Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 188

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.З

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.З  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн баруун хойд талд байрлах 140 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар газрын эзэмших эрхийг иргэн Г.Ж*******аас НЗД ын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар шилжүүлж, худалдаж авсан.

Мөн Газрын албанаас гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, ийнхүү газар шилжүүлж авах үед хашаатай байсан бөгөөд хажуу хөрш газар эзэмшигчийн барилгын ажилтай холбогдуулан бид нэг зэрэг барилга барихгүй байхаар тохиролцсон.

 

Уг газарт 3 давхар хөгжмийн сургалтын төв баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл батлагдаж, техникийн нөхцөлүүд гарч, газрын төлбөр мөнгөө бүрэн төлсөн.

Гэтэл НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг ...талбайн хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлсэн, тухайн газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Тухайн газрын ойр орчимд хүүхэд явж бэртэх, гэмтэх аюултай байж болзошгүй учир сэргийлэх үүднээс би барилгын суурийн ажлыг эхлүүлэхийг болиулсан. Энэ оны 3 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр барилгын компанитай гэрээ байгуулж, тохиролцсон. Барилгын зураг төслийг хийлгүүлж, үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болсон учир газар эзэмших эрхийг цуцлахгүй гэж итгэж байса

Иргэний хуульд гэрээ байгуулсан талууд харилцан адил, тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байдаг. Гэтэл гэрээний нэг тал болох Нийслэлийн Газрын алба нь газрын төлбөрийг байнга шаарддаг шиг газар эзэмших эрхийн хугацаа дуусах дөхсөн талаар болон газар эзэмших эрхийг цуцлах гэж байгаа талаар мэдэгдэж, гэрээний үүргээ биелүүлэх ёстой байсан гэж үзэж байна.

Эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, ноцтой зөрчил гаргасан бол газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрт гомдол гаргахгүй байх байсан. Гэтэл сануулга, анхааруулга өгөлгүйгээр миний газар эзэмших эрхийг цуцалсан байгаад гомдолтой байна.

Иймд НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д тус тус заасныг үндэслэл болгосон байдаг. Уг акттай холбоотой баримтуудыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн боловч тус баримтуудад нэхэмжлэгчийг хууль зөрчсөн болохыг нотлох баримт байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн тогтоосны үндсэн дээр захиргааны байгууллага аливаа этгээдийн эрх, ашгийг хөндсөн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Захиргааны байгууллага хуульд заасан үйл ажиллагааг бүрэн хийсний үндсэн дээр аливаа этгээдийг хуулийн дагуу буруутгах ёстой. Гэтэл Нийслэлийн Газрын алба хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй.

 

Хэрэв нэхэмжлэгчийг ...газрын хэмжээг зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн гэж үзэж, үүнийг ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа бол үүнийг нотлох ёстой. 2009 онд тухайн газрын хашаа баригдсан. Г.З од анх газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх ажиллагааг хийж байхдаа өмнөх газар эзэмшигчийн барьсан байсан хашаа гэдгийг буюу газрын хэмжээг зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн зөрчлийг олж тогтоох, холбогдох этгээдэд нь хариуцлага тооцох ёстой байсан. Уг зөрчлийн талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, зөрчлийг арилгахтай холбоотой ажиллагаа хийсэн талаарх баримт байдаггүй. Иймээс бодит байдалд нийцээгүй үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад дурдаж, захиргааны байгууллага хуульд нийцсэн ажиллагаа хийгээгүй гэж үзэхээр байна.

Маргаан бүхий захиргааны актын 2 дахь үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн байх боловч Улсын Дээд шүүхийн тайлбарт хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тайлбарласан бөгөөд тухайн үед хэрэглэгдэж байсан тайлбар тул одоо хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг захиргааны байгууллага тогтоох ажиллагааг хийгээгүй.

Тухайн газар нь бодит байдал дээр далий газар бөгөөд орчны хязгаарлагдмал байдалд байдаг.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасан бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийг дурдаж байсан. Эдгээр зүйл заалтын дагуу үйл ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байгааг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч өөрийн зүгээс холбогдох байгууллагуудад өөрт үүссэн нөхцөл байдлын талаар хандаж байгаагүй ч бодит байдал дээр нэхэмжлэгч ямар байр суурьтай байсан, ямар үйл ажиллагааг газар дээр явуулж байсан нь шүүхийн үзлэгээс харагддаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: НЗД ын 2008 оны 442 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар сургуулийн баруун хойд талд байрлах 140 м.кв талбай бүхий газрыг иргэн Г.Ж*******д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгожээ.

НЗД ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, НЗД ын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалт бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Г.З од 3 жил 5 сарын хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Г.З  нь 2015 оноос одоог хүртэл эзэмших газартаа үйл ажиллагаа явуулаагүй ба Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул НЗД ын 2018 оны А/54 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.З  тус шүүхэд хандан НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. НЗД ын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжаар иргэн Г.Ж*******д Баянзүрх дүүргийн 3-р хороонд байрлах 140 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, НЗД ын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг нь 5 жилийн хугацаагаар сунгажээ.

 

Иргэн Г.Ж******* нь өөрийн эзэмшиж байсан газартаа амины сууц бүхий хөгжмийн сургалтын төв барих зорилгоор:

- 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар 1.13 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан,

- 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссоос 373/13 дугаар техникийн нөхцөл,

- 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 30 дугаар техникийн тодруулга,

- 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр У******* ХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссоос 169/2014 дугаар техникийн нөхцөл,

-2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас 3842/2014 техникийн нөхцөл зэргийг тус тус авчээ.

Улмаар Г.Ж******* нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшиж буй газар эзэмших эрхээ иргэн Г.З од шилжүүлэхээр тохиролцсонтой холбоотойгоор Г.З оос 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасныг НЗД ын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн 3-р хороонд байрлах 140 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар, 3 жил 05 сарын хугацаагаар нэхэмжлэгч Г.З од эзэмшүүлж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн огноо бүхий 0005******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

Ингэснээр нэг талаас 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Г.З од Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх үүрэг шилжиж, нөгөө талаас захиргааны байгууллага болох НЗД ад Г.З ыг Газрын тухай хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавих бүрэн эрх үүссэн байна.

2. НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар газрын талбайн хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлсэн, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.З ын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33 дугаар сургуулийн баруун хойд талд байрлах 140 м.кв, үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй, газар эзэмших эрхийг цуцлахдаа энэ тухай надад мэдэгдэх ёстой байсан хэмээн тайлбарлан маргаж байна.

3. Шүүх маргаан бүхий акт болох НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжтай холбогдуулан хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заагдсан нөхцөл байдлыг тогтоох болон сонсох ажиллагааг хэрхэн явуулсан, газрын талбайн хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлсэн, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг хэрхэн шалган тогтоосон зэрэг нөхцөл байдлыг тодруулах зорилгоор НЗД ын Тамгын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын албаны архив, бичиг хэрэгт болон маргаан бүхий газарт газрын үзлэг хийхэд,

- нэхэмжлэгч өөрийн эзэмшиж байсан газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, дан хашаалсан, атар байдалтай байсан,

- хариуцагч НЗД ын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл болон 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Газрын албаны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/5108 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.З од ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдэн энэ асуудалтай холбоотой тайлбар, санал, тодруулга гаргах, материал ирүүлэх тохиолдолд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Нутгийн захиргааны Хангарьд ордонд ирж тус албаны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзахыг мэдэгдсэн,

уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Г.З  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Газрын албанд очин, эдийн засгийн нөхцөл байдал муудсан хүндрэлтэй байдлын тухай тайлбар, хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн,

- НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.З ын эзэмшиж буй газрын нөхцөл байдлыг тодорхойлон, газрын талбайн хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлсэн, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай сансарын ортофото зураг болон холбогдох бусад нотлох баримтыг бүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Улмаар тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3726 дугаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар тус хэрэгт томилогдон ажилласан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Г.З  нь бодит байдал дээр 257.56 м.кв газрыг хашаалсан нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан дахь нэгж талбарын 18644311950659 дугаар 139.96 м.кв талбайгаас зүүн урд талаараа 41.78 м.кв дутуу /жалганы дээд хэсгээр хашаалсан учир/, баруун хойд хэсгээрээ 177.47 м.кв талбайг илүү хашаалсан болох нь тус тус тогтоогдсон.

4. Хэдийгээр нэхэмжлэгч Г.З ын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг газар нь холбогдох зураг төсөл, техникийн нөхцөл олгогдсон, хөрш газрын эзнээс өөрийн газар дээр барилгын үйл ажиллагаагаа эхэлж барья гэсэн хүсэлтийг гаргасан тул ажил эхлэхгүй удсан хэмээн тайлбарлан маргаж байгаа нь гэрч Ньюгрэйди мэн ХХК-ийн захирал Г.Пүрэвдоржийн тус компанийн барилгын ажил 2016 оны 05 дугаар сард дууссан мэдүүлгээр нотлогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж чадахгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь маргаан бүхий акт гаргах үед нэхэмжлэгч Г.З ын маргаж буй үндэслэл болсон 1.13 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссоос олгосон 373/13 дугаар техникийн нөхцөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 30 дугаар техникийн тодруулга, У******* ХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссын 169/2014 дугаар техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 3842/2014 техникийн нөхцөл зэрэг баримт бичгүүд нь иргэн Г.Ж*******ы нэр дээр олгогдсон бөгөөд тэдгээрийн хүчинтэй хугацаа дуусаад 2-5 жил өнгөрсөн,

Энэ хугацаанд нэхэмжлэгч Г.З ын зүгээс тухайн газар дээр анхны батлагдсан зураг төслийн дагуу сургалтын төв биш үйлчилгээтэй орон сууцны байр бариулахаар Ди Эл Ти ХХК-тай барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулан ажиллаж байсан гэх боловч шүүхэд ямар нэг зураг төсөл гаргаж өгөөгүй, холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлийг батлуулаагүй, хугацааг сунгуулах талаар эрх бүхий байгууллагад хандан ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, НЗД ын Тамгын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын албаны архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдов.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.З ын газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3726 дугаар захирамжийн дагуу тус хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн зардал болох 260.376 төгрөгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 12 дугаар сарын 2/2396 дугаар албан бичгийг үндэслэн урьдчилан төлсөн тул уг зардлыг нэхэмжлэгчээс гаргуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сан дахь 100900******* дансанд тушаалгах,

Мөн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэгт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан тул оролцуулахгүйгээр хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн НЗД ад холбогдуулан гаргасан Г.З ын НЗД ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн шинжээчийн зардал 260.376 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд /Төрийн сан дахь 100900******* данс/ олгуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МӨНХТУЛГА