| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00444/и |
| Дугаар | 531 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 2-51 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ62022260, Шаазгай овогтой Цэвээний Цэцэгмаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай, ам бүл 4. 1978 онд наймдугаар анги буюу бүрэн дунд боловсрол эзэмшээд улмаар Завхан аймгийн Худалдааны техникум /тухайн үеийн нэрээр/-ын нийтийн хоолны ангид элсэн суралцаж төгсөөд, Увс аймгийнХудалдаа бэлтгэлийн трестэд анх тогоочоор ажилд орсон юм. Тус трестэд тасралтгүй ажиллаж байгаад 1996 оны 1 дүгээр сарын 01-нээс Улаангом сумын 3-р цэцэрлэгт тогоочоор ажилд орсон болно. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлтус цэцэрлэгтээ тасралтгүй ажилласан. Одоо хуульд зааснаар тэтгэвэр авах эрх үүсч, тэтгэврийн бичиг баримтаабүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болж байна. Иймд миний Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн тресстэд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд тогоочоор, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Улаангомын Нисэх буудлын гуанзанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Аймгийн Худалдаа бэлтгэлийн тресст нь 1992 он хүртэл үйл ажиллагаа явуулаад татан буугдсан, түүнчлэн хүүхэд харах чөлөөтэй байсан, мөн тухайн үед өөрийн буруугаас болж, нийгэмд бий болсон өөрлөлтөөс үүдэж тушаал шийдвэр гаргуулахгүй орхигдсон гэж үзэж байгаа юм. Миний ажиллаж байх хугацаандаа ажил хөдөлмөрөө үнэлүүлж авч байсан баярын бичиг, үйлдвэрчний эвлэлийн батлах зэрэг баримтыг харгалзан үзнэ үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Ц.Цэцэгмаад 1983 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хотын худалдаа бэлтгэлийн трестийн дарга Цэвээнжавын олгосон 041097 тоот хөдөлмөрийн дэвтэрт: Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 228 тоот тушаалаар 1 дүгээр гуанзанд туслах тогоочоор батлан ажиллуулав, Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 314 тоот тушаалаар 5 дугаар гуанзны ахлах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, Нисэх буудлын захиргаанд шилжүүлэв, Улаангом Нисэх буудлын даргын 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 37 тоот тушаалаар Нисэх буудлын дэргэдэх цайны газарт тогоочоор авч ажиллуулав, Улаангом Нисэх буудлын даргын 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 тоот тушаалаар орон тооны илүүдлээр цайны газрын тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдсэн,
- Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Улаангом сумын Хотын худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан Цэвээн овогтой Цэцэгмаагийн 1987 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- Худалдаа бэлтгэлийн удирдах газрын захиргаа, Намын үүрээс 1984 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Баярын бичиг-т: Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн X гуанзны ахлах тогооч Ц.Цэцэгмаад 1983 онд эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн өндөр амжилт гарган улсын залуу аварга тогоочоор шалгаран Худалдаа бэлтгэлийн яам, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны диплом, Зөвлөлт холбоот улсад жуулчлах эрхийн бичгээр шагнагдсан явдалд Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хамт олон бид чинь сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Таны цаашдын ажилд улам их амжилт, амьдралд аз жаргалын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ,
- Барилга угсралтын трестийн захиргаа, намын үүр, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1986 оны 3 дугаар сарын 06-ны өдөр олгосон Баярын бичиг-т: Хүндэт нөхөр Цэцэгмаа та Эх орныхоо социалист бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцож үр бүтээлтэй ажиллаж байгаагийн дээр эмэгтэйчүүдийн зөвлөлийн сонгуульт ажлаа сайн хийж байгааг сайшааж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав гэжээ,
- Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга Д.Баатархүүгээс 1987 оны 2 дугаар сарын 06-ны өдөр олгосон Диплом-д: Хүндэт нөхөр Ц.Цэцэгмаа та Монгол ардын хувьсгалт намын XIX их хурлын жил, YIII таван жилийн гарааны он 1986 оны худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны төлөвлөгөө, уралдааны үүргээ тоо чанарын өндөр үзүүлэлтээр биелүүлж системийн тогооч нарын дунд заралсан социалист уралдаанд 2 дугаар байр эзэлсэн тул Худалдаа бэлтгэлийн удирдах газрын диплом, 200 төгрөгөөр шагнав. Таны цаашдын ажилд шинэ их амжилтыг хүсэн ерөөе гэжээ,
- Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон Баярын бичиг-т: Хүндэт нөхөр Ц.Цэцэгмаа YIII таван жилийн 3 дахь он, 1988 оны төлөвлөгөөт зорилтыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн шинэ механизмыг туршин хэрэгжүүлэх үйлсэд идэвх чармайлт гарган ажиллаж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан явдалд талархаж Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав. Таны цаашдын ажилд амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье гэжээ,
Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх 1983 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд гишүүний татвар төлсөн гэх бичилттэй,
-Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаар Тогооч, үйлчлэгч, цэвэрлэгч томилон ажиллуулах тухай тушаалд: Худалдааны техникумын нийтийн хоолны ангийг төгсгөж ирсэн Цэвээн овогтой Цэцэгмааг 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн 1 дүгээр гуанзанд туслах тогоочоор томилон ажиллуулсугай гэжээ,
- Гэрч С.Долгормаагийн: Би 1989 онд Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 5 дугаар гуанзанд үйлчлэгчээр ажилд ороход Ц.Цэцэгмаа нь ахлах тогоочоор ажиллаж байсан. Тэр цагаас хойш 1995 оныг дуустал хугацаанд хамт ажиллаж байсан учраас Ц.Цэцэгмаа эгчийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Худалдаа бэлтгэлийн трестийн 5 дугаар гуанзанд ахлах тогооч 1, туслах тогооч 1, сав угаагч 2, үйлчлэгч 1, бэлтгэгч 1, кассчин 1 гэх, нийт 7 хүн үйл ажиллагаа явуулдаг байсан юмаа. Тухайн үед манай байгууллагын даргаар Д.Баатархүү, Р.Цэвээнжав, н.Гомбосүрэн, н.Даанаа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Баянчимэгийн: Бид нар 1988 оноос 1995 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 5 дугаар гуанзанд ажиллаж байсан. Би 1988 оноос анх сав угаагчаар ажилд орон ажиллаж байгаад тогооч болж байсан. Намайг ажилд ороход Ц.Цэцэгмаа нь ахлах тогоочоор ажиллаж байсан. Тэр цагаас хойш 1995 оныг дуустал хугацаанд хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Худалдаа бэлтгэлийн трестийн 5 дугаар гуанзанд ахлах тогооч 1, туслах тогооч 1, сав угаагч 2, үйлчлэгч 1, бэлтгэгч 1, кассчин 1 гэх зэрэг 7 хүн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Д.Баатархүү, Р.Цэвээнжав, н.Гомбосүрэн, н.Даанаа н.Пүрэвсүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ү.Туяагийн: Миний бие 1974 оноос Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн тооцооны нягтлан бодогчоор 1992 он хүртэл ажиллаад Улаангом хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны нягтлан бодогчоор, 1993 онд манай байгууллага нь Тамгын газар нэртэй болж өөрчлөгдөхөд үргэлжлүүлэн 2013 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ц.Цэцэгмаа нь 1981 оны сүүлээр манай Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзанд туслах тогоочоор ажилд орж, 1992 онд Нисэхийн 5 дугаар гуанзанд шилжин ажиллах болсон юм. 1992 оноос манай Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзыг өмч хувьчлалаар Нисэхийн харьяанд ажилчдын хамтаар шилжүүлсэн байдаг юм. Манай трест 16 гуанзтай, 500-600 ажилчинтай, мал бөөний цехтэй, бэлтгэл цехтэй, худалдааны дэлгүүр 20 гаруй салбартай, том худалдаа үйлчилгээний салбар байлаа. 24-25 тооцооны нягтлан бодогчтой байсан. Би Ц.Цэцэгмааг байгууллагад олон жил ажилласных нь хувьд сайн таньж, мэддэг юм. Ц.Цэцэгмаа нь ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан, даруухан зантай хүн байсан юм. Тухайн үед трестийн даргаар Хөхөө, Довдон, Гомбодорж, Аюурзана, Цэрэннамжил гэх хүмүүс тус тус ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Пүрэвдоржийн: Миний бие 1989 оноос Увс аймгийн Агаарын тээврийн газарт жолоочоор 2016 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ц.Цэцэгмаа нь намайг 1989 онд тус байгууллагад ажилд ороход Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд тогоочоор ажиллаж байсан бөгөөд 1994, 1995 оны үеэр Увс аймгийн Нисэх буудлын гуанз нэртэй байхад өмч хувьчлалаар ажлаас чөлөөлөгдөж байсан юм. Манай байгуулага нь өөрийн гуанзгүй, Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд ажилчдаа хооллож байгаад 1992 оноос тус гуанз нь Нисэхийн харьяанд ажилчдын хамтаар шилжин ирсэн. Тус гуанз нь 4-5 ээлжийн тогоочтой, нэг кассчинтай, цөөн орон тоотой ажилладаг байсан. Бүх ажилчдыг нь би сайн таньж мэддэг юм. Тухайн үед трестийн даргаар Гомбодорж, Нисэх буудлын /гуанзыг хариуцдаг/ аж ахуйн нярав нь Аюуш гэх хүмүүс тус тус ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,
- Гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар тус тус хэрэгт авагджээ.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Цэцэгмаагийн 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд туслах тогооч, тогооч, ахлах тогоочоор, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом Нисэх буудлын дэргэдэх цайны газарт тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шаазгай овогтой Цэвээний Цэцэгмаагийн Цэцэгмаагийн 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд туслах тогооч, тогооч, ахлах тогоочоор, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом Нисэх буудлын дэргэдэх цайны газарт тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА