Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сум, 2 дугаар багт оршин суух, 1983 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОР83110239, Галзад овогтой Түвшингийн Даваанямын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр баг, 4-10 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОР64031510, Харагчууд овогтой Өндгөөгийн Пүрвээд холбогдох,

        Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Т.Давааням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Түвшин овогтой Давааням нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Өндгөө овогтой Пүрэв болон түүний эхнэр Даль овогтой Цээлэй нартай уулзаж, Хяргас сумын төвд байрлах хашааг 4.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож өөрийн авага ах болох Цэхээ овогтой Төрөөгөөс 2.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч уг мөнгөө 58170035699 тоот дансанд 8 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн юм. Анх хашаа авахаар тохиролцох үед би өөрийн ээжийн хамтаар очиж уулзсан бөгөөд тухайн хашааг дундуур нь хуваагаад, хашааны нүүрэн талыг нь гадагш сааж томсгож гэрчилгээ гаргаж өгөхөөр болсон. Удалгүй надаас үлдэгдэл 2.000.000 төгрөгөө өг гээд нэхэж эхэлсэн ба тухайн хашааг гадагш сааж томсгох боломжгүй, сумын харьяаны газар гэж хүнээс сонсоод хашаагаа гадагш тавьж томсгоод, гэрчилгээ гаргуулж өгөхийг шаардахад Түр хүлээж байгаарай гэсээр 2015 оны 10 дугаар сар хүрч сар бүр хүү гэж 50.000 төгрөг өгнө гээд 2016 оны 12 дугаар сар хүртэл нийт 10 удаа буюу 500.000 төгрөг өгсөн юм. Би жирийн хөдөөний малчин хүн сумын төвд хашаа худалдан авахаар 2.000.000 төгрөгөө өгөөд тухайн хашаандаа 10 гаруй хоноод нүүсэн. Одоо өөр айлын хашаанд амьдарч байна. Бид Ө.Пүрвээ, түүний эхнэр Д.Цээлэй нарт 2.000.000 төгрөг өгөөд авсан хашаа ч байхгүй, 500.000 төгрөгийг хүү гэж 10 сарын турш сар бүр 50.000 төгрөг өгснөөс өөр мөнгө аваагүй. Иймд Ө.Пүрвээгээс 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Давааням нь хариуцагч Ө.Пүрвээд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Давааням, хариуцагч Ө.Пүрвээ нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын төвд байрлах хашааны газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Т.Даваанямаас 2.000.000 төгрөгийг 5817035699 тоот дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэвч талууд гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч нь худалдан авсан хашаагаа хариуцагчид буцаан өгч, түүнд шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Пүрвээ нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувьтай танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх мөн зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүнчлэн хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Ө.Пүрвээгээс 2.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Даваанямд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Даваанямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Пүрвээгээс 46.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Даваанямд олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Ө.Пүрвээгээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Даваанямд олгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Даваанямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Пүрвээгээс 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Даваанямд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ГЭРЭЛТУЯА