Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

 

    2021         12           24                                     2022/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч У.Э, Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02433 2037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Э, Э.О нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн засварын буудлын орчимд хохирогч Г.Баяраагийн эзэмшлийн Рэд ми маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.            

             /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Э, Э.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 02433 2037 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу  цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч У.Э, Э.О нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч Г.Баяраагийн эзэмшлийн Рэд ми маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Гачуурт засвар гэх автобусны буудал дээр бууж манай гэр рүү чиглэсэн нарийн гудамжаар өөрийн Рэдми маркийн гар утасны гэрлийг асаагаад алхаж явах үед үл таних 1 залуу урдаас гарч ирээд миний утсыг булааж аваад зүүн зүгт гүйсэн ба тухайн залуу цааш яваад өөр нэг залуутай нийлж хоёулаа гудамжаар явсан. Би тухайн хоёр залуугийн араас Тэгш хэм хүнсний дэлгүүрийн ард талын гудамжаар гүйсэн боловч гүйцээгүй. Миний харснаар 170 орчим сантиметрийн өндөртэй цайвар өнгийн цамц, цагаан өнгийн шорттой байсан. Нэг залуугийнх нь хувцсыг тодорхой хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 09/,

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №БЗД3-21-324 дугаартай:

Редми маркийн гар утсыг 120.000 төгрөгөөр үнэлэв гэх тайлан /хх-ийн 22-23/,

 

Шүүгдэгч Э.Огийн мөрдөн байцаалтад өгсөн:

...тэгээд би Эын хамт гэрээс гараад Тэгш хэм хүнсний дэлгүүр орох гээд явж байх үед Э миний ард үлдсэн. Хэсэг хугацааны дараа миний араас гүйж ирээд гарт цэнхэр өнгийн гар утсыг өгөөд “би гүйж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би гар утсыг аваад Нийслэлийн Ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн зүүн хойд талд очоод би тэндээсээ гар утсыг аваад шууд гэр рүүгээ харьсан. Эыг хаашаа явсныг мэдэхгүй байна. Маргааш нь Рэдми загварын гар утсыг Хужирбулан төвд зарах гэж явж байгаад үл таних нэг эгчид 350.000 төгрөгөөр зарсан. Э бид хоёр 200.000 төгрөгийг хамт үрсэн. 150.000 төгрөгийг би өрөөндөө өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

 

Шүүгдэгч У.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

“...гудамжинд Огийн хамт зогсож байх үед 40 орчим насны эрэгтэй гар утсаараа яриад ирж байсан. О тэрийг хараад “дэлгүүрийн ард зогсож байя, чи гар утсыг шүүрээд авчих” гэж хэлсэн. Би тухайн үед зөвшөөрөөд тэр эрэгтэйн урдаас нь алхаж байгаад гар утсаар яриад явж байх үед гараас нь шүүрээд Тэгш хэм дэлгүүр рүү зугтаасан. Намайг гар утсыг шүүрээд зугтааж байх үед О миний урд талд бас гүйж байсан. Би Тэгш хэм дэлгүүр өнгөрөөд гүйж байхдаа Од Рэдми маркийн цэнхэр өнгийн гар утсыг өгөөд Огийн гэрийн гаднаас салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

 

- гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/,

- эд зүйлийн мэдээлэл /хх-ийн 62/,

- мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 64/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 55-56/, эрүүгийн хариуцлага ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/,

шүүгдэгч У.Эын хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 51-54, 66-71, 76-128/, эрүүгийн хариуцлага ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нар нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Шүүгдэгч У.Э, Э.О нар нь өмгөөлөгч сонгож авахгүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг тус бүр бичгээр гаргаж өгсөн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Э, Э.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.Э, Э.О нар нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар  хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч У.Э, Э.О нарын 2021 оны 07 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Баяраагийн Редми маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Баяраад 120.000 төгрөгийн эд зүйлийн хохирол учирсан, шүүгдэгч У.Э, Э.О нар нь шүүхийн шатанд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол барагдуулсан, цаашид гомдол саналгүй” гэсэн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч У.Э, Э.О нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.Э, Э.О нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгч нарын хэргийн талаарх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус бүрд нь хамгийн бага хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд хорих ялыг эдлэж байхад нь Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар 2021 оны 07 сарын 09-ний өдрийн  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоногийн хугацааны хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөлийн тухай хуульд хамаруулжээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа тодорхой зөрчлүүдийг гаргасан учир 2021 оны 10 сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЗ/2338 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 10 хоногийн хугацааны ялыг хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч У.Э нь ялыг биечлэн эдэлж байх хугацаанд нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгож ШШГЕГ-ийн 421 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиас шилжүүлэн энэ  хэргийн учир цагдан хорьсон байна.  Тэрээр эдлүүлэхээр тогтоосон 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас 1 сар 21 хоногийн ялыг эдэлж 19 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.

 

Шүүгдэгч У.Эад өмнө оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч У.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Уийн Э, С овогт Эы О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ог зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2338 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамжаар эдлүүлсэн 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э, Э.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эын цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч У.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ