| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багт оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОД69091300, Цагаагчууд овогтой Лхайсүрэнгийн Оюунхүүгийн, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Л.Оюунхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие нь 1969 онд төрсөн, 48 настай, ам бүл 6. 1984 оны 11 дүгээр сараас 7 дугаар ангиас гарч хөдөө аав, ээжийн хамт мал малласан. 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл тасралтгүй мал малласан. 1991 оноос одоо хүртэл малаа малласаар байна. Одоо тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй байх ба анх ажилд орсон тушаал, нэгдэл тарахад гарсан тушаал байхгүй байгаа тул шүүхэд хандах болсон юм. Иймд миний Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Ар гэрт мал харах хүнгүй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Л.Оюунхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. Хэрэгт 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Нэгдлийн дарга Ц.Цэдэвээс олгогдсон Л.Оюунхүүгийн хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг дэвтэрт 1985 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн бичсэн, мөн Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Л.Оюунхүүгийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж 1985 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авсан цалин-г түүвэрлэн ирүүлжээ. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ж.Гөлгөн, З.Цэрэндолгор нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Гөлгөн: Миний бие нь 1971 оноос эхлэн Увс аймгийн Зүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1991 оныг хүртэл эмчилгээ тэжээлийн цехэд жолоочоор, нэгдлийн жолоочоор тус тус ажиллаж байсан. Л.Оюунхүү нь анх ээж, аавын хамтаар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Л.Оюунхүүгийн аав нь Лхайсүрэн гэх хүн байсан. Би малчдын тэжээлийг нь зөөдөг, өвчтэй малыг нь ачиж эмчилгээ тэжээлийн цэг рүү зөөх, намарт өвс тэжээлийг нь бэлтгэхэд туслах, нүүдэл суудалд явах зэрэг ажил хийдэг байсан учраас сайн мэдэж байна. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Ц.Цэдэв, С.Намсрайжав, Т.Хүрэлхүү гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч З.Цэрэндолгор: Миний бие нь 1970 оноос эхлэн Увс аймгийн Зүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1991 оныг хүртэл мал маллаж байгаад үргэжлүүлэн тус сумын захиргаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр 2001 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Л.Оюунхүү нь 1985 оноос 1991 оныг хүртэл тасралтгүй тус нэгдэлд мал маллаж байсан. Л.Оюунхүүгийн аав нь Лхайсүрэн гэх хүн байсан. Би Оюунхүүг аав, ээжээр нь сайн таньж байна. Манайхан зусланд гарахдаа айл хошоо буудаг байсан. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Ц.Цэдэв, С.Намсрайжав, Т.Хүрэлхүү гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ. Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Оюунхүүгийн 1985 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Оюунхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цагаагчууд овогтой Лхайсүрэнгийн Оюунхүүгийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Оюунхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА |