Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1416

 

                                                                                                                      

 

   2021        12         16                                   2021/ШЦТ/1416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1784 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          

          Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 04-өөс 5-нд шилжих шөнө өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын орчим иргэн О.Бархастай үл ялих зүйлээр шалтаглан нүүр, толгой тус газар нь гараараа болон төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний доторх булан, доод зовхи, дагзны баруун доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дотор талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтуурсан үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын17-оос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 2-р буудал гэх газрын орчим иргэн Д.Содномдаржааг “мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

       /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 1784  дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Д нь насанд хүрээгүй хохирогч О.Бархас, хохирогч Д.Содномдаржаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Д.Содномдаржаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... Би 2021 оны оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 23:20 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 9-422а тоот гэрээсээ гараад дэлгүүр орох гэж байгаад найзууд болох Н.Баярхүү, Н.Наранбат нартай уулзаад зогсож байхад Шархадны хоёр автобусны буудал дээрээс өмнө нь надтай нэг сургуульд сурч байсан зүс таних Д нэг эрэгтэй хүнтэй зогсож байснаас хөөш гээд намайг чангаар дуудсан.        Би эргээд хартал Г.Д Шархадны хоёрын автобусны буудал дээр хүнд зодуулчихлаа гээд ямар ч зодуулсан шинжгүй байж надад худлаа хэлсэн. Тухайн үед Г.Д архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай нэлээн архи үнэртэж байсан. Надаас “мөнгө байна уу? ганц пиво уугаад унтмаар байна” гэж хэлсэн. Тэгснээ Баярхүү, Наранбат бид гурваас мөнгө нэхэж байгаад Баярхүүд байсан 13000 төгрөгийг авсан. Баярхүүгээс мөнгө авах гэж Д өгчих дараа мөнгийг чинь өгнө гэсээр байгаад авсан. Баярхүүгээс Д мөнгө авсныхаа дараа Баярхүү, Наранбат бид гурвыг 2.5 литртэй Нийслэл нэртэй пиво авсныхаа дараа “цуг байж бай” гэж хэлээд дагуулж нарийн гудамжинд ороод Д пивоноосоо цуг байсан найзынхаа хамт ууж байснаа манай найз Баярхүүг Дгийн найз /нэрийг нь мэдэхгүй/ шууд нүүрэнд нь нэг удаа цохисон. Тухайн үед Г.Д “намайг чи надтай дугарахгүй их болжээ” гээд юм ярьж байснаа пивоноосоо аяганд хийж өгөөд нэг авчих гэсэн. Би пиво ууж чаддаггүй харшилтай гэхэд Д болж байна шүү дээ гээд найзтайгаа пиво ууж дуусгасан. Тэгээд Шархадны хоёрын буудлын зам руу гарах гээд Г.Д болон түүний найзтай Баярхүү, Наранбат бид гурав явж байгаад би гэртээ харилаа гэж хэлэхэд Д “чи муу их зантай болжээ” гээд шууд миний зүүн нүд баруун гараараа нэг удаа цохисон. Тухайн үед би нүдээ дараад хашаа налсан чинь Д намайг барьж байгаад миний хамар руу гараараа баахан цохиод байсан. Миний хамраас цус гарахаар нь болио гэж хэлэхэд толгойноос дараад битгий наад цусаа гоожуулаад бай гэж хэлээд миний толгой руу эхлээд дэвсэлж байснаа нүүр рүү хөлөөрөө өшиглөж байснаа Д намайг заамдаж босгоод гудамж руу чирч оруулаад “ахиж надтай таараад мэндлэхгүй хажуугаар өнгөрөөд үзээрэй” гэж хэлсэн. Тухайн үед миний хамраас маш их цус гараад тогтохгүй байхад наад цусаа үхсэндээ гоожуулаад байгаа гэж хэлээд ахиад миний нүүр рүү цохиж байгаад цаашаагаа яваад өгсөн. Би Д цаашаагаа явахаар нь босоод гэр рүүгээ зугтаасан. Намайг гэртээ ороод байж байх үед гаднаас аав Даваадорж орж ирсэн. Миний хамраас цус гараад тогтохгүй байсан тул аав гэмтлийн эмнэлэг рүү дагуулж очсон. Тэгсэн гэмтлийн эмнэлэг дээр очиход цагдаад бүртгүүлсэн намайг архи уусан үгүйг шалгаж үзээд архи хэрэглээгүй байгааг минь мэдсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгийн хажууд томографикэд харуулаад шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Бархасын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2021 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын үүдэнд байдаг АТМ-аас мөнгө аваад буцаад явах замд манай 10 жилийн ангийн хүүхэд болох Уламбаяр машин дотроос намайг дуудаж дугуйгаа нэг унуулчих гэж хэлэхээр нь би Уламбаярт дугуйгаа өгөөд явуулсан. Тэгтэл Уламбаяртай хамт машин дотор сууж байсан Далай гэдэг залуу машин дотроосоо төмөр шидээд миний толгойг оносон. Тэгэхээр нь би Далайд чи яагаад төмөр шидэж миний толгойг онож байгаа юм бэ гэж хэлээд машиных нь хажууд яваад очтол бууж ирээд миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод чи намайг танихгүй байна уу гэж асуугаад дахиад миний нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гарчихаар нь би хамраа гараараа дараад доошоо тонгойтол дахиад нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Уламбаяр цаанаас миний дугуйг унаж ирээд салгахад нь төмрөөр миний нуруу хэсэгт нэг удаа цохиод дахиад нуруунд гараараа цохиод өөрөө больсон. Тэгээд машинаасаа ариун цэврийн цаас гаргаж өгөөд машиндаа суугаад явцгаасан. Явахаасаа өмнө цагдаад мэдэгдвэл ална шүү дахиад зодно шүү гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100/,

 

Гэрч А.Баярхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлаа оройтож тараад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байх эмээгийндээ очиж хонох гээд явж байхад найз болох Содномдаржаа, Наранбат нартай Шархадны 2-н буудал дээр уулзаад дэлгүүр орох гэж байхад надаас хоёр ах залуу хөөе гэж орилоод дуудаад байсан. Тухайн үед бид гурав урдаас нь яваад очсон. Тэгсэн нөгөө хоёр залуу шууд надаас мөнгө байна уу гэж асуухаар нь би айгаад хэрэгт орооцолдоод яах вэ гэж бодоод  мөнгө байгаа гэж хэлэхэд мөнгөө гаргаад ир гэсэн. Надад тэд нарт мөнгөө зүгээр өгөх хүсэл байхгүй байсан учраас гаргаж өгөөгүй. Тэгсэн манай найз Содномдаржааг зодсон Д гэл үү, одоо нэрийг нь сайн санахгүй байна. Тэр Д гэдэг залуу миний тухайн өдөр өмсөж байсан өмдний халааснаас 12.000 төгрөгийг шууд  гараа хийгээд миний зөвшөөрөлгүй авсан. Би тухайн үед зодуулахаас айгаад чимээгүй өнгөрөөсөн. Тэгсэн миний мөнгийг авчаад нөгөө хоёр залуу архи авч уухаар дэлгүүр явахдаа Содномдаржаа, Наранбат бид гурвыг дэлгүүр лүү дагаад яв гээд дэлгүүрээс өөрсдөө орж 2,5 литртэй пиво худалдаж авсан. Дэлгүүрээс гудамжинд гараад нөгөө хоёр залуу пивоо шууд амсраар нь балгаж уугаад зогсож байснаа  гэнэт миний нүүр рүү Д гэх залуу баруун талын шанаа руу дараа нь зүүн талын шанаа руу гараараа цохисон. Тэгээд намайг пиво уу гэж шахсан би үгүй гэж хэлсэн чинь дахиад цохиулмаар байна уу гэж сүрдүүлсэн. Тэгээд би айсандаа пивоноос нь нэг том балгаад буцаагаад бөөлжөөд гаргасан. Нөгөө хоёр залуугийн авсан пиво дуусаад бид гурав нөгөө хоёр залуутай засмал зам руу алхаж байхад гэнэт Д манай найз Содномдаржааг зодож эхэлсэн. Тухайн үед нь би бас айгаад хөдлөөгүй зогсож байхад Д гэх залуу найд руу хүрч ирээд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа чанга цохисон би цохиулаад газарт унасан. Ахиад босож ирээд зогссон чинь Д гэх залуу ахиад миний зүүн шанаа руу цохиод бие хэсэгт өшиглөсөн. Би газарт унахад нөгөө Д гэдэг залуу Содномдаржаа дээр очоод ахиад зодож байснаа бид гурвыг дагуулаад харанхуй гудамжинд оруулаад ахиад баахан зодсон. Би дахиад Дд зодуулаад газарт унаад боссон чинь Содномдаржааг бас л Д гэх залуу нүүр амнаас нь цус гартал зодоод нүүр нь цусанд будагдсан байсан. Би Содномдаржаа дээр явж очих үед Наранбат Д найзтайгаа цаана  зогсож байхаар нь шууд зугтаасан. Харин дараа нь найз Наранбаатартай уулзахад жоохон хүүхэд гээд гар хүрээгүй гэж байсан. Мөн Д найзтайгаа хамт Наранбаатараар гэртээ хүргүүлэхдээ Д манай найз Наранбаатарт хоёр найздаа хэлээрэй дараа таарвал ална гэж хэлүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7576 дугаартай:

Д.Содномдаржаагийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай , хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 25/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 7158 дугаартай:

“О.Бархасын биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, дагзны баруун доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 111/,

 

Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... Би 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цаг өнгөрч байх үед хуурай дүү Төрхүү надтай хүмүүст зодуулчихлаа гэж утсаар ярьсан. Тухайн үед би гэртээ байж байгаад Шархадны 2-ийн буудал дээр очиж уулзаад зогсож байсан чинь Төрхүү найзуудаа дуудсан байсныг нь би мэдээгүй. Тэгсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуульд цуг сурч байсан Содномдаржаа өөрөөсөө гадна 3 хүүхэдтэй ирсэн. Тухайн үед би зүгээр ажиглаад зогсож байсан чинь Төрхүү, Содномдаржаагийн найз гэх өндөр залуу өөрөөсөө 10.000 төгрөг гаргаж ирээд бусад нь хэдэн төгрөг гаргасныг би сайн мэдэхгүй байна. Дэлгүүрээс пиво авахаар болж Шархадны  хоёрын буудлын өргөн гудамжинд байх худгийн хажуу талын 2 давхар цагаан өнгийн дэлгүүрээс хуурай дүү Төрхүү Содномдаржаагийн найз өндөр бандийг цохих шиг болсон. Тэгээд би тухайн үед Э.Төрхүүг тэд нар зодсон юм байх гэж бодоод Д.Содномдаржааг би зодсон. Зодохдоо би Содномдаржаагийн нүүр рүү буюу хамар, нүд хэсэгт нь 2-оос 3 удаа гараа зангидаж байгаад цохисон. Дараа нь би Содномдаржаад найз нөхөд байж байгаад яагаад нэгнийгээ зодож байгаа гээд баахан  алгадсан. Тэгсэн Содномдаржаа хуурай дүү Төрхүүг зодоогүй байсан ба надтай адилхан өмөөрч ирсэн байсныг дараа нь би мэдсэн. Тэгээд нэг мэдсэн Содномдаржаа явсан байсан.

...Би 2021 оны 08 дугаар сарын 04-өөс 05-д шилжих шөнийн 00 цагийн үед найз Уламбаяртай хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын ойролцоо явж байхдаа машинтай танихгүй 3 ахтай тааралдаж тэр 3 ахаар Шархадны эцэс хүргүүлэхээр болж машинд сууж явсан юм. Тэгтэл замдаа Уламбаярын ангийн хүүхэд болох Бархастай тааралдахад Уламбаяр нь Бархасын унаж явсан дугуйг гуйж унаад явсан. Тэр хойгуур нь би Бархасыг зодсон. Намайг Бархасыг зодож байхад Уламбаяр буцаж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35, 108/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах хугацаа сунгах тухай тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-06/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 25/, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 41/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Д нь хохирогч нарын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Дгийн насанд хүрээгүй хохирогч О.Бархасыг үл ялих зүйлээр шалтаглан зодсон, мөн хохирогч Д.Содномдаржааг мэндэлсэнгүй гэх шалтгаанаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Содномдаржаа, насанд хүрээгүй хохирогч О.Бархас нь гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй байх ба хохирогч Д.Содномдаржаад хурлын тов мэдэгдэхээр 95774162 дугаарынх нь утсаар холбогдоход түүний эцэг М.Даваадорж холбогдож “Содномдаржаа нь Оюу Толгойд ажиллаж байгаа, хамрын хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ, Д нэг ч удаа бидэнтэй холбогдоогүй, гомдолтой байна” гэв.

 

Хохирогч нар нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Г.Дд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой Гийн Дг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Дд оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ