Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0104

 

2016 оны 2 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0104

Улаанбаатар хот

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 623 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Ү”-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч М, Ч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани 2008 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “И” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ байгуулан 79 м2 2 өрөө орон сууцыг канад технологиор тохижуулан тухайн үед Монгол Улсад Канад улсын барилгын “Л” компанийн салбар компани байгуулахаар төлөвлөн ажиллаж байсан боловч амжилтад хүрээгүй учир 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөрөнгө оруулагч миний бие компаниас авах ногдол ашиг болгон авсан. Гэвч татварын улсын байцаагч М, Ч нар хувийн хэрэглээний зардал гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус компанийн захирал миний бие 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тухайн байрыг ногдол ашигтаа аваад компанийн балансаас хассан, хуримтлагдсан ашгийг бууруулсан одоо өөрөө амьдарч байгаа гэдгээ тайлбартай бичиж өгсөөр байтал цахилгааны төлбөрийн баримтыг нотлох баримт болгоод хувийн хэрэглээний зардал Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-д хувийн болон ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа гээд зүтгээд байгаа нь татвар хураах гэсэн санаа нь хэт давамгайлж хуулийг өрөөсгөл талаас авч үзэж байна.

Тухайн байрыг компани худалдан авсан нь мөнгө төлсөн баримт болон Монгол Улсын хуулийн этгээдүүд болох улсын бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан гэрээгээр нотлогдож байхад хувийн хэрэглээний зардал болгон харж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 352975 тоот актын тогтоох хэсгийн 1.1-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал З 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...Чингэлтэй дүүргийн татварын байцаагч нар 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 352975 тоот актыг гаргахдаа Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудыг буруу хэрэглэсэн байхбөгөөд манай байгууллага Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь баримтаар нотлогдоогүй байхад хуулийн тухайн зүйл, заалтыг хэрэглэн акт тогтоосон нь манай байгууллагын эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн актад дээд шатны эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах тухай манай байгууллагын эрхийг дурьдаагүй байх бөгөөд ганц татварыг нэн яаралтай нөхөн төлүүлэх талаарх асуудлыг тусгасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг болон Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд заасныг зөрчиж манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн хяналт шалгалт хийхдээ процесс зөрчсөн. Гомдол гаргах эрхийн талаар заагаагүй. Хяналт шалгалт хийх журам зөрчсөн. Иймд Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 352975 тоот актыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хяналт шалгалтыг хийх явцад Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон “Б” ХХК-д албан тоот явуулж лавлагаа авсан. Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ... “З”-ын худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө Баянзүрхдүүргийн бүртгэлийн хэлтсийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна гэсэн лавлагаа ирүүлсэн, Баянмонгол хотхон ХХК-иас ...Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 180 тоот “З”-ын нэр дээр бүртгэлтэй болох нь үнэн болно гэсэн лавлагаа ирүүлсэн. Татвар төлөгч тайлбар өгөхдөө ...Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа одоо гарахдаа компанийн нэр дээр гарна гэсэн нь 2011 оны жилийн эцсийн тайлангаар компанийн хөрөнгөөс хасалт хийсэнтэй нийцэхгүй байна.

Байранд тавилга авсан, засвар хийсэн зэрэг хувийн хэрэглээний зардлыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд буцаан авалтаар тусгаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 11650.8 мянган төгрөгийн нөхөн татвар 3495.2 мянган төгрөгийн торгууль, 5825.4 мянган төгрөгийн алданги, нийт 20971.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсаны орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх заалтад хамрагддаг ба энэхүү худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй гэдэг заалтаар /Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 13.1.8, 14.7/ зөрчилд тооцсон. Мөн хяналт шалгалтын хугацаанд уг байрандаа амьдарч байгаа нь тодорхойлогдсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Дараах бараа, ажил үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй; 14.4.2-т хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ, 14.4.3-т Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил үйлчилгээ, 14.7-д үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно гэж заасныг үндэслэн зөрчилд тооцсон.

2011 оны жилийн эцсийн тайлангийн цөөнхөд ногдох хувь гэсэн үзүүлэлтэд тусгасан 153177.2 мянган төгрөгийн гүйлгээний задаргаа байхгүй хувьдаа шилжүүлсэн гүйлгээтэй холбоотой ямар ч баримт, тушаал шийдвэр байгаагүй. “Г” ХХК 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж 19548 тоот гэрчилгээ авсан байна. Нэмэгдсөн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусадхэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж заасныг үндэслэн зөрчилд тооцсон.

Бид хяналт шалгалтыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн." гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 623 дугаар шийдвэрээр шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар актын тогтоох хэсгийн 1.1 буюу 2011 онд 116507.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 11650.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 3495.2 мянган төгрөгийн торгууль, 5825.4 мянган төгрөгийн алданги, нийт 20971.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн анхны шаардлагаа дэмжсэн тул энэ хүрээнд маргааныг хянан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасныг баримтлан “Г” ХХК-ийн гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М, Ч нарын 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 352975 тоот актын Нэг-ийн 1-д 2011 онд 116507.9 мянган төгрөгөөрнэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 11650.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 3495.2 мянган төгрөгийн торгууль, 5825.4 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Чингэлтэй дүүргийн татварын байцаагч нар нь манай байгууллагын санхүүгийн тайлан болон холбогдох санхүүгийн бичиг баримтад шалгалт хийсний үндсэн дээр 2013 оны 10 дугаар сарын 07-ний өдөр 352975 тоот актыг тавьсан. Манай байгууллагын зүгээс дээрх актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь манайбайгууллагын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал нь хангалттай хугацаа байхад өөрсдийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэсэн байх боловч манай зүгээс 2015 оны 05 сарын 14-ний өдөр 15/128 тоот албан бичгээр тус шүүхэд хандаж нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтийг тавьсныг шүүх хангаж захирамж гаргасан боловч хүсэлтийн 3 болон 4-т заасан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдааныг хийж хэргийг хянан хэлэлцсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг зөрчиж анхан шатны шүүх хуулиар тогтоосонүүргээ биелүүлэлгүй манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Манай байгууллагынзүгээс татварын улсын байцаагч нар нь татварын улсын байцаагчийн акт тавихдаа хууль болон журамд заасан тодорхой үйлдлүүдийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ байдал дараах үндэслэлээр нотлогдоно. 352975 тоот актад дээд шатны эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах тухай манай байгууллагын эрхийг дурьдаагүй байх бөгөөд ганц татварыг нэн яаралтай нөхөн төлүүлэх талаарх асуудлыг тусгасан байна. Тухайн актыг гаргасан татварын улсын байцаагчийн энэ үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлд заасныг болон Татварын Ерөнхий хуулийн 72 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулсан. Дүүргийн татварын байцаагч нар нь 2013 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 352975 тоот актыг гаргахдаа Монгол Улсын татварын Ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай Монгол Улсын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай Монгол Улсын хуулиудыг буруу хэрэглэсэн байх бөгөөд манай байгууллага нь уг актын тогтоох хэсэгт дурьдан хариуцлага хүлээлгээд буй Монгол Улсын татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасан үйлдэл эс үйлдэхүй хийсэн нь баримтаар нотлогдоогүй байхад хуулийн тухайн зүйл заалтыг хэрэглэн акт тогтоосон нь манай байгууллагын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл байхад зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуультай холбоотой хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч М нь дүүргийн татварын хэлтсийн хуулийн зөвлөх “Д”-д 2015 оны 10 сарын 06-ний өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байх бөгөөд энэхүү итгэмжлэлийг анхан шатны шүүх үндэслэн “Д”-г хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь манай байгууллага нь иргэн “М”-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд дүүргийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч “М”-ийн гаргасан актад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх “М”-ийн “Д”-д иргэний хувиар олгосон итгэмжлэлийг үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Нөгөө талаар төлөөлүүлэх үйл ажиллагаа нь тухайн хэргийн оролцогч нь тус шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй буюу оролцох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хэргийн оролцогч нь өөрийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу өөрийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг. Гэвч дээрх хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт оролцсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм. Хэрэв Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу дүүргийн татварын хэлтсээс “Д”-д итгэмжлэл олгосон бол итгэмжлэлтэй холбоотой маргаан үүсэхгүй бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэл нь хуулийн хувьд хүчин төгөлдөр ямар нэгэн алдаа гарахгүй байсан болно. Энэ тухай манай зүгээс шүүхэд удаа дараа мэдэгдсэн боловч шүүх бидний гаргасан хүсэлтийг хангаагүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

Маргаж буй үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 180 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоогоогүй байхад иргэн З нь хувийн хэрэгцээнд зориулан авсан байх тул гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д өмчлөх эрх хэрхэн үүсэх талаар тодорхой зохицуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь “З”-ын хувийн өмчийн орон сууц гэсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Манай байгууллага нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан боловч тухайн жилийн санхүүгийн хүндрэл болон гадаадын хамтрагчтай тохиролцоонд хүрч чадаагүй учраас худалдан авсан зорилгынхоо дагуу ашиглах боломжгүй болсон. Нэгэнт ашиглах боломжгүй болсон үл хөдлөх эд хөрөнгийнурсгал зардал болон бусад зардлыг байгууллагын данснаас төлөх нь ач холбогдолгүй тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг компанийн хувь нийлүүлэгч “З”-д ногдол ашиг болгон шилжүүлсэн бөгөөд хөрөнгийг шилжүүлснээс хойших хугацааны урсгал зардлыг компанийн хөрөнгөөр хариуцаагүй болно. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 03 сарын 12-ний өдрийн 11 дүгээр тогтоолын 1.3-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4.2-т заасныг тайлбарлахдаа хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан"хувийн...хэрэгцээ..." гэдэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэн зөвхөн өөртөө болон гэр бүлдээ гэж тодорхой тайлбарласан байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед хувийн хэрэгцээнд аваагүй бөгөөд гагцхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон үед иргэн “З”-д шилжүүлсэн байхад шүүх дээрх байдлыг нягтлан үзэлгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж бидний зүгээс үзэж байна.

Иймд дээрх 623 тоот шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийншийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулж хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч “Ү”-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 180 тоот байрыг ногдол ашиг болгон компанийн хувь нийлүүлэгч “З”-д олгосон тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй ... гэж маргажээ.

Компанийн тухай тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна, 46.5-д Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Санхүүгийн тайлангийн жил 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 001 дүгээр тушаалаар хувьцаа эзэмшигч “З”-д ногдол ашгийг хөрөнгөөр олгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Уг орон сууцыг нэхэмжлэгч компани худалдан авсан боловч үндсэн үйл ажиллагаандаа ашиглаагүй, харин гүйцэтгэх захирал З нь хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан ашиглалтын зардал төлсөн баримтууд зэргээр тогтоогдсон, харин нэхэмжлэгчийн уг орон сууцыг Канад улсын “Л” ХХК-ийн салбар компани байгуулж үзүүлэнгийн зориулалтаар ашиглах байсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь дээрх орон сууцыг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцон татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.2-т хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татварын нийт дүнгээс хасахгүй гэж заасныг зөрсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн актыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

“Г” ХХК-ийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо ... 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15/128 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн 3, 4-т заасан нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д заасныг зөрчсөн гэжээ. Уг хүсэлтэд дурдсан татварын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, 180 тоот орон сууцны цахилгаан нийлүүлэх гэрээг хэн байгуулсан нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүйгээс гадна хүсэлт гаргаснаас хойш удаа дараа шүүх хуралдаан хийсэн байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлтээ дэмжиж шийдвэрлүүлээгүй байна.

Мөн давж заалдах гомдолд татварын улсын байцаагч “М”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаар маргасан байх ба нэхэмжлэгч нь уг хэргийн хариуцагчаар захиргааны албан тушаалтан болох татварын хэлтсийн улсын байцаагч “М”-г тодорхойлж түүний гаргасан актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч М нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хуулийн зөвлөх “Д”-д итгэмжлэл олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 352975 тоот актаар ногдуулсан 10312,9 мянган төгрөгийн торгууль, 10245,2 мянган төгрөгийн алданги, нийт 20558,1 мянган төгрөгийн хариуцлагаас “Г” ХХК-ийг өршөөх боломжтой гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч “Ү”-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан “Г” ХХК-ийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 352975 дугаар актаар ногдуулсан 10312,9 мянган төгрөгийн торгууль, 10245,2 мянган төгрөгийн алданги, нийт 20558,1 мянган төгрөгийн хариуцлагаас өршөөсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ