Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

                                                                                                                      

 

   2021        12          30                                  2022/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Цын Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1833 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          

          Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 51 дүгээр гудамж 25а тоотын гадна иргэн Ц.Яринпилтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

/яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 1833  дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ц.Яринпилын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Ц.Яринпилын мөрдөн байцаалтад өгсөн:

“... Би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 40 минутын орчим аавынхаа хамт гадуур төмөр авч ирээд гэр рүүгээ орох гэтэл манай хашаа руу эргэдэг дээр хажуу айлын хүн машинаа тавьчихсан /Хөвсгөлийн дугаартай машин байсан, улсын дугаарыг нь санахгүй байна гэх/ байхаар нь би “машинаа холдуулаад өгөөч, би энэ хашаа руу орно, арын машинд саад болоод байна” гэж хэлэхэд жолооч гэх ах гарч ирээд надад “наад зайгаараа багтаад ор” гэж хэлсэн. Би машинаа хашаандаа оруулаад буцаж гарч ирээд хаалган дээр зогсож байсан ахад “танайх хашааныхаа хаалгаа хааж бай л даа, дээр нь танайх олон нохойтой, манай хүүхдүүд рүү дайраад байдаг” гэж хэлэхэд тэр ах хаалга хаахгүй байсан ба “наагуур чинь машин чөлөөтэй өнгөрнө” гэж  хэлсэн. Тэгээд сүүлдээ би “наад хаалгыг чинь салгаад авчихна шүү” гэхэд “чаддаг юм бол тэгэхгүй” гэсэн. Тэр үед айлын эхнэр гарч ирээд “юу болоод байгаа юм” гэхээр нь би энэ ахад ингэж шаардлага тавилаа гэхэд юун сүртэй юм гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд “танай хаалга энэ хүртэл савдаг шүү дээ” гээд хаалгыг нь татаад харуулахад “хаалга хаа” гээд орилсон ба ажилтан нь гэх залуу намайг заамдаж аваад тавихгүй байхаар нь би цамцаа тайлаад бултарсан. Тэгээд тэр залуу цаашаа явчихаар нь би ардаас нь очсон боловч эхнэр гэх эмэгтэй намайг түлхээд тэр залуу руу ойртуулаагүй. Тэгэхээр нь тэр эмэгтэйг би заамдаж аваад түлхэж холдуулаад тэр залуу руу очих гэхэд өөр нэг малгайтай залуу гарч ирээд намайг зуураад байсан. Тэрнээс арай гэж салаад буцаад хашааны хаалга хэсэг рүү явж байх үед тэр айлын нөхөр гэх залуу миний араас ирээд тоосгоор миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Миний чих аймар шуугаад хөдөлж чадахгүй 30 минут орчим зогсож байгаад гайгүй болсон. Тэгээд би тэр залууг яаж байгаа юм гэхэд “танайхыг хөрстэй чинь тэгшилнэ” гэж хэлсэн. Би тэр залууд хандаж “хуулийн байгууллагаар шийдүүлнэ” гэхэд “тэг” гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“Үзлэг хийж буй объект нь 80000225 гэсэн бичиглэлтэй СД байх тул тухайн СД-г компьютерт хийж үзэхэд video-1632190169 гэсэн бичиглэлтэй 1 ширхэг бичлэг байв. Тухайн бичлэгийг эхлүүлэхэд нийт 04 минут 29 минутын бичлэг байх ба дэлгэцийн гол хэсэгт камерын хяналтын дэлгэцийг Ргар утсан дээрээ бичсэн байв. Дэлгэцийн зүүн хэсэгт том тээврийн хэрэгслийн ход тэвш мэт зүйл харагдах ба түүний цаад талд 2 ширхэг тээврийн хэрэгсэл зогсоон дээд талд нь хашааны хаалгатай онгорхой харагдаж байв.Тухайн хашааны хаалганы булан хэсэгт хүмүүс байгаа мэт харагдах ба бичлэгийн 03 минут 15 дахь секундэд хашааны хаалганы урд хэсэгт хүмүүс маргалдаж ноцолдож байгаа байдалтай харагдав. Бичлэгийн 03 минут 43 дахь секундэд дэлгэцийн зүүн хэсэгт дээгүүрээ улаан өнгийн цамц өмссөн хүн гарч  ирээд хашааны хаалга руу чиглээд алхах ба бичлэгийн 04 минут 09 дэх секундэд тухайн улаан цамцтай хүн хар өнгийн футболка өмссөн эрэгтэй хүний толгой хэсэгт цохиж байгаа бичлэг бичигдсэн байв. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийн ажиллагааг 15 цаг 10 минутад дуусгаж үзлэгийн тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулахад ямар нэг санал хүсэлт байхгүй гэснээр гарын үсэг зуруулж ажиллав гэх тэмдэглэл /хх-ийн 42-43/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7882 дугаартай:

“Ц.Яринпилын биед баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17/,

 

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

“... 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хашаанд засвар хийж байсан машинаар дүүрсэн байсан учир өөрийн машиныг оруулж чадахгүй хашааны үүдэнд тавиад гэртээ орсон. Би гэртээ ороод хоол идээд байж байхад гэрийн гадаа манай хажуу талын залуу эхнэр Соёлмаа руу хаалга үүдээ гүйцэт хаасангүй  гэх мэтээр хэрэлдсэн юм байна лээ.Энэ талаар манай охин Нарансолонго надад ээжийг хүн түлхэж унагаагаад байна гэхээр нь би гараад очиход манай хөрш залуу бүгдийг нь шатаана салгаж хаяна ч гэл үү тайрч хаяна гэл үү тийм зүйл яриад байсан. Мөн тухайн муудалцаад байсан залуугийн аав ч юм уу хадам аав нь ч юм уу тоосго бариад дайраад  байхаар нь би тэр аав гэх хүнээс нь тоосгыг нь аваад хөрш айлын залуугийн баруун талын хэсэг рүү нэг удаа цохисон. Гэтэл тэр залуу намайг ална гээд намайг цохих гэхээр нь би цохиогүй. Тэгээд эндээс бид нар салсан гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх 01/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах хугацаа сунгах тухай тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 02-03/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 46/,нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 47/ авто тээврийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 50/ оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн  52/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ц.Бын хохирогч Ц.Яринпилтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Яринпил нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 138.000 төгрөгийг нэхэмжилснийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Б нь төлж барагдуулсан байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Ц.Бт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Цын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ