| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00476/и |
| Дугаар | 517 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 517
Зохигчид эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-60 айлын орон сууцны, 23 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН68010161, Булгадар овогтой Цэвээнравдангийн Болормаад холбогдох,
Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4.132.041,09 төгрөг, зээлийн хүү 801.512,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.697,18 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг, нийт 4.946.750,44 төгрөг гаргуулах, мөн зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Даваасамбуу, Ц.Болормаа нар нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвөөс ЗГ/201642674869 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.000.0000 төгрөгийн зээлийг жилийн 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 867.958,91 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 81.041,09 төгрөг, нийт 949.000 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банкшүүхэд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бухий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ201642674869 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 4.132.041,09 төгрөг, зээлийн хүү 801.512,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.697,18 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг, нийт 4.946.750,44 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген техникчээр ажилладаг. Ам бүл 4, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нэг хүүхэд маань оюутан, нөгөөх нь дунд сургуульд сурдаг. Би өөрөө 14.000.000 төгрөгийн цалингийн зээлтэй, бас орон сууцны зээл төлдөг. Нөхөр маань 2016 оны 7 дугаар сард өвчний улмаас нас барсан. Тэрээр өвчтэй байхдаа эмчилгээнд явахаар Хаан банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авсан. Миний цалин эдгээр зээлүүдийг төлж хүрэлцэхгүй байна. Хаан банкны танайд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үндсэн цалин 553.650 төгрөг ба илүү цагийн мөнгөтэйгээ нийлээд гар дээр 650.000 төгрөгийг авдаг. Үүнээс цалингийн зээлд 557.000 төгрөг, орон сууцны зээлд 497.000 төгрөг төлдөг. Энэхүү зээлээ төлөхийн тулд аав, ээж, ах дүү нараас хандив, тусламж, зээл авч хугацаа хэтрүүлэн төлдөг. Эдгээр зээлүүдийг төлөх миний төлбөрийн чадвар хүрэлцэхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг, хариуцагч Ц.Болормаа нар 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбар төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг, хариуцагч Ц.Болормаа нарын хооронд дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулагдав. Үүнд:
1. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ201642674869 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4.132.041,09 төгрөг, зээлийн хүү 801.512,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.697,18 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг, нийт 4.946.750,44 төгрөгийг хариуцагч Ц.Болормаагаас гаргуулах,
3. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ц.Болормаад холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4.132.041,09 төгрөг, зээлийн хүү 801.512,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.697,18 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг, нийт 4.946.750,44 төгрөг гаргуулах, мөн зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэн О.Даваасамбуу, Ц.Болормаа нар Хаан банктай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201642674869 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, хариуцагч Ц.Болормаа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон бусад зардалд 4.946.750,44 төгрөг төлөх гэжээ.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.098 төгрөгөөс 47.049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 47.049 төгрөгийг, хариуцагч Ц.Болормаагаас47.049 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201642674869 тоот зээлийн гэрээг цуцлах, хариуцагч Ц.Болормаа нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 4.946.750,44 төгрөгийг Хаан банкинд төлөх, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.098 төгрөгөөс 47.049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 47.049 төгрөгийг, хариуцагч Ц.Болормаагаас 47.049 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА