Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 289

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 м.кв газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ захын зүүн талд байрлах нэгж талбарын 18******* дугаар бүхий 480 м.кв газрыг анх 2006 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 54 тоот захирамжаар “Автомашины ил зогсоол”-ын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Б би 2011 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 246 тоот захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч, гэр бүлийн хамтын хэрэгцээнд “Автомашины ил зогсоол”-ын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших болсон билээ.

            2016 онд миний газар эзэмших эрхийн хугацаа дуусахад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар сунгаж, “Гэр бүлийн хамтын хэрэгцээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 0006******* дугаартай гэрчилгээг олгосон болно.

            Гэтэл гэнэт Нийслэлийн Газрын албаны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02-06/3344 тоот мэдэгдлийг гардуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжаар миний эзэмшиж байсан газрын эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус газрыг чөлөөлөхийг шаардсан болно.

            Энэхүү мэдэгдэлд намайг “...газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн” буюу “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасныг зөрчсөн” гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр тухайн газраа бүгдийг буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасны дагуу би энэ газрын зарим хэсэгт 2006 онд олгогдсон зөвшөөрлийн дагуу бусдын автомашиныг тавиулж ашиглах эрхтэй байх бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан үүргийг зөрчөөгүй, миний газар эзэмших гэрээнд миний эзэмшиж байгаа газарт автомашин зогсоолоор ашиглахыг хориглосон заалт огт байхгүй тул газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүргээ би зөрчсөн гэж үзэхгүй байна.

            Нийслэлийн Газрын албаны мэдэгдэлд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” үүргийг зөрчсөн гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж Нийслэлийн Газрын албаны мэдэгдэлд бичжээ. Гэтэл миний бие уг газрыг 2011 оноос хойш эзэмшиж байгаа ба өнгөрсөн хугацаанд Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан ямар нэг зөрчил гаргаагүй, зөрчил гаргасантай холбоотойгоор ямар нэг арга хэмжээ авахуулж байгаагүй болно.

            Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байхад аль ч хэлбэрээр татан оролцуулаагүй болно. Энэ нь мөн хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан эрхийг зөрчиж, захиргааны шийдвэр гаргах үндэслэл болон уг ажиллагааны талаар мэдээлэл авах, санал бодлоо илэрхийлэх, зөрчил байгаа бол түүнийг арилгах, нийтийн жишигт нийцүүлэх боломжийг олгоогүйд гомдолтой байна.

            Мөн түүнчлэн, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа эхлүүлсэн тухай мэдэгдээгүй, нөхцөл байдлыг бодит байдлаар тогтоогоогүй, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа огт явуулаагүй тул гомдолтой байна.

            Миний бие маргаан бүхий захиргааны актын талаар Нийслэлийн Газрын албаны 02-06/3344 тоот албан мэдэгдлийг хүлээн авснаар түүнийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Газрын алба болон НЗДд гомдол гаргасан боловч тухайн асуудлаар миний гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай хариуг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 02-06/4006, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/36 тоот албан бичгээр тус тус “боломжгүй” тухай хариу өгсөн.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар энэхүү захиргааны актын нэхэмжлэгч надад холбогдох хэсэг хууль бус бөгөөд иргэн миний гэр бүлийн хамтын хэрэгцээгээ хангах, уг газартаа аж ахуй эрхлэн амьдрах, цаашид өмчлөх эрх ашгийг ноцтой зөрчиж байгааг тогтоон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ч.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ захын зүүн талд байрлах 480 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбарт маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид гардуулахдаа сонсох ажиллагаа хийсэн гэсэн байсан.

Уг захирамжтай холбоотойгоор Нийслэлийн Газрын албанд хандаж байсан боловч Газрын тухай хуулийн 35, 40 дүгээр зүйлд заасныг “...удаа дараа зөрчсөн” гэж үзсэн байдаг.

Тус газрыг цаашид гэр бүлийн хэрэгцээний ямар ч зориулалтаар ашиглаж болохуйц газар бөгөөд Да хүрээ худалдааны төвийн зэргэлдээ оршдог тул үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой газар юм. Дүүргийн Засаг даргын захирамжаар уг газрыг “Авто машины ил зогсоол”-ын зориулалтаар анхнаасаа олгосон байдаг.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт “... газар ашиглах зориулалтаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй өөрчилсөн” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхнаасаа тус газрыг “Авто машины ил зогсоол”-ын зориулалтаар олгосон байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Ч.Б-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18******* дугаартай газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 246 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээ, авто машины ил зогсоолын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/193 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд буй газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж, ил задгай талбайд автомашин худалдан борлуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “Газар эзэмших эрхийн гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжаар Ч.Б-н эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Тус захирамж гарахаас өмнө иргэн Ч.Б-д зөрчил арилгах тухай Нийслэлийн Газрын албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/4792 тоот албан бичгийг хүргүүлсний дагуу иргэн Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш-тэй уулзаж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, зөрчлөө арилгуулах хугацаа олгосон боловч Газрын тухай хуульд заасны дагуу зориулалтаар нь ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба Нийслэлийн Газрын албаны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02-06/3344 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь тус шүүхэд хандан “Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 м.кв газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг НЗДд холбогдуулан гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээс үзэхэд,

1. Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ захын зүүн урд талд байрлах 480 м.кв газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 54 дүгээр захирамжаар иргэн Э.Э-д “автомашины ил зогсоол” зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар тус дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 246 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.Б-н нэр дээр шилжүүлэн, “автомашины ил зогсоол” зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 5 жилийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар захирамжаар Ч.Б-н /Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ захын зүүн урд талд байрлах 480 м.кв/ газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, зориулалтыг нь “гэр бүлийн хэрэгцээний” болгон баталгаажуулж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ч.Б-тэй “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан, 0006******* дугаар “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгосон байна.

Эзэмшил газрын зориулалтыг өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Засаг дарга болон НЗД, Газрын албанд хандан гомдол гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 02-04/1615 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч Ч.Б нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус, гэж маргаж байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 зааснаар НЗД нь нутаг дэвсгэртээ “...газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 02-04/1615 дугаар албан бичиг болон хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн зурган нотлох баримтаар, маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагчийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /хуучин нэрээр Газрын алба/-ны газар зохион байгуулагч газар дээр нь суурин судалгааг хийж, иргэн Ч.Б-г өөрийн эзэмшлийн “гэр бүлийн хэрэгцээний” зориулалт бүхий газар дээр ил задгай автомашин худалдан борлуулах үйл ажиллагааг эрхэлж, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.1, 4.1-д заасан нөхцөл болзлыг зөрчсөн болохыг тогтоон, гэрэл зургаар баталгаажуулж,

улмаар Нийслэлийн Газрын албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/4792 дугаар албан бичгээр маргаан бүхий акттай холбогдуулан нэхэмжлэгч Ч.Б-д сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлснээр нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн захиргааны Хангарьд ордон, Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, сонсох ажиллагааны тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, 2017 онд сонсох ажиллагаа хийсэн ч 2018 онд маргаан бүхий актыг гаргахдаа мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасанчлан захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэхдээ мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсний үндсэн дээр захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг хангах үүднээс сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй. Гэвч хуулийн энэхүү заалтыг нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн сонсох ажиллагаанаас гадна маргаан бүхий актыг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргахдаа хариуцагч дахин сонсох ажиллагааг хийх ёстой байсан гэсэн утгаар тайлбарлах боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр хариуцагчийг буруутган, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул Ч.Б-с гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2,  60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэн НЗДд холбогдуулан нэхэмжлэгч Ч.Б-н гаргасан “Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 м.кв газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА