Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

   2021        12          23                                 2021/ШЦТ/12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Бын Жийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2536 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 26 минутын үед согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл гаргуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Ц.Амарзаяа нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 04-93 тоотод байхдаа 380.000 төгрөгийг шилжүүлж Б.Ж нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5099538899 тоот дансаар хүлээн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.                        

                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/     

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 2536 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ж нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Амарзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай нөхрийн таньдаг ах нь дэлгүүрийн архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл гаргаад өгөх таньдаг хүн байгаа гэж хэлээд манай нөхөрт 88100990 дугаарыг өгсөн. Уг дугаараар манай нөхөр холбогдож тусгай зөвшөөрөл гаргуулан авах хэрэгтэй байгаа талаараа хэлэхэд Viber-aap холбогдоно гэсэн. Тэгээд Viber-aap тухайн хүнтэй холбогдоход дэлгүүрийнхээ зургийг бичиг баримтуудын зургийн хамт дараад явуулчих, тусгай зөвшөөрөл гаргуулахад тушаах торгуулийн мөнгө 380.000 төгрөг болно, Хаан банкны 5099538899 дугаарын данс руу шилжүүлчих гэсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуут 4-93 тоотод байхдаа өөрийн ашигладаг Хаан банкны 5720572359 тоот данснаас 380.000 төгрөгийг 0000637 гэсэн гүйлгээний утга бичиж шилжүүлсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд тухайн залуугийн 88100990 дугаарын утас нь холбогдохоо больсон. Иймд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Б.Мөнхтогтохын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би эхнэр Амарзаяагийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Миний их уул нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр танил ах болох Лхагвасүрэнтэй холбогдоод “Би дэлгүүрээ 8-н нэр болгох гэсэн юмаа, хөөцөлдөх бичиг баримт ихтэй юм байна, танд туслалцаа үзүүлэх хүн байна уу?" гэж асуухад “Би чамд 1 дугаар өгье, чи тэр хүнтэй яриад зөвлөгөө авчих, наад хүн чинь мэдэж байгаа” гэж хэлээд 88100990 дугаарыг өгсөн. Би тухайн өдрөө яриагүй ба маргааш буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тухайн 88100990 дугаарын утастай хүнтэй холбогдоод “Би Лхагваа ахын дүү нь байгаа юм аа, 6-н нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм, дэлгүүрээ 8-н нэр болгож архи худалдах зөвшөөрөл авах гэсэн юм, та надад туслалцаа үзүүлээч” гэж хэлэхэд тухайн хүн “наад бичиг баримт чинь асуудалгүй шүү дээ, бүрдүүлэх баримтуудаа бүрдүүлчих, танайх мкв чинь хүрдэг юм уу” гэж хэлэхээр нь би “манайх өмнө нь архи зардаг байсан юм, тэгээд өөрсдийн хүсэлтээр больчихсон юм” гэж хэлэхэд “асуудалгүй болно, чи харин над руу бичиг баримт хөөцөлдөх мөнгө 380,000 төгрөг шилжүүлчих” гээд дансаа өгөхөөр нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад эхнэр Амарзаяагийн данснаас шилжүүлсэн. Тэгтэл тухайн хүн нь “2 хоногийг дараа ярья” гэж хэлсэн ба тухайн өдрөөс хойш утас нь холбогдохгүй болохоор нь 10-аад хоног хүлээж байгаад Лхагваа ахтай холбогдоод “нөгөө хүн чинь холбогдохоо больчихлоо” гэж хэлэхэд Лхагваа ах “ямар сонин юм бэ, тэгэх хүн биш дээ, ах нь дугаарыг нь андуураад өгчихсөн юм шиг байна, цагдаад хандчих” гэж хэлэхээр нь би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл авсан тэмдэглэл /хх-ийн 03/,

- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 04/,

- Хохирогч Ц.Амарзаяагийн гүйлгээ хийсэн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 05/,

- Шүүгдэгч Б.Жийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22/,

- Фейсбүүк мессенжерээр харилцсан баримт /хх-ийн 06-07/,

 

Шүүгдэгч Б.Жийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хабу зочид буудалд байж байтал 13 цагийн үед миний 88100990 /гаар руу нэг танихгүй дугаараас эрэгтэй хүн над руу залгаад “Би Тайвнаа ахын дүү нь байна аа” гэж хэлэхээр нь би өөрийн танил Тайвнаа юм болов уу гэж бодоод “Аан за” гээд ярьтал “Танд архи согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөл яаралтай гаргаад өгөх таньдаг хүн байна уу” гэж асуухаар би “Хүнээс асууж үзье” гээд тасалсан. Тэгсэн чинь удалгүй 2 цаг орчмын дараа над руу дахиж залгаж нэг эмэгтэй ярьсан  ба “Манай дэлгүүр урд нь тусгай зөвшөөрөлтэй байж байгаад хүсэлтээрээ больчихсон юм аа, буцаад тусгай зөвшөөрлөө авах гэсэн юм аа, та хүнтэй холбоод өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан ба “За би хүнтэй ярьж үзье, Viber-aap дэлгүүрийн дотор зураг, аюулгүй байдлын самбар, зөвшөөрлийн зураг зэрэг зүйлсээ явуулчих” гэж хэлсэн. Тэгтэл миний 88100990 дугаарын Viber руу зургаа явуулахаар нь би буцаж холбогдоод “Хүнтэй ярьж үзлээ, торгууль болон бичиг баримтын мөнгө гээд 380,000 төгрөг болох юм байна” гэж худал хэлээд өөрийн Хаан банкны 5099538899 дугаарын данс руу шууд шилжүүлж авсан. Тэгээд би тухайн мөнгийг аваад “1х Bet” нэртэй бооцоо тавьдаг       сайт руу шилжүүлээд мөнгөө маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг болгож өсгөж аваад хамтран амьдрагч Лхагвасүрэн рүү шилжүүлчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/,  шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 46-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ж согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл гаргуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Ц.Амарзаяагаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 5099538899 тоот дансаар 380.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Жийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Жийг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Жөд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч Б овогт Брын Жийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жөд оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч Б.Ж  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ