| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00372/и |
| Дугаар | 521 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 1-1 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ59122773, Өнөр овогтой Буянтогтохын Батчулууны,
Ц.Чулуунчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Чулуунчимэг нь Улаанбаатар хотод оршин суудаг тул миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ц.Чулуунчимэг нь 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо ам бүл 2 хүүгийн хамт амьдардаг. Ц.Чулуунчимэг нь 1980 оноос 1982 оны хооронд Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийг оёдолчноор төгсөөд 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Батлан хамгаалах яамны оёдлын 1 дүгээр үйлдвэрийн мэдэлд шилжиж, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Цэргийн оёдлын 1 дүгээр үйлдвэрт оёдолчноор ажилласан. Цэргийн оёдлын үйлдвэрээс шууд нутаг руугаа ирж ажилласан буюу Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд оёдолчноор ажилласан. 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн сургуульд суралцаж төгссөн. Иймд түүнийг 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлсэн. 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Цэцэрлэгт багшаар томилогдон ажилласан. Ингээд ажиллаж байгаад 1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Хар цагаан усны цэцэрлэгт эрхлэгчээр 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан /Увс аймгийн Өндөрхнагай сум руу шилжих болсон тул ажлаас чөлөөлөгдсөн/. Увс аймгийн Өндөрхангай суманд шилжин ирж тус сумын сургуульд байрны хүмүүүжүүлэгч багшаар 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн сургуульд халуун усны үйлчлэгчээр томилогдож ажилласан. Ажиллаж байгаад 2002 оны 1 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын сургуульд байрны багшаар томилогдож 2006 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан. Ингээд амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжиж тэндээ ажиллаж амьдарч байгаа юм. Тэрээр тасралтгүй ажиллаж байсан боловч тухайн үеийн дарга, нягтлангийн буруутай үйл ажиллаагааны улмаас цалингаас шимтгэл авч байсан боловч зарим саруудад шимтгэл төлөгдөөгүй мэтээр лавлагаа гарч ирж байна. Түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүд нь байгаа боловч зарим ажилд орсон гарсан тушаалууд нь олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Ц.Чулуунчимэгийн Улаанбаатар хотын Цэргийн оёдлын үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд оёдолчноор, Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуйн үйлчилгээний төвд 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд оёдолчноор, Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтурууны цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд, Увс аймгийн Баруунтуруун сумын Хар цагаан усны цэцэрлэгт 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд эрхлэгчээр, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн сургуульд 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд байрны хүмүүжүүлэгч багшаар, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2002 оны 1 сар хүртэл хугацаанд халуун усны үйлчлэгчээр, Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуульд 2002 оны 1 дүгээр сараас 2006 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батчулуун нь Ц.Чулуунчимэгийн Цэргийн оёдлын 1 дүгээр үйлдвэрт оёдолчноор 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, Увс аймгийн Баруунтуруун сумын Хар цагаан усны цэцэрлэгт эрхлэгчээр 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн байрны хүмүүжүүлэгч багшаар 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуульд халуун усны үйлчлэгчээр 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2002 оны 1 дүгээр сар хүртэл, Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуульд байрны багшаар 2002 оны 1 дүгээр сараас 2006 оны 8 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Улаанбаатар хот дахь Нийтийн аж ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийн захирал Жааханы 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Цэндрагчаа овогтой Чулуунчимэгт олгосон хөдөлмөрийн дэвтэрт Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 76 дугаар тушаалаар Улаанбаатар хот дахь Нийтийн аж ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийн цэргийн оёдолын ангид элсүүлэн авч суралцуулав, Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөрийн 58 дугаар тушаалаар Сургуулиа төгссөн тул БХЯ-ны оёдлын 1 дүгээр үйлдвэрийн мэдэлд хувиарлав, Армийн оёдлын 1 дүгээр үйлдвэрийн даргын 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар тушаалаар Цэргийн оёдлын 1 дүгээр үйлдвэрт оёдолчноор авч ажиллуулав, Армийн оёдлын 1 дүгээр үйлдвэрийн даргын 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаар тушаалаар Увс аймгийн Өндөрхангай сумын АДХГЗ-ны 1982 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 231 тоотыг үндэслэн оёдолчны ажлаас чөлөөлж Увс аймгийн ХНХ-ийн мэдэлд шиилжүүлэв, 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 27 тоот тушаалаар Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 27 тоот тушаалаар оёдолчноор ажиллуулав, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалыг баримтлан Улаанбаатарын цэцэрлэгийн багшийн сургуульд явах болсон тул Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 17 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв, Цэцэрлэгийн багшийн сургуулийн захирлын 1987 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот тушаалаар цэцэрлэгийн багшийн сургуульд оюутнаар авч суралцуулав, мөн захирлын 1990 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 71 тоот тушаалаар сургууль төгссөн тул Ардын боловсролын яамны боловсон хүчин, захиргааны газрын мэдэлд шилжүүлэв, Ардын боловсролын яамны сайдын 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183 тоот тушаалаар Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв, Увс аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 86 тоот тушаалаар Цэцэрлэгийн техникумын хүмүүжүүлэгч багшаар төгссөн тул Баруунтуруун суманд цэцэрлэгийн багшаар томилов, Увс аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 85 тоот тушаалаар Баруунтуруун сумын харъяа Зүүнтурууны цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар томилов, Боловсролын хэлтсийн даргын 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 93 тоот тушаалаар Өрдөрхангай суманд шилжих болсон тул цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ,
- Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар Ажил өөрчлөх тухай тушаалд Баруунтуруун сумын Хар цагаан усны цэцэрлэгт эрхлэгч шаардлагатай болсоныг үндэслэн тушаах нь: Тус цэцэрлэгийн эрхлэгч Эрдэнэхүүг 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Чулуунчимэгийг эрхлэгчээр ажиллуулж, зохих журмын дагуу цалинжуулахыг санхүүгийн тасгийн нягтлан бодогчид зөвшөөрсүгэй. ... Дарга Б.Замбал гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 2001 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар Ажилчин түр ажилд авах тухай тушаалд Цэндрагчаа овогтой Чулуунчимэгийг 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Сургуулийн халуун усны үйлчлэгчээр түр томилон ажиллуулсугай. ... Захирал С.Бямбажав гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, Ахуй үйлчилгээний төвийн 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон Баярын бичиг-т Хүндэт нөхөр Ц.Чулуунчимэг та агуу их Октябрийн социалист хувьсгалын 69 жилийн ой, Улсын чанарын атестатчилал угтсан өндөр бүтээл гавшгай хөдөлмөрийн 7 хоногийн социалист уралдааны 1 дүгээр шатны болзолд тэргүүн байр эзэлсэн тул баярын бичгээр шагнаж цаашдын ажилд чинь амжилт аз жаргал хүсэн ерөөе гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвийн захиргаанаас 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгосон Баярын бичиг-т Хүндэт нөхөр Ц.Чулуунчимэгт Ахуй үйлчилгээний төвд ажиллах хугацаандаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж хамт олны хүндэтгэл хүлээж байсанд чинь талархаж МАХН-ын их хурлынхаа түүхэн шийдвэрийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж сурлагын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэрүүлэгчдийн дарга, Засаг дарга нарын 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх-д Сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан боловсролын байгууллагад олон жил идэвх зүтгэл гарган өндөр амжилт гаргасныг сайшааж Сайшаалын үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнав. Эрдмийн хишиг буян арвижих болтугай гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулийн хамт олонтой 1998 онд авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт,
- Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн лавлагаанд: Цэндрагчаа овогтой Чулуунчимэгийн 2001 оны 10 дугаар сараас 2006 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын сургуульд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 329132 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 1 дүгээр сараас 2004 оныг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилттэй,
- Гэрч Ч.Сугаррагчаагийн: Би 1975 оноос эхлэн 2003 он хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтурун сумын Хар цагаан усны тасгийн 6 дугаар бригадад трактор, комбайнчнаар ажиллаж байсан. Ц.Чулуунчимэг нь Өндөрхангай суманд ажиллаж байгаад 1990 оны 7 дугаар сараас эхлэн Баруунтуруун сумын Хар цагаан усны тасгийн цэцэрлэгт эрхлэгчээр 1996 оны 9 дүгээр сарыг хүртэл ажиллаж байгаад буцаад Өндөрхангай сум руу шилжин явсан юмаа. Бид хамтдаа нэг тасагт ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Баруунтуруун сумын Хар цагаан усны тасгийн даргаар тухайн үед Н.Баттогтох гэх хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ж.Оюнчимэгийн: Би 2002 онд их сургуулиа төгсөөд 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын дунд сургуульд Физик, компьютерийн багшаар томилогдон ажилласан. Намайг ажилд ороход Ц.Чулуунчимэг нь тус сургуульд байрны багшаар ажиллаж байсан. Тэрээр ажиллаж байгаад 2006 оны 8 дугаар сараас Улаанбаатар хот руу шилжсэн юм. Би Өндөрхангай сумын дунд сургуульд 2008 он хүртэл ажилласан. юм. Одоо миний бие Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуульд ажиллаж байна гэх мэдүүлэг,
- Гэрч Ч.Сугаррагчаа, Ж.Оюунчимэг нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Ц.Чулуунчимэгийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Цэргийн оёдлын 1 дүгээр үйлдвэрт оёдолчноор, 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар, 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Хар цагаан усны цэцэрлэгт эрхлэгчээр, 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн байрны хүмүүжүүлэгч багшаар, 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2002 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуульд халуун усны үйлчлэгчээр, 2002 оны 1 дүгээр сараас 2006 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуульд байрны багшаар тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Чулуунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Төгөлдөр овогтой Цэндрагчаагийн Чулуунчимэгийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Цэргийн оёдлын 1 дүгээр үйлдвэрт оёдолчноор, 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар, 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Хар цагаан усны цэцэрлэгт эрхлэгчээр, 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн байрны хүмүүжүүлэгч багшаар, 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2002 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуульд халуун усны үйлчлэгчээр, 2002 оны 1 дүгээр сараас 2006 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуульд байрны багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА