Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 458

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигт хороолол, 17-1 тоотод оршин суух, Хөхөлдөөнхөн овогтой Далайжаргалын Туулын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 5-12 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, ОО66101275 регистрийн дугаартай, Бөхөнхөн овогтой Баатарын Батболдод холбогдох,

    Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Д.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: .Батболд нь аймгийн Шуудан холбооны газарт даргаар ажиллаж байхдаа 2016 оны 9 дүгээр сарын эхээр манай хамаатны Ганхөлөгийг гаальд галчаар ажилд оруулж өгье гээд 1.000.000 төгрөг, 7 хоногийн дараа 200.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг надаас бэлнээр авч Ганхөлөгийн анкет бөглүүлж авсан. Түүнээс хойш удаа дараа шаардаж утсаар ярьж, биечлэн уулзсан боловч байнга худлаа хэлж, ямар нэгэн заль хэрэглэн хойшлуулсаар өдийг хүрч байгаа ба сүүлдээ утсаа авахаа болиод байна. Б.Батболд нь шаардуулж байж цагаан сарын өмнө 200.000 төгрөг өгсөн, үлдсэн 1.000.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Иймд Б.Батболдоос 1.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Д.Туул нь харицагч Б.Батболдод холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.000.000 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан Т.Алтанчимэгийн Хаан банк дахь дэлгэрэнгүй дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар иргэн Д.Туул нь хариуцагч Б.Батболдод 2016 оны 9 дүгээр сард 1.200.000 төгрөгийг өгсөн, үүнээс өөрийн төлөөлөгчөөр дамжуулан 200.000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна.

    Өөрөөр хэлбэл, Д.Туулын хамаатны хүнийг ажилд оруулж өгнө хэмээн Б.Батболд Д.Туулаас мөнгө авсан боловч тухайн тохиролцоогоо гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн дагуу хүлээсэн үүрэг нь хүчин төгөлдөр бус тул мөн зүйлийн 492.3-т зааснаар тухайн үйлдлийг хийлгэхээр шилжүүлсэн хөрөнгөө Д.Туул шаардах эрхтэй гэж үзлээ.

    Мөн хариуцагч Б.Батболд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр танилцсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх мөн зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүнчлэн хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

     Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Б.Батболдоос 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Туулд олгож шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Туулын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батболдоос 28.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Туулд олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Б.Батболдоос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Туулд олгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Туулын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.850 /хорин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батболдоос 28.850 /хорин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Туулд олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                             

                                                  ДАРГАЛАГЧ,

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Н.ГЭРЭЛТУЯА