаагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан хугацаанд буюу ажлаас чөлөөлөхөөс сарын өмнө надад мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл намайг улс төрийн шалтгаанаар үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Увс аймгийн Давст сумын Дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Давст сумын Дунд сургуулийн захирал Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч С.Баясгалантай харилцан тохиролцож, одоо ажиллуулж байгаа багшийн ажлын цалин дээр нь ур чадварын болон бусад нэмэгдлүүдийг олгоод сургалтын менежерийн цалинтай дүйцэхүйц хэмжээнд хүргээд ажиллуулахаар тохирох гэсэн боловч ойлголцож чадаагүй. Ер нь би өөрөө 2017 оны 3 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар энэ сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд томилогдож ирснээс хойш аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас дүгнэдэг Ерөнхий боловсролын сургуулиудын жилийн үйл ажиллагааны үнэлгээгээр байнга 24 дүгээр байрт байдаг сургуулийн үйл ажиллагааны чанарыг сайжруулан ажиллахын тулд багаа бүрдүүлэх шаардлагатай болсон. Мөн багш, сурагчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг хийсний үр дүнд саяхан болсон анги нийтийн уралдаан, олипиадуудад манай сургуулийн хүүхдүүд өндөр амжилт гаргасан. Би С.Баясгаланг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ур чадварын болон мэргэжлийн хувьд сургалтын менежерийн ажилд тэнцэхгүй гэж үзээд ажлаас чөлөөлж, багшаар томилсон. Гэхдээ түүний сургалтын менежерийн ажлын үр дүнг бүрэн дүүрэн үгүйсгэх гээгүй. Хамгийн гол нь би өөрийн багаа бүрдүүлэх шаардлагатай байсан. Харин би нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг улс төрийн шалтгаанаар түүнийг ажлаас чөлөөлөөгүй. С.Баясгалангийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” А/278 тоот тушаалын сургалтын менежерт тавигдах нийтлэг шаардлагыг хангахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, сургалтын менежер, арга зүйч нь багшлах эрхтэй, багшаар 10 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан байхыг шаарддаг юм” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баясгалан нь хариуцагч Увс аймгийн Давст сумын Дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Увс аймгийн Давст сумын Дунд сургуулийн захирал 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/18 тоот “С.Баясгаланг ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж, нэхэмжлэгч С.Баясгаланг мөн өдрөөс эхлэн Сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг гаргахдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
Гэтэл уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг удирдлага болгосон атлаа тухайн зүйлд заасан чухам аль үндэслэлээр С.Баясгаланг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байх ба хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд С.Баясгаланг “ур чадвар” болон “мэргэжил”-ийн хувьд тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй байгаа гэсэн тайлбар гаргаж байгаа боловч түүнийгээ нотлох ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаас үзэхэд ажилтан “мэргэжил”, “ур чадвар”, “эрүүл мэнд”-ийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь “тогтоогдсон” байвал түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохыг заасан ба С.Баясгалангийн хувьд сургалтын менежерийн ажил, албан тушаалд “тэнцэхгүй” гэх албан ёсны, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
Мөн хариуцагч нь “С.Баясгалангийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” А/278 тоот тушаалын сургалтын менежерт тавигдах нийтлэг шаардлагыг хангахгүй байгаа” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбарын Д200310044 тоот бакалаварын диплом, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн магистрийн диплом, Заах аргач багшийн үнэмлэх, Багшийн мэргэжлийн үнэмлэх, холбогдох бусад “Өргөмжлөл”, “Сертификат” зэргээс үзэхэд С.Баясгаланг дээрх журамд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас жил бүр гаргадаг “Сургуулийн үйл ажиллагааны үнэлгээ” гэх 2015 болон 2016 оны баримтууд авагдсан байх ба тухайн баримтуудаас үзэхэд 2015 онд тус сургууль нь нийт 30 дунд сургуулиас 24 дүгээр байрт, харин 2016 онд 21 дүгээр байрт шалгарсан нь тогтоогдож байгаа бөгөөд тухайн сургуулиудыг шалгаруулсан үндэслэлд “Бага болон суурь боловсролын хэрэгжилт, Анги нийтийн нэгдсэн байр, Анги нийтийн олимпиад, Авъяас хөтөлбөр, Ном хөтөлбөр, Сурах бичиг, номын сангийн үйлчилгээ, Илтгэлийн уралдаанд оролцсон байдал, Ур чадварын уралдаанд оролцсон байдал, БСГ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцсон байдал, Гэрчилгээтэй кабинетийн тоо, Статистик мэдээлэл өгсөн байдал, Дүрэмт хувцас, Дотуур байрны орчин, үйлчилгээ, Сургалтын байгууллагын үйлчилгээний сэтгэл ханамж, Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, Мэргэжлийн зэрэгтэй багш, Багш нарын мэргэжлийн олимпиадын дүн, Сургалтын таатай орчин бүрдүүлсэн байдал, Бүтээлч, санаачилсан ажил, үйлчилгээ, Сумын Засаг даргын үнэлгээ, Нийт оноо” гэсэн нийт 20 үзүүлэлтээр үнэлж сургуулиудыг жагсаадаг байх бөгөөд тухайн жагсаалтаас үзэхэд тухайн сургуулийн ерөнхий үнэлгээ нь зөвхөн сургалтын менежерийн бус бусад багш, сурагчид, сургалтын орчны бүхий л үнэлгээ хамаардаг болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн “С.Баясгаланг сургалтын менежерээр ажиллах хугацаанд манай сургуулийн үнэлгээ дээшлээгүй” гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд дээрх үнэлгээгээр ганцхан сургалтын менежерийн ажлын үзүүлэлтийг дүгнээгүй байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Увс аймгийн Давст сумын Дунд сургууль нь захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг тус тус хийж хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Увс аймгийн Давст сумын Дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/18 тоот “С.Баясгаланг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Баясгаланг тус сургуулийн Сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Давст сумын Дунд сургуулиас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Увс аймгийн Давст сумын Дунд сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/18 тоот “С.Баясгаланг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Баясгаланг тус сургуулийн Сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Баясгалан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Давст сумын Дунд сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА