Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ67112603, Шааваа овогтой Дурмагийн Тогтуурын,

     Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Тогтуур, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Тогтуур шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 5. Би 1983 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд хонь, ямаа маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ баталгаажуулахаар хураалгаад буцааж авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие тэтгэвэрт орох болсон тул шүүхэд хандах шаардлагатай боллоо. Иймд миний Тариалан сумын Таяа нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Тогтуур нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

  Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан Дурмаг овогтой Тогтуурын 1983 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сар, 1992 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

    Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 301 дүгээр лавлагаанд: Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1983 оны тушаалыг шүүн үзэхэд Дурмаг овогтой Тогтуурын ажилд орсон тушаал гараагүй болно гэсэн байх боловч тус архиваас Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот тушаал авагдсан байх ба уг тушаалаар тус нэгдлийн 258 малчдыг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Алтан тээл ХК-ийн мэдэлд шилжүүлсэн байна.

     Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудаас үзэхэд Туяа нэгдлийн малчдыг 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Алтан тээл ХК-нд шилжүүлсэн байх бөгөөд уг тушаалын хавсралтын 74 дүгээрт Д.Тогтуур хоньчин гэсэн байх тул нэхэмжлэгч Д.Тогтуурыг 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөн оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус компанид малчнаар ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.

    Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Д.Мундааж, Ш.Цээлэй нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Мундааж: Миний бие 1968 оноос Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Гурван тээл бригадын зоо техникчээр 1970 он хүртэл ажиллаад улмаар цэргийн албанд явж, 1973 онд халагдаж ирээд тус нэгдлийн Бургастай бригадын зоо техникчээр 1975 он хүртэл, 1975 оноос Хархираа бригадад 1983 он хүртэл зоо техникчээр, 1983 оноос 1991 он хүртэл Тарвагатай бригадын даргаар, 1991 оноос 1994 он хүртэл Тарвагатай багийн даргаар тус тус ажилласан юм. Д.Тогтуур нь 1983 оноос 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Туяа нэгдлийн Бургастай, Тарвагатай бригадад малчин байсан. Бид хамтдаа 10 орчим жил ажилласан. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар М.Пүрвээ, Б.Палам, Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар, Ш.Цэндсүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан юм гэж, гэрч Ш.Цээлэй: Миний бие 1974 оноос Увс аймгийн Тариалан сумынТуяа нэгдлийн Бургастай бригадын малчнаар 1992 оныг дуустал ажилласан юм. Д.Тогтуур нь хар багаасаа мал дээр гарч аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1983 оноос бие даан тус нэгдлийн Бургастай, Тарвагатай бригадуудад 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Түүний нөхөр Маамуу мөн Тарвагатай бригадын малчнаар ажиллаж байсан. Бид Бургастай бригадад айл хөрш олон жил мал малласан, нэг байгууллагад хамт ажиллаж байсан учир нэг нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар, Ш.Цэндсүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан юм гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох гэрч Ш.Цээлэйгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон гэрч Д.Мундаажийн нэгдлийн 1 дүгээр бригадын зоотехникч, Тарвагатай бригадын дарга, Тарвагатай багийн даргаар тус тус томилох тухай тушаал, тогтоолын хуулбарууд хэрэгт авагджээ.

       Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Тогтуурын 1983 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд, 1992 оны 4 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Алтан тээл ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тогтуурын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шааваа овогтой Дурмагийн Тогтуурын 1983 оны 1 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд, 1992 оны 4 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Алтан тээл ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Тогтуурын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                             ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ГЭРЭЛТУЯА