Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 46

 

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал,

Иргэдийн төлөөлөгч: М.Сүхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Данзан овогт Цамбагаравын Эрдэнэпилд холбогдох 129/2016/0044/Э/ индекстэй, эрүүгийн 201603000065 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцэхэд

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Архангай аймгийн Чулуут суманд 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод баг Арслан цохионы 3-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Данзан овогт Цамбагаравын Эрдэнэпил /РД:АП88102473/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэпил нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутаг дэвсгэр Арслан цохионы 3-08 тоотод хохирогч Ү.Сандагдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түлхэж унагаан бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэг дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эрдэнэпилийн өгсөн:

Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна. Гэхдээ би түүнийг санаатай түлхээгүй. Тэр үед би гэртээ сууж байхад Ү.Сандагдорж ах манайд орж ирчихээд, ээжтэй юм ярьж байгаад ахдаа нэг архи аваад өг гэсэн чинь ээж би одоохондоо мөнгөгүй байна гэсэн чинь Ү.Сандагдорж ах та нар хэзээ ийм болсон юм надад ганц шил архи аваад өгчихгүй муусайн гуйлгачингууд гээд байсан. Тэгээд Ү.Сандагдорж ах намайг хараад над дээр хүрч ирээд чи аймгаас хэзээ ирсэн юм гэхээр нь би ирээд 2 хонож байна гэсэн чинь чи надад ганц шил архи аваад өгчих гэхээр нь надад мөнгө байхгүй, би таньд дараа авч өгье гэж хэлсэн чинь чи муу чацга их том болсон байна гээд намайг цохиод байхаар нь би дээлээ өмсөөд гардаг юм уу гээд хойд өрөө рүү орсон чинь араас орж ирээд дээлний захнаас татаад нуруу руу өшиглөөд байхаар нь миний уур хүрээд та яагаад байгаа юм гээд түүнтэй барилцаад авсан. Тэгээд би санаандгүй түлхсэн чинь уначихаад муу чацгыг ална гээд байсан. Тухайн үед тийм асуудал болно гэж огт бодоогүй санаандгүй зүйл болсон. Би архи уудаггүй, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй учраас тухайн үедээ тийм асуудал болно гэж огт бодоогүй, зөвхөн өөрийнхөө биеэс л зайлуулахыг бодсон. Ү.Сандагдорж ах архи уухаараа угаасаа их агсан хүн байгаа юм. Би Чулуут сумандаа эх, 4 дүүгийн хамт амьдардаг бөгөөд хаана л ажил гарна тэнд нь очоод ажил хийж эх, дүү нараа тэжээж яваа хүн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед ийм хохирол учирна гэж бодоогүй. Би урьд нь хэрэгт холбогдож байгаагүй учраас үнэндээ ийм асуудал болно гэж бодоогүй. Ү.Сандагдорж гуайг архи уухаараа агсан тавьдаг гэдгийг манай нутгийнхан бүгдээрээ мэднэ. Би архи уугаад янз бүр болоод байдаггүй, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, хүнд тус нэмэр болж явдаг гэдгийг манай нутгийн ард түмэн мэднэ. Би талхны мөнгө ч гэсэн олж ар гэрээ тэжээхийн төлөө л явдаг. Ү.Сандагдорж гуай бид хоёр бол их холын төрөл садан хүмүүс байгаа юм. Миний эцэгтэй минь их ойрхон төрөл юм. Би өмнө нь бэртэй нь суух гээд нэг хэсэг орооцолдож байсан болохоор надад өс санадаг юм шиг байна лээ. Би Ү.Сандагдорж гуайд өс санасан асуудал байхгүй бөгөөд таарсан үедээ түүнтэй мэндлээд л явдаг. Тэр асуудлаас болж надад агсан тавих гэж тэр өдөр орж ирсэн юм шиг байна лээ гэх мэдүүлэг.

 

            201603000065 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Ү.Сандагдоржийн өгсөн:

Би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ эхнэр Бямба-Очирын хамт гараад хадам ах Очирхуягын гэрт орсон. Тэднийд Очирхуяг ах бид хоёр нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэднийхээс гараад би эхнэрээсээ салаад Бямбабаатарын гэрт  орсон. Тэгээд би тэдний гэрт Ц.Эрдэнэпилтэй маргалдсан. Ц.Эрдэнэпил байшингийнхаа хаалга руу түлхсэн.  Тэгээд би саваад унасан. Тэрнээс хойш би юу болсныг өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхнээ Улаанбаатар хотод хагалгаанд ороод сэргэлээ гээд сэргэсэн. Намайг хүү Цэрэнлхам маань сахиж байсан. Бямбабаатар гэх айлд зүгээр явж орсон. Ер нь бол Бямбабаатарынхаар орж гардаг юм. Би Очирхуягийн гэрээс гарахдаа нилээн согтсон байсан. Би архинд амархан согтчихдог юм. Би Очирхуягийн гэрт орохдоо гэрээсээ эрүүл гарсан. Ц.Эрдэнэпилтэй юунаас болж маргаснаа сайн санахгүй байна. Ялихгүй юмнаас л болж маргасан байх. Нэг мэдэхнээ тэдний гэрт түүнтэй маргаж байгаад түүнийг намайг түлхэж унагасныг санаж байна. Ц.Эрдэнэпил намайг цохиогүй байх. Би цохисныг нь мэдэхгүй байна. Ц.Эрдэнэпил бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Намайг Ц.Эрдэнэпил түлхэж унагаснаас болж би юу болж байгааг мэдэхээ байсан. Унагаснаас хойш юу болсон, яасныг, тэндээс яаж боссоноо мэдэхгүй байна. Миний толгойд учирсан гэмтэл түүнээс болж үүссэн гэж бодож байна. Ц.Эрдэнэпилээс өгөх юмгүй хүнээс юуг нь авах билээ. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрөө манай хүүтэй яриад мөнгө төгрөг өгч чадахгүй гэж хэлсэн байсан. Ц.Эрдэнэпилийг нэн ядуу гэдгийг би өөрөө мэднэ. Түүнд гомдолтой гээд ч яахав гомдолгүй. Хуулийнхаа дагуу асуудлаа шийдвэрлүүлдэг юм байгаа биз. Эмчилгээнд 3 орчим сая төгрөг гарсан. Баримтууд цуглуулаагүй. Би тэр өдөр явган явж байхдаа хальтарч унаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар тал/

 

Гэрч С.Цэрэнлхамын өгсөн:

Ү.Сандагдорж миний аав байгаа юм. Би аавынхтайгаа Чулуут сумын Зуун мод багийн Ногоон дөв хорооллын 2-02 тоотод нэг хашаанд байдаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би ажил дээрээ гараатай хоносон. Маргааш нь ажлаасаа бууж ирээд гэртээ өнжсөн. Тэгэхдээ аавынд ортол аав гэртээ орон дээрээ толгой нь өвдөөд байна гээд хэвтэж байсан. Надтай аав юм яриагүй. Би тэднийд нэг их удалгүй гараад гэртээ орсон. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал эмнэлэг дээрээс манай эхнэр дуудаад аав эмнэлэг дээр байна, хэвтэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр яваад очтол аав согтуу хүн шиг нэг л сонин болчихсон хэл яриа нь сайн ойлгогдохгүй байсан. Бид нар даралт нь ихсээд хэвтэж байна гэж ойлгосон. Тэгээд сумынхаа эмнэлэгт 7 хоног сахиуртай хэвтээд бие нь сайжрахгүй байхаар нь аймгийн эмнэлэгт хүргэж ирээд хэвтүүлсэн. Аймаг руу аавыг явуулах гэж байхад аавыг хүн цохисон гэсэн сураг байсан. Тэгээд би 01 сарын 16-ны өдөр Ц.Эрдэнэпил гэх залуутай уулзаж аавыг цохисон уу яасан юм гэж асуухад би цохиогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өдөр нь Ц.Эрдэнэпилийн хойд аав Бямбабаатар гэдэг айлд очиж Бямбабаатар болон түүний ээж Насанбуянтай уулзсан. Тэр хоёр хүнээс аавыг яасан талаар асуухад аав чинь согтуу байсан. Ц.Эрдэнэпил рүү янз бүрийн юм ярьсан. Ц.Эрдэнэпил эрүүл байсан. Ц.Эрдэнэпилийн уур нь хүрээд хоорондоо заамдалцаж аваад байсан. Тэгж байгаад Ү.Сандагдорж ахыг босч ирэнгүүт нь хаалга руу түлхчихсэн. Түлхтэл байшингийн хаалга онгойгоод Ү.Сандагдорж ах саваад унасан гэж хэлсэн. Ц.Эрдэнэпилийн ээж Насанбуян нь ноцолдож түлхэж унагаасан нь үнэн өгдөг газар нь өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр даруйд нь сумынхаа хэсгийн төлөөлөгч Ганболдод аавыгаа зодуулсан талаар хэлж мэдэгдсэн. Гэртээ хариад байж байтал Ц.Эрдэнэпил манайд хүрч ирээд цагдаад мэдэгдээд яах юм бэ, хоёулаа тохироё, би Ү.Сандагдорж ахыг санаандгүй түлхчихсэн чинь хаалга онгойгоод саваад уначихсан гэж хэлсэн. Би Ц.Эрдэнэпилд чамтай юу ярих билээ, аймгийн цагдаад  эмнэлэгээс мэдэгдсэн байна лээ шалгаж байгаа гэж хэлсэн. Би өмнө нь танд өгсөн тайлбартаа хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон гэж буруу мэдүүлсэн байна. Хэрэг 01 сарын 04-ний өдөр болсон юм байна лээ. Манай аав Ц.Эрдэнэпил хоёрын хооронд хэрэлдэж маргаж муудалцсан асуудал байгаагүй. Биенийхээрээ орж гараад л явдаг байсан. Ээжээс сонсоход Очирхуяг ахынд нэг шил архи уусан гэж байсан. Өөр хаана уусныг мэдээгүй. Манай аавын биед нь ил харагдах ямар ч гэмтэл шарх байгаагүй. Толгойдоо битүү гэмтэл авсан байсан. Улаанбаатар хотод очоод гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт хэвтээд хүнд гэмтэл байна гээд шууд хагалгаанд орсон. Эмч нь хагалгаанд орсны дараа надад тархинд цус хураад, гавал яс нь цуурч цөмөрсөн байна гэж хэлсэн. Би аавыгаа Улаанбаатар хотод 10 хоног сахиж байсан. Эмнэлэгээс гараад сувилалд хэвтэж эмчлүүлж байгаад дахиж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж оёог нь авахуулаад аймагтаа ирсэн. Одоо аавын бие сайжирч толгой нь бага зэргийн өвдөлттэй байгаа. Бид нартай юм ярьж хэлж байгаа. Би эмч нарт аавыгаа хальтирч унасан гэж хэлээгүй. Би харин хүнд зодуулсан байж магадгүй, тэгэхдээ сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр дуудаад очиход Лхагвасүрэн эмч өрөөндөө оруулж ирээд аав чинь яасан юм бэ нилээн хүнддүү байна шүү, толгойдоо гэмтэл авсан байж магадгүй юм байна шүү гээд эмч тариа бичиж өгөөд энэ эм тариаг гаднаас авч хийж өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед дүү Очирсүрэн надтай цуг байсан. Би тэр үед Ц.Эрдэнэпил аавыг түлхэж унагаасан гэдгийг хальт сонсчихоод баттай сайн мэдээгүй байсан болохоор хүн зодсон байж магадгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар тал/

 

Гэрч С.Очирсүрэнгийн өгсөн:

Ү.Сандагдорж миний аав байгаа юм. Би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Архангай аймгийн төвөөс Чулуут суманд байх гэртээ өөрийнхөө машинтай очсон. Маргааш өглөө нь гэртээ байж байтал манай ээж Бямба-Очир над руу залгаад аавыг чинь эмнэлэгт үзүүлээдхэе даралт нь ихсээд толгой нь өвдөөд байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би аавынд машинтайгаа очсон. Гэрт нь ороход аав зурагт үзээд сууж байсан. Нүд нь гархилчихсан байсан. Ээж надад аавын чинь даралт ихсээд толгой нь өвдөөд бөөлжөөд байна явж үзүүлээдхэе гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг явъя гээд гэрээс нь гарахад аав өөрөө сайн явж чадахгүй гуйваад байсан. Ээж аавыг түшиж сугадаад машинд суулгаад сумынхаа эмнэлэгийн гадаа аваачиж өгсөн. Ээж аавыг аваад орсон. Би гадаа нь хүлээж байгаад  дээшээ өгсөөд цэцэрлэг орчихоод буцаад эмнэлэг дээр ирсэн. Намайг эмнэлэгийн гадаа байж байхад аавыг чинь хэвтэх шаардлагатай гэж байна, чи харьж бай гэж хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь сумын эмнэлэг дээр очсон байж байхад Лхагвасүрэн эмч уулзаадхъя гээд Цэрэнлхам ах бид хоёрыг өрөөндөө дуудсан. Лхагвасүрэн эмч толгойдоо гэмтэлтэй хүнддүү байна, аав чинь яасан юм бол гэж асуусан.  Тэгэхээр нь би цуг байгаагүй болохоор сайн мэдэхгүй хальтирч унасан юм болов уу гэж хэлсэн. Б.Лхагвасүрэн эмч болохоор хөгшин хүн хүнд зодуулчихааргүй юм даа гэж хэлэхээр нь би харин тийм гэж хэлсэн. Тэгээд эмч эм тариа бичиж өгөөд энийг эмийн сангаас авч өгөөрэй гэж хэлсэн. Аавыг би ахтай ээлжилж эмнэлэгт сахиж 7 хоног хэвтэж эмчлүүлээд бие нь сайжрахгүй болохоор нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийн машинаар авчирч хэвтүүлсэн. Аймагт ирээд байж байхад сумын төвөөс Цэрэнлхам ах над руу утсаар яриад аав Ц.Эрдэнэпилтэй маргалдаж, цохиулчихсан байж магадгүй юм шиг байна гэж хэлсэн. Манай аав Ц.Эрдэнэпил нар хоорондоо нэг их дотно харьцаагүй байдаг байсан. Миний мэдэхээр энэ хоёр хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Би аавыгаа хальтирч унасан байж магадгүй гэж хэлсэн. Аавыг сумын эмнэлэгт хэвтүүлэх үед би Ц.Эрдэнпил аавыг түлхэж унагаасан талаар мэдээгүй байсан юм. Эмч өөрөө хөгшин хүнийг хэн зодвол гэж хэлэхээр нь хальтираад унасан байж магадгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар тал/

 

Гэрч С.Бямба-Очирын өгсөн:

2016 оны 01 сарын эхээр нөхөр бид хоёр эмийн сан орохоор гэрээсээ гарсан. Эмийн сан руу явж байхдаа ахынхаар орж хүний бие асууя гээд манай ах Очирхуягийн гэрт орсон. Очирхуяг ахынх нэг шил Ерөөл нэртэй архи гаргаж өгсөн. Тэрийг нь уучихаад нөхөр бид хоёр гарч ирсэн. Нөхөр маань намайг чи эм аваад харьж бай, би төвөөр хоёр айлаар ороодхоё гэж хэлээд надаас салсан. Би эмийн сан орчихоод гэртээ харьсан. Тэгээд би орой гэртээ байж байтал манай урд айлын утсаар дамжуулж Отгонбаярынд нөхрийг маань согтуу байна гэж Отгонбаярынхаас хэл өгсөн байсан. Манай урд айлаас 2 хүүхэд орж ирээд Сандагдорж ах Отгонбаяр ахынд шар ногоон өнгийн юмаар бөөлжөөд байна гэнэ ирж ав гэж байна гэж хэлсэн. Тэгээд би бэр Өлзийсайханы хамт машинаар очиж Отгонбаярынхаас нөхрийгөө авахаар очсон. Отгонбаярынд очиход нөхөр маань унтаж байсан. Би босоорой босоорой гээд хэлэхэд босохгүй байсан. Тэгэхээр нь авч очсон машиныхаа жолоочтой хамт өргөж босгоод сугадаж гаргаад машинд суулгасан. Машины суудал дээр сууж чадахгүй хажуу тийшээ налж хэвтээд байсан. Гэрийнхээ гадаа очоод машины жолооч, Өлзийсайхан бид гурав өргөөд гэрт оруулж орыг нь засч өгөөд унтуулсан. Нөхрийн маань баруун талын чихнээс цус гараад хатчихсан байсан. Би марал норгож байгаад арчиж цэвэрлэсэн. Маргааш өглөө нь нөхөр маань толгой жаахан өвдөөд байна, толгой эргээд байна гээд байнга хэвтсэн. Маргааш нь бие нь тааруу байгаад байхаар нь хүү Очирсүрэнг дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Сумын эмч тархиндаа жаахан гэмтэлтэй байж магадгүй, даралт нь ихэссэн байна гээд хэвтүүлсэн. Тэр өдөр нөхөр надаас салж явснаасаа хойш гэмтэл авсан байх гэж бодож байна. Надаас салж яваад Бямбабаатарынд орж Ц.Эрдэнэпилтэй маргалдаж Ц.Эрдэнэпил түлхэж унагаасан гэдгийг сүүлд мэдсэн. Ц.Эрдэнэпил түлхэж унагааснаас нөхрийн маань толгой өвдсөн гэж бодож байна. Манай нөхөр гэртээ ирээд юу ч яриагүй шууд унтсан. Отгонбаярынд очиж авахад Отгонбаяр танай нөхөр чинь согтуу орж ирээд унтчихлаа, орж ирээд шар ногоон өнгийн зүйлээр бөөлжчихлөө, чихнээс нь цус гарсан байсан гэж хэлсэн. Намайг дуудахад сэрээд босч ирэхгүй байсан. би хамт очсон машиныхаа жолоочтой хамт өргөж босгосон. Манай нөхөр надтай Очирхуяг ахынд орохдоо эрүүл байсан. Хальтирч унасан асуудал байхгүй. Надаас эмч нар Сандаг гуай хальтирч унасан уу гэж асууж байсан. Би тэр үед юу гэж хариулснаа санахгүй байна. Миний чих хатуу сонсгол муутай учраас хүний асууж байгааг муу сонсоод буруу хариулчих гээд байдаг гэх мэдүүлэг. /хх-ий. 37-38 дугаар тал/

 

Гэрч Г.Отгонбаярын өгсөн:

2016 оны 01 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед би эхнэрийн хамт Хаан банкны хойд талд байдаг баз хүргэн Цогтбаатарынд очсон. Цогтбаатар эхнэртэйгээ хамт хот явсан, манай хадам ээж тэнд байсан. Гэтэл Цогтбаатарын охин нь манай хадам ээжтэй хамт гэртээ байсан. Бид хоёрыг ороход охин нь Сандаг гуай нилээн согтуу манайхаар 2-3 удаа орж ирсэн аавыг асуугаад байсан аав байхгүй юм чинь гэж байсан. Тэгээд эхнэр бид хоёр тэндээс гарах гэтэл  Сандагдорж ороод ирсэн. Тэгээд явах гэтэл Сандагдорж ах танайд хамт очно гээд эхнэр бид хоёртой хамт манайд ирсэн. Тэр охин Сандагдорж гуайн баруун чихнээс цус гарсан байсан гэж хэлсэн. Би харахад баруун чихнээс нь цус гараад хатчихсан байсан. Тэгээд би гэртээ ирээд байж байгаад та явж чадах юм уу гэтэл жаахан унтаж байгаад явъя гэхээр нь газраар гудас дэвсэж өгөөд хэвтүүлсэн. Гэтэл толгой өвдөөд байна эм байна уу гэхээр нь манай эхнэр нэг эм авч өгсөн. Тэгээд би алчуур норгоод толгой дээр нь тавьж өгсөн. Жаахан байж байснаа бөөлжих гээд байхаар нь би хажуу тийш нь харуулж хэвтүүлээд ер нь эхнэр хүүхдэд нь хэлье гэж бодоод эхнэрийнх нь утас руу залгах гэтэл мэдэхгүй болохоор гэрийнх нь урд байдаг Сэрсмаа гэдэг хүний утсаар дамжуулж 3 удаа ярьж ирж ав гэж хэлсэн. Эхлээд ярихад бараг ирэхгүй янзтай болохоор нь дахиж 2 удаа ярьж байж ирсэн. Эхнэр Бямба-Очир нь 23 цагийн үед өөрийнхөө бэр Өлзийсайхантай цуг ирсэн. Машинтай хүнтэй хамт ирсэн. Тэр машины жолоочийг гуйсан юм шиг байна лээ. Тэгээд аваад явсан. Ү.Сандагдорж эхнэр бид хоёртой таарахдаа халамцуу байсан. Тийм ч их согтуу байгаагүй. Эхнэр бид хоёртой янз бүрийн юм яриад явж байсан. Ү.Сандагдорж хүнтэй маргасан гэсэн зүйл яриагүй. Эхнэр бид хоёртой зүгээр юм хуучлаад байсан. Ү.Сандагдоржийн баруун талын шанаа нь жаахан цус болоод хатсан бололтой харагдаж байсан. Яг хаанаас нь цус гарсныг хараагүй. Тэрнээс хойш яасныг нь мэдэхгүй. Эхнэртэйгээ хамт хот яваад сар гаран болоод ирсэн. Ирээд Ү.Сандагдорж ахыг эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон гэдгийг нь мэдсэн. Ү.Сандагдорж ах архи хааяа нэг уудаг. Уусан үедээ их л яриа болчихдог юм гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 дүгээр тал/

 

Гэрч С.Чанцалдуламын өгсөн:

Би нөхөр Отгонбаярын хамт хот явахаасаа өмнө ээжтэйгээ уулзах гэж хүргэн дүү Цогтбаатарынд очсон. Тэгээд байж байтал Цогтбаатарын охин нь доод хорооллын Ү.Сандагдорж гуай баруун чихнээс нь цус гарчихсан согтуу манайхаар орж ирээд гарсан гэж яриад байж байтал Ү.Сандагдорж гуай ороод ирсэн. Тэгээд нөхөр бид хоёр гараад харих гэтэл Ү.Сандагдорж гуай танайд очно гээд цуг дагаад явсан. Тэгээд манайд ирсэн. Манай нөхөр жаахан архи уудаг болохоор хамт архи уучих байх гэж бодоод архи дарс өгөөгүй. Баруун талын эрүү хавьцаа нь цус гараад хатчихсан байсан. Өөрөө хэнтэй архи ууж хэнтэй маргасан талаараа огт яриагүй. Тэгээд манайд байж байгаад толгой өвдөөд байна толгойны эм өгөөч гээд 1 эм өгсөн.  Тэгээд бөөлжих гээд байхаар нь цагдаад хэлэх гээд ортол цагдаагийн эхнэр гэртээ байсан. Цагдаа хөдөө ажлаар явсан гэж хэлэхээр нь эхнэр хүүхдэд нь хэлье гээд утасных нь дугаарыг мэдэхгүй болохоор Ү.Сандагдорж гуайн урд байдаг Сэрсмаа гэдэг хүний утсаар ярьж эхнэрийг нь дуудсан. Эхнэр нь бэртэйгээ цуг ирээд Ү.Сандагдорж гуайг аваад явсан. Ирэхдээ машинтай ирсэн. Машины жолоочийг гуйсан юм шиг байна лээ. Ү.Сандагдорж гуайн эхнэр ярихдаа Очирхуяг гэдэг айлд орсон гэж ярьж байсан. Ү.Сандагдорж гуай нилээн согтуу байсан. Гэхдээ гуйвж дайвсан юм мэдэгдэхгүй бид хоёрыг дагаж явсаар байгаад манай гэрт ирсэн. Надаас пиво нэхээд байсан. Би архи дарс өгөөгүй. Ү.Сандагдорж гуайн баруун эрүү нь жаахан цус болоод хатсан бололтой харагдаж байсан. Яг хаанаас нь цус гарсныг мэдэхгүй. Өөрөө ч тэрийгээ тоохгүй байгаад байсан. Цус гарсан юм чинь дээл нь цус болсон байх ёстой гэтэл дээл нь цус болсон юм байхгүй байсан. Цус гарсан тэгсэн ингэсэн гэж юу ч яриагүй. Ү.Сандагдорж гуай хааяа нэг удаа архи уудаг байх. Уусан үедээ их яриа болчихдог. Агсандуу зантай юм шиг байна лээ. Эрүүлдээ бол юу ч ярихгүй. Манай хоёр айлынх айл аймаг байдаг байсан болохоор сайн мэднэ. Ц.Эрдэнэпилийг архи дарс уудаг эсэхийг нь сайн мэдэхгүй. Надтай архи уусан үедээ согтуу тааралдаж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 дугаар тал/

 

Гэрч Д.Лхагвасүрэнгийн өгсөн:

2016 оны 01 сарын 06-ны өглөө намайг ажилдаа ирэхэд Ү.Сандагдорж гэдэг хүн эхнэрийнхээ хамт ирчихсэн үзүүлэх гээд сууж байсан. Тэгээд би өрөөндөө ортол өөрөө ганцаараа миний өрөөнд орж ирж үзүүлэхдээ өөрөө гадуур хувцасаа тайлаад үзүүлсэн. Үзлэгээр асуусан асуултанд үнэн зөв хариулна, даралт ихэссэн юм шиг байна толгой өвдөөд байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь үзлэгээ дуусаад эмнэлэгт хэвтүүлээд дотрын эмч Цэрэннадмид эмчид хүлээлгэж өгсөн. Хэвтүүлснээс хойш 2 хоногийн дараа санагдаж байна Цэрэннадмид эмч Ү.Сандагдорж гуай дэмийрээд байна гэхээр нь тасагт нь орсон чинь ер нь жаахан дэмийрэх талдаа орчихсон гар хөлөө хөдөлгөөд байсан. Тэгэхээр нь шинж тэмдэгийн эмчилгээ хийгээд цаашид Цэрэннадмид эмч эмчилгээг нь үргэлжлүүлсэн. Ү.Сандагдорж гуайг тэр үед хоёр хүүхэд нь ээлжилж сахиж байсан. Тэгэхээр нь би 2 хүүхдийг нь дуудаж гаргаж ирээд асуутал 2 хүүхэд нь явж байгаад хальтираад унасан гэсэн юм ярьж байсан. Ү.Сандагдорж гуай өөрөө хэлэхдээ толгой өвдөөд даралт ихэссэн юм шиг байна гэхээр нь даралтыг нь үзтэл үнэхээр ихэссэн байсан. Тэгэхээр нь эмнэлэгт хэвтүүлээд дотрын эмчид хүлээлгэж өгсөн. Тэрнээс хойшхи эмчилгээг дотрын эмч дагнаад хийсэн. Намайг анх үзэхэд ил харагдах шарх сорви байгаагүй. Ү.Сандагдорж гуай анх үзүүлэхдээ хэнтэй маргасан талаараа юм хэлээгүй. Надад үзүүлэхдээ өөрөө зүв зүгээр орж ирээд үзүүлсэн. Үзүүлэхдээ толгой өвдөөд гэхээр нь даралтыг нь үзтэл их байхаар нь эмнэлэгт шууд хэвтүүлсэн. Хүнтэй хэрэлдсэн маргалдсан зодоон цохион хийсэн талаар ярьсан юм байхгүй. Би Ү.Сандагдорж гуайг дэмийрээд байхаар нь хүү Цэрэнлхамаад аав чинь дэмийрээд янз бүр болоод байна гэж хэлэхэд Цэрэнлхамаа нь согтуу явж байгаад хальтирч унахдаа хойшоо саваад унасан гэж ээж хэлсэн гэж надад хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 44 дүгээр тал/

 

Гэрч С.Цэрэннадмидын өгсөн:

2016 оны 01 сарын 06-ны 11 цагийн үед байх Лхагвасүрэн эмч Ү.Сандагдорж гэдэг хүнийг үзээд анх үзсэн эмчийн тэмдэглэл хийгээд өвчний түүхийг нь над руу шилжүүлсэн байсан. Тэгээд би өвчний түүхийг нь хүлээж аваад эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээг нь эхэлсэн. Тэр өдөр сувилагч өрөөнд нь ортол янз бүрийн юм яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ороод юм ярихад зүгээр юм ярьж байсан. Тэгээд би өнөөдөр хэдэн билээ гэтэл 2015 оны 11 сар билүү гээд байсан. Мөн таны хаана өвдөж байна өвдөж байгаа газраа заагаарай гэхэд зүүн талынхаа мөрийг заагаад энд шарх байгаа биз дээ чи харахгүй байгаа юм уу гээд байсан. Тэгээд хэн яасан юм бэ гэсэн чинь мэдэхгүй гээд уцаарлаад байсан. Тэгэхээр нь та яасан юм бэ гэхэд хальтираад уначихсан гэж Ү.Сандагдорж гуай өөрөө хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Бямба-Очироос хүнд зодуулсан юм бишүү гэтэл өөрөө хальтирч унасан унахдаа толгойны ар хэсгээрээ саваад унасан юм гэж хэлсэн хүнд зодуулсан тийм юм чинь мэдэлгүй яах вэ дээ гээд байсан. Ү.Сандагдорж эхнэртэйгээ цуг ирж үзүүлээд зүгээр яваад байсан. Лхагвасүрэн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл дээр Ү.Сандагдорж гэдэг хүнийг даралт ихсээд толгой өвдөөд байна гэсэн тэмдэглэлтэй ирсэн. Би хүлээж аваад зохих эмчилгээг нь хийж эхэлсэн. Ер нь голдуу тайвшруулах, зүрх судас дэмжих гэсэн эмчилгээг хийж эхэлсэн. Хүнтэй хэрэлдэж маргалдаж зодоон хийсэн талаар юм яриагүй. Зүв зүгээр ярьж байснаа энд шарх байгаа биз дээ чи харахгүй байгаа юм уу гээд байхаар нь би дэмийрч байна гэдгийг нь ойлгосон. Анх үзэхэд угаасаа хүнд зодуулсан гэхээр зүйл байгаагүй. Толгой цээж хэсгээрээ шарх сорви, хөхөрсөн хавдсан халцарсан юм юу ч байгаагүй. Ү.Сандагдорж гуайн хүү Цэрэнлхамаа надад хэлэхдээ шинэ жилийн үеэр хүнд зодуулчихлаа гээд гэртээ орж ирсэн гэж ярьсан. Тэгснээ би хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй ээж сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Бямба-Очиртой нь уулзаж хүүхдүүд чинь хүнд зодуулсан гээд яриад байх юм гэтэл тийм зүйл байхгүй, би хажууд нь хамт байгаа юм чинь мэдэлгүй яах вэ өөрөө согтуу явж байгаад хойшоо саваад унасан гэсэн. Тэгж унаж байгаа юм чинь хүчтэй унана ш дээ гээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар тал/

 

Гэрч Т.Насанбуянгийн өгсөн:

Манай нөхөр Бямбабаатар тэр өдөр эмийн сан орж эм авчихаад ирэхдээ Ү.Сандагдоржтой хамт орж ирсэн. Манай нөхөр надад хэлэхдээ Хаан банкны арын нарийн гудманд тааралдсан. Очирхуяг ахынхаас гарч ирсэн. Тэгээд  намайг дагаад дүүгийндээ очно гээд хүрээд ирлээ гэж ярьсан. Орж ирээд амар мэндээ мэдээд Ү.Сандагдорж ах эгч бид хоёр нь Очирхуяг ахынд ороод 1 шил архи гаргахаар нь тэрийг нь уучихаад хүний архи уучихаад яаж хоосон байх вэ гээд дахиж 1 шил архи аваад хувааж уучихаад гараад ирсэн гэхээр нь эгч яасан бэ гэтэл эгч чинь намайг архи уулаа гээд уурлаад гэрлүүгээ явчихсан гэж ярьж байсан. Манайд орой 17 цаг өнгөрч байхад орж ирсэн. Нилээн согтуу байсан. Намайг байж байхад манай том хүү Эрдэнпилийг Пилээ ахын дүү хэзээ аймгаас ирсэн юм бэ ах нь үнсье гээд үнссэн. Тэгээд манай том хүү хойд өрөө рүү орсон. Манай охин хоол хийгээд хоолныхоо хогийг шүүрдээд автал намайг хогоор хөөлөө гээд юм ярих гээд байхаар нь би гараад хажуугийнхаа айлд ороод суучихсан. Нилээн байж байтал манай 5 дугаар ангид сурдаг охин орж ирээд Ү.Сандагдорж ахыг Ц.Эрдэнэпил ах хаалга руу түлхээд унагачихлаа гэхээр нь би ороод иртэл манай гэрийн үүдний таамбарт дээшээ хараад хэвтэж байсан. 2 хөлөөрөө байшингийн хаалганы босго руу тулаад жийсэн байсан. Ү.Сандагдорж гуайн толгойных нь хажуу талд манай зомгол хамдаг төмөр хувин байсан. Тэр хувинг мөргөсөн бололтой баруун чихнээс нь цус гарсан байсан. Төмөр хувингийн ирмэг нь цус болсон байсан. Тэгээд би арай гэж босгоод гадаа авч гараад явуулах гэтэл эргэж орж алалцана хэн намайг ингэсэн гээд буцаж дайраад байхаар нь та Пилд янз бүрийн юм хэлээд таныг хаалганы ойрхон байж байхад чинь түлхсэн гэж байна ш дээ гэтэл орж алалцана гээд дайраад байсан. Би арай гэж гаргаад хашааныхаа хаалгыг хаагаад гэр лүүгээ орсон. Гал түлэх зомгол түүдэг болохоор нь би яаж цустай байлгаад байх вэ гэж бодоод арчиж цэвэрлээд цусыг нь арилгасан. Одоогоос 3 жилийн өмнө Ү.Сандагдоржын том хүү нь нас бараад бэр 1 хүүхэдтэй хоёулаа үлдсэн. Гэтэл манай хүү Ц.Эрдэнэпил нас барсан хүүгийнх нь эхнэр Өлзийсайхан гэдэг хүүхэнтэй бараг суух дээрээ тулаад бэрийнх нь амьдарч байсан гэрт ороод суучихсан энэ асуудлаас болоод Ү.Сандагдорж юм бодоод байдаг байж магадгүй. Ц.Эрдэнэпил Ү.Сандагдорж нар миний нүдэн дээр л хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тухайн үед манайх Ү.Сандагдоржийн урд талын хашаанд байдаг байсан. Хааяа архи уухаараа манайд орж ирээд надад танай хүү миний хүүгийн гэр орон эхнэр хүүхдийг нь бузарлаад байна гэж хэлдэг байсан. Би тоодоггүй байсан. Ү.Сандагдоржийн бэр Өлзийсайхан нь надтай ах дүүсийн хүүхдүүд байгаа юм арай гэж ярьж учир зүйг нь олж байж Ц.Эрдэнэпил Өлзийсайхан хоёрыг хоёр тийш нь болгосон. Би Сандаг ахыг гаргаж өгчихөөд орж ирээд хүү Ц.Эрдэнэпилийгээ хөгшин хүн зодоод яаж байгаа юм бэ гэтэл би зодоогүй өөрөө хүний хор малтаад янз бүрийн юм яриад байхаар нь гаргах гээд түлхчихсэн чинь хойшоо саваад уначихсан гэж надад хэлсэн. Ү.Сандагдорж гуай манайд орж ирэхдээ нилээн согтуу байсан. Маргасан түлхсэн хүнээ санахгүй байсан. Тэгэхээр нь та Эрдэнэпилд янз бүрийн юм яриад байхаар чинь Пил таныг түлхсэн гэж байна ш дээ гэж хэлсэн. Тэгсэн муу сайн гуйлгачингууд гээд харааж зүхээд байсан. Манайд орж ирээд архи дарс уусан юм байхгүй. Орж ирээд овоо юм ярьж байснаа намайг хогоороо хөөлөө намайг хогтой хутгалаа гээд үглээд байхаар нь би гараад явчихсан. Ү.Сандагдорж ах хэлэхдээ ах нь Очирхуягийнд орсон чинь баярын юм задлаад жаахан архи уучихлаа ахыгаа уучлаарай гээд байсан. Өөр айлд орсон өөр хүнтэй архи уусан талаар юм яриагүй. Ү.Сандагдорж ахын нүүрэнд анх ил харагдах шарх сорви цус болсон зүйл байгаагүй. Би арай гэж хашаанаас гаргаад Сандаг ахаа одоо ингээд яваад харь гэж хэлээд л гаргасан. Тэгээд өөр айлаар орсон үгүйг нь мэдэхгүй. Манайхаас 18 цагийн орчимд гараад зүүн тийшээ яваад өгсөн. Ү.Сандагдорж нь ер нь нэг их архи уугаад байдаггүй. Агсан болохоороо өөрийгөө бариад байдаг байх гэж боддог. Архи уухаараа агсан зантайг нь Чулуут сумын хүмүүс бүгд мэднэ гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48 дугаар тал/

 

Гэрч Т.Бямбабаатарын өгсөн:

2016 оны 01 сарын 04-ний өдөр би эмийн сан орж эм авчихаад буцаад явж байтал Ү.Сандагдорж надтай тааралдаад танайд заавал очно гээд миний араас дагаад манай гэрт ирсэн. Манайд орж ирээд янз янзийн юм яриад байхаар нь манай эхнэр Насанбуян гараад явчихсан. Би хүүхдээ тэврээд байж байхад хойд өрөө рүү ороод Эрдэнпилийг өдөөд байсан. Янз бүрийн юм л яриад байсан. Тэгснээ хойд өрөөнөөс Ц.Эрдэнэпил Ү.Сандагдорж хоёр бие биенээсээ зууралдаад гараад ирсэн. Тэгснээ байшингийн хаалганы дотор талд зогсож байгаад Эрдэнэпил хойш нь түлхсэн. Ү.Сандагдорж хойшоо хаалга саваад хаалга онгойлгоод босгон дээгүүр дамнаад унасан. Манай хаалганы босго их өндөр болохоор хүчтэй унасан байж магадгүй. Тэгээд би 5 дугаар ангийн охиноо явуулаад ээжийгээ дуудаад ир гэтэл удалгүй манай эхнэр орж ирээд Ү.Сандагдоржийг татаж босгоод цуг гараад явсан. Манай эхнэр явуулах гээд нөгөөх нь явахгүй гээд байгаа бололтой зууралдаж байгаад арай гэж хашаанаас гаргаад явуулсан. Манай эхнэр орж ирээд юу болсон юм бэ чихнээс нь цус гарсан байна гэхээр нь Эрдэнэпил хаалга дамнуулаад түлхээд унагасан. Унахдаа юм мөргөсөн байх гэдгийг нь хэлсэн. Ц.Эрдэнэпил Ү.Сандагдорж хоёрыг урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсанг мэдэхгүй. Одоогоос 3 жилийн өмнө Ү.Сандагдоржийн хүү нь нас бараад бэр Өлзий гэдэг хүүхэнтэй Ц.Эрдэнэпил нэг хэсэг нэр холбогдсон. Түүнээс болоод энэ 2 жаахан харьцаа муутай байдаг болсон байх. Би өөр нэг их юм мэдэхгүй. Ү.Сандагдорж надтай таарахдаа архи уусан байсан. Нэг их согтуу биш дунд зэргийн согтуу байсан. Манайд архи уугаагүй. Намайг дагаж орж ирчихээд манай эхнэрт янз бүрийн юм яриад байсан. Манай эхнэр гараад явтал согтуу агсанаж байгаад хойд өрөө рүү ороод Ц.Эрдэнэпилтэй маргалдсан. Удалгүй зууралдаад гараад ирсэн. Надтай анх Хаан банкны арын нарийн гудамжинд тааралдахдаа хадам ах Очирхуягийнд орж архи уугаад эхнэрээ явуулчихлаа одоо танайхаар орно. Шинэ жилийнхээ архийг ууна гээд манайд намайг дагаж орж ирсэн. Ү.Сандагдоржийн нүүрэнд анх ил харагдах шарх сорви цус болсон зүйл байгаагүй. Манайхаас гараад хаашаа явсныг нь хараагүй. Манай эхнэр л хашаанаас гаргаж явуулсан. Ү.Сандагдорж архи дарс уусан явж л байдаг. Уусан үедээ их агсан хүн байгаа юм. Ц.Эрдэнэпил архи дарс уугаад тэнээд яваад байдаггүй. Тамхи татдаг хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50 дугаар тал/

 

Гэрч С.Очирхуягийн өгсөн:

2016 оны 01 сарын 04-ний өдөр эхнэр бид хоёр гэртээ байж байтал манай охин дүү Бямба-Очир нөхөр Ү.Сандагдоржийн хамт орж ирсэн. Тэгээд манайд байж байхдаа шинэ жилээр орж ирж чадаагүй шинэ жилийнхээ юмыг ууна гээд над руу нүд ирмээд дохиод байсан. Тэгэхээр нь дээрээс нь жаахан уусан байсан шилтэй архи гаргаж ирээд Ү.Сандагдорж бид хоёр нөгөө архиа хувааж уусан. Тэгээд жаахан байж байгаад эхнэртэйгээ хамт харьж малдаа явна гээд манайхаас гарсан. Тэгээд яасныг нь мэдэхгүй. Маргааш нь гэртээ босч чадахгүй байна гэхээр нь би очоод бие чинь гайгүй юу гэтэл толгой даагдахгүй байна гээд олон юм яриагүй. Тэр өдрийн маргааш нь сумын эмнэлэгт хэвтсэн байсан эмнэлэгт байхад нь би 2-3 удаа очсон. Тэгэхэд тэгсэн ингэсэн гэсэн талаар огт юм яриагүй. Тэгээд бараг 7 хоног хэвтсэн байх. Тэгээд аймаг руу эмнэлэгт хэвтэхээр явсан. Манайхаас гарахдаа харина гээд гарсан. Гараад хаагуур явсныг нь мэдэхгүй. Манайд орж ирэхдээ эрүүл байх шиг л байсан. Манайд гэрээсээ шууд ирлээ гэж байсан. Ү.Сандагдорж хүнтэй маргалдаж хэрэлдсэн талаар яриагүй. Нүүрэнд нь ил харагдах шарх, сорви болон цус болсон зүйл байгаагүй. Манайхаас гараад хаашаа явах талаараа яриагүй. Гэртээ хариад хүүтэйгээ цуг үхэртээ явна гэж ярьж байсан. Ү.Сандагдорж хааяа  нэг архи уучихдаг. Уусан үедээ янз бүрийн ааш авир байдаггүй. Ц.Эрдэнэпилийг архи дарс уулаа, энд тэнд согтуу явж байна гэж би л лав сонсоогүй. Архи уусан үедээ ямар ааш араншинтайг нь би мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 51-52 дугаар тал/

 

Гэрч Д.Болдбаатарын өгсөн:

2016 оны 01 сарын 04-ний өдөр байсан санагдаж байна би гадуур явж байгаад хашааныхаа урд хаалгаар хүүхдийн цэцэрлэгт ажилладаг Нямдаваагийн хамт орж иртэл манай хашааны хойд хаалгаар Ү.Сандагдорж гуай орж ирсэн. Орж ирэхдээ нилээн согтуу байсан. Баруун чихнээс нь цус гараад баруун шанаа нь цус болсон байсан. Намайг Ц.Эрдэнэпил зодчихлоо гэж ярьж байсан. Тэгээд бид гурав манайд сууж байтал Ц.Эрдэнэпилийн хойд аав Бямбабаатар орж ирээд усны тэрэгний дугуйны шаарик байна уу гэхээр нь би нөгөө авч явсан шаарикыг нь үзээд байхгүй гэхэд Бямбабаатар гараад явсан. Ү.Сандагдорж манайд 30 орчим минут болоод манайхаас гараад манай зүүн тал руу байдаг дугуй засвар ажиллуулдаг Буянбаатарынд орно гээд явснаа тэднийд ороогүй шууд зүүн тийшээ яваад өгсөн. Би гэрлүүгээ явж байна гэж бодсон. Тэр өдөр дахиж манайхаар орж ирээгүй. Маргааш нь санагдаж байна манайд Ү.Сандагдорж гуайн хүүхдийн цэцэрлэгт ажилладаг хүүхэд нь орж ирээд аав эмнэлэгт хэвтсэн гэхээр нь гайгүй юу гэсэн гайгүй жаахан дэмийрээд байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би аав чинь манайд хойд хаалгаар орж ирэхдээ баруун чихнээс нь цус гарчихсан нилээн согтуу орж ирээд гарсан. Ц.Эрдэнэпилд зодуулчихлаа гээд манайд орж ирсэн гэдгийг нь би хүүхдэд нь хэлсэн. Ү.Сандагдорж манайд орж ирээд архи дарс уусан юм байхгүй, надаас нэхээд байхаар нь би архи байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд жаахан сууж байгаад гараад явсан. Манайд орж  ирэхдээ баруун чихнээс нь цус гараад баруун шанаа нь цус болчихсон орж ирсэн. Хүнтэй хэрэлдэж маргалдсан талаар юм яриагүй. Ц.Эрдэнэпил намайг зодчихлоо гэсэн яаж зодсоныг нь хэлээгүй. Сүүлд нь би Ц.Эрдэнэпилтэй уулзахад агсан тавиад гарахгүй болохоор нь гаргах гээд түлхчихсэн хойшоо саваад унасан гэж ярьж байсан. Ү.Сандагдоржийг би хашаанаасаа гаргаж өгсөн. Тэгэхэд Буянбаатар гэдэг хүн хашааныхаа үүдэн дээр харагдсан тэр хүн хэн бэ гэж Ү.Сандагдорж гуай асуухаар нь Буянбаатар байна гэтэл тэднийхээр орно гээд явсан. Тэгснээ Буянбаатар гуайнхаар ороогүй шууд гудамж уруудаад явсан. Ү.Сандагдорж ер нь архи уугаад байдаггүй. Архи уусан үедээ их яриа хэнтэй ч хамаагүй янз бүрийн юм яриад байдаг юм. Ц.Эрдэнэпилийг архи уугаад явж байхыг нь  би ерөөсөө харж байгаагүй. Хүмүүс архи уудаггүй гэж ярьдаг. Ц.Эрдэнэпилд элдэв янзийн ааш байхгүй. Манай хашаагаар орж гараад явж байдаг сайн уу гэхээр сайн гээд инээгээд явж байдаг хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 53-54 дүгээр тал/

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Оюун-Эрдэний өгсөн:

Тухайн үед манай аав ээж 2 байгаагүй. Улаанбаатар хотод байсан. Эмээ бид хоёр гэртээ байсан. Тэр үед эмээ айлд очих гээд явсан эзэнгүй байсан. Гэтэл хашааны хаалга дуугарахаар нь би гэрээс гартал Ү.Сандагдорж гуай орж ирж байсан. Та яах гэж яваа юм бэ гэж асуутал аав ээж чинь байгаа юм уу гэж асуухаар нь байхгүй хот явсан гэж хэлтэл гараад явсан. Би хичээлээсээ ирээд байж байсан гэхээр үдээс хойш 14 цаг болж байсан байх. Ү.Сандагдорж нэг их согтуу биш халамцуу байсан. Орой 17 цаг өнгөрч байхад Отгонбаяр ах эхнэр Чанцалдуламын хамт манайд ороод ирсэн байсан. Тэгэхэд хашааны хаалга дуугарахаар нь би гартал Ү.Сандагдорж гуай дахиад ирсэн. Тэгээд харахад чихнээс нь бололтой цус гарсан байсан. Аль чихнээс нь гэдгийг нь би сайн санахгүй байна. Тэгэхээр нь би буцаж ороод Чанцалдулам эгчид Ү.Сандагдорж гуайн чихнээс нь цус гарсан орж ирэх гээд байна гэтэл гаднаас Ү.Сандагдорж гуай нохойгоо гэхээр нь Чанцал эгч нохойгоо хорьж өг гэхээр нь би гарч нохойгоо хорьж гэрт  оруулсан. Тэгээд орж ирээд байж байхад нь Отгонбаяр ах Чанцал эгч хоёр явах гэтэл хамт явъя гээд цуг манайхаас гарсан. Ү.Сандагдорж ах орж ирэхдээ хэнтэй хэрэлдсэн маргалдсан талаар юм яриагүй. Өөрөө чихнээсээ цус гарч байгааг бараг мэдэхгүй байсан. Орой орж ирэхдээ дахиад архи нэмээд уусан бололтой байсан. Чихнээс нь цус гарсан талаар өөрт нь хэлээгүй. Тэрнээс хойш манайхаар дахиж ирээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 57 дугаар тал/

 

Гэрч Г.Буянбаатарын өгсөн:

2016 оны 01 сарын 04-ний өдөр үд дундын үед байх дугуй засвар дотроо дугуй засаж байтал манай урд гудамжны эзгүй хашаанаас Ү.Сандагдорж согтуу бололтой гуйваад гараад ирэхээр нь би хурдхан дугуй засвараа хаагаад хашаа руугаа ороод хашааныхаа хаалгыг дотроос нь түгжээд хараад байтал манай хаалган дээр ирж 2-3 удаа хаалга цохичихоод буцаад явсан. Цаанаас нь хүн дуудах шиг болоод буцаад явчихлаа гэж бодсон. Тэрнээс бол манайд орж ирээгүй. Ү.Сандагдорж эрүүлдээ бол янз бүрийн ааш авир байхгүй. Жаахан архи уугаад согтохоороо их яриа жаахан налиг хүн байгаа юм. Согтуу тааралдах юм бол хамт архи уух гэнэ эсвэл архи авахуулах гэнэ, танайд орно архи ууна гээд салдаггүй нойтон хамуу шиг хүн байгаа юм. Ц.Эрдэнэпилийг хүмүүс архи дарс уудаггүй гэж ярьдаг. Надтай мэндтэй устай л явдаг хүүхэд болохоор зан аашийг нь сайн мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 58 дугаар тал/

 

Гэрч Ц.Дэлгэрмаагийн өгсөн:

2016 оны 01 сарын 04-ний өдөр би дүү Дааноровын хамт гэртээ байж байтал үдээс хойш нилээн орой болсон хойно манай хажуу айлын Насанбуян орж ирээд Ү.Сандагдорж гуай манайд согтуу орж ирээд шал дэмий юм яриад байна тэгэхээр нь гараад ирлээ гээд манайд аяга цай уугаад байж байтал удалгүй Насанбуянгийн хүүхэд нь орж ирээд ээж гараад ир гээд дуудсан. Би жаахан чих хатуу болохоор юу гэж дуудсныг нь сонсоогүй. Манай дүү Дааноров юу ч мэдэхгүй саажилт өгөөд бие нь муу группт байдаг юм. Насанбуян тэгээд гараад явсан. Хүүхэд нь орж ирээд ээж гараад ир гэж дуудсан. Өөр юм ярьсан үгүйг нь би сонсоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 59 дүгээр тал/

 

Гэрч Д.Нямдаваагийн өгсөн:

2016 оны 01 сарын 04-ний өдөр үдээс хойш шиг санагдаж байна би Болдбаатарын гэр лүү нь орох гээд явж байтал хашааных нь урд хаалган дээр Болдбаатартай тааралдаад бид хоёр цуг Болдбаатарын гэр лүү нь орох гээд явж байтал хашааных нь хойд хаалгаар Ү.Сандагдорж гуай орж ирсэн. Орж ирэхдээ нилээн халамцуу орж ирсэн. Баруун чихнээс нь цус гарсан байсан. Тэгээд бид гурав Болдбаатарын гэрт орсон. Ү.Сандагдорж гуай ах нь өнөөдөр жаахан уучихлаа уучлаарай гэж байсан. Би идээ идчихээд гарсан. Ү.Сандагдорж гуай үлдсэн. Маргааш нь би Болдбаатарын гэрт ортол Ү.Сандагдорж гуайг Эрдэнэпил зодчихсон гэнэ өөрөө надад хэлсэн гэж Болдбаатар надад ярьсан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг нь сайн санахгүй байна. Уг нь эрт л байх шиг байсан. Үдээс хойш байсан. Ү.Сандагдорж гуай нэг их согтоогүй юм яриад байсан. Ярьж байгаагаа мэдээд байх шиг байсан. Ү.Сандагдоржийн баруун чихнээс нь цус гарсан юм шиг харагдсан. Өөр шарх сорви янз бүрийн юм байгаагүй. Ү.Сандагдорж гуай хэнтэй маргалдсан талаараа юм яриагүй. Ах нь жаахан уучихлаа уучлаарай  гэж байсан. Би удаагүй гараад явсан. Ү.Сандагдорж гуай эрүүлдээ янз бүрийн зан байхгүй. Нэг их архи уугаад байдаггүй. Архи уухаараа их авиргүй хүн шиг байдаг юм. Ц.Эрдэнпилийг хүмүүс архи уудаггүй гэж ярьдаг. Надтай архи уусан үедээ тааралдаж байгаагүй. Зан аашын хувьд гайгүй л юм шиг байдаг юм гэх мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар тал/

 

Гэрч О.Галсаннамжилын өгсөн:

Ц.Эрдэнэпил Чулуут сумын бүрэн дунд сургуулийг төгссөн. Хэдэн онд хэддүгээр анги төгссөн гэдгийг нь санахгүй байна. Одоогоор хийсэн ажилгүй гэртээ байгаа. Сумын төвд Арслан цохионы 3-08 тоотод хойд аав Бямбабаатар, ээж Насанбуян дүү нарын хамт амьдардаг. Хүнтэй эвтэйхэн харьцдаг, янз бүрийн асуудал гаргасан гэж би сонсож байгаагүй. Архи дарс хэрэглэж байхыг нь мэдэхгүй. Манай багийн иргэд ч гэсэн мэдэж байгаа. Ц.Эрдэнэпил архи дарс уугаад энд тэнд асуудал гаргаж гэнэ гэж л лав би сонсоогүй. Манай багийн ямар ч хүнээс асуусан Ц.Эрдэнэпилийг архи уудаг уугаад энд тэнд асуудал гаргасан гэж хэн нь ч гэсэн хэлэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 61 дүгээр тал/

 

Шинжээч эмч Б.Отгонжаргалын өгсөн:

 

Гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун талын хөхлөг сэртэнгээс дагз, чамархайн заадал /лямбада/ дайрч дагзны төвгөр болон зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн тархины эд доторх цусан хураа гэмтэлийг авсан даруйдаа ганцаараа явганаар явах, хүнтэй ноцолдох, зодолдох, архи уух үйл хөдөлгөөн хийх боломжтой. Учир нь тархины суурь, уртавтар тархины гэмтэл, тархины хажуугийн ховдолд цус хурснаас бусад тохиолдолд хөдөлгөөн хийх боломжтой. Хохирогч Ү.Сандагдоржийн хувьд тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн тархины эд доторх цусан хураатай байсан. Үүнд цус хуртлаа хөдөлгөөн хийх боломжтой. Ийм гэмтэлтэй хүн хүчтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Харин тархи дарагдаж эмнэлзүйн шинж илрэх хүртлээ энгийн хөдөлгөөн /явах, суух, босох, ууж, идэх гэх мэт/ хийх боломжтой. Дээрхи гэмтлийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илрэх нь тухайн хүний тархины гэмтлийн хэмжээ хэрхэн яаж гэмтснээс хамаарна. Тархи дарагдлын шинж, тархи хавагнаснаас болж амьсгал зүрх судасны дутагдлын шинжээр илэрнэ. Энэ нь ухаан алдах, амьсгал зүрх зогсох. Дээрх гэмтэл нь хүн түлхснээс савж унах, өөрийн биеийн хүндийн жингээр хатуу гадаргуутай зүйл дээр тархиар унах үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг. /хх-ийн 71-72 дугаар тал/

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэпилийн сэжигтнээр өгсөн:

 

Би өдрийг нь санахгүй байна шинэ жилийн дараахан 2016 оны 01 сард би ээжийндээ сууж байтал гаднаас Ү.Сандагдорж ах хойд аав Бямбабаатарын хамт орж ирсэн. Би тухайн үед том өрөөндөө байсан. Ү.Сандагдорж ах гал тогооны өрөөнд ээжид ганц шил архи аваад өгчих гэж хэлж байсан. Ээж мөнгө байхгүй дараа авч өгье гэтэл гуйлгачингууд та нар ганц шил архи аваад өгчихгүй гээд байсан. Тэгснээ том өрөө рүү ороод ирсэн. Том өрөөнд орж ирээд миний мөрнөөс бариад хөөе банди минь архи аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлээд хойд өрөө рүүгээ орсон. Би хойд өрөөндөө ороод дээлээ өмсөөд гарах гэтэл Ү.Сандагдорж миний араас орж ирээд намайг гаргахгүй мөрөн дээрээс барьж аваад чихнээс татаад шилэн хүзүү рүү гараараа цохиод ганц шил юм аваад өг гээд байсан. Би мөнгөгүй дараа болъё гэж хэлсэн. Тэгээд би хойд өрөөнөөсөө гал тогооны өрөө рүү ортол миний чихнээс татсан. Би та одоо яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд миний  нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад түлхтэл гал тогооны өрөөний хаалга онгойгоод хойшоо тамбар луу саваад унасан. Тэгээд би хажуугаар нь гараад явчихсан. Намайг гарч явсны дараа манай ээж Насанбуян Ү.Сандагдорж ахыг гаргасан гэж байсан. Надаас зуураад байхаар нь өөрөөсөө зайлуулж гарах гэж байгаад түлхтэл уначихсан юм. Би хаалга руу уначихна гэж бодоогүй. Толгойгоороо юм цохисон эсэхийг нь мэдээгүй. Би өөрөөр цохиж зодоогүй. Манайд орж ирэхэд биед нь гэмтэл шарх байгаагүй. Түлхэж унагаасны дараа биед нь гэмтэл учирсныг би хараагүй. Би өөрөө шууд гараад явсан. Ү.Сандагдорж ах миний чихэн дээрээс 2 удаа татсан. Нуруу руу нэг удаа өшиглөсөн. Шилэн хүзүү рүү гараараа нэг удаа цохисон. Миний биед гэмтэл шарх учраагүй. Би хохиролд мөнгө төгрөг өгөөгүй. Надад өгөх боломж байхгүй. Ү.Сандагдорж нилээн согтуу орж ирсэн. Манайд орж ирээд архи, пиво уугаагүй. Манайхаас гараад хаачих талаараа хэлээгүй. Сүүлд нь сонсоход манайхаас гараад манай урд талын Болдбаатар, Цогтоо, Отгонбаяр гэдэг айлуудаар орсон гэж сонссон. Ү.Сандагдорж ах манай аавтай хамаатан хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 118-119 дүгээр тал/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын  01-ний өдрийн 39 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт.

Дүгнэлтэнд: 1.Ү.Сандагдоржийн биед: гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун талын хөхлөг сэртэнгээс дагз, чамархайн заадал /лямбада/ дайрч дагзны төвгөр болон зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн тархины эд доторх цусан хураа, зүүн нүдний ухайрхан дотор хана, хамар ясны зүүн хажуу ханын хуучин цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-д зааснаар амь биед аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн цохих болон цохигдох буюу унаж ойчих үед үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна  гэх дүгнэлт. /хх-ийн 68-70 дугаар тал/

 

Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 122 дугаар тал/

Ял шалгах хуудас /хх-ийн 126-127 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Арслан цохионы 3-08 тоотод Ү.Сандагдоржийн бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эрдэнэпилийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэпил нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Арслан цохионы 3-08 тоотод Ү.Сандагдортой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түлхэж унагаан бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Ү.Сандагдоржийн мэдүүлэг, гэрч С.Цэрэнлхам, С.Очирсүрэн, С.Бямба-Очир, Г.Отгонбаяр, С.Чанцалдулам, Т.Насанбуян, Т.Бямбабаатар, Д.Болдбаатар, Д.Нямдаваа, насанд хүрээгүй гэрч Ц.Оюун-Эрдэнэ, шинжээч эмч Б.Отгонжаргал нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Ц.Эрдэнэпилийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын  01-ний өдрийн 39 тоот 1.Ү.Сандагдоржийн биед: гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун талын хөхлөг сэртэнгээс дагз, чамархайн заадал /лямбада/ дайрч дагзны төвгөр болон зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн тархины эд доторх цусан хураа, зүүн нүдний ухайрхан дотор хана, хамар ясны зүүн хажуу ханын хуучин цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-д зааснаар амь биед аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн цохих болон цохигдох буюу унаж ойчих үед үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна  гэх дүгнэлтээр /хх-ийн 68-70 дугаар тал/ хохирогч Ү.Сандагдоржийн бие махбодид нь хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, нягт нямбай, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Ц.Эрдэнэпилийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Эрдэнэпилд ял шийтгэл оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Эрдэнэпил нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Ү.Сандагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Данзан овогт Цамбагаравын Эрдэнэпилийг  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэпилийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэпилд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрдэнэпилд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шийтгэх тогтоолд шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                      ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                    ШҮҮГЧ                             П.ГАНДОЛГОР