| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 163/2018/0078/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 32
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Гэрэлбаатар
Шүүгдэгч Б.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир
Хохирогч М.Б
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой, Б.А-д холбогдох 1715001430032 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Б-ын давж заалдах гомдол, улсын яллагч П.Шижиртуяагийн эсэргүүцэл зэргийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Б овогт Б-ийн А.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулдаг “М” барааны дэлгүүрт иргэн М.Б-аас эд зүйл залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б овогт Б-ийн А-г бусдын эд зүйлийг хууран авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ийн А-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг даалгаж,
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.А-аас хохирлын 256.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Булган сум 5 дугаар баг “М” барааны дэлгүүрийн байр /РД.../-т оршин суух А овгийн М-ын Б-д олгож,
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Алтантуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргdах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч М.Б давж заалдах гомдолдоо:
“... миний бие Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Х М-ын гудамжинд оршин суух “М” барааны дэлгүүрийн эзэн болно...Б-ийн А нь “М” барааны дэлгүүрийн худалдаанд зарагдаж байсан цоо шинэ дунд гарын мөнгөн аяга, note-2 гар утасны хайрцаг савтай байсан цоо шинэ батарейг залилан хийж аваад тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд миний хохирлыг бүрэн барагдуулаагүй...
Ийм учраас Б овогтой А-г шүүх хурал болоод заасан 7 хоногийн хугацаанд миний хохирлыг бүрэн барагдуулахгүй учраас энэ эмэгтэйг гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэн, тэнсэн ялыг хүндрүүлэн 5 жилээр тэр хүнийг өөрийнх нь биеэр эдлүүлэх ял оноож, миний хохирлыг яаралтай бүрэн барагдуулан шийдвэрлэж өгнө үү. Би маш их гомдолтой байна” гэжээ.
Прокурор П.Шижиртуяа эсэргүүцэлдээ:
“... Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т ... ялаас чөлөөлөх, тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” –ээр хуульчилсан байхад шүүгдэгчид ял оногдуулан тэнсэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэг буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл:
Б овогт Б-ийн А нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М” барааны дэлгүүрт иргэн М.Б-аас “мөнгийг нь мобайлаар шилжүүлчихлээ” хэмээн дунд гарын мөнгөн аяга, гар утасны батарей зэргийг залилан авч 192.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Б-ын мэдүүлэг /хх 25, 64/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 57, 59/, эд зүйлийн үнэлгээ /хх 32/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Б.А-д эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон” гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор тусгажээ.
Б.А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч М.Б-д мөнгөн аягыг буцаан өгсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 256.000 төгрөгийг төлөхөөр хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан /хх 161-162/ боловч түүнд 200.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 56.000 төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн тайлбарыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн, мөн шийтгэх тогтоолдоо тэнссэн хугацаанд шүүгдэгчид хяналт тавих талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй байх тул шийтгэх тогтоолыг зөвтгөж зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг хүлээн авч, харин хохирогч М.Б-ын давж заалдах гомдлын “...5 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 56.000 /тавин зургаан мянга/ төгрөгийг 30 /гуч/ хоногийн дотор арилгах үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хасч,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дахь хэсэгт зааснаар Б.А-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.А нь хохирогч М.Б-д 200.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
3. Прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг хүлээн авч, хохирогч М.Б-ын давж заалдах гомдлын “...5 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН