Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00384

 

Л.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2227 дугаар магадлалтай

Л.О-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 45 000 000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 1 556 552 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42 000 000 төгрөг, борлуулалтын урамшуулал 44 156 662 төгрөг, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7 000 000 төгрөг, нийт 139 713 214 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан, хариуцагчийн өмгөөлөгч Н.Цогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Райнерын 1/16 тоот тушаалаар ерөнхий менежер албан тушаалын ажилд орж, улмаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 дугаар захирамжаар харилцан тохиролцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гүйцэтгэлд хандсан байгаа. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй, шийдвэрийг биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 13-наас шүүх хуралдаан хүртэлх 9 сарын олговрыг нэг сарын 5 000 000 төгрөгөөр тооцон 45 000 000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Мөн ажиллах хугацаандаа “нягтлан бодогч”, “маркетинг борлуулалтын менежер”-ийн ажил үүргийг анхнаас нь хавсран гүйцэтгэх болсон. Гэвч нэмэгдэл хөлсийг олгож байгаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01 хүртэл хугацаанд хоёр ажил хавсран гүйцэтгэсэн бөгөөд цалин хөлсийг тохиролцоогүй тул үндсэн цалин 5 000 000 төгрөгөөр тооцон 8 сарын 42 000 000 төгрөг нэхэмжилж байна.

Намайг ажиллах хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгууллагын нийт борлуулалтын орлого 1 471 888 762 төгрөг байсан ба тус байгууллагад орох үеийн борлуулалтын орлогоос 3 хувиар тооцож урамшуулал олгохоор компанийн удирдлагатай амаар тохиролцсон. Иймд миний ажилласан хугацааны борлуулалтын орлогоос 3 хувийн урамшуулал 44 156 662 төгрөгийг нэхэмжилж байна.

Миний бие 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллах хугацаанд ээлжийн амралт авч байгаагүй тул Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд заасны дагуу 1 сард ногдох ээлжийн амралтын хоног 1.25 бөгөөд үүнийг ажилласан хугацаанд ногдуулвал 13.75 өдрөөр тооцогдоно. Ингээд 2005 оны дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэг хоногийн дундаж цалин хөлс 232 558 төгрөгийг 15 хоногт тооцвол нийт 3 488 370 төгрөг авах ёстойг нэхэмжилсэн. Хариуцагч нь 1 931 818 төгрөг өгсөн гэдэгт маргахгүй тул хасч тооцон үлдэх хэсгийг гаргуулна.

Анх ажилд ороход ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд урамшуулал олгохоор амаар тохиролцсон ба 7 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан контрактын гэрээг “М” ХХК-тай бус “Эм Эс Эм групп” ХХК-тай байгуулсан тул энэ гэрээний дагуу нэхэмжлээгүй. Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй ч уг үүргээ биелүүлээгүй. Тус байгууллагын удирдлагын нэг болох Лауренс Мелшерстэй урамшууллын талаар амаар тохиролцсон учир урамшууллыг шаардаж байгаа. Хэрэгт авагдсан мэйлээр уг тохиролцоо нотлогдоно. Нэхэмжлэгч анхнаасаа гурван хүний ажлыг давхар хийдэг байсан. Тус байгууллагад нягтлан бодогч гэж хүн байсан ч түүний ажлыг би хийж, тэрээр зөвхөн бичиг баримтад л гарын үсэг зурдаг байсан. “М” ХХК-д бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэдгийг эвлэрэл батлах үед мэдэж байсан. Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар “адил чанарын ажил, албан тушаал” санал болгоогүй, харин “маркетингийн менежер” гэсэн ажил санал болгосон нь адил чанарын албан тушаал биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Оийн ажиллаж байсан орон тоо хасагдаж, бүтцийн өөрчлөлт хийгдсэн учир түүнийг шинэ ажлын байранд ажиллах талаар мэдэгдэж байсан боловч тэрээр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Компанийн зүгээс Л.Оийг ажлаас халаагүй, бүтцийн өөрчлөлтийн дагуу компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байсныг харгалзан шүүхийн шатанд түүнтэй эвлэрсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 тоот шийдвэрээр талуудын эвлэрлийг баталгаажуулж Л.Оэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 131 074 төгрөг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэхээр шийдвэрлэсэн. “М” ХХК нь дээрх шүүгчийн захирамжийг бичгээр хүлээж аваад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” гүйцэтгэх захирлын тушаалаар Л.Оийг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулна” гэсний дагуу талуудын аль аль нь ажлын байр, түүний нөхцлийн талаар тохиролцох үүрэгтэй. Компанийн зүгээс уг үүргээ бүрэн биелүүлж ажилд эгүүлэн тогтоох тушаал, хөдөлмөрийн гэрээний төсөл, ажлын байрны тодорхойлолт зэргийг Л.Оэд хүргүүлж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлж тохиролцохыг мэдэгдсэн боловч Л.Оэ хариу өгөөгүй, компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Түүнээс гадна 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Л.Оийн ажилдаа эргэж ороогүй үйлдэлд компани буруугүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Л.Оэ анх ажлын байраа орхиж явснаас хойш өнөөдрийг хүртэлх нийт найм орчим сарын хугацаанд компанийн төлөөлөгчтэй ердөө нэг удаа биечлэн ирж уулзсанаас өөрөөр ажлаа хийх, хөдөлмөрийн харилцааг эхлүүлж үргэлжлүүлэх алхам огт хийгээгүй. Харин эсрэгээр компаниас түүнд ажлаа хийх тухай удаа дараа мэдэгдсээр байсан. Шүүхэд гаргасан урамшуулал, нэмэгдэл хөлстэй холбоотой шаардлагууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаанд хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч нь эдгээр маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасны заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх ёстой атал өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлүүлэхээр хандаж байгаагүй.

Талууд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан борлуулалт болон ажлын гүйцэтгэлийн урамшуулал олгохоор тохиролцож байгаагүй бөгөөд гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хэмжээний цалин хөлс олгож байсан. Бусдын ажлыг хавсран буюу хослон гүйцэтгэсэн зүйл байхгүй. Энэ нь тухайн үед мөрдөж байсан тус компанийн дүрэмд “ерөнхий менежер”-ийн хийх ажил үүрэгт “төсвийн төслийг бэлтгэн гаргаж танилцуулах” гэж зааснаар өөрийн чиг үүргийн ажлаа хийж байсан нь харагдана. Мөн “нягтлан бодогч” гэсэн орон тоонд албан ёсоор өөр хүн ажиллаж байсан нь хэрэгт байгаа санхүүгийн тайланд гарын үсэг зурснаар харагдана. “Маркетинг борлуулалтын менежер” гэсэн орон тоо нэхэмжлэгчийг ажиллах үед тус байгууллагын бүтцэд байгаагүй. Угаасаа ерөнхий менежер борлуулалтын чиг үүргийг гүйцэтгэдэг байсан. Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлаар харилцан тохиролцож байгаагүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ээлжийн амралт авч байгаагүй гэж худал бичжээ. Л.Оэ нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 7 сар хүртэл ажилласан долоон сарын хугацаанд хамаарах ээлжийн амралтаа эдэлж, түүнд 1 931 818 төгрөг олгосон. Нотлох баримтыг хэрэгт өгсөн. Л.Оийн цалин хөлстэй холбоотой гаргасан шаардлага хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн, агуулгын хувьд үндэслэлгүй байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-иас 8 659 353 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Оэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 131 059 863 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “М” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 874 950 төгрөгөөс илүү төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 153 499 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2227 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 820 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Оэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Оэ би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн хүрээнд хоёр гомдол нэг хүсэлт гаргасан. Тус шүүх миний гаргасан гомдлыг хэлэлцээд 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дугаар 2227 тоот магадлал гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулиудыг зөрчсөн тул уг магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлууд болон хүсэлтүүдийг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх шүүх хурлын ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан заалтыг зөрчин, шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд тайлбар хийхийг шаардаж, шүүх хуралд өөрийн биеэр оролцон дэлгэрэнгүй тайлбар хийх хүсэлтийн дагуу хийж байсан тайлбарыг хязгаарлан хэргийг бүхэлд нь хянаагүй, хэлэлцээгүй тул тус шүүхийн магадлалыг гардан авахдаа, тус шүүхийн тамгын газарт хүсэлт гарган, хурлын тэмдэглэл болон хурлын бичлэгийг харьцуулж үзэхэд шүүх хурлын тэмдэглэлийг хөтлөхдөө 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүх хуралдаанд хийсэн тайлбарыг бүрэн тэмдэглээгүй, хасаж баталгаажуулахдаа Ерөнхий шүүгч 166.4 дэх заалтыг зөрчин, гаргасан гомдлын хүрээнд тайлбараа хий гэж хэлсэн үгнүүдийг тэмдэглэлд оруулаагүй төдийгүй Ерөнхий шүүгчийн надаас асууж буй зарим асуултууд буруу бичигдэж, зарим нь тэмдэглэлд огт бичигдээгүй. Иймээс 96.3-т заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, буруу, хасаж бичигдсэн хурлын тэмдэглэлийг хурлын бичлэгтэй харьцуулан тулгаж үнэн бодитоор засварлан, энэ тухай тэмдэглэлд тусгаж, холбогдох шүүгч гарын үсэг зурж баталгаажуулан хэрэгт хавсаргуулж, миний гомдлыг үнэн бодитоор шударгаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийг ноцтой зөрчихгүй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах хуулиудыг зөрчин, хуулиудыг бүрэн хэрэглээгүй эсвэл буруу хэрэглэсэн тул дараах гомдлуудыг гаргаж байна. Эдгээр нь:

1. Ажил олгогч буюу хариуцагч талын буруугаас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэх авах хүртэлх хугацааны нөхөн олговор 45 сая төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хяналтын шатны шүүх хэрэгт өөрийн биеэр шүүхэд дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлтийн дагуу хийх байсан тайлбарыг бүрэн сонсоогүй, хэргийг үнэн бодитоор, шударгаар, 166.4-т заасны дагуу шийдвэрлэх хангалттай цаг байхад илт зөрүүтэй нотлох баримтыг хууль зөрчин анхан шатны шүүх үнэлсэн гомдлыг нотлох баримтын хүрээнд бүрэн хэлэлцэн шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдон дараах тайлбарыг бичив. Үүнд:

Давж заалдах шатны шүүх, хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох хувьцаа эзэмшигчдийн хоёр тогтоол, шинэчлэгдсэн гэх компанийн дүрмийг хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргаж өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгөхийг хориглосон заалтыг зөрчин илт зөрүүтэй, хуурамч нотлох баримтуудыг бүрдүүлж анхан шатны шүүх болон нэхэмжлэгчийг хуурсан гэх тайлбарт хийх байсан тодруулгыг бүрэн сонсоогүй төдийгүй тодруулгыг хийлгээгүй. Тус хоёр шүүх нэхэмжлэгч тодруулга хийж тайлбарласан тайлбарлаагүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр дараах илт зөрүүтэй, хуурамч нотлох баримтыг өөрийн мөн чанар, дотоод итгэлээр үнэлээгүй, төдийгүй нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хуулийг буруу хэрэглэн буруу шийдвэр гаргасан.

Тодруулбал, хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн бүтцийн өөрчлөлт хийж нэхэмжлэгчийн ажлын байрыг цомтгосон гэх хэрэгт авагдсан нотлох баримт болох 2017.07.07-ны өдрийн болон 2017.09.11-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд хоёр дахь хөрөнгө оруулагч Лоренц Мелшерсийн гарын үсэг /хх 17,19,21,29/ хоёр өөрөөр зурагдсан. Уг илт зөрүүтэй хоёр өөр зурагдсан гарын үсгүүдийг хэрэгт авагдсан Лоренц Мелшерсийн гадаад паспорт дээрх түүний албан ёсны гарын үсэг /хх 170/ болон компани анх үүсгэн байгуулагдах үед батлагдсан дүрэм /хх 209,218/ дээрх түүний зурсан гарын үсэгтэй /хх 209/ харьцуулахад аль алинтай нь таарахгүй, илт зөрүүтэй бичиг баримтыг хоёр өөр дугаартай нотариатчид баталгаажуулалт хийж улам эргэлзээтэй болгосон.

Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн бүтцийн өөрчлөлтийг нотлоно гэх компанийн шинэчилсэн дүрэмд хоёр дахь хөрөнгө оруулагчийн гарын үсэг /хх 28,37/ мөн илт зөрүүтэй хоёр өөр гарын үсэг зурагдсан. Эдгээр илт зөрүүтэй хоёр өөр зурагдсан гарын үсгүүдийг хэрэгт авагдсан Лоренц Мелшерсийн гадаад паспорт дээрх түүний баталгаат гарын үсэг /хх 170/ болон компани анх үүсгэн байгуулагдах үед батлагдсан дүрэм /хх 209,218/ дээрх түүний зурсан гарын үсэгтэй /хх 209/ харьцуулахад илт зөрүүтэй мөн таараагүй шинэчилсэн гэх компанийн дүрмийг /хх 145-162/ хоёр өөр нотиаратчид баталгаажуулсан. /хх 17-37/ Шүүхэд гаргаж өгсөн компаний гэрчилгээний хуулбарт /130/ дээр нотариатч 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр баталгаажуулалт хийгдсэн байх ба гэрчилгээний ар талд улсын бүртгэлийн газраас дүрэм шинэчлэгдсэн талаар Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар компанийн дүрэм шинэчилсэн талаар тэмдэглэгээ хийгдээгүй. Улсын бүртгэлийн байцаагчийн дугуй тамга компанийн дүрэмд дарсан боловч анх компани үүсгэн байгуулагдаж байх үеийн дүрэмтэй харьцуулахад дүрэм дээр дарагдсан шиг дөрвөлжин тамга /хх 200/ уг шинэчилсэн гэх дүрэм дээр дарагдаагүй, компанийн дүрэм хэзээ шинэчлэгдсэн болох он сар өдрийг бичээгүй, бүртгэлийн байцаагчийн гарын үсэг баталгаажуулан зурагдаагүй, хувьцаа эзэмшигчдийн тогтоолын хамт хурлын тэмдэглэл байхгүй, зөвхөн гол хоёр хөрөнгө оруулагч гарын үсэг зурагдсан тул дээрх нотлох баримт хуурамч ба хүчин төгөлдөр бус гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Харин Лоренц Мелшерсийн гадаад паспорт дээрх түүний албан ёсны гарын үсэг /хх 170/ болон компани анх үүсгэн байгуулагдах үед батлагдсан дүрэм /хх 209,218/ дээрх гарын үсгүүд таарч, анх компани үүсгэн байгуулагдаж байх үеийн компани дүрэм нь Компанийн тухай хуулийн дагуу бүртгэл хийгдэн улсын бүртгэлийн байцаагчийн гарын үсэг болон тамга. тэмдэглэлгээгээр баталгаажуулагдан бүх хувьцаа эзэмшигчид гарын үсгээ зурагдсан нь компанийн хуучин дүрэм хүчин төгөлдөр гэдэг нь баримтаар тогтоогдож байна. /хх 170, 209/ Хуучин дүрэмд ерөнхий менежерийн орон тоо болон хийх ажлын чиг үүрэг тусгагдсан тул нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ерөнхий менежерийн ажилдаа эгүүлэн томилогдох бүрэн үндэслэлтэй бөгөөд шинэ дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн үндэслэлтэй юм. /хх 205,206 /

Хариуцагч талын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 2017.07.07-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хавсралт буюу шинэ бүтэц /хх 18,20,/ дээр Vice Director гэж бичигдсэн бол компанийн шинэчилсэн гэх дүрэмд /хх 25,34/ заасан албан тушаалын нэршил Deputy Director гэж англи хувилбар буюу эх хувиуд зөрүүтэй бичигдсэн байхаас гадна хуучин дүрэм болон шинэчилсэн дүрмийн 15-18 хүртэлх заалтуудыг ерөнхий менежерийн хийх ажилтай харьцуулбал шинэ дүрмээр урьд хийж гүйцэтгэж байсан ажлын байр нь Гүйцэтгэх захирал болон Дэд захирлын аль нэг албан тушаалын ажил, чиг үүрэгтэй дүйж байхаас гадна шинэ бүтэц гэх хууль бус бүтцээр ерөнхий менежерийн нэршлийг Vice Director гэж, шинэчлэсэн гэх дүрмээр ерөнхий менежерийн ажлыг чиг Deputy Director гэж тус тус өөрчилсөн болох нь тогтоогдож байхад ерөнхий менежерийн чиг үүрэгт байхгүй хавсран гүйцэтгэж байсан маркетингийн менежерийн ажил санал тавьсан. Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/2017/02853 тоот захирамж гарсан өдөр цалин урьд авч байснаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилд эгүүлэн орохыг мэдэгдсэн мэдэгдлээ /хх 64,65/ зөрчин бизнесийн ёс зүйгүй үйлдэл гарган цалинг 60 хувь бууруулан, урьд эрхэлж байсан албан тушаал болон урьд авч байсан цалинд тохирохгүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль бус санал, хууль бус тушаал тавьсан нь баримтаар тогтоогдсоныг шүүх хуульд заасны дагуу үнэлээгүй, буруу үнэлж, буруу хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан.

Тус хоёр шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар дээрх илт зөрүүтэй, хуурамч нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй буруу үнэлснээс шүүх хүчин төгөлдөр бус, хууль бус тушаал, тогтоол, бүтэц, компаний дүрмийг хүчин төгөлдөр хуульд нийцсэн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан заалтыг бүрэн хэрэглээгүй, 36.2-т заасан заалтыг зөрчихөөс гадна хариуцагчийн бизнесийн ёс зүйгүй үйлдэл гарган амлалт, мэдэгдлээ зөрчин цалинг 60 хувь бууруулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйхгүй хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг хугацаа тулган тавьж, тохиролцох саналаа хууль бусаар тавьж гэрээ байгуулаагүй, цалин, болон албан тушаалыг тушаалд заагаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 8 болон 8.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гаргаагүй зөрчил болох нь хэрэгт авагдсан имэйлээр тогтоогдсон байхад хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хурал дээр Ерөнхий шүүгч асуултаа илүү тодруулан асуухгүй, нэг асуултаа тулгах, товч хариулах, ийм тайлбар хийхгүй, дахин ийм тайлбар хийвэл шүүх танхимаас гаргаж нэхэмжлэгчгүйгээр хэргийг хэлэлцэнэ гэсэн утгатай үгнүүд хэлсэн тул би Ерөнхий шүүгчийн тушаалтай холбоотой асуусан асуултанд товч хариулсан ч шүүгчид яагаад хууль бус тушаал гэж үзэж байгаа талаар тодруулж асуугаагүй төдийгүй хөдөлмөрийн гэрээний санал амлалт болон хөдөлмөрийн хуулийг зөрчин тавьсан тайлбарыг бүрэн хийлгээгүй төдийгүй бүрэн үнэлээгүй, хэрэгт хамааралгүй асуулт асууж дээр дурдсан журам зөрчсөн. Шүүх хурлын ажиллагааг явуулж буй дээрх хэсгийг хурлын тэмдэглэлд оруулаагүй, дээрх илт зөрүүтэй, хуурамч нотлох баримтанд үндэслэн хууль бус тушаал /хх39,40/ болон хууль бус хөдөлмөрийн гэрээ санал тавьсныг /хх 66,69/ хүчин төгөлдөр гэж аль аль шүүх үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан эхлүүлсэн ч тус байгууллагын удаан ажиллагаанаас хэрэг удааширсан бурууг нэхэмжлэгч намайг тушаалыг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний саналыг хүлээн авч ажлаа хийгээгүй гэж үзэж дээр дурдсан хуулиудыг зөв хэрэглээгүйд гомдолтой байна. Төрийн байгууллагын ажилдаа хариуцлагагүй, хуулийн хүрээнд хандаагүйгээс болж нэхэмжлэгч маш их цаг хугацаа алдаж, маш их зардал чирэгдэл гаргаж, сэтгэл санааны хувьд улам илүү хохирсоор байгаа тул нэгэнт илт зөрүүтэй хуурамч нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэгч болон шүүхийг хуурсан нь дээр дурдсан тайлбаруудтай баримтаар тогтоогдож байна.

Иймээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаах хүсэлтээ өөрчлөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.3-т зааснаар хэрэгт байгаа бичмэл илт зөрүүтэй, хуурамч дээрх баримт, дээрх тодруулгаар хуурамч болох нь тогтоогдсон тул нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч, 110.4-т зааснаар бичмэл баримт хуурамч байсан нь мөн тогтоогдож байгаа тул шүүх хөрөнгө оруулагчдын бүтцийн өөрчлөлт болон компанийн дүрэм шинэчлэхтэй холбоотой тогтоолууд, компанийн шинэчлэгдсэн гэх дүрмийг нотлох баримтаас хасч, анхан шат руу уг хэргийг буцаахгүйгээр, нотлох баримтанд байгаа анх компани үүсгэн байгуулагдсан дүрмийг хүчинтэй тул хууль бус хуурамч илт зөрүүтэй тогтоол, бүтэц, дүрэмд үндэслэгдсэн хууль бус тушаал болон хууль бус хөдөлмөрийн гэрээний санал тул хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т заасан заалтыг бүрэн хэрэглэж, хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т болон Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 8 болон 8.1-т заалтыг зөрчин хууль бус тушаал гаргаж намайг хохирсон хохирлыг хариуцагч талаас бүрэн гаргуулж өгөхийг хүсч байна.

2. Шүүх ажил олгогчийн буруутай үйлдлээс болж анх “М” ХХК үүсгэн байгуулагдаагүй үед Эм Эс Эм групп компанийн нэр дээр контрактын гэрээ байгуулахаасаа өмнө хариуцагч нэхэмжлэгчийг ажилд авах 2016 оны 7 дугаар сард ажлын ярилцлаганд дуудан хэд хэдэн даалгавар өгч цалин болон урамшуулал, ажиллах нөхцөлүүдийн талаар амаар болон имэйлээр тохиролцохдоо нэхэмжлэгчийн удирдан ажиллах менежментийн багийн гишүүдийг өөрөөр нь бүрдүүлэн, олон ажил хийлгэхгүй байх боломжоор хангаж өгөх, борлуулалтын урамшуулал 3% болон үр дүнгийн урамшуулал 7сая төгрөгийг /хх 69-76,184-192, 222-231,233-234/ “Эм Эс Эм” группийн нэр дээр гэрээ байгуулж, гэрээнд удахгүй урамшууллын нөхцөлүүдийг хавсралтаар оруулна гэж амаар болон имэйлээр тохиролцсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн контракттай холбоотой заалтуудыг зөрчин хавсралтыг байгуулахгүй ажил хийлгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон төдийгүй уг хэргийг шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 тоот захирамжтай хэрэгт анх хэлэлцэн шийдвэрлэхэд хариуцагч тал хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох ажлын албан ёсны оатлүүк имэйлийг устган, оронд нь өөр хуурамч имэйл нээж, түүний албан ёсны ажлын имэйлтэй адилхан нэр өгч нотлох баримтаар оруулсан. Төдийгүй ажлаас үндэслэлгүй эмнэлэгт байх хугацаанд нь ажлаа хүлээлгэн өгөхийг шаардан сүрдүүлж, ажлаа хүлээлгэн өгөх актыг буюу дөрвөн хуудас тайланг эмнэлгээс гарч өвчний акттай байх үедээ бичиж хүлээлгэн өгөхдөө олон ажил хавсран гүйцэтгэсэн ажлын файлуудыг нэхэмжлэгчийн оронд ажилд авсан Батчимэг гэх эмэгтэй ерөнхий менежер гэж хүлээн авч тойрох бичиж өгсөн нь уг захирамжтай хэрэгт тогтоогдсон байдаг. Харамсалтай нь шүүх эвлэрүүлэн зуулчлахдаа уг хэргийг нотлох баримтыг дутуу шалгаж, уг хэргийг тусад нь өөр шүүхээр шийдвэрлэх шийдвэр гаргаснаас уг нотлох баримтууд хамгийн анх анхан шатны шүүхийн захирамжтай холбоотой хэрэгт үлдсэн. Шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар нотлох баримтыг үнэлж, хэргийн материалд уг захирамжтай хэргийг татан оруулж хэлэлцүүлэх хариуцагчийн хүсэлтийг /хх115/ хүлээн авч шийдвэрлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гарган шалгуулахаар өгсөн нотлох баримтуудыг дутуу шалгасан болох нь тус шүүх хурлын бичлэгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх сүүлийн шийдвэр гаргах хурлын тэмдэглэлийг бас 96 зүйлд заасны дагуу хөтлөөгүй болох нь тогтоогдсон. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэн шнйдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн уг хэрэгт тохирох хуулийг хэрэглээгүй, буруу хэрэглэсэнд гомдон дараах тайлбарыг хийж байна. Үүнд:

“М” ХХК шинээр байгуулагдмагц Эм Эс Эм групптэй байгуулсан контрактын гэрээг шилжүүлэн гэрээнд урамшуулалыг тусгаж удахгүй өгнө гэж маш олон удаа хэлж хойшлуулж, “М” ХХК нэр дээр гэрээг шилжүүлэн байгуулахыг удаа дараа хүсэж гэрээнд тохирсон зүйлүүдээ тусгахыг хүссэн ч зөвхөн тушаалаар ажилд авсан нь тогтоогдож байсан ч шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 тоот захирамжтай хэргийн уг тушаал хавсаргасан. Уг захирамжтай хэргийн материалыг уг хэргийг хэлэлцэхэд бүрэн эхээр нь хавсаргах хүсэлтийг хариуцагч тал гаргасан боловч шүүх хүлээн авч шүүх уг захирамжтай хэргийн материалыг уг хэрэгт оруулаагүй, хэрвээ хүсэлтийг хүлээн авч оруулсан бол хэрэг маш ойлгомжтой үнэн бодит нотлох баримтын хүрээнд үнэлэгдэн шийдвэрлэгдэх байсан.

Хариуцагч тал анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт болох ажлын имэйлийг устган /оyun-егdеnе@mastertime.mn/ оронд нь өөр имэйл нээн, ажлын имэйлтэй адилхан нэр өгч шүүхэд дээрх бүх урамшуулал, цалинтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн./хх163-167/ Уг хуурамч имэйлд үзлэг шүүх хийж, уг имэйл устгагдсан болох талаар хурлын тэмдэглэлд оруулж үзлэгийн дүгнэлтийг гаргасныг хариуцагч тал уг шүүх хэргийг нэгтгэх хүсэлтийг хүлээн аваагүй тул өөрсдөө оруулахдаа шүүх хурлын тэмдэглэлийг оруулаагүй. Уг тэмдэглэлд имэйл устгагдсан болохыг тэмдэглэсэн бөгөөд IT инженерээр шалгуулах хүсэлтээс гадна түүнийг ажлаас үндэслэлгүй халж, борлуулалтын урамшуулалд 0.5 % өгөх бөгөөд түүний оронд ажил хүлээлгэн авах хүнд ажлаа өгөхийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шаардсан болохыг нотлох ватсаппаар харьцсан нотлох баримтыг гарган өгч уг нотлох баримтыг шалгуулах болон уг өдөр нэхэмжлэгчид бичгээр өгсөн мэдэгдэлд ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх өргөдөл өгөх, борлуулалтын урамшуулалд 0.5 хувийг нэхэмжлэгчид өгөх болсноо нэхэмжлэгчийн оронд ажилд орох Батчимэг гэх эмэгтэйд ажил хүлээлцэх тайлан бичин хүлээлцэх тухай дурдсан нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах тус тус хүсэлтийг/хх61,/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийг Батчимэгт ажлаа актаар хүлээлгэхийг шаардсаны дагуу илүү цаг зав гарган, мэдлэг туршлагаа ашиглан боловсруулсан файлуудыг актаар хүлээлгэн өгч, нэхэмжлэгчийн тогтоогдсон боловч Батчимэг хоосон лэптоп хүлээж авсан гэсэн утгатай тайлбарыг шүүх үзлэг хийх явцад хэлсэн боловч шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон шүүхийн хурлын тэмдэглэлд энэ талаар огт дурдаагүй. Гэхдээ тухай үед хөндлөнгийн хоёр гэрч байсан гэдгийг уг и-мэйлд үзлэг хийх үед ийм зүйл болсныг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хэлсэн ч уг нотлох баримтуудыг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалаас надад хэлэхгүй татан авсан байдаг. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах болсон шалтгаан нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний асуудал үйлдсэн болохыг уг шийдвэр гарсны дараа мэдэж татгалзан одоо цагдаа дээр шалгагдаж байгаа болно.

Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 тоот захирамжтай хэргийн материалд байгаа уг үзлэгийн дүгнэлт болон уг үзлэгийг шүүхээр хэлэлцсэн хурлын тэмдэглэл, шүүхийн захирамжуудад байгаа тул уг хэрэгтэй холбоотой материалуудыг шүүх уг хэргийг шийдвэрлэх эцсийн шийдвэр гаргахдаа хэргийн материалд нэгтгэн үнэлж шалгаж үнэн бодит нотлох баримтанд үндэслэн шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Дээрхи хариуцагч талын хуурамчаар үйлдсэн нотлох баримтууд болох нь миний ажил хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байгаа бөгөөд уг эрүүгийн хэрэг нь үндсэн хууль болон бусад хууль ёсны үндэслэл бүхий хуулиудаар олгогдсон миний эрхийг ноцтой зөрчиж, шүүхийн өмнө үндэслэлгүйгээр гүтгэн нотлох баримтыг устган, хуурамчаар үйлдэж намайг хохироохоос гадна миний нэр төрд халдаад зогсохгүй үнэн бодит байдлыг гуйвуулж, шүүхийг төөрөгдүүлжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч тал “М” ХХК байгуулагдмагц Эм Эс Эм групптэй байгуулсан гэрээг тус компани руу шилжүүлээгүй зөвхөн тушаалд гэрээнд заасан урамшууллыг олгоно гэсэн тушаалаар ажиллуулж байхад Олон Улсын нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны борлуулагчийн эрхтэйгээр Монголд хорь орчим жил үйл ажиллагаа явуулсан Эм Эс Эм компани гол хоёр хөрөнгө оруулагчид дээр нь Ролекс брэндийн албан ёсны борлуулагчийн эрх авсан гэсэн тул намайг хуурч амлалтаа зөрчихгүй гэрээгээ нөхөж байгуулж, миний хөдөлмөрийн шударгаар үнэлж бизнесийн ёс зүйг эрхэмлэн гэж найдаж, итгээд цаг наргүй, тоос шороон дунд дэлгүүрийг хоёр сар хүрэхгүй хугацаанд нээж, хүмүүсийг нь сургаж, менежментийн стандартыг боловсруулж, сургалт хийж, уг дэлгүүрийн менежментийг илүү оновчтой хийж долоохон сарын дотор нэг тэрбум гаруй төгрөгийн борлуулалттай /хх / хийхийн тулд цаг наргүй 24 цаг ч хүрэлцэхгүй ачаалал ихтэй ажилласан болох нь хэрвээ хариуцагч тал миний ажлын имэйлыг устган шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгөөгүй бол илүү хангалттай нотлох баримтуудаар нотлогдох байсан ч уг хэрэгт авагдсан нотлох баримтууд нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа талаарх тайлбарыг шүүх хурлаар дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлт хийх эрхээр хангагдмаар байна.

Иймээс уг хэргийг анхан шатны шүүх рүү буцахгүйгээр Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 тоот захирамжтай хэргийн материалыг уг хэргийн материалд оруулж үнэлэн, холбогдох хуульд заасны дагуу намайг хуурч, хохироосон хариуцагчаас хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү.

Хэрвээ шүүх хурлын ажиллагаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмын болон 166.4-т заалтын дагуу явагдсан бол шүүхэд нотлох баримт илт зөрүүтэй, хуурамчаар үйлдсэн дээрх тайлбарууд бүрэн хийгдэн, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхээ бүрэн эдлэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэхгүй байж болох байсан бөгөөд миний хууль ёсны эрх ашиг ноцтой хохирохгүй байсан. Шүүх 10.16 дугаар зүйлийн 4.3.хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлж, гэрээнд ажил хавсран гүйцэтгэсэн, урамшууллын хувь болон үр дүнгийн урамшууллыг тусгаагүй төдийгүй холбоотой нотлох баримтыг устгаж, хуурамчаар бүрдүүлсэн хариуцагч талд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулиудыг зөв хэрэглэсэн зохих хариуцлагыг хүлээлгэн намайг хохиролгүй болгож хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэж итгэж энэхүү гомдлыг гаргав.

Дээрх хэргийг шүүх эцсийн шийдвэрээ гарган шийдвэрлүүлэх хугацаанд дараах хоёр хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Дээрх гаргасан гомдлуудтай холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг өөрийн биеэр шүүх хуралд оролцон өгөх хүсэлтэй гаргахаас гадна Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 тоот захирамж болон Сүхбаатар дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 дүгээр шийдвэртэй холбоотой хэргийн материалуудыг хөдөлгөхгүй байх үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хамгаалалтанд авах хүсэлт гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Оэ нь “М” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 45 000 000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 1 556 552 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42 000 000 төгрөг, борлуулалтын урамшуулал 44 156 662 төгрөг, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7 000 000 төгрөг, нийт 139 713 214 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 408 032 төгрөг, ээлжийн амралтын олговорт 1 251 321 төгрөг, нийт 8 659 353 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байх боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэнгүй.  

  1. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 45 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Л.Оэ нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс “М” ХХК-д Ерөнхий менежерээр ажилласан ба 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас үндэслэлгүй халсан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохоор зохигч эвлэрсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 дугаартай Шүүгчийн захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Зохигч эвлэрснээс хойш хариуцагч нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул тэрээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан 2017 оны 11 дүгээр сараас хэрэг шийдвэрлэгдэх 2018 оны 08 дугаар сар хүртэлх ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 45 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэг адил хүчин төгөлдөр тул нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцжээ.

Түүнчлэн ажил олгогч байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсны дараа хариуцагч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор  тохиролцож, эвлэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. дахь заалт энэ шийдвэрт хамаарахгүй, өөр ажил санал болгосныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг зохигчийн эвлэрлийг баталсан 2017 оны 11 дүгээр сараас хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сар хүртэлх 9 сараар тооцож, олговорт /9 сар х 5 000 000 төг/ 45 000 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

  1. 2017 оны ээлжийн амралтын олговорт 1 556 552 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажиллах хугацаандаа ээлжийн амралт аваагүй гэж ээлжийн амралтын олговорт 3 488 370 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг шүүхэд хянагдах явцад 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын хугацаанд олгогдох 8 хоногийн ээлжийн амралтын олговорт 1 931 818 төгрөгийг авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгажээ.

Дээрх тайлбараас үзэхэд ажилтан 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл ажилласан, энэ хугацаанд 8 хоногийн ээлжийн амралтын олговор авсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгох бөгөөд 79.2.-т зааснаар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна, 79.5.-д заасан үндэслэлээр нэмэгдэл амралт олгохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч Л.Оэ нь хуульд заасан нэмэгдэл амралт эдлэх хугацаагаар ажиллаагүй, нэг жилд ногдох 15 хоногийн ээлжийн амралт эдлэх эрх үүсээгүй байх бөгөөд тэрээр 2017 оны 08 дугаар сараас ажлаас халагдсан үндэслэлээр ажил эрхлээгүй, энэ үеэс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шүүх шийдвэрлэсэн тул ээлжийн амралтын олговрыг давхардуулан олгох үндэслэлгүй.

Иймд ээлжийн амралтын олговорт 1 251 321 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзнэ.

  1. Шүүх нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т нийцсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2227 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх  заалтын  “...8 659 353 /найман сая зургаан зуун тавин есөн мянга гурван зуун тавин гурван/ төгрөг...” гэснийг “...45 000 000 төгрөг...” гэж, “...131 053 863...” гэснийг “...94 713 214...” гэж, 3 дахь заалтын “...153 499..” гэснийг “...382 950...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 820 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Б.УНДРАХ

ШҮҮГЧ       Х.ЭРДЭНСУВД