| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00363/и |
| Дугаар | 466 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 5 дугаар баг, Гиваанбаатарын гудамж, 8-1 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй регистрийн дугаар ОВ87050800, Шангас овогтой Чилдээгийн Болормаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 19 дүгээр байр, 10 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ87121711, Чимэдцэрэнгийн Пүрэвнямд холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13.000.0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Болормаа, хариуцагч Ч.Пүрэвням, гэрч Н.Нямбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаангом сумын нутаг 11 дүгээр баг, Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын дэргэд үйл ажиллагаагаа явуулж байсан Western nomads рестораны барилгыг Чимэдцэрэн овогтой Пүрэвнямд худалдах, худалдан авах гэрээний дагуу /2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр/ худалдсан бөгөөд тухайн үед төлбөрийн хагас мөнгө болох 60.000.000төгрөгийг гэрээнд тусгасан хугацаанд авсан ба үлдсэн мөнгийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буюу 2 сарын дараа авахаар тохиролцсон боловч авах хугацаа хэтэрч удаа дараа нэхээд гурван жил гаруй хугацаа өнгөрсөн.Тухайн үед гэрээнд туссан 150.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу тохирсон боловч худалдан авагч тал тухайн обьектийг худалдаж авахаа болих эсвэл үнийг хямдруулах шаардлага тавихад 130.000.000 төгрөг болгож тохиролцсон. Обьектийн газар, үл хөдлөх хөрөнгө нь Шинэ Ойрад ХХК-ийн нэр дээр байдаг тул компаний эрхийг Ч.Пүрэвнямд бүрэн шүлжүүлж өгсөн. Эрх шилжүүлээд 2014 оноос өнөөг хүртэл нэхэл дагуулж болж 117.000.000 төгрөгийг авсан. Миний бие нэр бүхий хүнээс худалдсан төлбөрийн үлдэгдэл болох 13.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220.000 төгрөг нийт 13.220.000 мянган төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хураамжийн төлбөрийг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна. Мөнгөө авах талаар удаа дараа нэхсэн боловч зээл хөөцөлдөж байна, жаахан хүлээ нэг бол буцааж ав гэсэн тайлбар хэлсээр 3 жил болох гэж байна. Миний мөнгийг гаргаад өгөх бүрэн боломжтой байгаа хэдий ч /Обьектийг цааш нь өөр хүн дамжуулан худалдсан, хашаа байшин, газраа худалдан борлуулсан/ өгөхгүй, шүүххуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх асуудал тавихад битгий өгөөч, боломж гарахаар удахгүй өгнө, эсвэл машин зарж мөнгөө гаргаж ав гэх зэрэг тайлбар хийсээр өдийг хүрлээ. Иймд энэхүү маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Пүрэвням шүүхэд гаргасан хариу тайлбртаа: Ч.Болормаагаас үйлчилгээний зориулалттай объектыг 130.000.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 80.000.000 төгрөгийг өгсөн ба үлдэх төлбөрийг банкны зээл гаргуулан өгөхөөр болсон боловч зээлийн барьцаанд тавих газрын гэрчилгээ эзэмшигчийг солиулж чадаагүй тул тухайн зээл бүтээгүй. Тэгээд өгсөн 80.000.000 төгрөгөө буцаан аваад тухайн объектыг буцаах гэсэн боловч миний өгсөн мөнгөөр Ч.Болормаа нь зээлээ хаасан байсан. Ингээд төлбөр төлөх хугацаа удааширч эхэлсэн. Гэхдээ би санаатайгаар хүнийг хохироох, завших зорилго агуулаагүй бөгөөд төлбөрийг төлөхөөс ч татгалзаагүй. Харин би үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Харин 5.000.000 төгрөгийг нэмж өгнө гэж огт тохиролцоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Болормаа нь хариуцагч Ч.Пүрэвнямд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13.000.0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Болормаа, хариуцагч Ч.Пүрэвням нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 193 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Ч.Пүрэвням нь Ч.Болормаагаас Шинэ Ойрад ХХК-ийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, Нийгмийн даатгалын хэлтсийн ард байрлах, 240 м.кв талбай бүхий, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 150.000.000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлж дуусгах, мөн уг үл хөдлөх эд хөрөнгө байрлах нэгж талбарын 8516000176, гэрчилгээний 0175494 дугаартай, 120 м.кв талбай бүхий газрын хамт шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна /хх-3, 5/.
Гэтэл явцын дунд талууд гэрээний үнэд өөрчлөлт оруулж, 150.000.000 төгрөгийг 130.000.000 төгрөг болгон өөрчилсөн, одоо үлдэгдэл төлбөр 8.231.994 төгрөг байгаа талаар талууд маргахгүй байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн, хариуцагч Ч.Пүрэвнямаас бэлэн мөнгө, орон сууц шилжүүлэх замаар дээрх үнийн дүнгийн дийлэнх хувийг төлсөн нь зохигчдын тайлбар, гэрч Н.Нямбатын мэдүүлэг, хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт-уудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Харин 2016 оны 8 дугаар сард нэхэмжлэгч, хариуцагч нар үлдэгдэл 8.231.994 төгрөг дээр 5.000.000 төгрөгийг Ч.Пүрэвням нэмж төлөхөөр тохирсон эсэх талаар талууд маргасан ба нэхэмжлэгч нь үнийн дүнг 13.000.000 төгрөг гэж тодорхойлон ирүүлснийг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Учир нь гэрээний үүрэг буюу үлдэгдэл төлбөр 8.231.994 төгрөгийг хариуцагч заасан хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас Ч.Болормаатай тохиролцон, 5.000.000 төгрөгийг нэмж төлөхийг санал болгож, нөгөө тал уг саналыг хүлээн авсан, энэ тухай талууд бичгийн баримт бичиг үйлдээгүй боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3-т заасан хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг хэлцлээр хариуцагч Ч.Пүрэвням нэмэлт үүрэг хүлээсэн байна.
Нөгөө талаар, хариуцагч 5.000.000 төгрөгийг нэмж өгөхөөр тохиролцоогүй, энэ талаар нотлох баримт байхгүй хэмээн маргаж байгаа боловч тухайн хэлцлийг хийгдээгүй, эсхүл огт ийм зүйл яригдаагүй гэдгээ нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Нямбатын ... 2016 оны 8 дугаар сард бид харилцан тохиролцоод Ч.Пүрэвнямын санал болгосон 5.000.000 төгрөгийг нэмж авахаар болсон гэсэн мэдүүлгийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3-т зааснаар хариуцагч Ч.Пүрэвнямаас 13.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болормаад олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Пүрэвнямаас 222.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болормаад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3-т зааснаар хариуцагч Ч.Пүрэвнямаас 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болормаад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Пүрэвнямаас 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болормаад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА