Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 451

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

                Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Ажилчны хороо, 20-33 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОР89091709, Харагчууд овогтой Банзрагчийн Норжмаагийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороо, 13-13 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ87032979, Буриад овогтой Чимиддоржийн Батболдод холбогдох,

      Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Норжмаа, хариуцагч Ч.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Б.Норжмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1989 онд төрсөн, 28 настай, грүпптэй. 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Ч.Батболдтой гэр бүл болсон. Улмаар 2011 онд хүү Б.Балжинням, 2013 онд хүү Б.Амарбаясгалан нарыг төрүүлсэн. Бид хоёр гэр бүл болсноос хойш таван жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Ч.Батболд нь 2011 оны 9 дүгээр сараас хойш хааяа хааяа найз нөхөдтэйгээ архидан хоногоор алба болдог байсан. Б.Амарбаясгалан хүү төрснөөс хойш хүнд хэлбэрийн хатгалгай, ратикаар өвчилж удаа дараа эмнэлэгт хэвтэж, мөн эвэрхийгээр хагалгаанд орж байсан болно. Энэ хугацаанд эцгийнхээ үүргийг гүйцэтгэж эргэж ирсэн удаа тун ховор. Мөн хүүхдүүд ханиад томуу хүрсэн хагалгааны дараа боолт хийлгэсэн, баяр ёслолын үеэр хамт явж байсан удаа байхгүй ээ. 2014 оноос хойш архи ууж ирээд “Амьдралд садаа болсон, пизда нар үхэж далд ор, зайл” гэх мэтчилэн хэлэх хэлэхгүйгээр доромжлон зодож хөөж туудаг болсон. Ууралсан үедээ хүүхдүүдэд хоол өгөлгүй хоосон хонуулдаг. Амьдралын идвэхгүй. Хоёр хүүхдийг нь харуулчаад ажил төрөл хийхээр араас утасдаж уурлаж загнаад “Энэ хоёроо ав” гээд л олигтой ажил хийлгэдэггүй. Бас найз нөхдийгөө дагуулан гэрт авч ирж архидан согтуурч нялх хүүхдийнхээ хажууд маргалдаж намайг найз нарынхаа хажууд хэл амаар доромжилдог. Биднийг хутга мэс барьж айлган сүрдүүлж хүү Б.Батжиннямын орны толгойд хутга зоож байсан удаа ч бий. Энэ хүнийг тэсэж тэвчихгүй болоод 2015 оны 8 дугаар сард ээжийндээ хоёр хүүгээ аваад ирсэн боловч араас дахин ийм ааш авир гаргахгүй гээд гуйгаад байхаар нь буцаж нийлээд гэртээ очиход гэрийнхээ эд хогшил болох хөлдөөгч, угаалгын машин, шүүлтүүртэй ус буцалгагч зэргийг зарж, архи уусан байсан. Мөн долоо хонолгүй дахин нөгөө зангаа гаргаж “Би чамайг хайрлах гэж биш, ашиглах гэж авч ирсэн” гэх мэтчилэн доромжилсон. Мөн намайг зодож, гэмтлийн зэрэг тогтоолгож байсан удаа ч байгаа. 2015 оны 10 дугаар сараас хойш энэ хүнээс тусдаа хоёр хүүгийнхээ хамтаар ээжийндээ амьдрах болсон. Өдий хүртэл хоёр хүүгээ эргэж ирсэн удаа байхгүй. Иймд миний энэхүү байдлыг харгалзан үзэж хүү Б.Балжинням, Б.Амарбаясгалан нарыг миний асрамжид үлдээж, хоёр хүүгийн эцэг болох Ч.Батболдоос хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгож, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй” гэжээ.

            Хариуцагч Ч.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Норжмаагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хуралдааныг хийж өгнө үү. ... Надад нэмж хэлэх тайлбар алга. Б.Норжмаатай дахин хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй” гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Б.Норжмаа нь хариуцагч Ч.Батболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

     Гэрлэгчид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

       Нэхэмжлэгч, хариуцагч нар 2011 онд гэр бүл болж, тэдний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүү Буриад овогтой Батболдын Балжинням, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүү Буриад овогтой Батболдын Амарбаясгалан нар төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

       Гэвч тэд 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б.Норжмаа, Ч.Батболд нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүү Б.Балжинням, Б.Амарбаясгалан нарыг эх Б.Норжмаагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

    Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Балжинням, Б.Амарбаясгалан нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Батболдоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Норжмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1216 тоот захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Батболдоос гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, мөн 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамж 56.562 төгрөгийг тус тус гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

       Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харагчууд овогтой Банзрагчийн Норжмаа, Буриад овогтой Чимиддоржийн Батболд нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Буриад овогтой Батболдын Балжинням, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Буриад овогтой Батболдын Амарбаясгалан нарыг эх Б.Норжмаагийн асрамжид үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Балжинням, Б.Амарбаясгалан нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Батболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

     5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Норжмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Батболдоос тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, мөн 56.562 /тавин зургаан мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.   

     6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

      7. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА