| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00382/и |
| Дугаар | 446 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 446
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 26 дугаар байр, 31 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, Зөөд овогтой Очирбатын Тулгуур-Үндэсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регситрийн дугаар ОВ63101001, Зуутраг овогтой Санжийн Пүрэвжавт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 6.545.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Тулгуур-Үндэсээс С.Пүрэвжавт 5.250.000 төгрөгийг хүүгүй, 1 сарын хугацаатай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлсэн. Дахин 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу зээл төлөөгүй тохиолдолд 500.000 төгрөг, дээр нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө өгч чадаагүй тохиолдолд 795.000 төгрөгийг нэмж төлөхөөр тохирсон болно. Зээлсэн мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй учир нийт 6.545.000 төгрөгийг энэ хүнээс гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй. Өнөөдөр мөн шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэс нь хариуцагч С.Пүрэвжавт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6.545.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч О.Тургуур-Үндэс, хариуцагч С.Пүрэвжав нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, С.Пүрэвжав нь 5.250.000 төгрөгийг, хүүгүй, нэг сарын хугацаатай буюу 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэхээр харилцан тохиролцож О.Тулгуур-Үндэсээс авсан байх ба дахин 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гэрээний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар, энэхүү хугацаанд хүү 500.000 төгрөг, мөн дээрх гэрээнд заасан хугацаанд мөнгийг төлөхгүй тохиолдолд зээлсэн мөнгө болон хүү 500.000 төгрөг дээр 795.000 төгрөгийг нэмж төлөхөөр талууд тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний нэмэлт хугацаа 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэс нь хариуцагч С.Пүрэвжаваас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувьтай танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх мөн зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүнчлэн хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас 6.545.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэст олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 119.670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэст олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас 6.545.000 /зургаан сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэсээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.670 /нэг зуун арван есөн мянга зургаан зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 119.670 /нэг зуун арван есөн мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Тулгуур-Үндэст олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА