Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0131

 

2016 оны 2 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0131

Улаанбаатар хот

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц., нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 887 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, гадна талбайгаа тохижуулах аян зарласан бөгөөд үүний дагуу хашааны гадна хаалганы орчим 600 м.кв талбай бүхий хур хог хуримтлагдсан газрыг цэвэрлэж, хөрсийг нь тэгшилж, хүнд даацын автомашин зогсох боломжтой болгож, зузаан бетонон хучилт хийж, цэцэгжүүлэн, төмөр хашаа барих зэрэг ажлыг өөрийнхөрөнгөөр хийж, нийт 135 сая төгрөгийн зардал гарган тохижуулсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн манай эзэмшил газрын өмнөх өөрийн зардлаар тохижилт хийсэн талбайд үл таних хүмүүс кадастрын зураг хийлгэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг үйл ажиллагаа нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/702 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст конторын зориулалтаар олгосон шийдвэрийн дагуу барилга барих бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33.1.1-д зааснаар уг газар нь 2015 оны газар зохионбайгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад дур мэдэн шууд байршлыг сольж эзэмшүүлсэн. Мөн “Х” ХХК нь уг газрыг өөрийн хөрөнгөөр засаж тохижуулсан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар тухайн газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргасан боловч эзэмшүүлээгүй атлаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эзэмшүүлсэн нь Газрын тухайхуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн буруу үйлдэл гэж үзэж байна. Мөн тухай газар нь төмөр замд маш ойрхон өнгөрдөг болох нь шүүхээс үзлэг хийх явцадхарагдсан. Тэгэхээр Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм-ийн MNS 6060 2010 стандартын 2.1, 2.1.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3-т зааснаар бол хамгийн бага байж болох хэмжээ нь 21 метр байх бөгөөд 21 метрээс дотор ямар нэгэн барилга байгууламж барих боломжгүй бөгөөд манайхаас жилдээ 15-20 мянган тонн ачаа, өдөрт 20-30 машин ачаа тээвэрлэж, 20 вагон өдөрт ирж, буцаж байдаг бөгөөд байнга осол аваар гардаг учир иргэдийн аюулгүй байдал, төмөр замын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөхөд хүрээдбайна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/702 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаагаас гадна нийтийн эзэмшлийн зам талбайг бөглөж, барилга барих нь олон нийтийн ашиг сонирхлын эсрэг үр дагавар үүсгэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...А/430 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны нутаг дэвсгэрт конторын зориулалтаар 250 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх газар эзэмшүүлэх ашиглуулах техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны захирамжаар олгосон газар нь цэвэр усны шугам дээр байсан тул төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээний газар гэдэг утгаар нэгж талбарыг өөрчилж, “Х” ХХК-ийн эзэмшил газрын урд талд нийтийн эзэмшлийн зам талбайд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/702 дугаар захирамжаар 250 м.кв талбай бүхий газрыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст конторын зориулалтаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

Уг газар нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газартай давхцаагүй бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайг мэргэжлийн байгууллагууд нь холбогдох норм, дүрэм, төмөр замын аюулгүй байдал зэргийг судалсан дүгнэлтэд үндэслэж, хурлаар орж зөвшөөрөгдсөн тул Нийслэлийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг газар нь төлөвлөгөөнд тусгагдсан талаар захирамжийн үндэслэх хэсэгт тусгагдсан, мөн газрыг төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгосон тул дуудлага худалдааны анхны үнэтөлөхгүй. “Х” ХХК нь хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, 127 сая төгрөгөөр тохижилт хийсэн гэж байгаа боловч аж ахуйн нэгж нь 50 м.кв талбайг тохижуулах үүрэгтэй. Тохижуулсан гэх асфальтын нөхөн төлбөрийн асуудлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст конторын зориулалтаар газар эзэмшүүлсэн явдал нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А702 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэлтсийн тасгийн конторын зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын А/430 дугаар захирамжаар 2013 оны 02дугаар сарын 19-ний өдөр 000434611 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Дээрх газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахаар хүсэлт гарган барилга барих зөвшөөрөл авах ажлын явцад тухайн газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрласан байсан тул барилга барих зөвшөөрлийг олгохгүй болохыг мэдэгдсэн. Баянзүрх дүүрэг нь нийслэлийн бусад дүүргүүдтэй харьцуулахад хүн ам ихээр суурьшсан, газар нутгийн хэмжээ том учир алслагдсан хорооны иргэдэд төрөөс хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулах зорилгоор зайлшгүй хэрэгцээний улмаас тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барих боломжит газарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгох эрхийг баталгаажуулах хүсэлтийг мэргэжлийн байгууллага буюу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандсаны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/702 дугаар захирамжаар 250 м.кв талбай бүхий газрыг албан конторын зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарч, гэрээ байгуулсан.

“Х” ХХК нь дүүргийн Засаг даргын захирамжаар тохижуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг хамгаалж байгаа гэж байгаа боловч газар дээрээ тохижилтын ажлыг бүрэн бетонжуулах байдлаар өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд таатайгаар тохижуулж, бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа нь харагдаж байгаа бөгөөд өөрсдийнх нь ярьж байгаатай нийцэхгүй байна. “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн улмаас манай байгууллага болон Баянзүрх дүүргийн алслагдсан хорооны иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 887 дугаар шийдвэрээр болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6, 81, 82, 88 дугаар зүйлийн 88.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгааг хүлээн авч хангаж өгнө үү.

Нийслэлийн Засаг дарга 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/702 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст конторын зориулалтаар газар олгосон байх бөгөөд энэ нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас “Х” ХХК-д "...гадна орчноо тохижуул..." гэж өгсөн шаардлагын дагуу өөрийн хөрөнгөөр тухайн газар дээр хуримтлагдсан байсан хур хогийг цэвэрлэж, хонхор газрыг нь шороогоор дүүргэн тэгшилж. цемент. асфальтан хучилт хийж, гадна талаар нь зүлэг, мод тарих зэргээр 135'000'000 төгрөгзарцуулсан байсан. Түүнчлэн “Х” ХХК-ийн төмөр замын терминал бүхий хашаанд буусан ачааг зөөх үйл ажиллагаанд олон тооны хүнд даацын ачааны машин байнга түүгээр зорчдог нь хэн хэнийхээ аюулгүй ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэх зэргээр “Х” ХХК-ийн болон олон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үр дагавар үүсгэж байгаа юм.

Үүнээс гадна уг маргаан бүхий актаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст газар олгосон нь төмөр замын рэйс төмөрнөөс ердөө 3-5 м орчим зайд байрлаж байх бөгөөд Төмөр замын зурвас газрын болон аюулгүй бүсийн дэглэм-ийн 2.1.1, 3.2, Төмөр замын зурвас газарт тавигдах шаардлага-МNS 6060:2010 стандартын 5.1.1, 5.1.2-т багадаа л 21 метр зай дотор төмөр замын бус барилга байгууламж байрлуулахыг хориглосныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, зөвхөн “Х” ХХК-ийн эзэмших эрхтэй газартай ямар нэгэн давхцал байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг бид зөвшөөрөхгүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33.1.1-д төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээний газрыголгохдоо аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэхээр зохицуулсан байх бөгөөд ийнхүү төлөвлөгөөнд тусгасан зүйл байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т ...нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн.. гэсний дагуу шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгааг хангаж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“Х” ХХК-ийн нэхэмжлэл болон давж заалдах гомдолд ... Баянзүрх дүүргийн Засаг даргаас шаардсаны дагуу газрыг цэвэрлэн тэгшилж, асфальтан хучилт хийх, зүлэг мод тарих зэргээр 135,000,000 төгрөг зарцуулсан, хүнд даацын ачааны автомашин байнга зорчдог газарт Нийгмийн даатгалын хэлтэст газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн болон олон нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал “А”-ийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар Баянзүрх дүүргийн Засаг дарга болон захиргааны ямар нэгэн байгууллагаас уг 600 м.кв газарт асфальтан хучилт хийж, мод тарих талаар шаардсан, мөн уг газрыг эзэмшүүлж, ашиглуулах талаар тохиролцсон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байна.

“Х” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 4140 м.кв газрыг эзэмшиж байгаад улмаар 2007 оны 420 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 6450 м.кв газрыг эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/702 дугаар захирамжаар тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст конторын зориулалтаар эзэмшүүлсэн 250 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газартай давхцаагүйгээс гадна орц, гарцыг хаагаагүй, уг газраа эзэмшихэд нь ямар нэгэн хэлбэрээр саад учруулахгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зураг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст газар олгосон нь Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм, стандарт, шаардлага зөрчсөн гэжээ.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн тохижуулсан гэх 600 м.кв газрын 250 м.кв газрыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эзэмшүүлсэн бөгөөд тус хэлтэс нь уг газрын 150 м.кв газарт нь конторын зориулалттай барилга барихаар төлөвлөжээ. Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм MNS 6060-2010 стандартын[1] 3.5-д Төмөр замын хамгаалалтын зурвас газарт объект байрлуулах, аливаа үйл ажиллагаа явуулахдаа төмөр замын тээврийн хяналтын албаны дүгнэлт гаргуулна гэж зааснаас үзэхэд уг барилгыг барихад төмөр замын зурвас газарт хамаарч байгаа эсэх, хамаарч байгаа бол уг стандартын дагуу эрх бүхий этгээдээр заавал дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Гуравдагч этгээд болох дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь барилга барихад шаардагдах зөвшөөрөл, техникийн нөхцөлийг авах ажиллагаа явуулж байх бөгөөд дээрх стандартын дагуу дүгнэлт гаргуулаагүй байх тул уг стандартыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл уг дүгнэлтийг гаргуулахгүйгээр барилга барих боломжгүй бөгөөд одоогийн байдлаар дүгнэлт гаргуулж амжаагүй байгааг уг стандартыг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо ... аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зүйл байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад нотлох баримтыг буруу үнэлсэн ... гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны А/30 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны урд талд конторын зориулалтаар 250 м.кв газрыг төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгохоор тусгаж дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч уг газар нь инженерийн шугам сүлжээтэй гэх үндэслэлээр газрын байршлыг өөрчилж, Нийслэлийн Засаг дарга А/702 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн маргаж байгаа байршилд газар эзэмшүүлжээ. Уг байршилд Нийслэлийн болон дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөвт байгууллагын хэрэгцээнд эзэмшүүлж болохоор тусгагдаагүй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д ... төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасныг Нийслэлийн Засаг дарга зөрчсөн байхад анхан шатны шүүх анх дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөр байршилд тусгаж төлөвлөснийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үзэхгүй гэж буруу дүгнэжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч Нийслэлийн Засаг даргын А/702 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ... гуравдагч этгээд барилга барих боломжгүй газар гэж үзсэн. Байршил өөрчлөх талаар ярьсан... гэж тайлбарласан боловч дээр дурдсан Барилгын норм дүрэм, Төмөр замын стандартын дагуу эрх бүхий этгээдийн дүгнэлт, зөвшөөрөл олгогдох эсэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй бөгөөд шүүх зөвхөн гуравдагч этгээд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст газар эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х”ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ