Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1828

 

     Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/01322 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Байгальд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15 620 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Байгаль нь Б.Амаржаргалаас 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөгийг тус тус бэлнээр зээлж аваад буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил дээр нь очиж гэрээний үүргийн биелэлтийг шаардахад цаад талын хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингэхдээ вакум цонхны захиалга их байгаа тул төлж дуусгахад мөнгө хэрэгтэй байгаа учир тохирсон хугацаандаа өмнөх 8 500 000 төгрөгийг нийлүүлээд өгнө гэж хэлээд бэлэн байсан 1 665 000 төгрөгийг нэмж зээлээд нийт 10 165 000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол 1 сарын 7 хувийн хүүтэйгээр төлж барагдуулна хэмээн бичгээр гэрээ хийсэн.  Иймд гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн 10 165 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүү 5 431 482 төгрөг нийт 15 620 200 төгрөгийг хариуцагч Э.Байгалиас гаргуулж өгнө үү. Гэрээ байгуулсан Э.Байгалиас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа учраас “Тулга мастер” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

          Хариуцагч Э.Байгаль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: миний хувьд Б.Амаржаргалаас мөнгө зээлж авсан зүйлгүй. Манай эхнэр н.Туул нь Б.Амаржаргалаас 2012 оны 01 дүгээр сарын 11-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 11-нд 1 448 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 25-нд 2 475 000 төгрөг нийт 5 923 000 төгрөгийг  тус тус зээлж аваад нийт 55 удаагийн төлөлтөөр 19 165 000 төгрөг болгож төлж дуусгасан юм. Энэ талаар би сүүлд нь мэдсэн. Гэтэл эхнэрийн зээлж авсан мөнгийг надаас нэхээд ажил болон гэрт байнга ирдэг байсан бөгөөд 10 165 000 төгрөгийг төл, төлөхгүй бол өр барагдуулдаг хүмүүсээр гаргуулна гээд 2-3 залуучууд дагуулж ирээд дарамталдаг байсан. Тэгээд жижиг цаасан дээр 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгана, энэ хугацаандаа төлж барагдуулахгүй бол 7 хувийн хүү бодно гэж цаасан дээр хүчээр гарын үсэг зуруулсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Э.Байгалиас зээлийн гэрээний үүрэг 15 620 000 төгрөг гаргуулах тухай Б.Амаржаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь хариуцагч “Тулга мастер” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Амаржаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 395 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Нэхэмжлэлийн шаардлага 2015 оны 01 дүгээр сарын 2, 2015 оны 02 дугаар сарын 26, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт "Н.Туулын 5065030636 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Б.Амаржаргалын 5085044158 тоот данснаас 2012 оны 11 дүгээр сарын 01-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 02-нд 1 448 000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 25-нд 2 475 000 төгрөгийн зарлага тус тус гарч, Наранцэцэгийн Туулын 5065030636 тоот дансанд 2012 оны 11 дүгээр сарын 01-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 02-нд 1 448 000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 25-нд 2 475 000 төгрөгийн орлого тус тус орсон, гэрчийн "энэ зээлийг манай нөхөр мэдэхгүй, би ээж, дүүхоёртоо авч өгч байсан..." гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Амаржаргал болон хариуцагч Э.Байгаль нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ. Энэхүү дүгнэлтээс харахад: а/. 2012 оны 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 02, 3 дугаар сарын 25-ны гүйлгээ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй бөгөөд дансны дэлгэрэнгүй хуулга нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. б/ Э.Байгаль нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа эхнэр Н.Туул нь 2012 оны 01 дүгээр сарын 11-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 11-нд 1 448 000 зээлж авсан гэсэн байхад шүүхийн шийдвэрт 11 дүгээр сарын үйл баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. в/. Гэрчийн "энэ зээлийг манай нөхөр мэдэхгүй, би ээж, дүү хоёртоо авч өгч байсан..." гэх мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрчээс "Та Э.Байгалийн авсан зээлийг өөрийн нэрийн өмнөөс шилжүүлдэг юм уу? гэж асуухад "Тийм. Бид гэр бүлийн хүмүүс. Манай нөхөр банк дансны асуудлыг мэдэхгүй, ашигладаггүй. Ер нь би л дандаа мөнгө төгрөгөө шилжүүлэх асуудлыг хариуцдаг байгаа" гэсэн хариултаар няцаагдаж байхад даргалагчаас гэрчийг "Асуусан асуүлтынхаа учир холбогдлыг сайн ойлгож байж хариул" гэж загнаж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй. Б.Амаржаргал болон Э.Байгаль нарын хооронд иргэний эрх зуйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна" гэх дүгнэлт нь няцаагдаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн тул шийдвэрийн үндэслэл болохгүй.

2. Хариуцагч Э.Байгаль шүүх хуралдаанд "Би Амаржаргалаас 2013 оны 3 дугаар сарын 15-нд 6 300 000 төгрөгөөр Фронтер машин худалдан авахдаа урьдчилгаа 3 300 000 төгрөг төлөөд 3 000 000 үлдэгдэлтэй зээлж авсан юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 15-нд 3 000 000 төгрөг Н.Туулаар дамжуулан бэлнээр төлж дуусгасан юм. Манай эхнэр 2 000 000 төгрөгөөр 2 yдaa, 1 440 000 төгрөг нийт 5 000 000 зээлж авсан юм билээ" гэж тайлбар гаргасан. Гэтэл эхнэр Н.Туул нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө "Энэ талаар манай нөхөр сайн мэдэхгүй, би н.Амаржаргалыг мөнгө зээлдэг хүн гэж сонсоод ээж, дүү хоёртоо мөнгө зээлж авч өгсөн. Нөхөртөө огт хэлээгүй. Би 2012 оны 01 дүгээр сард 2 000 000, 2012 оны 02 дугаар сарын 11-нд 1 448 000, 2013 оны 3 дугаар сарын 25-нд 2 475 000 төгрөг нийт 5 923 000 зээлсэн" гэжээ. Мөн хариуцагчийн өмгөөлөгч "Нэг гэрт амьдарч байгаа хүний зээлийг төлнө гэж бичихээс өөр аргагүй" гэж тус тус тайлбарласан. Эндээс харахад хариуцагч талын тайлбарууд зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Мөн өмгөөлөгч шүүх хураладаанд 6 сая төгрөгийг 19 сая болгож төлсөн, нэг гэрт амьдарч байгаа хүний зээлийг төлнө гэж бичихээс өөр аргагүй, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч "Тулга мастер" ХХК-д холбогдох шаардлага болон хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж өмгөөлөлийн үгэндээ хэлсэн нь үндсэн зээлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч "Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол"-ыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхөд хараагүй байж авахгүй гэхээр нь тамга, тэмдэгтэй баримт шүү дээ гэхэд үзчихээд авахгүй гэж буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасныг ноцтой зөрчсөн. Харин хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй дансны хуулгыг хариуцагч талаас авч, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтыг шинжлэн судлаад байгаа үйлдэл нь нэг талыг барьсан шийдвэр гаргах зорилготой байсан гэх хардлага төрүүлэхэд хүргэж байна.

4. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Э.Байгалийн шүүхэд гаргасан тайлбарын гарын үсэг хавтаст хэргийн 5 дахь талын гэрээний гарын үсэгтэй зөрүүтэй ба түүний өмгөөлөгч н.Содончимэгийн бичгийн хэв байна. Энэ нь гарын үсгээ өөрөө зураагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй гэж үзэн хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсний дараа Э.Байгаль мөнгө зээлж авсан нь үнэн гэж гэрээ байгуулсан. Үүнийг Иргэний хуулийн тайлбарт "Үүргийн эрх зүйн ерөнхий журмаар гэрээг хүчин төгөлдөр гэрээний санал болон түүнийг хүлээн авсан тухай зохих мэдэгдэл хийгдсэн тохиолдолд байгуулагдсан гэж үзнэ, мөн хуулийн 282.4 дэх хэсэгт зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг нэмж шаардаж байна. Ингэснээр зээлдүүлэгч нь зээлээ бодитоор олгоогүй байхдаа зээл эсхүл хүү төлөхийг шаардахаас сэргийлж байна" гэж тайлбарласан байна. Энэ нь зээлээ бодитоор олгоогүй байж гэрээ байгуулсан тохиолдолд хамаарах ба эсрэгээрээ Б.Амаржаргалын урьдчилж зээлээ олгочихоод дараа нь гэрээ байгуулсан нөхцөлд хамаарахгүй юм. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.6-д заасныг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Амаржаргал  хариуцагч Э.Байгалиас үндсэн зээл 10 165 000 төгрөг, хүү 5 445 200 төгрөг нийт 15 620 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 10 165 000 төгрөгийг бодитойгоор хүлээж аваагүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10 165 000 төгрөгийг төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй бол сарын 7 хувийн хүүтэйгээр цаашид гэрээ хийж барагдуулахаар тохиролцсон баримт үйлдсэн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Амаржаргал 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 665 000 төгрөг нийт 10 165 000 төгрөгийг хариуцагч Э.Байгальд шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч уг төлбөрийг бодитойгоор шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Амаржаргал болон хариуцагч Э.Байгалийн эхнэр Н.Туул нарын хооронд төлбөр тооцоо хийгдэж байсан талаархи ХААНБанкны дансны хуулгыг Б.Амаржаргал Э.Байгаль нарын хоорондын маргаанд хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ.

Талуудын хооронд 10 165 000 төгрөг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй, зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчид 10 165 000 төгрөгийг  шилжүүлсэн гэх үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй, мөнгөн хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг хариуцагчид үүсээгүй буюу  зээлийн гэрээний үүрэг, алдангийг шаардах эрх үүсээгүй талаар дүгнэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул энэ талаархи давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолыг шүүх эрх хэмжээний хүрээнд, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Амаржаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

                                                       ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                               Д.БАЙГАЛМАА