Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1418

 

                                                                                                                      

 

 

   2021        12          16                                   2021/ШЦТ/1418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч А.Амарсанаа  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2372 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          

          Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь согтуурсан үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 407 дугаар худгийн орчимд иргэн Ж.Батсүхтэй маргалдаж баруун гарыг нь мушгиж, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 2372  дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Т нь хохирогч Ж.Батсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Ж.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим гэрийн ойролцоо байрлах худаг дээрээ явж байх үед зүс мэдэх Т нь согтуу таарч “сайн уу, ах аа” гэж хэлэхээр нь “сайн” гэсэн чинь шууд миний баруун гарыг мушгиад өчсөн. Нэг харахад миний гарын өөх нь гараад ирчихсэн байсан. Тэгээд цагдаа дуудаад Тг эрүүлжүүлсэн. Би гэмтлийн эмнэлэг рүү яваад гараа үзүүлэхэд 4 оёдол тавьсан. Зураг нь байгаа гэх мэдүүлэг /хх 08/,

 

Гэрч У.Бямбасүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

...  2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд 470 дугаар худгийн хажууд Идэрмөнх ах болон өөр 2 танихгүй хүнтэй юм яриад зогсож байхад цайз талаас дээшээ өгсөж байсан Приүс-20 маркийн 41-81 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тухайн тээврийн хэрэгслээс 30-35 орчим настай хүн бууж ирээд надтай хамт байсан нэг ах руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тэр 2 хүн барьцалдан маргаж муудаад байсан. Тэгсэн надтай хамт байж байсан ахын баруун гараас цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 12/,

 

Гэрч Э.Бямбажаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

... Миний бие 15 цагийн орчим гэрээсээ гараад хадам ээжийн машиныг аваад халтуур хийх гээд явж байх үед Т ахыг Эрдэнэтолгойгоос очиж аваад буцаад гэр рүү ирж байх үед худаг дээр Т ах “түр зогс доо ахынх нь таньдаг хүн явж байна” гээд Батсүх гэгчтэй уулзаад мэнд мэдэлцээд байж байгаад цаашаа 470 дугаар худаг руу яваад тэндээ юм ярьж байсан ба өөр нэг биеийн тамирын хослолтой ах тэд нар маргалдаад байсан. Тогоо ах Батсүх гэгчтэй хэрүүл хийгээд миний хүүг нас барахад чи хаана байсан юм гээд уурлаад байсан бөгөөд чи муу яагаад байгаа юм бэ гээд тэр хоёр хоорондоо цохилцоод байсан. Т ахыг би машинд суу гэсэн чинь Батсүх ах Т ахыг нэг цохисон. Т ах Батсүх ахын гарыг салаавчиндаа хийгээд доош нь дарчихсан. Батсүх нь орилоод байхаар нь би очоод салгаж, цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 15/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай:

“Ж.Батсүхийн биед баруун сарвуунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх18 /,

 

Шүүгдэгч Н.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 09 дүгээр сард 470 дугаар худаг дээр очиход Батсүх ах байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрөхдөө машинтай явж байсан учир зогсоод Батсүх ахтай уулзсан. Тэгээд юм ярьж байгаад би жилийн өмнө нас барсан охиныхоо талаар ярьсан. Батсүх өнгөрсөн баларсан юм яриад байгаарай гэж хэлээд уурлаад миний хоолойг боохоор нь би гарыг нь базаад хойш нь түлхсэн. Батсүх ах “гар” гэж хашхираад газар унасан гэх мэдүүлэг /хх 47/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх 01/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах хугацаа сунгах тухай тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02-03/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Баасанбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 23/, жолоодох эрхийн лавлагаа /25/, оршин суух газрын тодорхойлолт /хх 27/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 51-52/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Т нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.Тгийн хохирогч Ж.Батсүхтэй маргалдаж баруун гарыг нь мушгиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ж.Батсүх нь гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Н.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Н.Тд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Нын Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Н.Тд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ