Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 3-3 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ57041715, Зуутраг овогтой Лэгшидийн Жамбалсүрэнгийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Жамбалсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

         Нэхэмжлэгч Л.Жамбалсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1957 онд төрсөн, 60 настай, ам бүл 2. Би 1974 онд 8 дугаар ангиа төгсөж Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумын сургуульд 1974 онд элсэн суралцаж, 1976 онд төгсөөд, 1977 оноос 1980 онд цэрэгт явж ирээд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд няраваар ажилд орсон.  Улмаар тус нэгдэлдээ түүхий эдийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж 1989 оныг дуустал хугацаанд ажилласан. Одоо тэтгэвэрт орох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч анх 1981 онд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд нярав, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ. 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Жамбалсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.        Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 230 тоот болон 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 243 тоот лавлагаанд “Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн 1981 оны тушаалыг шүүн үзэхэд Л.Жамбалсүрэнгийн ажилд томилогдсон тушаал гараагүй, харин тус нэгдлийн даргын 1992 оны тушаал тус архивт шилжиж ирээгүй тул түүний ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүн үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн 077586 тоот хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Наранбулаг сумын Намын үүргийн товчооны 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоол, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот “Комисс томилох тухай” тушаал, мөн даргын 1986 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот “Комисс томилох тухай” тушаал, мөн даргын 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 57 тоот “Комисс байгуулах тухай” тушаал, хавсралтын хамт, Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1987 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгосон “Баярын бичиг”, гэрч Ч.Нордод, Г.Даваасамбуу нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.

       Тухайлбал, нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрт “1981 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Наранбулаг сумын Пионер нэгдлийн үйлдэхүүний няраваар авч ажиллуулав, 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Пионер нэгдлийн хувьчлалаар түүхий эдийн үйлдэхүүний няравын ажлаас чөлөөлж, “Алдар” ХК-ийн мэдэлд шилжүүлэв” гэсэн бичилт хийгдсэн, Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Л.Жамбалсүрэнгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд нярав, түүхий эдийн эрхлэгчээр 1981 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн, Увс аймгийн Наранбулаг сумын Намын үүрийн товчооны 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолоор нэхэмжлэгчийг тухайн өдрөөс эхлэн тус нэгдлийн няравын ажлаас чөлөөлж, түүхий эдийн эрхлэгчээр ажиллуулахаар тогтоож, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1985 оны 61 тоот, 1986 оны 05, 1988 оны 57 тоот тушаалуудад тус нэгдлийн түүхий эдийн эрхлэгчийн хувьд комиссын бүрэлдэхүүнд томилж байсан тухай тус тус дурдагдсан байна.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ч.Нордод, Г.Даваасамбуу нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ч.Нордод: “Миний бие нь 1973 оноос эхлэн 1995 он хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн туслах үйлдвэрийн хивсний цехэд хивсчнээр ажиллаж байсан. Л.Жамбалсүрэн 1981 оноос тус нэгдэлд нярав, түүхий эдийн эрхлэгчээр 1990 он хүртэл ажилласан. Л.Жамбалсүрэн бид хоёр нэг ангийн, нэг байгууллагад хамт 9-н жил ажиллаж хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Тухайн үед нэгдлийн даргаар Б.Доржсүрэн,  Д.Орших гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Г.Даваасамбуу: “Миний бие нь 1978 оны 3 дугаар сараас эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажилд орон ажиллаж байхад Л.Жамбалсүрэн нь 1981 оноос эхлэн тус нэгдэлд няраваар ажилд орсон. Бид хоёр хамтдаа 10 гаруй жил нярав, нягтлангаар ажилласан учир нэгнээ сайн мэднэ. Тус нэгдэл нь 1992 онд тарж, Алдар компани болон ажилласан. Бид хоёр мөн л Алдар компанид үргэлжлүүлэн 1994 оныг хүртэл ажилласан. Тухайн үед нэгдлийн даргаар Б.Доржсүрэн,  Д.Орших гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлжээ.

       Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үйлдэхүүний няраваар, 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Лэгшидийн Жамбалсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үйлдэхүүний няраваар, 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                                               ДАРГАЛАГЧ,

                                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА