Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Мянган багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОТ67121263, Хольдог овогтой Хорхойгийн Цэвээний,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Цэвээн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Х.Цэвээн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 6. Би Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадад 1983 оноос 1985 оны хооронд ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэрийн бичиг баримт бүрдүүлэхэд ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандах шаардлагатай болов. Иймд миний Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадад саальчнаар 1983 оны 4 дүгээр сараас 1985 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Х.Цэвээн нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

  - Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан Хорхой овогтой Цэвээний 1983 оны 4 дүгээр сараас 1985 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,

  - Гэрч Д.Мундаажийн: Миний бие 1968 оноос Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Гурван тээл бригадын зоо техникчээр 1970 он хүртэл ажиллаад улмаар цэргийн албанд явж 1973 онд халагдаж ирээд тус нэгдлийн Бургастай бригадын зоо техникчээр 1975 он хүртэл, 1975 оноос Хархираа бригадад 1983 он хүртэл зоо техникчээр, 1983 оноос 1991 он хүртэл Тарвагатай бригадын даргаар, 1991 оноос 1994 он хүртэл Тарвагатай багийн даргаар тус тус ажилласан юм. Х.Цэвээн нь 1983 оноос 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Туяа нэгдлийн Хархираа бригадад саальчин байсан. Улмаар 1990 оноос Хархираагийн Тэжээлийн аж ахуйд шилжин ажиллах болсон юм. Түүний нөхөр Б.Буянжаргал нь мөн нэгдлийн малчнаар ажиллаж байсан, одоо Тариалан сумын Мянган багт малаа маллан амьдарч байгаа хүмүүс юм. Би өөрөө зоо техникчээр ажиллаж байхдаа нэгдлийн малчдад зөвлөгөө өгдөг байсан учраас нэгдлийн малчдаа сайн таньж мэддэг юм. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар М.Пүрвээ, Б.Палам, Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар, Ш.Цэндсүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,

   - Гэрч Д.Насанжаргалын: Миний бие 1974 оноос Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадын малын бага эмчээр 1990 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. Х.Цэвээн нь 1983 оноос 1985 он хүртэл саальчнаар ажиллаад Хар толгой руу аав, ээжийн хамтаар шилжсэн юм. Тухайн үед түүний аав Хорхой гэр бүлээрээ Хархираа бригадын Хужирын төв дээр сахиулаар ажиллаж, амьдарч байсан юм. Би өөрөө малын эмчээр ажилладаг байсан учраас 7 хоногт 1 удаа заавал малчидтай уулзаж, зөвлөгөө өгч ажилладаг байлаа. Тийм учраас нэгдлийн малчдаа сайн таньж мэддэг юм. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн юм. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Б.Палам, Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар гэх хүмүүс тус тус ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,

  - Гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар болон Д.Насанжаргалын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн гэрч Д.Мундаажийн нэгдлийн 1 дүгээр бригадын зоотехникч, Тарвагатай бригадын дарга, Тарвагатай багийн даргаар тус тус томилогдсон тухай тушаал, тогтоолын хуулбарууд тус тус хэрэгт авагджээ.

    Иймд дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Цэвээний Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1983 оны 4 дүгээр сараас 1985 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд малчин /саальчин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Х.Цэвээний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хольдог овогтой Хорхойгийн Цэвээний Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1983 оны 4 дүгээр сараас 1985 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд малчин /саальчин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Цэвээний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Н.ГЭРЭЛТУЯА